Нээх, нээгдэх

9,720 үзэлт

Нээлттэй концерт, нээлттэй лекц, нээлттэй уралдаан тэмцээн, нээлттэй туршлага… Хэн ч ямар ч хориг саадгүй оролцох боломж олгосон гэдгээ онцолдог “нээлттэй” хэмээх тодотголтой арга хэмжээнүүд ихээхэн зохиогддог болжээ. Нээлттэй гэхээр яагаад ч юм хавьгүй хялбар байдаг даа. Хаалгаа өөрөө нээх эсвэл хаалттай хаалганы цаана эргэлзэн зогсох шаардлагагүй болохоор арга ч үгүй биз.

Сайн мэдээ тараая гэж хүсэхэд ч үүд хаалга нээлттэй байх ёстой шүү дээ. Сэтгэлийнх нь үүд нам хаалттай хүнд юу ч ярьсан сэтгэл рүү нь нэвтрэхгүй. Уран чамин үг дунд нь хавчуулаад ч, ямар ч арга хэрэглээд тийм хүний сэтгэлд үг орно гэж үгүй.

Хүмүүний сэтгэлийн түлхүүрийг атгаж байдаг Нэгэн нь Бурхан. Зөвхөн Бурхан л хүний сэтгэлийн хаалгыг нээж, үг сонсгодог.

“Туатейр хотоос ирсэн, нил ягаан бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээснээр Паулын ярьж буй зүйлсийг анхааруулжээ.” Үйл 16:14

Юун түрүүнд бид бүхний нээж өгөөч гэж гуйх ёстой хаалга бол тэнгэрийн хаалга. Хэрвээ Бурхан бидний бодол болон үйлсэд баярлаж, сэтгэл нь хөдлөн ерөөлийн хаалгаа нээх аваас хүмүүсийн сэтгэлийн хаалга аяндаа л нээгдэнэ. Тэгээд л чин сэтгэлээсээ хүсэн хүлээсэн үр жимс гарна.