
2017 оны зун миний аз жаргалтай мөрөөдөл эцэст нь биеллээ олсон юм. Би гэрийнхнээ Бурханы энгэрт эргэн ирж, нэг дуу хоолойгоор магтаал өргөн, тэнгэрийн хаанчлалын найдвар тэдэнтэйгээ хуваалцдаг болохсон гэж мөрөөддөг байлаа. Хайртай гэрийнхэнтэйгээ хамт Амралтын өдрийн мөргөл тэмдэглэсэн тэр өдөр миний сэтгэл аз жаргалаар бялхаж байж билээ.
Би бага сургуульд байхын л Бурханд итгэх итгэл, тэнгэрийн хаанчлалын найдвар сэтгэлдээ тээн амьдарч ирсэн. Гэвч христийн сүмээс олон таагүй зүйл олж хараад, яваандаа сүмд явахаа больсон юм. Харин дараа нь Бурханы сүмийн талаар мэдсэн л дээ. Шинэ гэрээний үнэнийг судлах явцдаа би тэнгэрийн хаанчлалд очно гэсэн итгэлтэй болж, үнэнийг баяртайгаар хүлээн авсан сан.
Намайг сүмд явж эхэлснээс хойш хоёр сар орчмын дараа нөхөр маань гэнэт ажлаасаа эрт ирдэг болов. Нөхөр маань үргэлж завгүй байдаг байсан болохоор гэр бүлтэйгээ хамт өнгөрөөх цаг бараг гардаггүй байсан юм. Тэгээд хүү бид хоёрыг хоолонд оруулахаар гадагш дагуулж гараад, хоол идэх зуураа хүүдээ “Аав нь аль болохоор хамт хоол идэж байна аа. Сайн идээрэй” гээд хүүгээ хайрласан нүдээр харав. Би ямар нэг зүйл болж гэдгийг мэдрээд нөхрөөсөө юу болсныг нухацтай асуулаа. Саяхан ажлынхнаас нь зарим нь өвдөж, нэг нь нас барж л дээ. Тэгээд ийм зүйл өөрт нь ч тохиолдож магадгүй гэж бодсон гэнэ лээ. Нөхөр маань шөнө унтаж чадахгүй, сэрээд цагаа харах тоолонд л 4:44 болж байдгийг, бас гудамжинд алхах бүрд нь 4-ийн тоо таардгийг нэмж хэлэв (Солонгос хэлээр 4-ийн тоог “са” гэж дууддаг бөгөөд энэ нь “үхэл” гэсэн ханзтай ижил дуудлагатай). Нөхөр маань бүх зүйлийг үхэлтэй холбож боддог болсон байв.
Ганц алхмын цаадхыг ч харж чадахгүй хүмүүний амьдралд үхлийн айдаст чичрэн байгаа нөхрөө хараад би түүнд гамшгаас аврах, мөнх амийн ерөөл шингэсэн Алгасал баярын үнэний тухай хэлж өглөө. Нөхөр маань намайг сонсоод хоолоо ч бүрэн идэж дуусгалгүй босоод шууд Сион руу явсан юм. Авралын амлалтыг яг л хүлээж байсан юм шиг хүлээж авахыг нь хараад би түүнд тохиолдсон бүхэн санамсаргүй зүйл биш байж дээ гэж бодсон. Хоёр сарын өмнө би үнэнийг хэрхэн сонссон нь, нөхөр маань гэнэт үхлээс айх болсон нь гээд бүх зүйл гэр бүлийг минь аврах гэсэн Бурханы төлөвлөгөө байсан юм билээ.
Хар залуугаараа уушигны хорт хавдраар өвчилж, үхэлтэй тэмцэж байгаа хадам эгч маань бодогдоод миний толгойноос ер гарахгүй байв. Түүний биед хорт хавдрын эс анх илрэх үед удахгүй хагалгаанд ороод л бүрэн эдгэрнэ гэж бид бодож байсан л даа. Гэтэл хавдар нь харагдахааргүй жижиг байж. Тэгээд уушигных нь гуравны хоёрыг тайрч авсны дараа ч хүртэл биед нь хорт хавдрын эс дахин илэрсэн тул уушигных нь үлдсэн хэсгийг хүртэл авахаас өөр аргагүй болжээ. Уушиг гэхээр юм үлдээгүй байхад нь ч хорт хавдар нь дахиж, нөхөн сэргээх төвд гурван долоо хоногт нэг удаа химийн эмчилгээ хийлгэн, хэцүүхэн амьдарч байсан юм. Удаан хугацааны турш хорт хавдраар өвчилсөн хадам эгчийгээ өвдөх гэж үгүй тэнгэрийн хаанчлалд аз жаргалтай амьдраасай гэж хүсэн, хань бид хоёр чин сэтгэлээсээ залбиран, авралын сайн мэдээ дамжууллаа.
Хадам эгч маань баяртай сэтгэлээр Бурханы хүүхэд болж, хүнд өвчтөн гэж итгэхэд бэрх хэмжээнд үнэнхүү гайхалтай итгэл бидэнд харуулсан. Хадам эгч маань зарим хүмүүсийн хэлдгээр хорт хавдар тусахаас ч хэцүү гэх химийн эмчилгээг хэдэн арван удаа хийлгэсэн ч жаахан тамир тэнхээтэй л бол Амралтын өдрөө сахих гээд цаг хагас явж Сионд ирдэг юм. Тэгээд ирэх болгондоо нөхөн сэргээх төвөөсөө үнэн рүү хөтөлсөн үр жимсээ юм уу үнэнийг сонирхсон хүн байнга дагуулаад ирдэг байв. Шалтгаан нь тун энгийн.
Тэрээр зүгээр л нөхөн сэргээх төвд байгаа өвчтөнүүдийг сүнслэг Эмч болж ирсэн Бурхантай уулзуулж, шинэ амийн ерөөл хүлээж аваасай гэж хүссэндээ тэр. Хадам эгч маань зөвхөн нөхөр бид хоёрыг төдийгүй Сионы ах эгч дүү нарын сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн. Түүний хичээл зүтгэл Бурханы ерөөлүүдийг дагуулсан. Хадам эгч маань үнэнийг хүлээн авахдаа ердөө зургаан сар амьдрах настай гэж байсан ч одоо харин гурван жилийн турш итгэлээ сахин, махан биеэр болон сүнсээр өдрөөс өдөрт эрүүл саруул болж байгаа. Өмнө нь маш туранхай байсан бол одоо арван кг жин нэмсэн байна лээ.
Хадам эгчээ үнэн дотор аз жаргалтай амьдран, зөндөө ерөөл хүртэж байгааг нь хараад би аав ээжийгээ аврахсан гэхээс байж ядаж байв. Би католик сүмд явдаг аав ээждээ хэд хэдэн удаа үнэний үг тунхагласан боловч тэд хүний урманд сонсох дүр ч эсгэсэнгүй. Тэд гэр бүл минь болохоор би бачимдсандаа уйлж нэг үзэн, гуйж нэг үзэн, албадаж нэг үзсэн ч өндгөөр чулуу хагалах дайны хэцүү байв.
Би тэдний зөрүүд хатуу байдлаас залхсандаа больё гэж бодсон ч гэнэт өөрийгөө Бурханыг түшилгүй зөвхөн Библийн мэдлэг тэдэнд дамжуулж байснаа ойлгосон. Бардам байсан төрхөө эргэн хараад гэмшиж, зориг гарган аав ээж дээрээ очлоо.
“Аав аа, ээж ээ! Бурхан та хоёрт хайртай учраас л над шиг үнэнд итгэдэг хүнийг та нарын дэргэд байлгасан юм байхгүй юу даа. Та хоёрын минь зүрх сэтгэлийг Бурхан эргүүлнэ гэдэгт би итгэж байгаа.”
Аав ээж хоёр миний үгийг сонсоод чимээгүйхэн толгой дохив. Удалгүй хэзээ ч нээгдэхгүй мэт байсан тэдний зүрх сэтгэл нээгдэж, шинэ амийн ерөөл хүртсэн дээ.
Бурхан сайн мэдээний ажлаа хэрхэн удирдаж байгааг нүдээрээ харсан нөхөр бид хоёр хадам эгчтэйгээ нийлээд хадам аав ээжийнхээ авралын төлөө нэг сэтгэлээр залбирч эхэллээ. Хадмууд маань том хүүгээ сүмд явдаг болсонд ихэд цочирдон, манайхаар орж гарахаас ч зайлсхийх болов. Тэдэнд Библийн үнэнийг дамжуулна гэхээс үнэхээр халгаж байсан шүү.
Бид тэдэн дээр байнга очиж, тэнгэр Эхээс сурсан хайраа дамжуулж, сүмийн мэдээ, үнэний талаар ихэд болгоомжтойгоор ярьж байв. Гэвч хандлага нь хүйтэн хөндий хэвээр. Ямар ч уулзваргүй уртаа гэгчийн замаар алхаж байгаа юм шиг санагдлаа.
Гэтэл нэг өдөр хадам аав маань христийн номын дэлгүүрээс Библитэй холбоотой ном худалдаж аваад уншсан гэв. Миний хувьд тэр үгийг нь сонсоод “Бид та нарыг ойлгохыг хичээж байна. Бид ч гэсэн та нартай хамт явмаар байна” гэж хэлэх шиг санагдлаа. Яг тэр үеэр амралтын улирал эхэлсэн тул хадам аав, ээжийгээ бидэнтэй хамт байхыг гуйлаа. Хадам аав ээжийн маань амралт уг нь 5 хоног байх байснаа 7 хоног болж хойшлов. Тэр хугаацаанд тэд маань итгэхийн аргагүй гэмээр үнэнийг хүлээн авч, явахаасаа өмнө Библи илүү судлахыг хүссэн тул манайд нэлээн удсан л даа.
Тэд гэртээ харин харьтлаа Сионд Библи судалсан. Одоо харин Амралтын өдөр бүр өглөө эрт бэлдээд, ойролцоох Сион руугаа явж байгаа. Нэг өдөр би хадам ээж рүүгээ мэндийг нь мэдэхээр залгатал “Би Библийн ишлэл хайж олох дасгал хийж байгаа” гэх нь тэр. Хайртай гэр бүлийнхэнтэйгээ нэг сэтгэлээр, Бурханд залбирч, магтаал өргөхийн баяр баясгаланг би хэрхэн үгээр илэрхийлж чадах билээ?
Анхны Амралтын өдрийн мөргөлөө тэмдэглэсний дараа хадам ээж маань юу бодож байснаа бидэнд хэлэв. Тэрээр хүүхдүүдээ итгэлийн өөр замаар алхахаар шийдсэнд нь сэтгэл дундуур байсан ч бидэнд ямар нэг муу зүйл тохиолдох вий гэж санаа нь зовон, бусдын нүднээс далд уйлж байсан гэнэ лээ. Түүнийг хайртай хүүхдүүдтэйгээ хамт байгаадаа маш их баяртай байна гэж хэлэхэд нь би аав ээжийн хайрыг дахин мэдэрч билээ. Түүнчлэн би хүүхэд нэг бүрдээ сайн сайхныг хүсэн нулимсаараа залбирч, бүх хүүхдээ тэнгэрийн хаанчлалын аз жаргал эдлээсэй гэж чин үнэнээр хүсэх Бурханы сэтгэлийг бага ч болов ойлгосон доо.
Нөхөр, аав ээж, хадам эгч, хадам аав ээжийгээ Сион руу ирсэн явцыг эргэн бодохоор Бурхан сүнс нэг бүрийг аврах цаг товлож, төлөвлөснийхөө дагуу авралын ажлаа яг таг гүйцэлдүүлдгийг би ухаарсан. Бурханы агуу хүслээр биелэх 7.8 тэрбум хүнд тунхаглах ажилд манай гэрийнхэн бүгдээрээ бүх зүрх сэтгэлээрээ оролцоно оо.