Бэрхшээлийг эв эеэр даван туулна
Гвон Ми Сүг, Солонгос Сөүл

Дэлхий дахиныг хамраад байгаа Ковид-19 өдөр тутмын амьдралд маань олон өөрчлөлт авчирсан. Телевизийн мэдээ, сонин, гамшгийн талаарх мэдээ мэдэгдлүүдээр дамжуулан хувийн эрүүл ахуйн талаар болон “олон нийтээс зай барих” зэргийг мэддэг болсон тул бидний гэртээ байх цаг хугацаа улам нэмэгдэж байна.
Гэрээсээ огт гарахгүй зөвхөн гэртээ олон хоногоор байж үзээгүй болохоор эхэндээ би гэртээ цагаа яаж өнгөрүүлэх тухайд санаа зовж байсан л даа. Үүнээс гадна өвлийн амралтаараа нэлээн удаан амарсан хүүхдүүддээ өдөрт гурван удаа хоол унд гээд ширээ засна гэдэг амаргүй ажил байв. Нэг өдөр бага хүү маань хоолны үеэр ингэж хэлэв.
“Ээж ээ! Бодоод байхад гэрийн ажил хэцүү биш хэрнээ жаахан ядаргаатай юм аа” гэх нь тэр.
Дараа нь тэрээр намайг гэрийн ажлаа ганцаараа хийгээд байлгүй, хуваагаад хийж байя гэв. Тэгээд хэн хэн юу юу хийхээ “хайч, чулуу, даавуу” тоглоод шийдэхээр болов. Хүүхдүүд маань гэрийн ажлаас гадуурх ажил дээр надад тусалдаг байсан болохоор, бас би ойрдоо зав чөлөөтэй байгаа болохоор тэднийг миний төлөө ажил хийлгэхгүй байх гэж үзэв. Гэвч тэд сайн дураараа санаачлан хийж байгаа болохоор би татгалзаж чадсангүй.
Тэгээд бид “хайч, чулуу, даавуу” тоглож ажлаа хувааж авав. Би хоол унд хийх, цэвэрлэх ажлыг, ууган хүү маань угаалга хийх, бага хүү маань будаа агшаах, аяга таваг угаах ажлыг хариуцаж авав. Ашгүй хүүхдүүдийн маань хариуцаж авсан ажил ихэвчлэн хийхэд амархан ажил таарлаа. Бага хүүгийн хэлснээр гэрийн ажил ер нь хэцүү гэхээсээ жаахан ядаргаатай байжээ. Одоо гэрийн ажлаа хувааж хийх болсон тул хавьгүй амархан болсон. Ээжийгээ халамжилдаг хүүхдүүддээ баярлаж байна. Тэднийхээ ачаар би их инээдэг болсон. Нөхөр маань хүртэл бидэнтэй нэгдэж, гэртээ эрт ирэхээрээ оройн хоол хийхэд хамжилцдаг тул хоолны ширээ засах цаг богиноссон.
Ковид-19-с болоод хэн хүнгүй хэцүү байгаа ч гэр бүлийн эв эе нэг нэгэндээ илүү их урам зориг болдог аж. Гэр бүлийн хайраа бүр ч илүү хэвшил болгож, хэвийн амьдралдаа хурдхан эргэн орохын төлөө залбирч байгаа.