Сүнслэг марафоны замаа дуусгахын төлөө
Монгол, Улаанбаатар Т.Энх-Од

Намайг 3 настай байхад ээж маань, 9 настайд аав минь өөд болсон. Аав ээжийг өөд болоход 16-хан настай байсан том эгч минь “өрхийн тэргүүн” болж билээ. Аав ээжийгээ алдсан гуниг хагацал, эдийн засгийн хүндхэн үеийг эгч дүүс бид хамтдаа хэцүүхэн давж гарсан санагдана.
Би дунд сургуульд ороод хөнгөн атлетикийн холын зайн гүйлтээр хичээллэсээр олон улсад эх орноо төлөөлж оролцдог марафоны тамирчин болов. Харин нэг удаа хасах 40 хэмийн хүйтэнд холын кросс бэлтгэл хийж байхдаа шагайны үеэ дааруулж гэмтээснээс спортоо орхиход хүрч билээ.
Багадаа аав ээжээсээ хагацаж, олон жил хүнд спортоор хичээллэсэн болоод ч тэр үү би гэдэг хүн хатуу ширүүн зантай, амжилтандаа эрдсэн бардам нэгэн байв. Христийн шашныг сул дорой, өөртөө итгэлгүй хүмүүсийн шүтдэг шашин гэсэн хатуу үзэлтэй байж билээ. Ийм л хүн явж байхад нэг өдөр найз минь сайн мэдээ хүргэсэн юм.
Дунд сургуулийн найзтайгаа тохиолдлоор таарч, үнэний үгийг сонсоод би шинэ амийн ерөөл хүртсэн. Тэр өдөр 2008 оны 8 сарын 8 өдөр буюу Бээжингийн олимп эхэлсэн өдөр байж таарсан. Би энэ олимпийн нээлтийг дөрвөн жил тэсэн ядан хүлээсэн мөртлөө гайхалтай нь тэр өдөр гэртээ нээлт үзэх биш, өдөржин сүм дээр Библи сурч өнгөрөөсөн юм даа. Олимпийн нээлт эхэлсэн тэр өдөр Бурхан намайг сүнслэг марафонд гүйлгэж эхэлсэн юм. Тэр цагаас хойш би өдөр алгасалгүй Библийн хичээл сурсан.
Өмнө нь би амьдралын шаардлагаар Чех явж ажил хийхээр виз мэдүүлж байсан удаатай. Итгэл маань дөнгөн данган өсөхтэй давхцан, 2 жилийн өмнө хүссэн визний хариу гардаг юм байна. Чех рүү явна гэдэг хоосон ажил гэдгийг би мэдэж байсан ч, хар багаас минь өнчин дүү нараа өсгөх гэж зүдэрсэн эгчийгээ уйлаад гуйхад нь яаж ч чадаагүй юм. Яг л Таршиш руу усан онгоцоор зугтдаг Иона шиг сайн мэдээг арагш тавиад галт тэргээр Чех рүү хөдөлсөн дөө.
Очоод төд удалгүй миний ажиллаж байсан үйлдвэр дампуурч, би өөр хот руу шилжлээ. Тэнд нэг том байранд зугаа цэнгэл хөөсөн хүмүүстэй нэг дор байрлах болов. Мөргөлийн өдөр болоход би хүний нүднээс дайжин ганцаараа мөргөлөө тэмдэглэдэг байсан. Яг л Иерусалимын зүг харан залбирч байсан Даниел шиг үнэн сэтгэлээ Бурханд өчдөг байлаа. Визний хугацаа дуусаж ажилгүй суух үедээ өдөржин гэртээ амийн ном, Библи уншиж, Монголоос найзыгаа утсаар ярихад л сая нэг Сионы үнэр сонсоно. Тэгээд ганц өдрийн өмнө ч болов Монгол руугаа буцахсан гэж яарна.
Иймэрхүү байдалтай хэдэн сар үргэлжиллээ. Ажил олдохгүйн дээр бие өвдөж, хүнд мэс засалд орж, байгаа хэдэн кроноо юу ч үгүй шавхаж орхив. Манай байрны хүмүүс миний байдалтай нийцэхгүй, намайг үргэлж шоолж гадуурхана. Харин би үдэш болгон уйлан залбирч байгаад нэг мэдэхэд л унтсан байна. Бурханы ивээлээр мэс засал амжилттай болсон ч, би Монгол руугаа буцах гэхээс арга барагдана. Сионы гэр бүлүүдээ санахдаа хэдэн хувцсаа чемоданд хийж бариад, гал тэрэгний буудал дээр өдөржин ганцаараа уйлж суудаг байлаа.
Гэтэл нэг өдөр хүмүүсийн амнаас баяртай бөгөөд үнэмшмээргүй мэдээ сонсдог юм байна. Чехийн засгийн газраас тус оронд амьдарч байгаа, замын зардалгүйгээс нутаг буцаж чадахаа больсон цөөхөн гадаад иргэнийг үнэгүй буцаах төсөл гаргасан байв.
Гэвч миний байсан хотод гадаадын иргэдийг хариуцсан цагдаагийн тасаг гэж байсангүй. Тэгээд би ойролцоох хот руу явахаар шийдсэн. Мөнгөгүй, хэл ус мэдэхгүй боловч би Бурханаас гуйж залбирч байгаад түмэн бэрхшээл давсны эцэст арайхийн цагдаагийн тасгийг нь олж очсон. Гэтэл виз дардаггүй өдөр байж таараад намайг дараа ир гэв. Дараа ирнэ гэдэг миний хувьд бүрхэг санагдаж, би уйлж учирласны эцэст 2009 оны Алгасал баяраас сарын өмнө Монголдоо буцан ирж чадсан юм.
Ингээд л эх орондоо хүрээд ирлээ шүү дээ гэхээр итгэж өгөхгүй, өөрийгөө чимхэж хүртэл үзэж билээ. Онгоцны буудал дээр найз маань тосон авч, бид шууд Сион уруу иртэл гэр бүлүүд “We love you” хийн угтаж, би ч цурхиран уйлж гарав. Тэр хүртэлх гуниг, шаналал нулимсаар маань гараад явчих шиг л болсон.
Монголд ирээд анхны мөргөлөө сахихад яг тэнгэрт байгаа юм шиг санагдаж билээ. Мөн Чех явахаас өмнө таалагддаггүй, өөтэй санагддаг байсан гэр бүлүүд үнэхээр хайр татам, хөөрхөн харагддаг болчихсон байв. Ингээд би хий дэмий өнгөрүүлсэн цагаа нөхөх гэж сайн мэдээнд хамаг хүчээрээ ханцуй шамлан орсон юм.
Зовлон сорилтыг ялмагц Бурхан надад итгэхийн аргагүй ерөөл буулган, авралын зард өөрийгөө бүрэн зориулж чадах нөхцөл байдлыг бий болгож, сайн мэдээний төлөөх үнэтэй албан үүргийг хариуцууллаа. Бас 2010 онд Эхтэй уулзах гадаад айлчлалын багт орж, Солонгост ирээд буцсаны дараа үр жимсний ерөөлийг Бурханаас зөндөө их авсан.
Чехэд хүнд хэцүү зовлонтой тулгарч байсан ч тэр бүхэн нь эцэстээ дутуу дулимаг, бардам зантай намайг өөрчлөх гэсэн Бурханы хайр байсныг би ухаарсан. Иона Бурханаас зугтаж загасны гэдсэнд 3 хонохдоо ухаарч гэмшсэн шиг, надад тулгарсан зовлон бэрхшээл нь хайрлаж мэддэггүй, хатуу ширүүн зантай намайг зөөллөж, өөрчилж, гэмшүүлэх гэсэн Бурханы минь хүсэл байж дээ. Энэ бүхнийг урьдаас төлөвлөж, сорилт бэрхшээлийг ялан дийлэх хүч чадлыг надад хайрласан Бурхандаа талархаад талархаад баршгүй.
42,195 км зай бүхий марафоны замд гүйхэд бэлтгэл сургуулилт их хийнэ ээ. Би тамирчин байхдаа тэмцээний бэлтгэл болгож өдөрт дор хаяж 25 км гүйдэг байлаа. 25 км гүйнэ гэхэд гараа 25000 удаа савчина гэсэн үг. Идэр есийн хүйтэнд холын кросс хийж байхад бүх бие мэдээ алдах шахаж, хувцасны төмөр цахилгаан эрүүтэй наалдаад хөлдчихнө. Бэлтгэлийн үеэр туйлдталаа ядрахад замаас гармаар санагдаж халшрах нь бий. Ялимгүй томдсон пүүз өмсчихвөл өлмий гишгэх тоолонд үрэлцээд хөлийн ул тэр аяараа зулгарч цэврүүтнэ. Жаахан тулсан пүүз өмсвөл хөлийн хурууны хумс сугарч унаад, пүүзээ ув улаанаар будаад орж ирэх нь олон. Гэсэн ч тамирчин хүн хатуу ширүүн сорилтыг хэдий тэсвэрлэж ялна, түүнд төдий чинээ хүч, ухаан хуримтлагдана.
2000 оны олимпийн аваргад явах тамирчдын сорилт тэмцээн зарлагддаг тэр жил би өмнө нь олон жил дараалаад улсын аварга болсныг хэлэх үү бэлтгэлгүй ч түрүүлнэ гэсэн бардам бодолдоо итгээд, дасгал сургуулилтад хойргоших болов. Харин яг олимпийн эрх олж авах ийм чухал тэмцээн дээр би урьд өмнө гаргаж байгаагүй тийм муу амжилт үзүүлчихэв. Бардам зан, бэлтгэлгүй байдал, зөв бус ухаан гуравт ялагдсан болохоор харамсаад ч бардаггүй байлаа.
Харин миний тэр үеийн бүтэлгүйтлээр Бурхан надад үнэтэй сургамж, ухаарал хайрлаж дээ. Итгэлийн амьдрал бол Бурханыг барианы тугаа болгон тэнгэрийн орныг чиглэн гүйх сүнслэг марафон шүү дээ. Надад тохиолдож байсан сорилт зовлон бүхэн нь Бурханы хайр золиосыг ухаарч, сүнслэг марафонд гүйх чухал сургуулилт болсон юм. Хэрэв миний өмнө сайн мэдээний дардан зам зурайж байсан бол би мэдээж сүнслэг марафонд ч алтан боломжоо алдчих байсан биз.
Ачааллаа дээд цэгт хүртэл нь авч, байдаг хүчээ шавхан гүйхэд замаасаа гарчихмаар санагдах үе тамирчин хүнд олон. Тэр болгонд өөрийгөө ялж, тэвчсээр замаа дуусгах ёстой. Замаас гараад нэг л зогсчихвол бүх бие зангираад эргэж гүйж чадахаа болино. Тэгээд ч олон тамирчин гараанаас гардаг хэр нь тэднээс олон нь шантарч замын дундаас гардаг. Харин тэвчээртэйгээр гүйж барианд орсны дараах тэр баяр хөөрийг юугаар ч зүйрлэж хэлшгүй.
Сүнслэг марафон ч мөн адилхан. Хатуу сорилт бэрхшээлийг ялъя гэхэд хэцүү асуудалтай тулгарах үе хүн болгонд байдаг. Гэвч зовлонгоо тэсвэрлэн гүйгээд л байвал тэнгэрийн хаанчлалын бариа улам ойртоод л байна. Тос, дэнлүүгээ дүүрэн бэлтгэж, Эхийнхээ заавраар хичээнгүйлэн гүйгээд, сүнслэг марафоны замаа дуусгах тэр өдрийг би тэсэн ядан хүлээнэ.