WATV.org is provided in English. Would you like to change to English?

Харах сонсох зүйлийн тухайд

Юу идэх нь эрүүл мэндэд нөлөөлж, юу харж сонсох нь бодол санаа, үг, үйлдэлд нөлөөлнө.

415 Үзсэн тоо

Нэгэн ээж хүүгээ шарил ачсан гашуудлын цуваанд оролцогчийг дуурайж байхыг нь хараад мэл гайхаж, оршуулгын газартай ойр байдаг гэрээ захын хажууд болгож нүүлгэжээ. Тэгтэл хүү нь худалдаачинг дуурайж тоглож эхлэв гэнэ. Ээж нь дахиад ачаагаа баглан, сургуулийн ойролцоо нүүж очжээ. Тэр мөчөөс хүү нь унших, бичихийг дуурайх болж, ээжийнх нь санаа амарчээ. Энэ түүх бол “Мэнзийн ээж хүүгийнхээ боловсролын төлөө гурван удаа нүүжээ” гэсэн утгатай Хятадын 孟母三遷之敎 (Мэн му сан чиэн жи жиао) хэмээх хэлц үгний үүсэл. Энэ хэлц нь хүн харж сонссон зүйлийнхээ нөлөөнд автдаг гэсэн утгатай ажээ.

Жихүүдэс хүрэм аймшгийн кино үзэх дуртай, жигд бус хэмнэлтэй чанга хөгжим сонсох дуртай байсан эмэгтэй хөл хүнд болсноосоо хойш сэтгэл уярам, уянгын тайван кино үзэж, намуухан хөгжим сонсох гэдэг. Учир нь ураг эхийнхээ хэвлийгээр дамжуулан шууд бусаар харж, сонсдог зүйл нь ургийн сэтгэл хөдлөлд асар их нөлөөлдөг аж. Тийм байхад тэр тусмаа нүдээрээ харж, чихээрээ сонсох нь ямар их нөлөөлдгийг ярих илүүц биз ээ.

Мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл хөгжихийн хэрээр үзэж харах, сонсох зүйл урьд өмнөхөөс хавьгүй ихтэй эрин үед бид амьдарч байна. Зурагтаар 24 цагт хэдэн зуун суваг гарч, интернетэд л гэхэд хувь хүний нэвтрүүлэг, элдэв контент бичлэгүүд өдөр бүр үерийн ус мэт урсаж байна. Өнөөгийн ийм нийгэмд мэдээлэл, харилцаа холбооны хэрэгсэлгүйгээр амьдрах бараг боломжгүй гэлтэй. Тэгвэл бид юу үзэж харж, юу сонсох ёстой вэ? Энэ бол зөвхөн нэг хувь хүний асуудал биш, айл гэрийн амар тайван, аз жаргалын асуудал юм.

Нүд чихээр орсон зүйл үг, үйлдлээр гарна

АНУ-ын сэтгэл судлаач Альберт Бандура (Albert Bandura) 1960-аад онд 3-6 насны хүүхдүүдийг хамруулан “Дондогмаа” хүүхэлдэйн дээр нэгэн туршилт хийжээ. Дондогмаа бол түлхэж унагасан ч буцаад зогсоо хэвэндээ ордог хүүхэлдэй юм. Сэтгэл судлаач уг туршилтаараа дондогмаа хүүхэлдэйнд түрэмгий ширүүн хандах том хүнийг болон мөн тэгж хандаагүй том хүнийг хүүхдүүдтэй хамт байлган, улмаар хүүхдүүдийн байдлыг ажиглан судалжээ. Томчуудын дондогмаад ширүүн авирлахыг харж байсан хүүхдүүд хүүхэлдэйнд яг адилхан хандаж байв. Харин тийм биш орчинд байсан хүүхдүүдийн тухайд хичнээн хажууд нь тоглоомон буу, тоглоомон хутга зэрэг зүйл байсан ч түрэмгий ширүүн хандлага гаргаагүй гэнэ.

Нэг компани AI (хиймэл оюун ухааны) технологи ашиглан мөн үүнтэй төстэй туршилт хийжээ. Тэд 5 настай хүүхдийг 3D технологиор дуурайлган, хоёр виртуал хүүхэд бий болгосныхоо дараа нэг хүүхдэд нь үлгэр уншиж өгч байгаа бичлэг, нөгөө хүүхдэд нь сайтаас янз янзын бичлэг үзүүлэв.

Найман долоо хоногийн турш өөр өөр бичлэг үзсэн хоёр виртуал хүүхэдтэй ярилцлага хийж үзтэл тэдний яриа хоорондоо эрс ялгаатай байжээ. Хүүхдэд зориулсан өндөр чанар бүхий контент үзсэн виртуал хүүхэд бүтээлч үг хэллэг, зөөлөн дулаан үг ашиглаж байсан бол харин нөгөө ямар ч хамаагүй бичлэг үзсэн хүүхэд нь бусдыг үл тоосон, доромжилсон үг яриа хэт их хэрэглэж байв.

Энэ мэт туршилтууд хүүхдүүд эргэн тойрноосоо харж сонссон зүйлээ порлон шиг шингээж авдгийг харуулж байна. Ингэхэд зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүд л орчны нөлөөнд автдаг хэрэг үү?

Нэгэн телевизээс насанд хүрсэн хүмүүс дээр нэг туршилт явуулжээ. Оролцогчдыг хоёр багт хуваагаад, үгэн карт ашиглуулан өгүүлбэр зохиолгов. Туршилтын зорилго нь тухайн үгэн карт оногдсон хүмүүсийн үйлдэл хэрхэн өөрчлөгдөхийг харах байв. Туршилтаар “харуй бүрий, өтлөх, тэтгэврийн мөнгө” зэрэг өндөр настанд хамаатай үг харсан багийнхны алхах хурд туршилтын өмнөхөөсөө дунджаар 2 секунд удааширсан байв. Харин “хүч сорих, хүсэл тэмүүлэл, шинэ цэрэг” гэх мэт залуу хүнд хамаатай үг харсан багийнхан жирийн үеэсээ 2 секундээр илүү хурдан алхаж байв.

Бидний санаа зорилгоос үл хамааран нүдээрээ харж, чихээрээ сонссон зүйл маань бидний дотор орж, яг тэр хэвээрээ бидний үг, үйлдлээр гардаг байна. Мэдлэг туршлага арвинтай, ялгаж салгах чадвартай насанд хүрэгчдийн тухайд ч мөн ялгаагүй.

Харж сонссон зүйлээс хамаарч тархи өөрчлөгддөг

Тархины боловсруулдаг мэдээллийн 80% орчим нь нүдээр, 10% орчим нь чихээр дамждаг. Нүд аливаа объектон дээр туссан гэрлийг дамжуулах үед их тархи бидний харж чадах дүрс үүсгэнэ. Харин чих агаарын чичиргээг дамжуулахад их тархи бидэнд ойлгож чадах чимээ болгон сонсгоно. Тэр явцад тархи өнгөрсөн туршлагандаа тулгуурлаж шинээр орж ирэх мэдээллийг тайлбарлаж дүгнэнэ. Нэг ёсондоо нүд, чих хоёр нь харааны мэдээлэл ба сонсголын мэдээллийг тархинд дамжуулах л үүрэгтэй. Үнэндээ бол тархи өөрөө харж, сонсдог гэхэд хэтрүүлэг болохгүй байх.

Тархи мэдээллээ боловсруулах арга нь төвөгтэй мэт боловч бодсоноос нэг талаар их энгийн. Тархи нэг ч удаа хүлээн авч байгаагүй танихгүй мэдээллийг хүлээн авахгүй эсэргүүцнэ. Эсвэл байнга хүлээж аваад байдаг мэдээлэл нь таатай санагдаж, тэр мэдээлэлдээ итгэнэ. Ихэнх хүмүүс бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа тухайн салбарын талаарх мэдлэг, мэдээлэл дутуу бол ерөнхийдөө зар сурталчилгаанаас харсан брэндийн бүтээгдэхүүнээ худалдаж авдаг шалтгаан энэ. Парисын Эйфелийн цамхгийг барих үед ард иргэд дургүйцэн, бүр буулгаж нураах аюулд оруулж байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр иргэд бага багаар дасаж, нааштай хандах болж, эдүгээ олны анхаарал татсан газар болсон. Байнгын тусгалаас үүдэн аливаа юм таалагдаж эхлэх үзэгдлийг хэлдэг “Эйфелийн цамхгийн үр нөлөө” гэх ойлголт эндээс үүдэлтэй.

Асуудал нь тархи танил санагдсан мэдээлэлд хууртан, уг мэдээллийн үнэн бодит эсэх, хор хөнөөлтэй эсэхийг нь харгалзан үзэлгүйгээр юу ч байсан ялгаж салгалгүй хүлээн авдаг талтай. Түүнчлэн нүдээр харсан зүйлээ яг адил мэдэрч, дуурайдаг тархины “толин тусгалын мэдрэлийн эс (Mirror neuron)” нь эерэг санагдсан зүйлдээ илүү идэвхтэй ханддаг байна. Тиймээс дассан, таалагдсан зүйл байх юм бол тухайн үг, үйлдлийг даган дуурайх магадлал нэмэгддэг аж. Аливааг бодох, хийхээ шийдэх үед маань эргэн тойрны орчин нөхцөл бидний хүслээс илүүтэйгээр нөлөөлж байдгийн учир энэ.

“Таны идэж байгаа зүйл бол та өөрөө” гэсэн утгатай “You are what you eat” гэсэн үг байдаг. Юу идэж, ууж байгаа маань бие махбодын үндэс болдог бол юу харж, сонсож байгаа маань сэтгэл, оюуны үндэс болдог. Өөрөөр хэлбэл бидний харж, сонсдог зүйлс хуримтлагдсаар биднийг бүтээж бий болгодог аж.

Сайн хүн болъё гэвэл

Эдүгээ бид өдөөн хатгасан контент, үнэн зөв нь батлагдаагүй мэдээ мэдээлэл, түр зуурын зугаа цэнгэл, сонирхол татахад төвлөрсөн сошиал медиа ертөнцөд амьдарч байна. Хоромхон зуур хөгжилдөх зугаа цэнгэлд анхаарлаа хандуулж, хамаа замбараагүй юм үзэж, сонсох нь яг л биедээ сайн мууг ялгаж салгаж, шалгалгүйгээр юу ч хамаагүй идэж байгаатай л адилхан. Тийм ч учраас “хэвлэл мэдээллийн бичиг үсгийн боловсрол” шаардлагатай болж байна.

Хэвлэл мэдээллийн бичиг үсгийн боловсрол гэдэг нь ном, сонин, радио, телевиз, интернет зэрэг бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээллийг ялгаж салгаж, ойлгох чадварыг хэлдэг. Боловсролын салбарынхан цахим хичээл ихэссэнтэй холбоотойгоор оюутан сурагчдыг цахим хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд давхар ийм боловсрол зайлшгүй олгох ёстой гэцгээж байна.

Медиа дүрс бичлэг хичнээн ашиг тустай контент байсан ч хэтэрхий удаан үзвэл сөрөг нөлөөтэй. Тархи харааны болон сонсголын өдөөлтийг видео бичлэгээр дамжуулан богино байдлаар хүлээн аваад нэг хэвшчихвэл гүн сэтгэх үүрэг хариуцдаг урд тархины чадвар суларч, улмаар илүү хурдан, илүү хүчтэй өдөөлт эрэлхийлэн, донтоход хүргэнэ. Ийм учраас адилхан мэдээллийг дижитал дэлгэцээс илүүтэй номноос авах нь л тархинд илүү үр ашигтай юм. Цаасан ном унших нь өгүүлбэрийн утгыг ойлгох явцад тархины хэсгүүдийг бүхэлд нь идэвхтэй болгож, анхаарал төвлөрөх чадвартай, ажигч гярхай болгож, сэтгэн бодох чадвар нэмж, түүнчлэн ертөнцийг харах алсын харааг тань тэлж өгнө.

Хүний тархины өдөрт зарцуулдаг энерги хязгаартай байдаг. Хамаг энергиэ захын мэдрэлээ өдөөхөд зарцуулж орхивол яг чухал ажлаа сонгож, үйлс болгон хэрэгжүүлэх хэцүү болно. Өөрт нь юу сайн, юу нь муу болохыг ялгах чадвар өөрийнх нь юу харж, юу сонсож байгаа ухамсраас хамаарч эхэлдэг байна. Мэдээллийн хэрэгслийн өгч байгаа ашиг тусыг хүртье гэвэл хор нөлөөтэй эсвэл чанаргүй контентийг шүүж тунгаан, ялгаж салган, амьдралд тань итгэл найдвар, эерэг энерги өгөх зүйлстэй ойрхон байх хэрэгтэй. Хэн нэгний бусдад тусалж, хайр, халамж үзүүлж байгааг хараад тэднээс сурч авбал бодол санаа тань ч гэрэл гэгээтэй, тэр байдлаас жишээ аван, сайн сайхан үйлс ч гаргадаг. Нэг ёсондоо сайн сайхан юм харж, сонсвол сайн хүн болно гэсэн үг.

Ихэнх ээжүүд хэвлий дэх ургаа хэвлийдээ байхаасаа л эхлэн гэрэл гэгээтэй, эрүүл саруул байгаасай гэсэндээ сайн сайхан зүйл харж, сонсгохыг хичээдэг. Бид бүхэн эхийн тийм л хайрыг хүртсэн улс учраас одооноос өөрсөддөө сайн сайхан зүйл өгөх ёстой биш үү? Энэ бол биднийг харж, сонсож чаддаг болгосон нэгэнд талархлаа илэрхийлэх хамгийн сайн арга төдийгүй өөрсдийгөө ч, эрхэм нандин гэр бүлийнхнээ ч хайрлан халамжлах арга зам юм.

Харах, сонсох юмны чухлыг мэддэг хүн өөрийнх нь үг, үйлдэл гэр бүлийнхэнд нь хэрхэн нөлөөлөхийг мэддэг болохоороо гэр бүлийнхэндээ хэлэх үг, гаргах авир үйлдэлдээ анхаарал болгоомжтой ханддаг.

Хүүхдээ сайн хүн болоорой гэж сургахаас илүүтэй өөрсдөө сайн хүн, сайн аав ээж байх хэрэгтэй. Хань ижлээ сайн хүн байгаасай гэж хүсэхийн оронд өөрөө эхлээд сайн хүн болох гэж хичээх учиртай. Тэгж байж л тэд өөрийн тань хүссэн төрхөнд ойртоно. “Нуур амгалан бол нугас амгалан” гэж зүйр үг байдаг даа. Айл гэр хэмээх нуурын тухайд ч мөн ялгаагүй юм шүү.