Сионд алхах зөнчийн эхнэрийн жаргалтай зам

Энэтхэг, Тхане / Анжела Берри

12,944 үзэлт

Би христийн шашинт айлын ууган хүүхэд л дээ. Ээж аав минь эш үзүүлэгч Самуелын ээж шиг ууган хүүхдээ Бурханд өргөхийг хүсдэг байлаа. Тиймд аав ээж маань намайг теологийн сургуульд явуулж, пастор болж насан туршдаа Бурханд үйлчлэхийг хүссэн юм.

Тэгж өссөн миний мөрөөдөл ч Бурханд үйлчилдэг пастор болох байлаа. Энэтхэг пасторуудыг нийгэмд их хүлээн зөвшөөрнө, христчүүд ч тэднийг туйлын оршихуй аятай хүндэтгэж үйлчилнэ. Мөн холбоонд элсвэл теологийн сургуульд лекц унших зэргээр нэлээн их орлоготой байх нь баталгаатай мэргэжил юм. Түүнээс гадна юу юунаас илүү Бурханд л үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй байсан юм. Тэгтэл миний сэтгэлд өөрийн мэдэлгүй Азидаа хоёр дахь том теологийн сургуульд сурч байгаа гэсэн бардах сэтгэл, мэдлэгээс болж бардам зан далдуур байр сууриа эзэлж байсан байх.

Пастор болох гээд баклавраа бараг төгсдгийн даваан дээр сүүлчийн шалгалтаа өгөх гэж байсан үед маань нэг томоохон үйл хэрэг миний амьдралд тохиолоо. Тэр үед үнэнийг хүлээн авсан аав ээж хоёр маань над руу залган тэнгэр Эцэг Эхийн тухай хэллээ.

Би бүр цохилтонд оров. Би гэдэг хүн өөрийгөө теологийн сургуульд их юм сурсан, Библийг сайн мэднэ гэж бодож байсан тул үнэнийг хүлээн авах надад маш хэцүү байлаа. Тэгтэл ээж аав хоёр маань маш итгэлтэйгээр барахгүй надад үнэний тухай илүү мэдүүлэх гээд Мумбай руу галт тэргээр дагуулаад явав. Мумбай Сионд үнэний талаар судалсны дараа би дахиж Бурханы үгийг огт эсэргүүцэж чадсангүй. Библийн бүх зөгнөлөөр миний явж байсан сүм үнэн сүм биш гэдгийг баттай ойлгуулсан юм.

Эцэст нь тэнгэр Эцэг, Эхийн ивээлээр би Бурханы хүүхэд болж чадсан даа. Үнэнийг хүлээн авахаасаа өмнө би зөвхөн Бурханд үйлчилдэг пастор болохыг л мөрөөддөг байсан. Үүнээс өөр мөрөөдөл надад байгаагүй юм. Гэвч үнэнийг хүлээн авсныхаа дараа амьдралынхаа зорилгод өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон юм. Тэнгэрийн оронд очих зам зааж өгсөн тэнгэр Эцэг, Эхдээ талархаж, Эцэг, Эх намайг хаашаа ч хөтөлсөн тэр болгоныг дагахаар сэтгэл шулуудлаа.

Нэг өдөр би Сионд ирээд зөнчийн эхнэр үйлчлэгчийг гэр бүлүүдэд сайхан инээмсэглээд, хоолоор үйлчилж байхыг нь харлаа. Түүнээс хойш би тэр зөнчийн эхнэрийг ажигласаар байсан юм. Тэр их завгүй шинжтэй, Сионы олон ажил хийж байсан ч байнга л инээмсэглэж байв. Өглөөнөөс орой болтол нүүрэндээ байнгын инээмсэглэл цацруулж, хичээнгүйлэн зүтгэнэ. Түүний энэ байдал надад нэлээн сайнаар нөлөөлөв.

Би зөнчийн эхнэр үйлчлэгчийг хараад үйлчлэх гэдгийн жинхэнэ утга учрыг ухаарч, зөнчийн эхнэр болох мөрөөдөл тээх боллоо. Хэдийгээр би пастор болж чадаагүй ч гэлээ гэр бүлүүддээ өөрийгөө зориулдаг үзэсгэлэнтэй зөнчийн эхнэр болмоор байна гэсэн бодол төрсөн юм. Өмнөх теологийн сургуульд байсан шигээ бардам зантай хэвээр байсан ч Сионы ах эгч нарт даруухнаар, нүүр дүүрэн инээмсэглэн үйлчилж байсан зөнчийн эхнэр солонгос үйлчлэгч намайг үнэхээр өөрчилсөн дөө.

2015 онд гадаад гэр бүлүүдийн айлчлалын багт багтаж, би Солонгост анх удаа айлчлав. Үнэндээ би Солонгост очихоосоо өмнө солонгос зөнчийн эхнэрүүдийн золиосын талаар мэддэггүй байсан л даа. Солонгос орон миний бодсоноос ч цэвэрхэн, үзэсгэлэнтэй сайхан улс байлаа. Солонгос зөнчийн эхнэрүүд маань Энэтхэгт Эхийн сэтгэлээр, энэтхэгчүүдийг аврахаар иржээ гэдгийг тэгэхэд би ойлгосон. Тэд Энэтхэгт ирээгүй байсан бол илүү таатай нөхцөлд сайн мэдээний ажил хийх байж шүү дээ. Гэвч тэд халуун, чийглэг цаг агаартай Энэтхэг улсад золиос туулж, тэнгэр Эхийн сургаалыг хэрэгжүүлэн жишээ үзүүлж байж.

Солонгос зөнчийн эхнэрүүдээс би их зүйл сурч авлаа. Тэр дундаас би амьдрал дээрээ хэрэгжүүлснээр сайн мэдээний үр дүнд маань ч их том нөлөө үзүүлсэн талаар та бүхэнтэй хуваалцъя гэж хүслээ.

2017 онд Сион байгуулахаар Канпур руу явах боломж тохиолоо. “Тэндхийнхэн өөрсдийн ёс заншлаасаа болоод Бурханыг бараг хүлээж авахгүй дээ” гэсэн тогтсон бодлоосоо болж үнэндээ би тэнд сайн мэдээний ажилд нэлээн сөрөг байр суурьтай байсан л даа.

Тэгээд нэг зөнчийн эхнэр ахлагчид энэ бодлоо хуваалцтал тэрээр маш ивээлтэй эерэг үгээр надад урам өгсөн юм.

Тэрээр надад “Дэлхий дээр Эцэг Эхийн бидэнд өгсөн долоон тэрбум эрдэнэс бий. Бид зүгээр л тийшээ очоод тэднийг олох хэрэгтэй. Алдагдсан ах эгч дүү нар маань хэн нь гэдгийг бид мэдэхгүй. Гэвч бид хүүхдүүдээ алдсан тэнгэр Эхийн чинхүү сэтгэлээр тэднийг олохыг хичээвэл хайртай ах эгч дүү нараа олж чадна” гэж билээ.

Түүний энэ үг миний сэтгэлийг эерэгээр өөрчилсөн дөө. Биднийг Канпурт ирэхэд миний тогтсон үзэл бүрэн өөрчлөгдсөн. Тэнд Эцэг Эх маань бидэнд үзэсгэлэнтэй олон үр жимсний ерөөл өгсөн. Канпурт байсан дөрвөн сарын туршид маань Бурханы ивээлээр долоо хоног бүр баптисм тасраагүй ээ.

Түүнээс хойш пастор эхнэр ахлагчтайгаа Мумбайгаас 23 цагийн зайтай орших Канпур Сионд айлчилж ирэв. Тэдний Канпурт ирэх болсон шалтгаан нь зөвхөн Канпур дахь итгэгчдэд халуун хоол өгөх байв. Тэр үед нэг бэлтгэл зөнч гэр бүл Сионыг удирдаж байсан тул нутгийн итгэгчид Амралтын өдөр бүрээр гэр гэрээсээ хоол авчирдаг байсан юм.

Канпур Сионы гэр бүлүүд хайрын Эхийг дуурайсан пастор болон эхнэрт нь баярлан сэтгэл нь хөдөлж, итгэл нь маш хурдан өссөн. Тэндхийн гэр бүлүүд бүгд л сайн мэдээний сайн үйлчлэгчид болж, тэр ч байтугай даруугаар, халамж хайраар Бурханд үйлчилж эхэлсэн юм. Тэр гэр бүлүүдээ хараад би зөнч нар ямар үүрэгтэй байдгийг үнэхээр ойлгосон доо.

Талархууштай нь одоо би зөнчийн эхнэр болсон. Би одоо хэр нь олон талаар дутуу дулимаг байгаа. Гэвч Эцэг Эх маань эргэн тойрны маань сүнслэг эгч нараар дамжуулан надад үргэлж тусалдаг. Би пастор болох замаасаа шантарч няцсан ч одоо би бүр ч илүү аз жаргалтай байна. Учир нь би Бурханы сүмийн зөнчийн эхнэр болсон шүү дээ. Хэрэв би үнэн байхгүй газар зөнчийн замаар алхсан бол хүндлүүлж, өөртөө л үйлчлүүлэх байсан байх. Ингэсний маань үр дагавар ямар байх байсан бол гэж бодохоос толгой эргэх шиг болдог. Бурхан болон итгэгчдийг чиглэсэн жинхэнэ хайр, үйлчлэлийн замаар алхах боломж соёрхсон Бурхандаа чин сэтгэлээсээ талархаж байна.

Манай сүмийн эхэн үед тэнгэр Эх маань Өөрөө зөнчийн эхнэрийн үүрэг гүйцэтгэж байсан. Одоо ч гэсэн Эх маань үйлчилж, инээмсэглэж бидэнд сайхан үлгэр жишээ үзүүлсээр байгаа. Эхийг дагадаг зөнчийн эхнэр байх энэ ерөөлөө би огтхон ч алдахыг хүсэхгүй байна. Сионы гал тогооноос би дэлхийн сайн мэдээг гүйцэлдүүлэх ажилд тусална аа. Гэр бүлүүддээ Эхийн сэтгэлээр үйлчлэх болно. Инээмсэглэж, амттай хоолоор дайлж, гэр бүлүүддээ эрч хүч өгнө. Тэгж байж л тэд нар маань сайн үр жимс гаргана шүү дээ. Зөнчийн эхнэр болох энэ үүргийг өгсөн Эхдээ талархаж байна.