Хэл ярианы ёс зүй гэрээс эхэлнэ

Гэрэлтсэн харц, эелдэг хандлага, бусдыг хүндлэх хүндлэл гээд хэл ярианы ёс зүй сахидаг гэр бүлийг гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж байдаг.

24,173 үзэлт

“Би бол хөвүүн” гэсэн үгийг ширүүн харц, түрэмгий өнгөөр хэлбэл “Би муу хүү” гэсэн утгатай, харин “Би бол хөвүүн” гэсэн үгийг инээмсэглэсэн царай, зөөлөн өнгөөр хэлбэл “Би сайн хүү” гэсэн утгатай гэсэн хошигнол байдаг. Уг нь ижилхэн үг хэрнээ эрс өөр сонсогдож байгаа шалтгаан нь тухайн үгийг агуулсан “сав”-ны ялгаанд байгаа юм.

Зочдод ширээ засахдаа хоолны амт чухал ч уг хоолыг хийх аяга тавагт өөрийн эрхгүй санаа тавьдаг биз. Аяга тавагны өнгө, хэлбэр хэмжээ тухайн хоолонд зохицож байвал бүр л илүү амттай харагддаг даа. Харин аяга таваг бохир заваан, хагархай сэтэрхий эсвэл тухайн хоолондоо зохицоогүй бол хоол хичнээн амттай байсан ч зочид тэрнээс идмээргүй санагдана.

Ер нь үг яриа нь хүний бодлыг агуулж байдаг сав юм. Бусдыг гомдоохгүй, тав тухтай орчин нөхцөлд аятайхан яриа хөөрөө өрнүүлэхийг хүсвэл үг яриагаа сайхан саванд хийх хэрэгтэй. Сайхан сав гэдэг нь эелдэг хандлагыг хэлж байна. Харилцан яриа хөөрөөний гол утга нь хэл яриа учраас хэл ярианы ёс зүй сахихгүйгээр харилцан ярианд асуудал үүсэж мэднэ.

Хэл ярианы ёс зүй бол хамгийн дээд ёс суртахуун. Гэр оронд, сургууль дээр, ажлын газар бий болдог алив зөрчил маргаан бүдүүлэг үг ярианаас голдуу эхэлдэг. Телевиз, интернетийн нөлөөгөөр зохисгүй, бүдүүлэг үг яриа өнөө үед их элбэг болсон тул хэлний ёс зүй бүр ч хэрэгтэй.

Хахир хатуу үг сэтгэл хэмлэнэ

Өнөө үед өсвөр үеийнхэн болгоомжгүйгээр хэл яриа хэрэглэдэг нь маш ноцтой хэмжээнд хүрсэн. Хэдэн жилийн өмнө Солонгосын KBS телевиз Солонгос хэлний үндэсний хүрээлэнтэй хамтран өсвөр үеийн 1518 хүүхдийг хамруулан судалгаа явуулжээ. Уг судалгаагаар тэдний 8,6% нь бүдүүлэг, зохисгүй үг яриа хэрэглэдэггүй гэж, харин 52,5% нь зуршил болгон хэрэглэдэг гэжээ.

Зөв үг яриа хэрэглэх нь тархины урд хэсгийг идэвхжүүлэх болон хүний мэдрэлийг тайвшруулах үр нөлөө үзүүлдэг байна. Харин сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө доромжилсон үгээр тайлах зуршилтай болбол сэтгэл санаагаа олигтой илэрхийлэхэд хүндрэл үүсч, үгсийн сан тань багасна. Тэр бүү хэл сэтгэл санааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, улмаар гэмт хэргийн шалтгааныг бий болгодог байна.

Хахир хатуу үг яриа нь ярьж байгаа хүнийг болон сонсож байгаа хүнийг хоёуланг нь гэмтээдэг. Харвардын Анагаах ухааны сургуулийн профессор багш Мартин Тейчер бага насандаа хэл ярианы хүчирхийлэлд өртөж ирсэн 554 хүний тархийг шинжлэн судалж, энгийн хүмүүстэй харьцуулж үзэхэд тэдний тархины корпус каллосум болон хиппокампус нь агшсан байсныг олж тогтоожээ. Тархины тийм гэмтэл нь ой тогтоолт, сурах чадварыг бууруулж, сэтгэцийн өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна.

Хүн уурлахаараа ихэнх нь хэл ярианы ёс зүйг тоохоо болих талтай. Хэл ярианы ёс зүйг эрхэмлэдэг хүн ч хүртэл хэтэрхий их уурласан үедээ хатуу ширүүн үг хэлээр бусдыг бөмбөгдөж гардаг. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ ч ямар нэг юмыг ууртайгаар сануулж хэлэх юм бол сөрөг үг амнаас гарна. Хэрэв уур хилэнгээ дарахгүй, хатуу үг чулуудаад байвал хэл ярианы ёс зүйг баримтлан өөрт бий болгож ирсэн бүх эерэг мэдрэмж, итгэл найдвараа алдана. Энэ нь асар их хүчин зүтгэлээр босгосон цамхаг нэг агшинд нурж унахтай л адил. Сэтгэл санааны байдал тавгүй үедээ юу ч ярихгүй байсан нь дээр. Тэгээд тайвшрах хүртлээ хүлээж, уурласан шалтгаанаа дараа нь аажмаар шийдвэрлээрэй. Өөрийнхөө болон бусдын сэтгэлийг шархлуулахгүй байх арга энэ юм.

Хэл ярианы ёс зүй: Бусдыг хүндлэх хүндлэл, халамж анхаарал

Хэл ярианы ёс зүйн сөрөг утга нь бусдад таагүй муухай сэтгэгдэл төрүүлэхгүй байх явдал. Тэгэхгүйн тулд та хүчирхийлсэн үг яриа, этгээд үг хэллэг, товчилсон үг, доромжлол, дорд үзэж ярих зэргийг цээрлэх хэрэгтэй. Тиймэрхүү үг яриа нь хүнийг зөвхөн гомдоогоод зогсохгүй тиймэрхүү үг яриа хэрэглэдэггүй хүмүүс тэдгээрийг нь сайн ойлгохгүйдээ болоод хөндийрч, улмаар яриа хөөрөө тасарна.

Харин хэл ярианы ёс зүйн эерэг утга нь бусдад таатай сэтгэгдэл төрүүлэх юм. Гэрэлтсэн харц, эелдэг хандлагаар зөв үг хэллэг хэрэглэвэл сонсож байгаа хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй өөрт эргээд ерөөл болон буцаж ирнэ. Хэл ярианы сайхан ёс зүйтэй хүн соёлтой боловсон харагдаж, бусдын тааллыг олдог.

Хэл ярианы ёс зүй нь эцсийн эцэст бусдыг хэрхэн хүндэлж, хэрхэн халамж анхаарал тавихыг сурч, түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх явдал юм. “Нэг юм асууя” гэж хэлдэг оюутан ба “Танаас нэг юм асууж болох уу, багш аа?” гэж хэлдэг оюутны хэн нь багшийгаа илүү хүндэлж байгаа нь андашгүй.

Хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэх нь хэл ярианы ёс зүйн нэг юм. Хүндэтгэлийн үгээр ярилцвал аяндаа нөгөө хүндээ санаа тавьж, хоорондын зөрчил ч багасна. Нэгэн бага сургуулиас багш сурагчдын дунд хэл яриагаа зөв хэвшүүлэх үүднээс хүндэтгэлийн үг хэрэглэх аян өрнүүлэхэд сурагчдын дундах хэрүүл маргаан, дээрэлхэх явдал эрс багассан байна. Учир нь үг яриа хүнийг сэтгэлийг өөрчлөх увдистай аж.

Хэл ярианы ёс зүйг сахих өөр нэг арга бол өөртөө биш, бусдад ойлгоход амархан байдлаар ярих. Зарим үед сонсож байгаа хүн таны бодол, нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүйдээ хэлж байгааг тань буруугаар ойлгож болно. Ийм үед түүнийг дүйнгэ юм шиг байсанд нь буруутгах хэрэггүй. Тэгэхийн оронд ярианыхаа хэв маягийг өөрчил. Сонсож байгаа хүний өнцгөөс ярьж, сонсож байгаа хүний түвшинд тааруулж үгээ сонгож, эелдгээр ярих зэрэг нь бүгд л хэл ярианы ёс зүй юм.

Хэл ярианы ёс зүйд нүдний харц, ярианы өнгө аяс, хандлага зэрэг үг хэлний бус элемент, мөн хүндэтгэл, сэдэв, үгсийн сан гэх мэт хэл зүйн элемент ч багтдаг. Тийм учраас ярьж буй хүний яриаг таслахгүй байж, ярьж байхад нь өөр тийш харах, эсвэл өөрөө ярьж байх үедээ биеэ найгуулахгүй, хөлөө савчуулахгүй байх зэрэгт анхаарч, болгоомжтой хандах учиртай.

Хэл ярианы ёс зүй гэрээс эхэлнэ

Хэл ярианы ёс зүй нь сургууль, нийгэм, гэр бүлийн хамтдаа шийдвэрлэх асуудал юм. Эхлэлийн цэг нь гэр. Хэл ярианд эргэн тойрны хүмүүс нөлөөлөөд зогсохгүй хамгийн их нөлөөлдөг газар бол гэр. Хүүхдээ сайн сурч байна уу, үгүй юу гэдгийг хүүхдийнхээ хэрэглэж байгаа үг ярианаас мэдэж болно. Зөв үг яриа хэрэглэнэ гэдэг бол сурсан зүйлийнхээ үр нөлөөгөөр л хийх зүйл. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ зөвхөн хичээл сурлагад анхаарах биш, хэл ярианы ёс зүйд суралцахад нь ч санаа тавих ёстой.

Хэл ярианы ёс зүйн боловсрол гэдэг тун энгийн. Юу нь зөв, юу нь буруу гэдгийг ярьж, заах гэхийн оронд өөрийг тань эелдгээр сонсож сургахад л болно. Аав ээжийнх нь хэл ярианы соёл хүүхдүүдээ амжилттай сургах түлхүүр гэхэд хэтрүүлэг болохгүй. Учир нь эцэг эхчүүд ямар үг хэрэглэж байгаагаас хамааран хүүхдийнх нь үнэт зүйл, зан авир өөрчлөгдөж болно.

Эхнэр нөхөр бие биенээ хүндэлж, хүндэтгэлийн үг хоорондоо хэрэглэдэг бол хүүхдүүд ч мөн хүндэтгэлийн үг яриа хэрэглэж хэвшинэ. Зарим аав ээжүүд хүүхэд хүндэтгэлийн үг хэрэглэх нь ойр дотно байдал болон бие даасан байдалд нь саад болно гэж бодоод хүндэтгэлийн үг хэрэглэх тал дээр зааж сургадаггүй. Гэвч ухаалаг аав ээжүүд хүүхдээ хүндэтгэлийн үг яриа хэрэглэх тал дээр анхаарлаа хандуулдаг. Мөн хүүхэд нь хүчирхийлсэн, бүдүүлэг үг яриагаар яривал юу уурыг нь хүргэснийг асуугаад, тэгж болохгүй гэж хүчилж албадахын оронд хүүхэдтэйгээ харилцан яриа хөөрөө өрнүүл. Тэгснийхээ дараа хүүхэддээ үзэл бодлоо хэрхэн зөв үг яриагаар илэрхийлэхийг заа.

Гэхдээ үр хүүхдүүдтэйгээ найз шиг байдаг эцэг эх ч хэл ярианы ёс зүйг баримталж байгаа эсэхээ хянах хэрэгтэй. Эхнэр нөхрийн хооронд ч мөн адил. Бүх л санаа зовнил, сэтгэлийн хямрал тайлагдаж байдаг орон гэртээ ам бүлийнхэн өөр хоорондоо хүндэтгэлтэй хандаж, нэг нэгэндээ халамж анхаарал тавьж, хэдий ойр дотно ч гэлээ зөв ёс зүй сахих үед нийцтэй сайхан, эв эетэй гэр бүл байж чадна. Эсрэгээрээ ширүүн дориун үг хэрэглэдэг гэр бүл бол гэрэлтэй ирээдүйд найдалтгүй. Гэр бүл дотор чинь байнгын хэрүүл маргаан тасрахгүй байдаг бол эхлээд хэрхэн ярьдгаа анзаарч нэг үзээрэй.

Цаг үе, орчин нөхцөл өөрчлөгддөг учраас харилцан ярианы арга хэрэгсэл янз янз ч гэлээ хэл ярианы ёс зүйн үнэ цэнэ хүмүүс хамт амьдарч байгаа цагт хэрхэвч өөрчлөгдөхгүй. Авьяас чадвартай, эрх мэдэлтэй хүмүүс нийгэмд хүлээн зөвшөөрөгддөг ч гэлээ эцсийн эцэст хүмүүсийн тааллыг олсон хүмүүс нь эелдэг даруу хүмүүс байдаг юм шүү.

Зөв ёс суртахуунтай, авьяас чадвартай хүмүүсийг төлөвшүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг газар нь гэр орон. Хүмүүн бид өдөр тутмын амьдралдаа өнөөдөр юу идэх үү, маргааш ямар хувцас өмсөх үү гэдгийг л боддог. Одооноос “Би бусдын сэтгэл санааг сайхан болгохын тулд яаж ярих ёстой вэ?”, “Хэл ярианы зуршлаа яаж өөрчлөх вэ?” гэх зэргээр хэл ярианы ёс зүйн тухай боддог болцгооё. Харахад л сэтгэл сайхан болох гоё тавагтай амтат хоол шиг сэтгэлийн сайхан саванд халуун ам бүлээ хайрлаж, тэдэндээ үйлчилж болохгүй нь юун?