Хүнд өвчтэй хүүгээ асардаг нэгэн ээжийн тухай нийтлэлийг саяхан би олж уншсан юм. Хүү нь булчингийн чангарлаас үүдэлтэй амьсгалын замын өвчнөөс болж шаналан зовж байв. Хүүгийн өвчнийг оношилсон эмч нар түүнийг ердөө 18 сарын настай гэж ээжид нь хэлжээ.
Эх хүүгээ гэртээ авчран, булчингийн агшилтыг бууруулахын тулд цээжинд нь аль болох ойр ойрхон иллэг хийж эхлэв. Хүүгээ унтаж байхад ч иллэг хийж өгсөөр байв.
Унтаж амрах ч хүртэл эхэд бөөн асуудал. Хүүгээ амьсгал нь дутагдаад үхчихвий гэсэндээ санаа зовнин эх түр зуур дуг хийдэг ч удаан унтаж чадахгүй. Өдөрт их л удаж 3 цаг унтдаг байсан гэнэ.
Нам унтчихгүйн тулд бүхэл шөнөжин гэрлээ асаана. Мөн хүүгийнхээ нойронд саад болохгүйн тулд гэрлийг зөвхөн өөр рүүгээ тусаж байхаар бүрхүүл хийсэн ажээ. Харин ядаргаа нь туйлдаа хүрч, гэрэл ч нөлөөлөхгүй нүд нь анилдах үе гарна. Тэгэхэд нь тэрээр аль болох сэрүүн байхын тулд гар хуруугаа хаздаг болов. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эхийн гар энд тэндгүй хазсан сорвитой болжээ.
Аз болоход нэгэн өгөөмөр сэтгэлтэн тэдний тухай сонсоод, амьсгалын аппарат өгчээ. Аппаратны ачаар эхийн амьдрал арай хөнгөрсөн ч санаа зовнилоо бүрмөсөн авч хаясангүй. Гэр орны ажлаа амжуулангаа байн байн аппаратны ажиллагааг шалгана. Шөнийн цагаар тог тасарч аппарат зогсчихвий гэж зовнин, бас л бөх унтаж чадахгүй сэрвэгнэн хононо.
Эмч нар оношийг хэтрүүлэн тавьсан ч ээжийнхээ цаг наргүй асарч тойглосны хүчинд хүү 3 жил гаруй амьдарч байна. Өвчтэй хүүгээ асарч туйлдталаа ядарсан эхээс сурвалжлагч:
“Тийм удаан хүүгээ ганцаархнаа асраад хэцүү байв уу?” гэж асуухад:
“Үгүй дээ! Энэ чинь миний л хүү шүү дээ. Хүүгээ жаахан ч болов илүү амьдруулах гэж би чадах чинээгээрээ бүхнийг хийх болно” гэж хариулсан байна.
Эхийн хайр, золиосыг хараад сэтгэл нь хөдөлсөн сэтгүүлч “Эцэг эхийн ивээл уул шиг агуу” гэсэн үгээр нийтлэлээ өндөрлөсөн байлаа. Тэнгэр Эх маань өдөр шөнөгүй сүнсний хүүхдүүдээ хайрлан асарч байдгийг санаад хүүгийнхээ төлөө бүхнийг хийж ирсэн эхийн тухай уншиж, сэтгэл ихэд хөдөлж билээ. Эх минь цаг ямагт бидэнд зовниж, биднийг дуг нойрондоо унтаж байх хойгуур ч амсхийдэггүй билээ. Хичнээн ядарсан ч түүнийгээ үл хайхран, бидний төлөө тасралтгүй залбирч, бидний өмнөөс зовж шаналавч дургүйлхсэн удаа нэгээхэн ч үгүй. Хүүхдүүд нь мөнх амь авч тэнгэрийн хаанчлалд орно гэдэгт л Эх минь хамгаас аз жаргалтай байдаг.
Эхийн эцэс төгсгөлгүй золиосын ачаар миний сүнс одоо ч амьд байна. Ивээл хайрыг тань хэзээ ч үл мартан, зовлон золиосыг тань зүрхнийхээ угаас ухааран, зах хязгааргүй их хайранд тань заавал хариулна аа, Эх минь.