
Америкийн Нортвестерн их сургуулийн профессор Адам Д.Галинский туршилтанд оролцогчдыг хоёр багт хуваажээ. А багийнхнаас бусдад захиран тушааж байсан тохиолдлоо санахыг хүсэж, харин Б багийнхнаас бусдад захирагдаж байсан тохиолдлоо санахыг хүссэн байна. Дараа нь оролцогчдыг духан дээрээ “E” үсэг бичихийг зааварлав. Үр дүнг нь ажиглатал Б багийн 88% нь тэр үсгийг өөр хүний өнцгөөс тодорхой харагдах байдлаар бичсэн бол А багийн ердөө 67% нь л мөн тийм байдлаар бичсэн аж. Үүнтэй төстэй өөр нэг туршилтаар судлаачид багуудын аль аль нь адилхан тохиолдол санахыг дахин хүсэж, яг тийн санаж байх үеэр нь эмпати сэтгэлтэй нягт холбоотой байдаг толин тусгалын мэдрэлийн эсүүдийг нь ажигласан байна. Судалгаанаас үзэхэд Б багт толин тусгал мэдрэлийн эсүүд нь маш идэвхтэй байсан бол А багт бараг идэвхжээгүй байна.
Хүмүүс эрх мэдэлд хүрэх үедээ илүү хувиа хичээх хандлагатай болохыг дээрх судалгаанууд харуулж байгаа хэрэг. Зохиолч Хенри Адамс “Бүх хүний тухайд эрх мэдэл, алдар нэр нь өөрийгөө доройтуулж, эмпати сэтгэлээ устгаж төгсдөг нэг төрлийн хавдар юм” гэж хэлсэн байдаг. Энэ санааг нь дэмжсэн судалгаа ч мөн хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, статус өсөхийн хэрээр даавар гормон, нейротрансмиттерт өөрчлөлт гарч, бусдыг бодох эмпати сэтгэл нь буурдаг болохыг харуулж байна.
Нийгмийн янз бүрийн давхаргад ажиллаж амьдрах явцдаа хүн заримдаа эрх мэдэл, өндөр албан тушаал, байр суурь эзэлдэг. Сэтгэлзүйн ийм хандлагыг мэдэж ухамсарлахгүй бол өөрийн мэдэлгүй бусдыг үл тоодог, зохисгүй бүдүүлэг хүн болж хувирдаг аж. Сул дорой хүнд хандах бодлогогүй өчүүхэн нэг үг, өчүүхэн үйлдлээ ч эргэцүүлж тунгаах ёстойн учир шалтгаан энэ.