Эхийн диваажин

Жой Мела Галлант / АНУ, NY Нью Виндсор

10,418 үзэлт

Саяхан сүм дээрээ бид “Завгүй ээж” гэсэн гарчигтай зураг үзсэн юм. Нэгэн ээж ташаандаа хүүхдээ тэврээд, утсаар ярингаа цахилгаан зуухан дээрээ хоол хийнэ. Тэврүүлсэн хүүхэд нь ээжийнхээ мөр чихний хооронд хавчуулсан утсыг нь авах гэж зүтгэнэ. Хажууд нь бас өөр нэг хүүхэд нь зогсоод, ээж рүүгээ ширтэн байлаа. Зурган дахь уг ээж олон зэрэг ажил хийсэндээ ядарч туйлдсан мэт харагдавч тэр бүх ажлыг хамаг хүчээ дайчлан хийж байлаа.

Ихэнх ах дүү, эгч дүү нар тэр зурган дээрх ээж яагаад ч юм дарамттай, бачимдсан, тусламж хэрэгтэй харагдаж байна гэв. Гэвч эх хүн болох миний бодол өөр байсан л даа. Дотроо би тэр зурганд “Эхийн диваажин” гэж нэр өгмөөр санагдсан.

Миний харснаар бол ээжийнх нь тэвэрсэн хүүхэд өөрөө хоёр хөл дээрээ хангалттай зогсож чадахаар том хүүхэд байсан л даа. Магадгүй ээж нь хүүхдээ тэвэрмээр санагдсан байх гэмээр. Тэврүүлсэн хүүхэд нь ээжийнхээ утсыг авах гээд ээждээ саад болж байгаа мэт боловч надад бол ээжийгээ хоол хийхдээ анхаараг гэсэндээ утсыг нь барьж өгөх гэж байгаа мэт харагдсан. Яагаад гэж үү? Ээждээ туслах хэмжээний том охин болсон учраас л тэр. Ээжийнхээ хажууд зогсож байгаа хүүхэд харин ээждээ юугаар туслах вэ гэж асууж байгаа мэт санагдсан. Ээжийгээ тийм их ажилтай байгааг нь харж байгаа юм чинь.

“Хүүхдүүд минь байхгүй бол маргаашийг хүлээх үнэ цэнэгүй, өчигдрийг дурсах үнэ цэнэгүй байх байсан” гэж үг байдаг. Хүүхдийн тоглож наадах, нэхэж шаардах нь ээждээ төвөгтэй мэт боловч үнэндээ тийм биш. Хүүхдээ асрах нь эх хүний баяр баясал, эх хүн болсны учир шалтгаан юм. Хүүхэд ээждээ тийм гэхийн аргагүй баяр хөөр, хайр өгч, тайвшруулж байдаг. Хүүхдээ гэх эхийн хайр ямар ч болзолгүй, ямар ч нөхцөл байдалд, хичнээн нас дээр гарсан ч эхдээ хүүхэд дарамттай биш. Эх хүн хүүхдээсээ мэдрэх баяр хөөр нь огтхон ч багасдаггүй юм шүү дээ.

Тэр зургийг хараад, хүүгээ их сургуульд явуулсны дараа надад тохиолдсон зүйл санаанд орлоо. “Хоосон үүрний синдром” тохиолдсон гэх үү дээ. Хоосон үүрний синдром гэдэг нь хүүхэд нь сургууль соёлд явах, эсвэл тусдаа гарч бие даах зэргээр гэрээсээ явахад мэдэрдэг эцэг эхийн уйтгар гуниг, эзгүйрч ганцаардах сэтгэлийг хэлдэг юм билээ. Махан биеийн зүй тогтолд ч хүүхдээсээ салах тийм зовлонтой байхад үй олон хүүхдээ алдаад, өнө удаан хугацааг элээсэн тэнгэр Эхийн зүрх сэтгэл ямар байдаг бол оо? Эхийн зовлон шаналлыг үл тоон, хайхрамжгүй хандаж ирснээ эргэцүүлж, уучлал эрмээр санагдлаа.

Эх хүний хайраар дамжуулан тэнгэр Эхийн хайр ба золиосыг ухааруулсан Бурхандаа талархаж байна. Алдагдсан ах дүү, эгч дүүгээ Сион руу хөтөлж, Эхийнхээ зовлонгийн ачаанаас үүрэлцэх төлөвшиж томоожсон хүүхэд болох болно оо.