Сүнслэг дутуу төрсөн нярайгаас Бурханы төгс хүүхэд болох хүртэл
Мацумото Мива / Япон, Осака
Өмнө нь би эх баригч эмч байсан юм. Жирэмслэлт, хүүхэд төрөх, төрсний дараах байдал, хөхүүл хүүхэд асаргаа гээд эх баригч эмч бүгдийг нарийн мэддэг.
Намайг эх баригч болно гэдэг шийдвэрт ээж маань их нөлөөлсөн хүн. Ээж маань дөрвөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж ажиллах ямар хэцүүг хараад би үргэлж л “Ээж яахаараа амьдралдаа өөртөө жаахан ч гэсэн цаг зав гаргадаггүй, гэр бүлийнхээ төлөө амьдардаг байна аа? Би ээж шигээ байж чадах болов уу?” гэж гайхдаг байлаа.
Эх хүний үүргийн талаар би гүн бодож эхлээд эх баригч эмч болох шийдвэр гаргалаа.
Ээжийгээ харах болгонд надад төрдөг байсан тэр асуулт сургуульд байхдаа үнэнийг хүлээн авсны дараа бүгд шийдэгдсэн юм. Ээж хүний хайр золиос надад тэнгэр Эхийн хайр золиосыг сануулдаг даа.
Эх баригч эмчээр ажиллаж байхдаа Бурханы хүч чадал, хайр, золиосыг илүү ухаарах тохиолдол их гарсан. Ялангуяа Нярайн эрчимт эмчилгээний тасагт нярай хүүхэд асрахаар ажиллаж байхдаа би их том зүйлийг ухаарч авсан даа. Нярайн эрчимт эмчилгээний тасагт ирэх хүүхдүүд маш жижиг. Зарим нярай нь бүр 400 грамм жинтэй хэтэрхий дутуу гарсан байдаг.
Бүрэн бойжиж бэлэн болоогүй байхдаа энэ дэлхий дээр хүн болох гэж ирээд судсандаа тариурын зүүтэй, амандаа амьсгалын гуурстай байх болдог. Амьсгалж чадахгүй байх юм уу нэг балга юм ч ууж чадахгүй. Ялангуяа хэт дутуу гарсан нярай нь цаг ямагт аюултай нөхцөлд байж байгаад зарим нь харамсалтайгаар амьсгал хураадаг.
Дутуу төрсөн хүүхдүүд эрсдэлтэй байдаг шалтгаан нь өсөх тохиромжтой орчныг бий болгож байдаг эхийн хэвлийнээс гаднах амьдралд бүрэн бэлтгэгдээгүй гарсан учраас тэр юм. Эхийн хэвлийд хүүхэд бүх төрлийн аюултай бактер нянгаас хамгаалагддаг юм. Тэд биеийн температураа шингэн усан бүрхүүл дотор барьж байдаг юм. Хүчилтөрөгч, тэжээлээ хүйгээр дамжуулан эхэсээс авч байдаг. Эхийн хэвлийд байхдаа хүүхэд сул дорой байсан ч төрсний дараах халдварын эсрэг тэмцэх, хамгаалах хангалттай хүч хуримтлуулж авдаг юм. Тиймээс дутуу төрсөн хүүхэд гадаад орчны амьдралаас өөрсдийгөө хамгаалахдаа маш муу байдаг.
Хэтэрхий дутуу төрсөн нярайг асрах гэдэг туйлын хэцүү. Өдөржин шөнөжин маш болгоомжтой харж байх хэрэг гарна. Амь нас нь аюулд орж, эсвэл ямар нэг юм буруудвал маш хэцүү, насаараа хөгжлийн бэрхшээлтэй ч болж мэдэх юм.
Тэдний төлөө би маш их анхаардаг болохоор нэг нь амьсгалын гуурс хэрэглэхгүй болж, өөрийнхөө хүчээр уйлахад нь би үгээр хэлэхийн аргагүй тийм баяртай мэдрэмж төрдөг. Хамарт нь холбосон гуурсаар, жороор хооллож байсан нэг нярай өөрөө угжаа хөхдөг болохоор нь, хоол боловсруулах эрхтэн нь хөдөлдөг ч үгүй байсан нярай гэдэс дотор нь өөрөө хөдлөхийг харахдаа надад яг адилхан мэдрэмж төрж, тэднийг ингэж эдгэрэхийг нь харах сайхан байдаг юм. Тэр үед аав ээж хоёр нь хичнээн баярладгийг би бүрэн төсөөлж ойлгохтойгоо болсон.
Хэвлийд хүүхэд хэрхэн бойжихыг харах нь надад бидний сүнс хэрхэн өсөж томордгийг ойлгоход тусалсан даа. Эхийн хэвлийд хүйгээр дамжин ирэх хүчилтөрөгч, хоол тэжээлээр нярай хүүхэд амьдарч чаддагийн адил бидний сүнс тэнгэр Эхийн хамгаалалтаар амьдарч чадна. Бид үнэхээр л тэнгэр Эх байхгүй бол ганц хором ч амьдарч чадахааргүй сул дорой билээ.
Эх энэ ертөнцөд сул дорой хүүхдүүд бидэндээ дэндүү их анхаарал халамж тавьж, хайраараа бид бүхнийг асар их халамжилдаг. Бурханы төгс ард түмэн болохоор эрүүл хүчтэй болж өсөхөд минь Эх хэн хүнээс илүү баярладаг нь мэдээж. Тиймээс би намайг аварсан тэнгэр Эцэг Эхийнхээ төлөө өөрийгөө махан биеэр ч, сүнсээр ч эрүүл саруул байлгах үүрэгтэй. Зөвхөн өөрийгөө ч биш Осака Сионы бүх ах эгч дүүс Эхийг баярлуулах гүйцэд бойжсон итгэлтэй байж, эрхэм нандин олон амийг аврахын төлөө чадах бүхнээ хийх болно оо.