
Солонгосын хойгоос 60 дахин том газар нутагтай мөсөн тив Антарктид. Энэхүү өргөн уудам, цэвэр цэнгэг тив нь хойд туйлын хамтаар дэлхийд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Учир нь энэхүү бүс нутаг уур амьсгалын өөрчлөлтөнд нэн түрүүнд мэдрэмтгий байдаг тул хүмүүн бид дэлхийн цаг уурын өөрчлөлтийг илрүүлж, урьдчилан таамаглаж чаддаг аж. Дэлхийн орон орны засгийн газраас Антарктидад бааз байгуулж, мөсөн уулын өрөмдлөг хийх, солирын хэлтэрхий цуглуулах, мөсөн доорх нуурны хайгуул хийх, газар зүйн онцлогийг судлах, галт уул, одон орон, микробиологийн судалгаа хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Үйл ажиллагаа бүр нь орон орноос байгуулсан тус тусынх нь бааз дээр явагддаг. Баазыг байгуулахад хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал. Бааз нь 250км/цаг хурдтай хүчтэй салхи, хасах 34 хэмийн тэсгим хүйтнийг тооцоолж хүний амь хамгаалах зорилготой байдаг. Цаг уурын эрс өөрчлөгдөж байгаа нөхцөлийг урьдчилан таамаглах хамгийн сүүлийн үеийн ажиглалтын тоног төхөөрөмж, хангамж бэрхшээлтэй тохиолдолд хоол хүнс болон эд зүйл удаан хугацаагаар хадгалах агуулах, цахилгаан, усаар найдвартай хангадаг эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмж ч зайлшгүй шаардлагатай. Эргэн тойрондоо битүү цасан талбайд байгуулагдсан бааз нь хамгийн аюулгүй цайз юм. Түүнчлэн багийн гишүүдэд дараагийн явах хайгуулын маршрутынхаа төлөө бие сэтгэлээ дахин цэнэглэдэг амрах газар нь болдог.
Бидэнд ч бас аюулгүйн бааз бий. Тэр бол Бурхан маань юм (Дуу 18:2). Бурхан биднийг нүдний цөцгий мэт хамгаалдаг болохоор зовлон бэрхшээл, амьдралын салхи шуурганд ч бид тэнгэрийн хаанчлалын хүсэл мөрөөдлөө алдалгүй, өвдөг нугарахгүй байж чаддаг. Сайн мэдээний үүргээ гүйцээгээд тэнгэрийн хаанчлалд очих хүртлээ Бурханыхаа энэ л аюулгүй дулаан энгэрт цаг ямагт бид Ариун Сүнсний хүч чадал, урам зориг олж авах болно. Хайрын аюулгүйн бааз маань болсон Бурханы дотор бид бүгдийг тэсвэрлэж, бүгдэд итгэж, бүгдийг ялан гарч чадна.