Сэтгэл сэтгэлээ холбох нүд

Хүний нүдэнд сэтгэл нь нэвт шингэсэн байдаг. Халуун дулаан харц, зөөлөн инээмсэглэл нь илэн далангүй яриа хөөрөө өрнүүлж, хамт байгаа хүмүүсээ жаргалтай болгодог.

18,590 үзэлт

“Нүд амнаас илүү ятгах чадвартай.” Барууны зүйр үг

“Нүд нь дотроо хайр агуулж байдаг сэтгэл рүү нэвтрэх хаалга учраас эмэгтэй хүний гоо сайхан нүдэндээ харагддаг.” Одри Хепберн

“Хүний нүд нь хэл ярианы нэгэн адил ихийг өгүүлээд зогсохгүй нүдээрээ хэлэх үгийг дэлхийн бүх хүн толь бичгийн шаардлагагүйгээр ойлгож уншиж чадна.” Ральф Уолдо Эмерсон

Дотроос гадагш, гаднаас дотогш хардаг цонх. Дөрвөн талд нь хана босгосон ч цонх л байвал тухайн байшинд нарны гэрэл тусаж, үлээх салхин нэвтэрч, гэрэлтэй, саруулхан, тааламжтай орчин бүрдэнэ.

Хүний биед ч цонхтой адил үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бий. Тэр бол нүд. “Атгахад атга дүүрэхгүй ч тавихад тал дүүрэн” хэмээн зүйрлэх хэмжээний эрхтэн болох нүд нь биед маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Мэдрэхүйн эрхтэн дундаас нүд нь тархийг хамгийн их ажиллуулж, тархины боловсруулдаг мэдээллийн 80% орчим нь хараагаар дамждаг байна.

Нүд нь бидэнд ертөнцийг харж, эд юмсыг таньж мэдрэхэд туслахаас гадна сэтгэл доторх мөн чанарыг маань бусдад харуулдаг цонхны үүрэг гүйцэтгэнэ. “Нүд сэтгэлийн толь” гэдэгчлэн нүдэнд тухайн хүний сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэл санааны байдал тэр хэвээрээ илэрхий харагддаг. Үг яриа, дохио зангаанаас ч өмнө нүд хариу үйлдэл үзүүлж, заримдаа үгээр бүрэн илэрхийлэх аргагүй дотоод сэтгэлийг нүд дамжуулдаг. Нүд нь хүн хоорондын харилцаанд нэн чухал үүрэгтэй.

Чимээгүйхэн хүүрнэх нүд

Сэтгэл зүйч, профессор Альберт Маравианы гаргасан онолын дагуу бол харилцаанд хэл яриа ердөө 7% нөлөөлж, үлдсэн 93% нь хэл ярианы бус хүчин зүйл эзэлдэг байна. Тэрхүү 93 хувийн 55% нь нүүрний хувирал, нүүрний хувирлын гол цөм хүчин зүйл нь нүд юм. “Уулзсандаа баяртай байна” гэж хэллээ гэхэд амны булан дээш өргөгдөж, нүдний эргэн тойрны булчин нь хөдлөхгүй бол уулзсандаа баяртай байгаа нь огт харагдахгүй юм. Амаараа хэлж буй үгнээс нүдээрээ хэлэх үг илүү хүчтэй байдаг.

Хүн сэтгэл хангалуун байхдаа, сэтгэл санаа сайхан болгодог хүнээ хараад тайвширч, улмаар хөмсөг нуман хэлбэртэй болно. Харин буруу ойлголцол, зөрчил маргаантай байх үедээ харц нь дальдчин, ичих юм уу буруу юм хийсэн үедээ хүний нүд рүү эгцэлж харж ч чаддаггүй. Уур хүрсэн үедээ зориудаар дээгүүр харж, аливаа юманд эргэлзвэл нүдээ онийлгодог. Гайхах юм гарвал нүдээ том болгож, жигшмээр зүйл дээр хөмсөг зангидна. Гуниг зовлонтой үед нүднээс нулимс урсана. Санаа зовнин түгших, эсвэл худлаа ярихаараа хүн нүдээ байн байн цавчилна.

Орчны гэрэл нүд рүү орох хэмжээг тохируулдаг хүүхэн хараа нь гэрэлд төдийгүй бие даасан мэдрэлийн системд ч хариу үйлдэл үзүүлнэ. Таагүй мэдрэмж төрөх юм уу уурлах үед хүүхэн хараа жижгэрч, харин харж байгаа обьектдоо сонирхолтой байх, эсвэл шинэ, гайхалтай зүйлийг мэдэх үед томордог. Гайхах эсвэл сандрах үед хүүхэн хараа чичирхийлж хөдөлнө.

Ийнхүү нүдний үзүүлэх хариу үйлдэл ямар ч зохицуулалт хийх боломжгүй автоматаар, рефлексээр гардаг. Тийм ч учраас үгээр илэрхийлж болдог хэрнээ сэтгэлд байхгүйг нүдээр илэрхийлэхэд хэцүү. Чин үнэнийг илтгэх нүдээр дамжуулан та ч хүний сэтгэлийг уншина, хүн ч таны сэтгэлийг ойлгоно.

Нүд нүд рүүгээ харахад бий болдог зүйл

Хэл яриа хөгжөөгүй нялх хүүхдүүд биед нь хүрэхэд болон харцаар нь аав ээжийнхээ хайрыг ойлгодог. Аав ээж нь хайрлаж өхөөрдсөн харцаар харах үед хүүхэд сэтгэлзүйн хувьд тогтвортой тайван, аав ээждээ илүү дасдаг байна. Хүүхдийнхээ нүд рүү нь харангаа хөхүүлэх эсвэл угжих нь бие махбодын хөгжилд шим тэжээл өгөөд зогсохгүй сэтгэл хөдлөлийн хөгжилд ч шим тэжээл болж өгнө.

Английн Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн зүгээс нярай хүүхэд том хүнтэй харц тулгарч, нүдээрээ харьцах үед тархинд нь ямар үйл явц явагддагийг судлах туршилт хийжээ. Нярай хүүхэд болон том хүнд тус тусад нь цахилгаан долгион дамжуулдаг малгай өмсгөхөд яг нүд нүд рүүгээ харах үеийн тархины долгион адилхан байсан нь ажиглагджээ. Тархины долгион гэдэг нь тархины мэдрэлийн эсийн үйл ажиллагаанаас үүсдэг цахилгаан импульс юм. “Долгионы урт адилхан байх” гэдэг үг нь шинжлэх ухааны хувьд бол тун утга учиртай. Энэ өнцгөөс авч үзвэл хараахан ярьж чадахгүй байгаа хүүхдийн тархины долгион том хүний тархины долгионтой яг давхцаж байгаа нь хүүхэд харьцахыг хүсч буй хүндээ нүдээрээ дохио өгч байна гэж ойлгож болохоор байна.

Аав ээжүүд хүүхэдтэйгээ бага наснаас нь эхлээд тогтмол нүд рүү харж ярилцаж байвал хүүхэд гэмт хэрэгтэн болох магадлал буурдаг гэж үздэг. Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн сэтгэл судлалын багийнхан сахилгагүй, түрэмгий, дээрэнгүй хандлагатай өсвөр насны 60 гаруй хүүхдэд туршилт явуулжээ. Тэдэнд хүмүүсийн харцнаас дальдчих, нүд рүү нь харж чадахгүй байх зэрэг нэг нийтлэг тал байсан аж. Судлаачид тэдэнд янз бүрийн зураг үзүүлж, нүдний хүүхэн харааны хөдөлгөөн шалгадаг багаж болон MRI аппаратны тусламжтайгаар ажиглалт хийжээ. Тэгтэл өрөвдөлтэй зураг хараад тэдний тархи хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн үр дүн гарав. Уг туршилтыг явуулсан профессор “Хүүхдийн буруу үйлдлийг засах гэж уурлах юм уу эсвэл албадахаас илүү нүд рүү нь харж, сэтгэл хөдлөлийг нь мэдэрч, сэтгэл санааг нь хуваалцах нь хүүхдийн түрэмгий занг дарахад тустай” гэж дүгнэжээ. Насанд хүрэгчдийн дунд хийсэн өөр туршилтаар зүгээр л нүд рүү нь харахад сэтгэл санаа илүү сайхан байх магадлал нэмэгддэг гэжээ.

Бүх судалгааг нэгтгээд үзвэл хүүхэд ч бай, том хүн ч бай бусдын элэгсэг халуун дулаан харцтай тулгарах үедээ сэтгэл санаа нь сайхан болдог гэсэн дүгнэлтэнд хүрч болох нь. Нүд нүд рүүгээ харах наад захын үйлдэл нь фенетиламин, окситоцин хэмээх хайрын болон аз жаргалын даавар ялгаруулдаг байна.

Зөөлөн дулаан харцаар ярилцах

Ингэхэд нэг нэгнийхээ царайг харахгүйгээр өөр өөр тийшээ харангаа чин сэтгэлийн яриа өрнүүлж чадах болов уу? Хэн нэгэнтэй ярихад нөгөө хүний харц гар утас, зурагт энэ тэрд төвлөрөх, эсвэл яриа сонсонгоо сэм сэм өөр тийш хараад байвал тийм хүнтэй ярилцахыг хэн ч хүсэхгүй. Харц нь төвлөрөөд байгаа тэр газраа сэтгэл нь байгаа гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Ярьж байхад өөр тийш харах нь ярьж буй хүнд маш бүдүүлэг хандаж байгаа төдийгүй харц яваад байгаа тэр газар нь өмнөө байгаа хүнээс нь илүү чухал гэж байгаатай л адилхан.

Зөөлөн дулаан харц дагалдаж байж л жинхэнэ чин сэтгэлийн яриа хөөрөө өрнөнө. Ярьж буй хүний нүд рүү харах нь чих тавин сонсож байгаагаа харуулах хамгийн найдвартай арга, яриаг нь сонсмоор байна гэсэн хүчтэй мэссэж юм. Хүн ер нь нүд нүд рүүгээ харж байж л сэтгэл доторхоо ярьж эхэлдэг. Сайн ярьдаггүй байсан ч анхаарч сонсож, санаа тавьсан харцаар чин сэтгэлийн яриа өрнүүлж чадна. Нэг ажилд байдгаараа улайрч байхад хүн юм яривал тэр хүн рүүгээ харалгүй харилцан ярих энүүхэнд. Гэвч хийж байгаагаа түр зогсоогоод “Уучлаарай, үүнийг дуусгачихаад ярилцаж болох уу?” гэж нүд рүү нь харж байгаад хэлбэл хүндэтгэх сэтгэл ч мэдрэгдэнэ.

Нүд рүү нь хар гэдэг нь нөгөө хүнээ цоо ширт, эсвэл ярианы турш зөвхөн нүд рүү нь л хараад бай гэсэн үг биш ээ. Хаа нэг нүд рүү нь харж, дух хөмсөг, хамар, ам орчим, эрүү хавиар харцаа гүйлгэн, халуун дулаан харцаар инээмсэглэж, нөгөө хүндээ тайван ярих уур амьсгал бүрдүүлэх нь чухал. Сэтгэлд нь юу байгаагаас хамаараад гар барилдаан хийж буй тамирчдын нүдний харц болон хүүхдээ харж байгаа эхийн харц өөр өөр. Гунигтай харамсалтай мэдээ дуулгах, бие биедээ хийсэн алдааг ярилцах зэрэг таагүй сэдвээр ярилцахдаа харц тулгарахаас зайлсхийх нь ч хүртэл нөгөө хүнээ тайвшрахад тустай.

Хосууд бодол санаа зөрөлдөх үедээ ч, эсвэл хүүхдээ сахилгажуулахдаа ч зөөлөн харцаар харах нь нөхцөл байдлыг таатай болгоход тустай. Хөмсөг зангидах, ширүүн дориун харц, таагүй харц зэрэг нь харилцан яриа хөөрөөг хааж байдаг. Хүнийг дээрээс нь доош, доороос нь дээш гүйлгэж харах нь тухайн хүнийхээ дургүйг хүргэдэг тул зайлсхийх хэрэгтэй.

Гэрийнхэнтэйгээ ярихдаа миний нүд юу өгүүлж байгаа бол гэж өөрийгөө нэг шалгаарай. Таны нүд гэр бүлээсээ илүү зурагт, гар утсыг чухалчлаагүй байгаа? Зэвүүрхсэн, уурласан харцаар тэднийхээ сэтгэлийг хааж орхиогүй байгаа? Зөөлөн, халуун дулаан, гэрэлтсэн харцаар эрхэм нандин гэр бүлийнхэндээ энэрэл хайр, өрөвч нинжин сэтгэлээ харуулж, урам өгцгөөе. Хүний тийм л харцнаас хайр мэдэрч байж хүн өсөж торнин, амьдрах хүч олж авдаг билээ.

Цонх бохирдвол дотроос гаднах ертөнцийг ч харж чадахгүй, гаднаас доторх зүйлийг ч харж чадахгүй. Сэтгэлийн цонх ч мөн адил. Зөв ойлголт, хүлээцтэй сэтгэл, эерэг бодлоор сэтгэлийнхээ цонхыг байн байн арчаарай. Сэтгэлийн цонх цэвэрхэн байж гэмээнэ ертөнцийг гэрэл гэгээтэйгээр харж, бусдад чин сэтгэлээ харуулж чадна. Тийнхүү харц харцаа тусган, сэтгэл сэтгэлээ холбоно.