Эмээ маань надад байнга л илүү их өгөх гэдэг юм. Намайг бага сургуульд байхад эмээ намайг сайн сураарай гээд нэг ширээ авч өгч байсан. Дунд анги, ахлах ангид эмээ миний сурагчийн дүрэмт хувцсыг авч өгдөг байлаа. Дээд сургуулийн оюутан болж ганцаараа амьдрах үед эмээ янз бүрийн хоолны хачир явуулдаг байв. Надаас юу хэрэгтэйг минь байнга л асууна.
Хэдэн жилийн өмнө Солонгос үндэстний баяр болох Чүсог баярын үеэр эмээ маань надад нэг гутал бэлгэнд өгсөн юм. Эмээ бүр нагац, үеэл хоёроос маань хүртэл надад зохих загварлаг гутал сонгож өгөхийг гуйсан байгаа юм. Амралтаа дуусаад буцах болоход намайг хориглосоор байхад эмээ намайг гаргаж өгөх гээд автобусны буудал хүртэл дагаж явав. Сэтгэлдээ эмээгийнхээ хайрыг тээгээд автобусандаа суунгуут дотор яагаад ч юм нэг л хоосон оргиод байв. Тэгэхнээ би дөнгөж хэдхэн хормын өмнө бариад явж байсан эмээгийнхээ авч өгсөн нөгөө гутлыг нь гээчихэж.
Эмээдээ үнэнийг хэлж түвдсэнгүй, тэгээд нагац руугаа залгаад юу болсныг тайлбарлав. Нагац маань мэл гайхан, автобусны буудал хүртэл явж хайя гэлээ. Автобусны буудал дээр хаясан байж магад гэж бодоод ажилтан руу нь залгаж асуутал “Ямар ч гутал олдоогүй” гэсэн хариу өглөө. Нэгэнт хөдөлчихсөн автобусан дотор би яаж ч чадахгүй, дэмий л адган дороо дэвслэн байлаа. Хоёр цаг гарангийн дараа үеэл над руу залгалаа.
“Эгч ээ, та мессежээ шалгаагүй юм уу? Эмээ рүү гялс залгаад, баярласнаа хэл” гэх нь тэр.
Би мессежээ шалгангаа түүний ойлгомжгүй үгийг тааж ядав. Үеэл маань над руу шоппинг хийсэн тортой гуталны минь зургийг явуулчихаж. Тэр гутал яаж эргэж ирсэнд би бүр итгэсэнгүй. Эмээ маань гутал алга болсон сургаар автобусны буудал хүртэл буцаж яваад, надад амттан авч өгч байсан автобусны буудлын дэлгүүрээс олсон гэнэ.
Хайхрамжгүйгээсээ болоод эмээгийнхээ санааг зовоосондоо эмээгээ өрөвдөж, хоолой зангирав. Эмээ рүүгээ бушуухан залгаж, баярласнаа хэлж, бас уучлалт гуйлаа. Эмээ надад “Хүргэлтийн үйлчилгээгээр охиндоо явуулъя. Сайн өмсөөрэй” гэх нь тэр. Эмээгийн маань намайг гэсэн хайр миний хэзээ ч авч байгаагүй хамгийн агуу хайр билээ.
Бүрэг зангаасаа болоод би эмээдээ олигтойхон ч баярлалаа гээд хэлчихээгүй. Магадгүй би ингээд авч л байх ёстой юм шиг, байдаг л юм шиг санасан байх. Одоо харин эмээгээсээ хол байгаа ч гэсэн хэн хүнээс илүү хамгийн ойрхон ач охин нь байхыг хүсэж байна. Надад өгсөн бэлгүүдийнх нь талд нь хүрэхгүй ч гэлээ би ч бас эмээдээ хайртайгаа, эмээдээ баярлаж явдгаа илүү их илэрхийлэх болно.