Нүд

Солонгос, Сөүл / Чой Юун Гюү

5,961 үзэлт

Хэдэн жилийн өмнө миний зүүн нүд манан дунд орсон юм шиг л бүрэлздэг болов. Тэгж байтал баруун нүдэнд минь ч яг ижилхэн шинж тэмдэг илэрлээ. Би хараа муудлаа гэж санан нүдний шил тааруулж зүүсэн ч бүрэлздэг нь хэвээрээ. Эхнэрийнхээ ятгалгаар нүдний эмнэлэгт очиж үзүүлсэн чинь намайг том эмнэлгээр явж, нарийн оношийг нь тогтоох хэрэгтэй гээд нүдний дусаалга бичиж өгөөд явууллаа.

Ресторан ажиллуулдаг байсан надад тэрнээс хойш нэг л цаг зав гарч өгөхгүй явсаар нөхцөл байдал бүр дордсон хойноо сая нэг том эмнэлэгт хандав. Эмч миний оношийг глауком (нүдний даралт ихсэх өвчин) гэдэгт эргэлзэж байгаагаа хэлээд тархинд ямар нэг асуудал үүссэн эсэхийг мэдэхийн тулд MRI шинжилгээ хийлгэхийг санал болголоо.

Тэр үед эмнэлгээс яаж гарч явснаа би мэддэггүй юм. “Хэрвээ энэ чигтээ сохорчихвол яана?” Сандал дээр суугаад янз бүрийн юм бодов. Эхнэрээ хамгийн их өрөвдөж байлаа. Бизнес маань байнга бүтэлгүйтээд байсан болохоор эхнэр маань мөн ч их зүдэрч билээ. Тэгсэн ч зовж зүдэрснээ гаднаа огт гаргадаггүй хүн л дээ. Би эхнэртээ ачаа нэмж үүрүүлэхийг хүссэнгүй.

Гэртээ ирээд эмчийн зөвлөгөөг хэлэхэд эхнэр маань бүх зүйл сайхан болно гээд намайг тайвшруулав. MRI шинжилгээний үр дүнгээс харахад өмнө нь надад ажиглагддаг байсан шинж тэмдгүүд гипофиз булчирхайн хавдар ургаж, харааны мэдрэлийг минь дарангуйлснаас болсон юм билээ. Эмч надад хэрэв энэ чигт нь орхивол сохрох аюултай тул яаралтай мэс засал хийх шаардлагатайг хэлэв. Дотор харанхуйлаад явчих нь тэр. Гэсэн ч эмчийн хэлсэн дараагийн үг надад итгэл найдвар төрүүлэв. Анагаахын техник технологи хөгжиж, мэс заслыг харьцангуй хялбар хийх болсноос гадна амжилтын хувь өндөр тул хараагаа дахин сэргээх боломжтой гэлээ. Эхнэр бид хоёр “Эцэг Эхдээ талархаж байна” гэж зэрэг шахуу хашхирав. Тэрний дараа эмчийнхээ юу гэж хэлснийг сонсох ч ухаан байсангүй.

Хагалгааны дараа би мэдээ алдуулалтаас болж маш их өвдөж, цангасан хүн сэрэв. Би долоон цагийн дараа хагалгааны өрөөнөөс гарсан юм билээ. Магадгүй мэдээ алдалтын хугацаа дуусах тусам өвдөлт улам хүчтэй болсон байх л даа. Би биеэ хажуу тийш нь хөдөлгөж ч дийлэхгүй, толгой өвдөж, дотор муухайран амьсгалахад ч бэрх байлаа. Тэр шөнө яг л хар дарсан зүүд шиг. Өвчин намдаах эм ууж, арай хийн тэвчсээр маргааш өглөөтэй нь золгов.

Нэг хэсэг би бүр нүдэндээ ч итгэсэнгүй. Өглөөний тунгалаг нарны гэрэлд орчлон ертөнц илүү тод харагдаж байв. “Эцэг Эх минь, баярлалаа!” Хорвоог ийм гэрэл гэгээтэй чигт нь дахин харах боломж соёрхсон Бурхандаа талархахаас өөр яалтай. Хоёр хацрыг минь даган нулимс бөмбөрнө.

Хэд хоногийн дараа би эмнэлгийн урд талын цэцэрлэгт шувуудын жиргээ, навчис сэрчигнэх чимээг чагнаж суув. Ертөнц урьд өмнөхөөс ч илүү тайван, үзэсгэлэнтэй болсон харагдана. Би харж чадаж байгаа маань ийм их талархмаар зүйл байсныг мэддэггүй байж дээ.

Өмнө нь би сүнслэг байдлын хувьд сохор, гэрэл болж ирсэн Бурханыг таньдаггүй байв. Гэтэл Бурхан үнэнийг ялгаж салгах сүнслэг нүдийг минь нээж өгсөн дөө. Магадгүй би өмнө нь энэ их ерөөлийг мэдээжийн авч л байх ёстой юм шиг санадаг байсан байх.

Тэнгэр Эцэг Эх минь надад сүнслэг болон махбодын ертөнцийг дахин харах боломж олгосон хүсэл байх учиртай. Елохим Бурханаа таньж мэдүүлэхийн тулд эргэн тойрныхноо нүдээ нээтэл нь үнэнийг хичээнгүйлэн тунхаглах нь Бурханыхаа ач ивээлд хариулах арга зам юм даа.