Хүн бүрийн авралын төлөөх гайхалтай төлөвлөгөө

Жошуа Майкл Димм / Канад, Эдмонтон

510 Үзсэн тоо

Хүний амьдралд тохиолддог олон үйл явдал дунд жирийн нэг санаандгүй явдал ч байдаг, амьдралыг бүхэлд нь өөрчлөх үйл явдал ч байдаг. Би эхнэрээрээ дамжуулан Елохим Бурханыг хүлээн авсан болохоор эхнэртэйгээ учирсан маань амьдралд цор ганц тохиох үйл явдал гэж болно.

Эхнэр маань Өмнөд Америкийн Колумбаас гаралтай. Ахлах сургуульд байхдаа аав ээжийгээ дагаад Канад руу нүүж ирсэн. Анх Виндсор хотод сууршиж байсан эхнэрийн маань гэр бүл төд удалгүй Квебекийн Монреаль руу явахаар төлөвлөжээ. Харин төлөвлөгөө нь өөрчлөгдөж Монреалийн оронд Эдмонтон хотод суурьшжээ. Тухайн үед ахлах сургуулийн сурагч байсан эхнэр маань Эдмонтоны олон сургууль дундаас нэг сургуулийг нь сонгож сурсан нь манай сургууль байлаа.

Бид сургуульд байхын ойр дотно харилцаатай болсон л доо. Намайг их сургуульд ч орж, Эдмонтоноос яваад, төгсөөд буцаад ирэхэд ч хүртэл бид бие биедээ итгэн, аз жаргалтай ирээдүйгээ мөрөөдөн үерхсэн хэвээр л байсан юм. Гэтэл нэг өдөр эхнэр маань Библийн ёстой гайхалтай үг сонслоо гээд, өмнө нь миний хэзээ ч сонсож байгаагүй Алгасал баяр, тэнгэр Эх гээд л ярьж гарав. Нэлээн сүсэг бишрэлтэй христчин гэр бүлд өссөн миний хувьд огт хүлээн зөвшөөрөхөөргүй зүйл байлаа.

Эхнэр маань Бурханы сүмд тууштай итгэлийн амьдралаа эхлүүлж, өдөр болгон Библийн үг надад хэлэхэд нь би сонсохоос татгалздаг байлаа. Надаас гадна ээждээ, дүүдээ гээд гэрийнхэндээ дамжуулав. Хичнээн хайртай хүн маань байсан ч гэлээ сүсэг бишрэл, шүтлэгийг нь өөрчлөх ёстой хэцүү юм байна лээ. Миний байр сууринаас эхнэрээ харахад утгагүй зүйл хийж байгаа мэт харагддаг байлаа. Гэвч хамтдаа аврал авахыг хүссэн эхнэрийн маань чин сэтгэл миний үзэл бодлыг өөрчилсөн. Бурханы үг сонссоор байгаад миний хүйтэн хөндий зүрх сэтгэл аажим аажмаар уяран хайлж, нэг л мэдэхэд хөлийн минь алхаа Сионыг чиглэсэн дээ. Төд удалгүй би Елохим Бурханы өмнө толгой бөхийн, шинэ гэрээний үнэнийг хүлээн авч билээ.

Бурханы үг судлах тусам эхнэрийн маань гэр бүлийг алс холын Колумбаас Канад руу хөтөлснөөс эхлэн бүгд л биднийг Бурхан руу хөтлөх гэсэн төлөвлөгөө байсан байх нь гэж бодогдох болсон. Гэхдээ авралын төлөө бэлдсэн үйл явц үүгээр зогсоогүй ээ. Харин ч жинхэнэ эхлэл гэж хэлж болно. Учир нь тэнгэрийн ариун ард түмний хувьд байх зохистой итгэл, хайр, хүсэл найдвар өвөртөлж, Бурханы бурханлаг зан чанарт оролцох онцгой замыг Бурхан бидний өмнө нээж өгсөн юм чинь. Тэр бол сайн мэдээ тунхаглах ерөөлийн зам байлаа.

Бурханы ивээлээр гэрлэснийхээ дараа бид сайн мэдээ тунхаглах ажилд бүр ч хичээнгүй зүтгэсэн юм. Гэвч би эхнэрийгээ бодвол яагаад ч юм дутуу санагдаад байлаа. Библи тэгтлээ гүн гүнзгий сурч байгаагүй, дээр нь бүр хэн нэгэнд Библи зааж байсан удаагүй болохоор юу хийхээ, яаж хийхээ мэдэхгүй байлаа. Би ердөө үнэнийг мэдэхгүйгээсээ болоод аврал руу ирээгүй хүмүүсийн тухайд харамсахаас цаашгүй л байлаа.

Зүгээр л хүмүүсийг манай сүмд нэг очиж үзээч гэж л урьдаг байлаа. Тэгж байтал тэдний дундаас нэг найз маань “Сүмд чинь очихоос өмнө чи эхлээд Библийн талаар ярьж өгвөл сайн байна” гэх нь тэр. Юуны талаар ярихаа мэдэхгүй байснаа өмнө нь номын санд Библи үзэж байсан тэр хичээлээ найздаа хэлж өгөв. Үгийг минь нэгд нэггүй сонссон найз маань “Хүний амьдрал үнэхээр утга учиртай юм аа. Бурхан үнэхээр оршдог юм байна” гээд нулимс цийлэгнүүлэн хэлэв. Тийнхүү талархах сэтгэлээр Бурханы хүүхэд болсон Матив ах дүү сайн мэдээний үйлчлэгч болон өсөж, одоо салбар сүм хариуцахад тусалж байгаа.

Бурханы соёрхож өгсөн сүнснүүдийг хариуцангаа маш их зүйл сурсан. Нэг хүнийг амь руу хөтлөхийн тулд нэн түрүүнд хэрэгтэй зүйл бол өрөвч энэрэнгүй сэтгэл юм байна лээ. Энэрэнгүй байна гэдэг нь тухайн сүнсээ энэрч халамжлах гэсэн үг. Энэ үгийн дагуу үхэж буй сүнсийг халамжилж амьдруулъя гэвэл тэр сүнснийхээ талаар сайн мэдэх хэрэгтэй. Одоо яг ямар үг хэрэгтэй байгааг нь, юу сонирхож байгааг нь, сэтгэл нь шархалсан эсэхийг, үнэнд саад хийсэн үндэслэлгүй цуурхал яриаг хэн нэгнээс сонссон эсэх гээд тухайн сүнсэндээ би маш нарийн анхаарал хандуулах шаардлагатай юм байна лээ.

Иан ах дүүгийн хувьд илүү их залбирал, анхаарал халамж хэрэгтэй байсан юм. Учир нь ах дүү амьдралдаа анх удаа сонссон үг болохоор будилж, дээр нь ар гэрийнхэн нь шинэ сүмд явсанд нь дургүй байсан болохоор тэр л дээ. Ах дүүтэй уулзаж чадахгүй, холбоо ч барьж болохгүй байсан тул нэлээн бачимдмаар санагдаж байлаа. Минийхээр болохгүй нөхцөл байдалд адгаж уур ч хүрэх шиг. Тэр цаг хугацааг туулангаа сайн мэдээ тунхаглагч хүн нөгөө хүнээ ойлгож энэрэх өрөвч сэтгэлтэй байх ёстойг, мөн хязгааргүй хайр, золиос, тэвчээр, дөлгөөн зан, энэрэнгүй байдал, өөрийгөө захирахуй гэх мэт Библийн бүхий л сургаалыг хэрэгжүүлэх ёстойг сэтгэлдээ дэндүү сайн ухаарсан юм даа.

Үнэндээ энэ бүхэн нь үр хүүхдээ гэх эх хүний хайр халамжаас л гардаг үйлс. Эх хүн хүүхдээ өсгөхдөө хүүхдээ өөртөө нийцүүлдэггүй. Харин өөрөө хүүхдийнхээ таалалд нийцүүлдэг. Мөн хүүхдээ өвдөж, гэмтээхгүй байх тал дээр анхааралтай байж, хэрэгтэй бүхнээр нь хангадаг. Энэ бүхний дээр эх хүн өөрийгөө хайрлахаас ч илүүгээр үр хүүхдээ хайрлаж, юу ч тохиолдсон хүүхдийнхээ тухайд шантардаггүй шүү дээ.

Би юм юман дээр сөрөг хандлагатай, тэвчээр муутай, өчүүхэн юман дээр ч амархан уурладаг байлаа. Дотоод мөн чанараа өөрчлөх нь миний хувьд нэн шаардлагатай зүйл байв. Тэгээд өөрийгөө байнга эргэн харж, хурц зан чанар, сул талаа засах гэж хичээдэг болсон.

Намайг бага багаар хурц зан авираа засаж байх хооронд Иан ах дүү Бурханы хүслийг зөв ухаарч, итгэлдээ бат зогсов. Үнэнийг хүлээн авдаггүй байсан ах дүүгийн аав болон гэрийнхэн нь цөм Сион руу ирэв.

Иан ах дүү нэг л мэдэхэд авралын зар тараагч болон дахин төрж, тэнгэрийн хаанчлалын ерөөлийг хүчирхийлэн давшина. Мөн Иан ах дүүгийн гэр бүлээс гадна манай хадам ээж, хүргэн ах, дүү, найз зэрэг хайртай хүмүүс маань ч тэнгэрийн хаанчлалын найдвараар сайн мэдээг хичээнгүйлэн тунхаглаж байна. Хүн нэг бүрийг авралын зам руу хөтөлж, Библийн зөгнөлийг гүйцэлдүүлэх үйлчлэгч болгон өсгөх гэсэндээ Бурханы төлөвлөсөн төлөвлөгөөг тооцоолж үзвэл үгээр илэрхийлэхийн аргагүйгээр талархах сэтгэл төрдөг. Дор бүрнээ сайн мэдээний төлөө бие сэтгэлээ зориулж байгаа гэр бүлүүдээ хараад сэтгэл догдлох болгондоо би тэнгэрийн гэр бүлээ хурдан хайж олоод, Бурханы ивээлд жаахан ч болов хариулна аа гэж өөртөө амладаг юм.

Сайн мэдээний туслах зөнчийн үүргээр ажиллаж байгаа одоогийн байдал илүү хүнд санагдана. Нэгэн цагт надтай хамт Бурханы үг сурч байсан ах дүү намайг зааснаа “Энэ хүн шиг сайн мэдээ тараагч болно” гэж хэлэх мөчид би гэнэт л ухаан орсон гэх үү дээ. Миний гаргах үйл хөдлөл хэн нэгэнд сайнаар ч бай, муугаар ч бай үлгэр дуурайл болдог гэдгийг бодож үзэж байгаагүй надад энэ үг нь их юм ухааруулж билээ. Гэр бүлүүдээ зөв зам руу хөтлөх хамгийн сайн арга бол өөрөө эхлээд зөв замаар явах юм. Үнэн хичнээн баттай байлаа ч түүнийг тунхаглаж байгаа миний үйлс буруу байвал итгэхэд хэцүү болохоор аргагүй шүү дээ.

Бусдад үлгэр жишээ болж амьдарна гэдэг тийм амар зүйл биш. Нөхцөл байдлаас шалтгаалан сэтгэл хөдлөл болон үг яриагаа хянаж чадахгүй тохиолдол гарна. Төсөөлөө ч үгүй бэрхшээлийн өмнө нүд харанхуйлж, юу хийх ёстойгоо ч мэдэхгүй амьдардаг үе гарна шүү дээ. Тэгэх тусам нь Эхэд найдаж, бидний авралын төлөө тасралтгүй нулимсаараа залбирсан Эхийн шаналах сэтгэлийг ойлгохыг хичээнэ. Эхийн жишээ болгон үзүүлсэн сургаал миний итгэлд бүрэн шингэх үед л бурхан чанартай болж, эш үзүүлэгчийн хувьд сайн мэдээний ариун үүргээ бүрэн гүйцэтгэж чадна.

Тэнгэрийн хүүхдүүддээ өгсөн амьдрал гэгч цаг хугацаа, мөн сайн мэдээний замд тохиолдох энэ мэт үйл явдлууд бүгд л Эхийг ойлгож, Эхийн үзүүлсэн бүхнийг сургах үйл явц гэдэгт би итгэж байна. Сионы гэр бүлүүдээс асуумаар байна. Эхийг хүлээн аваг гэсэндээ Бурхан та бүхэнд ямар онцгой үйл явц бэлдсэн байсан бэ? Эхийг дуурайж байгаа өдөр хоногууд тань хожмын өдөр тэнгэрийн хаанчлалд ямархуу байдлаар дурсагдах бол? Хайртай тэнгэр Эхийнхээ энгэрт та бүхэнтэйгээ нөхөрсөг яриа өрнүүлэн суух тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна.