Зай барих нь сайхан харилцаагаа хадгалахад тустай

Хүн бүрд өөрийн гэсэн хувийн орон зай, хил зааг гэж бий. Тэдгээрийг нь хүндэлж, зай барьж чадвал сайхан харилцаагаа хадгалж чадна.

17,687 үзэлт

Хүйтэн салхи үлээсэн өвлийн нэгэн өдөр сүрэг зараа биеийн дулаанаа харилцан хуваалцаж дулаацахаар бөөгнөрөв гэнэ. Тэгтэл бие биедээ ойртох тусам хурц өргөс нь нэг нэгнээ улам бүр хатгаж өвтгөнө. Тэр өвдөлтөө тэсэхээ больсон зараанууд сүүлдээ нэг нэг алхмаар ухрахаас өөр аргагүй боллоо. Энэ ёгт үлгэрээс үүссэн “зарааны дилемма” (hedgehog’s dilemma) гэх ойлголт нь бусадтай ойр дотно байхыг, мөн зохих хэмжээнд зай барихыг хүсдэг хүмүүсийн сэтгэл зүйг илэрхийлсэн зүйрлэл юм.

Хүмүүн гэдэг гэртээ аав ээжийнхээ халамжинд өсөн торниж, сургууль дээрээ найз нөхөд бололцож, ажил дээрээ бол ажлынхантайгаа хамт ажилладаг. Өөрөөр хэлбэл хүн ер нь аав ээж, хань ижил, хамаатан садан, найз нөхөд, хамт олон, айл хөрштэйгөө гээд байнгын харилцаа бий болгож амьдардаг байна. Харилцан яриа хөөрөө өрнүүлж, сэтгэл санаагаа уудалж, туршлага солилцох үедээ бид баяр хөөр мэдэрч, хааяа гуниг төрж, хааяа сэтгэл өвдөнө.

Харвардын Анагаах ухааны сургуулиас явуулсан өргөн хүрээний судалгаагаар аз жаргалтай, эрүүл амьдралын хариулт нь бусад хүмүүстэй сайхан харилцаатай байх явдал гэсэн байдаг. Сайхан харилцаа гэдэг бол ойр дотно харилцаа юм. Учир нь хэн нэгэнтэй ойр дотно байх үедээ хүн сэтгэл санаа сайхан, аз жаргалтай болдог аж.

Харин хэт дотносож ойртвол тэр дотно байдал нь ихэвчлэн тав тухгүй, таагүй байдал болж хувирах талтай. Энэ нь яг л үлгэрт гардаг зараанууд дулаацахаар бөөгнөрсөн ч нэг нэгнийхээ өргөсөнд хатгуулж өвдсөнтэй адил юм. Хүн хоорондын харилцааг нэгэн эрдэмтэн халаагууртай зүйрлэн “Хэт холдвол даарч, хэт ойртвол түлэгдэнэ” гэсэн байдаг. Нээрээ л хүмүүсийн хооронд зохих зай зайлшгүй хэрэгтэй аж.

Бүх зүйлд тохиромжтой зай зайлшгүй хэрэгтэй

Манай нарны аймгийн системийн олон гараг дунд зөвхөн дэлхий гараг дээр амь амьдрал өсөн дэвждэг шалтгаан нь дэлхий дээр ус байгаа учраас тэр юм. Дэлхий дээр ус оршин байх чухал нөхцөл нь нар дэлхий хоёрын хоорондын тохиромжтой зай. Хэрэв дэлхий наранд одоогийнхоос арай ойрхон байсан бол бүх ус уур болж дэгдэнэ, хэрэв одогийнхоосоо арай хол байсан бол бүх ус хөлдөх байсан.

Жигүүртэн шувууд, загас жараахай, бичний төрөлтөн гээд бүх амьтад зөнгөөрөө өөртөө аюулгүй байх хамгийн бага зайтай байдаг байна. Махчин амьтан ойртож ирэхэд амьтад өөрсдөөс нь тодорхой зайд хүрэхгүй бол зугтдаггүй аж. Үүнийг нь нислэгийн зай (flight distance) гэж нэрлэдэг. Анааш 150 метр, одос үхэр 70 метр, сармагчингууд 20 метрийн зайд байхдаа дайснуудаасаа хол, аюулгүй гэж санадаг аж. Нэг төрөл зүйл дотроо ч тав тухтай байх зай бий. Усны үхэр, урт сүүлт тоть, гахай, оцон шувуу зэрэг амьтад бусадтайгаа ойр дотно байхыг хичээдэг бол харин морь, муур, шонхор зэрэг амьтад бие биенээсээ хол байх онцлогтой аж.

Нэг нэгнээсээ зайтай байх нь нэг л газраа бүх амьдралаа өнгөрөөдөг мод ургамлын хувьд ч чухал юм. Ер нь улаан лоолийн мод хоорондоо 50 см, алимны модны хооронд 3 метр, үүрийн улаан мод (metasequoia glyptostroboides) хоорондоо 25 метр зайтай байдаг. Энэ нь уг ургамал нарны гэрэл тусган авч, зөөлөн салхинд хүрч, иш, мөчрөө хүссэнээрээ сунгаж, ургах явцад нь саад учрахгүй байх тохиромжтой зай юм.

Хүмүүсийн дунд ч мөн үл үзэгдэх зай зааг гэж бий. Хүмүүсийн тухайд бусдаар халдуулахыг хүсээд байдаггүй физик орон зайг нь хувийн орон зай (personal space) гэж нэрлэдэг. Энэхүү хувийн орон зайг үндсэндээ илтгэгч ба үзэгчдийн хоорондын “олон нийтийн зай (3,6-7,5м)”, ажил эсвэл дэлгүүрт “нийгмийн зай (1,2- 3,6м)”, найз нөхөд, танилуудын хооронд “хувийн зай (46 см-1,2м)”, гэр бүлийнхэн эсвэл дурлалт хосуудын хооронд “ойрын зай (46 см-ээс бага)” гэх зэргээр дөрвөн түвшинд авч үзэж болно.

Антропологич Эдвард Т. Холл (Edward T. Hall) хувийн орон зай гэдэг нь зөвхөн бие махбодын хоорондын зай биш, харин сэтгэл зүрхний зай гэсэн байдаг. Ойр дотно байдлын түвшнээс шалтгаалаад зай өөр байх нь зүйн хэрэг. Гэсэн ч угийн ойр байдаг юм чинь гээд тодорхой зай барихаас татгалзвал энэ нь хүний хувийн орон зайд халдаж байж болно.

Өөрийгөө төв болгох сэтгэл нь бусдын хувийн орон зайд халдаж буй хэрэг

Гэрт чинь хэн нэгэн зөвшөөрөлгүй орж, орон дээр чинь хэвтэж, эсвэл асуулгүй хөргөгчийг чинь онгойлговол ямар санагдах вэ? Таагүй санагдаад зогсохгүй тэр хүнийг айл гэрт халдсан гэж буруутгах гэнэ. Тэгсэн хэр нь бид нүдэнд харагдах хувийн орон зайг анхаарч хамгаалдаг ч юм л бол бусдын хувийн орон зайд тоох ч үгүй халдаж байдаг байна.

Ийм алдааг ар гэрийнхэн мэтийн ойр дотны хүмүүстэйгээ бүр ч гаргах хандлагатай байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралд хөндлөнгөөс оролцож, юу хийхийг нь ярьж хэлнэ. Эсвэл зарим хүн хань ижлээсээ ярихыг хүсдэггүйг нь ч хүртэл нэг бүрчлэн асууж, айл гэрийн дотор ямар ч нууц, хувийн амьдрал гэж байх ёсгүй гэж боддог. Эсвэл нөгөө хүнд өөрт нь л тустай, өөрсдийнх нь л төлөө гэсэн нэрийдлээр захирч хязгаарлаж, хянаж цагддаг.

Ийм байдлаар гэрийнхнийхээ хувийн орон зайд юман чинээ санахгүй халдах үйлдэлд ч хувиа хичээсэн сэтгэл голлох үүрэгтэй байдаг. Жишээ нь бусдыг хүссэнээрээ өөрчлөх хүсэл, нэг нь золиос гаргаж, шаргуу хөдөлмөрлөж байгаа юм чинь эрх мэдлээ хэрэгжүүлэх эрхтэй гэдэгт итгэх хандлага, зөвхөн өөрийнх нь л зөв гэх итгэлээр бусдын шийдвэртэй санал нийлэхгүй байх сэтгэл зэрэг юм. Энэ нь бусад хүмүүст хүндэтгэлгүй хандсанаас үүдэлтэй.

Өөрийгөө хичнээн их санаа тавьж, сайн сайхныг үзүүлж байна гэж бодсон ч, эсвэл нөгөө хүнээ гомдоох санаа огт байгаагүй байлаа ч тэд таныг хувийн орон зайд нь халдсан гэж санан, бухимдаж стрессдэж магадгүй. Хүн өөрийг нь дарамталж байгаа мэт санах тусам тэр шахалт дарамтаас зугтахыг оролддог төдийгүй бүр нуух шаардлагагүй зүйлээ ч нуудаг байна. Аливааг адил мэдрэх, ойлгох илэн далангүй сэтгэлээр сайн дураараа, баяртайгаар хүсэж тэмүүлж хийвэл амархан шийдэгддэг бол хэн нэгэн тулгаж албадаж хийвэл асуудал үүсэж, дургүйлхэж дайсагнах нь бий.

Нэг ёсондоо нөгөө хүнд таатай санагдсан орон зайг үл хүндэтгэн, өөрийн шуналаар хоорондын зайгаа богиносгох гэж оролдвол тэр хүн дургүйцэж, ухрахаас ч өөр аргагүй.

Бусдын хувийн орон зайд халдаж болох үг хэллэгүүд

  • Тэгэх цаг завтай байсан юм бол тэгэхийн оронд ингэ!
  • Хожим харамсана аа. Харж л байгаарай.
  • Жилийн орлого чинь хэд вэ?
  • Зүгээр л хий л дээ!
  • Наадах чинь таны л асуудал!
  • Наадах чинь ч дээ, хүүхэд хүмүүжүүлэх сайн арга биш дээ.
  • Сонгуульд хэнд саналаа өгөх гэж байна даа?
  • Ийм амархан юмыг яагаад хийж чаддаггүй байна аа?
  • Өөрийн чинь төлөө л үүнийг хэлж байна.
  • Хэлээ биз дээ! Ингэнэ гэж би бүр мэдээд байсан юм.
  • Ингэж болохгүй. Чамд санаа зовсондоо л үүнийг хэлж байна.
  • Тусалсны маань хариуд ердөө ингэж хэлж байгаа юм уу?

Бусдыг хүндлэх нь сэтгэлийн сайхан харилцаа бий болгодог

Нэг гэрийнхний хоорондын найрсаг харилцаагаа хадгалахын тулд бие биенийхээ хувийн орон зайд халдахааргүй зохих зай барих хэрэгтэй. Нөгөө хүнийхээ хувийн орон зайг хүндэтгэх нь тэд юу ч хийсэн танд хамаагүй гэсэн үг биш. Энэ нь тухайн хүнийг биеэ даасан хүн гэдгийг хүлээн зөвшөөрч, надаас өөр бодолтой байж болно гэдгийг хүлээн зөвшөөрч, тэдний сонголт, шийдвэрийг хүндэтгэж байгаа л хэрэг юм. Ингэж нэг алхам ухрах юм бол ойр дотно харилцаа улам л батжина. Сэтгэлийн орон зай байдаг учраас л хүн бие биенээ эрх чөлөөтэй, аз жаргалтай болгож чадна.

Хэн нэгний ажил бизнест оролцох, эсвэл чиглүүлэхийг хүсэж байвал юу юугүй асуулгүйгээр туслах гэж оролдох, тодорхой чигт албадахын оронд нэн түрүүнд хийх зүйл бол өөрсдийнх нь санааг асуух. Энэ нь айлд орохын өмнө хонх дарж, зөвшөөрөл авахтай адил юм. Жишээ нь хүүхэд чинь сургуулиасаа буцаж ирснийхээ дараа тийм ч баяртай харагдахгүй байвал юу болсноо хэлэхийг бүү албад. Харин “Юу болсныг хэлж болох уу?”, “Надаар яаж туслуулмаар байна?” гэж аядуу зөөлнөөр асуух хэрэгтэй. Ханийнхаа үнэ цэнэ өгдөг үнэт зүйлст, дадал зуршилд дургүй бол өөрчлөхийг шаардахын оронд илэн далангүй ярилцаж, юу тав тухгүй, эвгүй санагдаж байгааг тайлбарласан нь дээр.

Үнэхээр л нөгөө хүнийхээ төлөө байгаа бол түүнийг сайхан санаагаар ажиглаж, тусламж хэрэгтэй үедээ өөрөөс тань тусламж гуйх таатай уур амьсгал бүрдүүлж өг. Чин сэтгэлээсээ зөвлөгөө өглөө ч эцсийн шийдвэр гаргах эрхтэй хүн нь нөгөө хүн чинь юм. Тиймд нөгөө хүн чинь өөр сонголт хийж, тэгснээсээ болоод сөрөг үр дагавар гарсан байлаа ч буруутгах, зэмлэхээс зайлсхийх хэрэгтэй.

Нөгөө хүнийхээ хүссэн үед, хүссэн хэмжээгээр, хүссэн аргаар нь анхаарал, халамж тавьж гэмээнэ зөв зохистойгоор хүрнэ. Ингэхдээ нөгөө хүнийг чинь юу баярлуулахыг, хандлагыг чинь яаж хүлээж авахыг бодолцон, түүний сэтгэлийг юу гомдоодгийг, ямар үгэнд эмзэглэдэг, ямар нөхцөл байдал түүнд дарамт болдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

Танай гэрийнхэн таны хэлсэн үг, хийж байгаа зүйлд чинь ундууцаж, дургүйцвэл “Би өөрийнхөө гэр оронд бүр ийм юм ч хүртэл хэлж (хийж) болохгүй гэж үү?” гэж бодон гонсойж урам хугарахын оронд “Ийм юм таагүй санагддаг байх нь” гэж бодон тэднийг ойлгоорой. Юм бүхнийг нэгд нэггүй асуумаар, баталмаар байгаа ч биеэ барих үе, эсвэл мэддэг хэрнээ юу ч мэдэхгүй дүр эсгэх үе гэж байдаг. Бусдын хувийн орон зайн хил хязгаарыг та биш, харин тэр хүн өөрөө шийддэг тул түүнийг нь хүндэлж, баримтлахыг хичээцгээе.

Хятад хэлний хүн гэсэн утгатай 人間 (ren jian) гэдэг үг нь 人 (хүн) болон 間 (хооронд) гэсэн хоёр ханзын нийлбэр юм. Энэ нь хүн бусад хүмүүсийн дунд амьдардаг гэсэн утга. Аливаа элементийн хамгийн бага нэгж болох өчүүхэн атомаас эхлээд манай галактикийн дэлхийн гаднах гаргууд ч хүртэл хоорондын тохиромжтой зайныхаа ачаар бүгд эмх цэгцтэй байдаг шиг хүмүүсийн хувьд ч мөн адил юм.

Хүмүүс хоорондын зай тодорхой тоон утгагүй ч гэлээ тухайн хүний ​​мэдрэмж, тухайн нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй байдаг болохоор үе үе зөрчил маргаан гарах нь дамжиггүй. Гэхдээ бусадтай харилцах хоорондын зайгаа харилцан хүндэтгэлтэйгээр тохируулахыг хичээвэл хооронд тань халуун дулаан уур амьсгал бүрдэх биш үү? Яг л хоёр зараа бие биенээ хатгахгүйгээр аз жаргалтай байх зайгаа олох мэт байх биш үү?