Бурханыг хайж, үгэнд нь ойр байх үед

Марк Сумегюн / Филиппин, Мандалуйон

8,171 үзэлт

2020 оны гуравдугаар сард “Ковид-19” тархсаны улмаас Филиппиний засгийн газрын зүгээс нийслэл хотдоо олон нийтийн хорио цээрийн дэглэмийг чангатгах ажил хэрэгжүүлэв. Манай Библийн төв байдаг Бакур хот нийслэлээс нэлээд хол зайтай байдаг тул яах нь тодорхойгүй байв. Тиймээс итгэлээ босгон бэхжүүлж байсан Тирсо ах дүү, түүний эхнэр Жэйн нар гэр бүлийнхэндээ сайн мэдээ тунхаглахыг хүслээ. Эхнэр бид хоёрыг Бакур дахь Библийн төвд ажилладаг байсан болохоор ах дүү эгч дүү хоёр биднийг гэртээ урив. Тэдний хичнээн зүтгэлтэй байгааг нь мэдэрсэндээ бид тэдний амьдардаг Дасмариняс руу явахаар яаравчлав.

Биднийг тэнд очиход тэдний хүү нь, охин нь бас эгч дүүгийн ээж биднийг угтав. Бурханы гүн гүнзгий нууцыг Библиэр судалсныхаа дараа тэд даруугаар шинэ амийн ерөөл хүлээн авахыг хүсэж улмаар хоёр хоногийн дараа ирж, шинэ амь аваад гурав дахь өдрийн мөргөл сахихаа амлав.

Бурханд талархан тэр өдрийг хүлээж байтал санаанд оромгүй зүйл болох нь тэр. Дасмариняс харьяалагддаг Кавит мужид бас хөл хорио тогтоохоор засгийн газар шийдвэр гаргав. Сэтгэлд маань нэг том чулуу тээглэх мэт хүнд оргиж байлаа.

Товлосон өдөр нь санаандгүйгээр хойшлогдсонд ах дүү эгч дүү хоёр сэтгэлээр унаж болох байтал харин ч Бурханы үгэнд ойр байхыг, Бурханыг хайж хичээсэн хэвээрээ байлаа. Хөл хорионы хугацаанд тэд бүхэл бүтэн хоёр гурван сарын турш онлайн мөргөлөө ивээлтэй гэгч нь сахиж, орой бүр бидэн рүү видео дуудлага хийж, Библи заалгах гэж хүснэ. Тэд нэгд нэггүй төгс биелсэн тэнгэр Эцэгийн тухай зөгнөлүүдийг сураад, бишрэн байлаа. Тэд “Ковид-19” цар тахлын улмаас ажилдаа явж чадахгүй, орлогын эх үүсвэргүй байсан боловч “Бид өмнөхөөсөө ч илүү ерөөл авсан” гэцгээн Бурханд талархаж, Бурханд яруу алдар өргөсөн нь бидний сэтгэлийг үнэхээр их догдлуулсан юм.

Ах дүү хоёр сар орчим ажилдаа явж чадаагүй ч аз болоход ерөнхий захирлынхаа хүсэлтээр ажилдаа явахаар онцгойлон сонгогдсон гэнэ лээ. Хэдийгээр тэр урьдын адил завгүй байсан ч Бурханы ивээл дор Бурханд итгэх итгэл нь өдөр бүр өсөж байлаа. Пентэкостын өдрийн залбирлын хоногуудын үеэр ах дүү биднээс өглөө эрт ажилдаа явах ёстой болохоор мөргөл тэмдэглэх цагийг товлосон цагаас нь арай эрт болгож болох уу гэж асуухад нь бид мөргөл тэмдэглэх цагийг ямар ч нөхцөл байдалд огт өөрчилж болохгүйг тайван хэллээ. Маргааш нь ах дүү мөргөлөө яг цагт нь сахиад, дараа нь ажилдаа явсан талаараа мессеж явуулав. Пентэкостын өдөр компанийх нь удирдлага түүнийг өглөө 9 цагт ажилдаа ирээрэй гэж л дээ. Гэвч тэрээр ердийнхөөсөө эрт ажилдаа гарч, бүх ажлаа дуусгаад, мөргөлийн цагийн орчимд мөргөлөө ивээлтэйгээр сахих гэсэндээ даргаасаа эелдгээр уучлал хүсэж л дээ. Ах дүүг Бурханы үгэнд тэгтлээ дуулгавартай байхыг нь хараад дарга нь түүнд улам ч итгэх болов. Энэ бүхэн нь Бурханы л ач тус байлаа.

Цаг хугацаа өнгөрөхөд засгийн газар хөл хориог шат дараатайгаар сулруулав. Энэ нь бид аян замын зөвшөөрөлгүй байсан ч ойролцоох хотууд руу явах боломжтой болсон гэсэн үг л дээ. Ах дүү эгч дүү хоёртой холбоо барьтал тэд гэрийнхэн нь шинэ амь авахыг тэсэн ядан хүлээж байгааг хэллээ. Биднийг тэдэн дээр дахин очиход эгч дүүгийн ээж “Би бүх мөргөл болон Алгасал баяр сахихыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Би Библи нэлээн сайн уншсан” гэлээ. Тэгээд тэрээр Библийн үг болон охин, хүргэнтэйгээ цуг үнэний ном судлаад ухаарсан зүйлээ бидэнд ярьж өгөв. Тэр өдөр эгч дүүгийн ээж, ач зээ нарынхаа хамт тэнгэрийн гэр бүл болцгоолоо. Тэдний гэрт цуглаад байсан ар гэрийнх нь 15 хүн хамтдаа Библи судалж байсан нь талархууштай. Жэйн эгч дүүгийн дүү нь бас Бурханаас аврал авсан.

Бакур дахь Библийн төвийн гэр бүлүүд энэ түүхийг маш их сонирхож, гэр бүл, найз нөхөддөө шинэ гэрээ тунхаглахаар зориг шулуудацгаав. Хорио цээрийн дэглэм чанга байсан хэдэн сарын турш ах дүү эгч дүү хоёрыг хараад би бас их юм ухаарсан даа. Бурханы хүүхэд ер нь ямар ч нөхцөл байдалд байсан хамаагүй Бурханы үг сурахыг их хүсдэг тул авралын тухай мэдээ хүлээж буй хэн бүхэнд сүнсний хоол дамжуулахад би өөрөө ямагт бэлэн байх ёстойг ойлгосон.

Тэнгэр Эцэг Эх биднийг тэнгэрт үеийн үед хаанчлах хаан тахилч болж өсөг гэсэндээ сүнсний хоол соёрхсон шүү дээ. Харин одоо миний үүрэг бол гэрийнхэн, найз нөхөд, ах эгч дүү нар гээд хүн бүртэй тэр амийн хоолыг нь уйгагүй хуваалцах юм. Энэ нь л өнөө үеийн Бурханы эш үзүүлэгчид байх ёстой хандлага аж.