Жирийн асуултуудын цаадах хайр

Чой Еэ Жү / Солонгос, Хуасон

5,112 үзэлт

Саяхандаа би И мэйлээ цэгцэлж байтал хэдэн мессеж нүдэнд тусав. Явуулсан хүн нь дүү охин маань ч гэлээ яг үнэндээ тэр месежнүүд дүүгээс ирсэн биш байв. Ээж намайг гадаадад байхад утсаар холбогдож чадахгүйдээ болоод дүүг өөрийнхөө өмнөөс бичүүлсэн байж. Би тэр И мэйлүүдийг нээхэд энгийн хэдэн асуултаас өөр гойд юм байсангүй.

“Сайн хүрч очсон уу?”

“Цагийн зөрүүндээ дасаж байна уу?”

“Бие чинь гайгүй юү?”

“Ачаагаа эвтэйхэн задалсан уу?”

“Тэндхийн хоолонд хэр дасаж байна даа?”

“Охиноосоо асуух юм ээжид нь их байна. Өнөөдөр яасан бэ?”

Охиноо анх удаа хүний нутагт амьдарч байгаад санаа зовсон ээж маань санаа зовнилоо энэ хэдэн энгийн асуултаар илэрхийлж байж. Одоо эргээд бодоход зүгээр эсэхийг маань ээж тэр үед л асуусан биш, үргэлж л асуудаг байсан юм байна.

“Зүгээр үү?”

“Хоолоо идсэн үү?”

“Бие чинь ямархуу байна?”

Ээжийн байн байн ингэж асуух нь яршигтай санагдах үе надад байсан. Харин одоо бодохнээ миний төлөө л тэгж хайр, халамжаа тавьж байсан юм байна лээ. Үргэлж намайг бодож байдаг ээжийнхээ хажууд бол би ээжээсээ бараг л юм асуудаггүй аж. Магадгүй би ээжийгээ угаасаа сайн мэднэ гэдэгтээ итгэсэн ч байж мэднэ. Гэхдээ үнэнийг хэлэхэд би ээждээ зохих ёсоор санаа тавиагүй байх нь. Одооноос эхлэн би ээжээсээ бүр ч их асуулт асуух болно.

“Ээж ээ, хоолоо идсэн үү?”

“Ээж ээ, бие чинь зүгээр үү?”

“Ээж ээ, өнөөдөр ямар байв даа?”

Намайг тэгж хайрлаж халамжилдаг шиг нь би ч бас ээждээ санаа тавьж байгаагаа харуулна аа.