
Ахлах сургуульд орохынхоо өмнө би үеэл эгчийгээ дагаад Бурханы сүмд явсан юм. Аав ээж маань эсэргүүцэж байсан ч Бурханы үг дотор ах эгч дүү нар үзэсгэлэнтэйгээр нэгдээд л Сионд байх үнэхээр сайхан санагддаг байлаа.
Их сургуульд ороход аав ээж маань ч итгэлийн амьдралыг минь хүлээн зөвшөөрч, миний сэтгэл өмнөхөөсөө арай өөрчлөгдөв. Анхны сүмийн итгэгч нар зовлон бэрхшээлтэй үедээ Бурханыг илүү их түшиж, итгэлээ тууштай сахиж байгаад амар тайван цаг ирсэн чинь үнэнд хайнга хандсан шиг юм болов. Сионыг гэсэн сэтгэл минь бага багаар ертөнц рүү татагдаж, итгэлийн амьдралдаа залхуурах хандлагатай болоод ирэх нь тэр.
Нийгэмд хөл тавьснаас хойш энэ тэр газраар аялж, хийхийг хүссэн бүхнээ хийж, үүнийгээ жинхэнэ эрх чөлөө, аз жаргал гэж итгэж байлаа. Ертөнцийн зүйлийг хамаг утга учраа болгон тэнгэрийн оронд ч найдахаа больж, Бурханыг ч бүрэн мартаж орхисон юм.
Хуримаа хийж хоёр хүүхдийн ээж болсны дараа надад сорилт шалгуур ирэх нь тэр. Байнга л өвчин ороож байдаг хүүхдүүд маань шинэ төрлийн томуу дэлгэрсэн тэр жил эмнэлэгт хэвтэж, бага нь бүр өндөр халууран ухаан орохгүй байлаа. Тэр үед л би Бурханыг дуудаж билээ.
“Бурхан минь, гуйж байна. Та Өөрийнхөө бүтээсэн энэ бяцхан амийг үхүүлэлгүй, харж хамгаалж өгөөч!”
Азаар хүү маань хуучин хэвэндээ сэргэлээ. Тэр цагаас хойш би хаа нэг Бурханы оршихуйг бодох болсон доо.
Нэг өдөр нөхөртэйгөө цуг ажилдаа явж байтал нөхөр маань гэнэт ийн хэлэв.
“Бид хоёрын амьдралд тохиолдож байгаа бүхэн хэн нэгний удирдамжаар л болоод байх шиг ээ.”
Тэрхүү хэн нэгэн нь Бурхан гэдгийг би сайн мэднэ. Үнэндээ Бурханаас хол байх хугацаанд би дандаа нэг л зүүд зүүдэлнэ. Сионы хамгийн арын эгнээнд суучихсан чимээгүйхэн мөргөлөө сахиж байдаг сан. “Би яагаад энд байдаг билээ?” гэж эргэлзсээр зүүднээсээ сэрнэ. Бурхан намайг тийнхүү тасралтгүй дуудаж байж дээ.
Эх намайг хичнээн их шаналан хүлээснийг бүрэн ухаарсан минь өнгөрсөн жилийн хавар. Сионд итгэлийн амьдралаар амьдарч байгаа бэр эгчтэйгээ утсаар ярьсан юм даг.
“Миний дүү одоо ээж болоод эх хүний сэтгэлийг жаахан ч гэсэн ойлгосон биз дээ? Хүүхдээ алдсан ээжийн сэтгэлийг!”
Бэр эгчийн хэлэхийг сонсох мөчид миний сэтгэл урагдах шиг болов. Утсаа тас зуураад эхэр татан уйллаа. Би юунд өдий хүртэл Эхээсээ нүүр буруулж амьдраа вэ…
Өнгөрсөн хугацаанд болсон бүхнийг нөхөртөө ярьж, дахин Сиондоо явмаар байгаагаа хэлсэн чинь баярлууштай нь нөхөр маань ч надтай хамт явахаар болов. Хайртай гэрийнхэнтэй маань хамт тэвэрсэн Эхийн энгэр нөөлөг дулаан хэвээрээ.
Тэнүүлч намайг дуудсан Бурхандаа би талархаж байлаа. Гэвч Бурханаас холдсон цаг хугацааныхаа төлөө өршөөл эрмээр санагдана. “Ингэхэд би нүглийн уучлал авч чадах болов уу?” гэсэн бодол сэтгэлээс салж өгөхгүй байв. Тэгж байтал ойролцоох Сион дээр Эх ирсэн гэдгийг сонсов. Бурханы өмнө зогсож зүрхлэх аргагүй нүгэлтэн би Эхдээ захиа бичихээр шийдэж, өнгөрсөн хугацаанд хийсэн буруу бүхнээ нэг бүрчлэн өчлөө. Бичиж байхад нулимс урсаад л байв.
“Эх Таныгаа ганц удаа ч болтугай харах юм сан!”
Зүрх сэтгэлийн минь угаас гарсан сүнсний дуу энэ байлаа.
Би зориг орж Эхтэй уулзахаар явлаа. 13 жилийн дараа дахин харсан Эхийн минь төрх. Миний нүглээс болж хичнээн их шархлаа бол гэхээс толгой өөд өргөж дийлсэнгүй.
“Эх минь, үнэхээр уучлаарай. Эхийнхээ сэтгэлийг өвтгөсөн нүгэлт намайг өршөөгөөрэй.”
Энэ хүүхэд тань нулимс урсган гэмшиж байна. Эх Танаасаа холдон явсан нүгэл ихт, тэрслүү үрээ дахин дуудсан Таны ивээлийг би хэзээ ч мартахгүй ээ. Елохим Бурханы яруу алдрыг гаргах үйлсэд бүхнээ зориулан зүтгэх болно оо.