WATV.org is provided in English. Would you like to change to English?

Хүчит салхинд ч нурж унахгүй бат бөх орон гэр барь

Орон гэр барихын тулд материал хэрэг болно. Хайр, итгэлцэл, хүндлэл, харилцан яриа хөөрөө, талархах зэрэг нь бат бөх айл гэр босгон байгуулах сайн материал юм.

129 Үзсэн тоо

Ингэхэд бат бөх орон гэр гэхээр ямар байшин юм бол?

Бат бөх төмөр бетонон байшин юм болов уу? Эсвэл өндөр хашаатай байшин уу? Эсвэл дээд зэрэглэлийн барилгын материалаар барьсан байшин уу? Бат бөх орон гэрийн нөхцөл материаллаг хүчин зүйлд биш, тухайн гэрийн дотор нь байдаг. Ам бүлийнхэн нь өөр хоорондоо хайр, итгэлцлээр нэгддэг тийм л хүмүүс амьдардаг орон гэр ямар ч хүчит салхинд ажрахгүй, хамгийн бат бөх.

Хүн алдар нэр, эд баялаг дунд амьдардаг байлаа ч хайрлаж халамжлах гэр бүлийнхэн байхгүй бол тэр эд баялгийн утга учир гэж юу байх билээ. Нийгэм дээр амжилт гаргалаа ч гэр бүлээ хайрлаж халамжилдаггүй, гэр бүлийнхэндээ хүлээн зөвшөөрөгддөггүй бол тэр хүн жинхэнээсээ аз жаргалтай байж чадахгүй. Харин эсрэгээрээ дэлхий тэр чигтээ шүүмжилж, буруутгаж байсан ч итгэж, урам хүч өгдөг халуун ам бүлийнхэн байхад түшиж тулж, дэмждэг гэрийнхнийхээ ачаар тэр хүн дахин босох нь мэдээж.

“Айл гэр аз жаргалтай бол бүх юм аяндаа бүтнэ” гэдэг эртний Солонгосын зүйр үг байдаг аж. Энэ нь зөвхөн тэр эртний үед ч хамаатай биш, өнөө үед ч хамаатай юм. Солонгосчууд ер нь энэ зүйр үгийг гэр бүлийнхээ уриа лоозон болгодог ч эв эетэй, бат бөх гэр бүл бий болгохын тулд ямар үйлс гаргах ёстойгоо ихэнх нь мэддэггүй. Тиймдээ ч гэр бүлийнхэн нь байлаа ч ганцаардаж, зарим гэр бүл бүр салж, сарниж байна.

​Гэр бүлийн хоёр нүүр царай

​ Нэг байгууллага “Гэр бүл бол … юм” гээд санал бодлоо оруулахыг бүх нийтээс уриалсан арга хэмжээ явуулжээ. Уг арга хэмжээнд 100 мянга гаруй хүн саналаа оруулсан байв. Тэд “Гэр бүл бол салхинд тохсон хувцсыг тогтоож байдаг хувцасны хавчаар”, “Гэр бүл бол аз жаргалыг нэмж, уйтгар гунигийг хасаж, ирээдүйг үржүүлж, зовлонг хувааж байдаг арифметикийн үндсэн дөрвөн үйлдэл”, “Гэр бүл бол үрчлээс тэнийлгэдэг индүү”, “Гэр бүл бол амьдралын бартаат замд барьж явах автобусны бариул” гэх мэтээр хариулсан байлаа. Ихэнх нь итгэл найдвар, хайр, аз жаргал, хүч чадал гэх мэт эерэг агуулгатай байв. Өсөхдөө гэр бүлийн хайр хангалттай авч байгаагүй, харгис гэмт хэрэг үйлдсэн шоронгийн хоригдол ч гэр бүл гэхээр голдуу нэг тийм халуун дулаан амрах газар л санаанд нь ордог гэнэ.

Гэтэл хайр энхрийлэл, аз жаргал, баяр хөөр дүүрэн биш байвал гэр бүл гэгч дандаа ч тийм итгэл найдвар өгөөд байдаггүй байна. Зарим нөхрүүд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх болон гэрийн бүх ажлыг эхнэртээ ганцааранд нь даатгаж, огт туслахгүй. Зарим эхнэрүүд нөхрөө ажилгүй болонгуут сэтгэл санааг нь эвдэнэ. Зарим аав ээжүүд үр хүүхдээ өмч хөрөнгө аятай байнга хянаж цагдах гэдэг. Зарим хүүхдүүд аав ээжийгээ дорд үзэж, гэрийнхэнтэйгээ таарч тохирохгүй. Заримдаа нэг нэгнийхээ сэтгэлийг шархлуулж, сэтгэлээр унагаж, хүнд ачаа дарамт өгнө. Зарим хүн бүр “гэр бүлгүй байсан ч болоосой” гэж хүснэ гээч. Өнөө үед олон гэр бүл өчүүхэн шалихгүй зүйлээс болж эвдрэлцэж, бүр элэг бүтэн гэр бүлийнхэн ч салж байна. Ганцаараа амьдардаг өндөр настан иргэдийн тоо, ганц бие өрх толгойлсон, эсвэл ам бүл цөөн өрх гэрийн тоо огцом нэмэгдсэн учраас олон гаж нөлөө илэрсээр байна.

Гэр бүлүүдийн тухайд ерөөлөөр эхэлсэн хэрнээ муу муухайгаар төгсдөг шалтгаан юу юм бол? Төгс төгөлдөр сайхан гэр бүл мөрөөддөг хэрнээ олигтой хүчин чармайлт гаргадаггүйтэй нь холбоотой юм. Хичээл зүтгэлгүйгээр юу ч олж чадахгүй. Хамгийн гол нь зөвхөн ганц хүний золиос, хичээл зүтгэлээр юу ч бүтэхгүй.

​Бат бөх айл гэр барих материал

​1. Суурь: хайр​

​ Байшин барихад хамгийн үндсэн, чухал үе шат бол суурь тавих. Суурь бат бөх байхгүй бол хичнээн их хүчин зүтгэл гаргаж барьсан байшин байлаа ч амархан нурна. Тогтвортой айл гэрийн хамгийн чухал нөхцөл нь хайр. Бат бөх хайраар сууриа барьсан айл гэр тийм ч амархан сүйрээд байдаггүй.

Хайр ямар ч үнэ өртөг, нөхцөл болзол шаарддаггүй. Хэрэв та хэн нэгнийг тодорхой үйлдэл, амжилт гаргасных нь төлөө хайрладаг бол түүнд чин сэтгэлийн хайраа илэрхийлж чадахгүй төдийгүй тэрхүү нөхцөл байдлыг нь хангаж чадахгүй байх вий гэж санаа зовох болно. Гэр бүлийнхнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, тэднийг далд чадвараа харуулахад нь тусал.

​​2. Багана: итгэлцэл​

​ Байшинг багана тулж байдгийн адил итгэлцэл гэгч зүйл айл гэрийг тулж байдаг. Бие биедээ итгэдэггүй, хардаж сэрддэг эхнэр нөхрийн хооронд, эсвэл харилцан итгэлээ эвдсэн эцэг эх үр хүүхдийн хооронд хайр оршиж чадахгүй. Учир нь тэд ямар ч юман дээр нэг нэгнээ түшиж тулж чадахгүй шүү дээ. Хүн гэгч бусад хүний өөрт нь итгэсэн итгэлийн дагуу үйлс үйлдэл гаргадаг. Бүх зүйл хүссэнээр нь болохгүй үед эсвэл хүнд хэцүү үед ар гэрийнхэн нь эцсээ хүртэл итгэдэг байхаас илүү их хүч гэж юу байх билээ?

Итгэх нь чухал. Гэхдээ итгэл хүлээлгэх нь бүр илүү чухал. Өдөр тутмын амьдралдаа бусдыг гэсэн хэн нэгний хандлага их байхын хэрээр итгэлцэл бий болно. Хүний итгэлийг хүлээх хамгийн оновчтой арга бол тухайн хүнийхээ үгийн дагуу үйлдэх. Аливаа хүний үг, үйлдэл хоорондоо таардаггүй бол гэрийнхэн нь ч хүртэл түүнд итгэхгүй шүү дээ.

​3. Хаалга: хүндлэл​

​ Хүндлэл гэдэг бол яг л байшингийн хаалгатай адилхан. Байшингийн хаалгаар хүмүүс орж гардаг шиг сэтгэлээ харилцан хуваалцаж, нэг нэгнээ ойлгохын тулд гэрийнхэн бие биеэ хүндлэх ёстой. Өөрөө бусдыг хүндэлдэггүй байж бусдыг өөрийнхөө хүссэнээр байх ёстой гэж боддог бол тэр хүн ердөө бусдыг захирч, өөртөө хүлцэнгүй, дуулгавартай байлгахыг л хүсдэг аж. Мөн бусад хүн тэр хүссэнийг нь хангаж чадахгүй бол уурлаж, урам нь хугарна. Тийм ч учраас зарим эцэг эхчүүд урам хугарахдаа хүүхдүүддээ “Чамайг өсгөх гэж би ямар их зүтгэснийг чи мэдэх үү?” гэнэ. Эсвэл эхнэр нөхрүүд нэг нэгнээ “Тэр миний нөлөөн дор амьдардаг”, “Би түүний нөлөөгөөр амьдардаг” гэлцэнэ.

Бусдын санал бодлыг сонсон, үнэ цэнэ өгдөг зүйлийг нь сонирхож байгаагаа харуулах нь тэднийг хүндэтгэж байгаагийн тодорхой илэрхийлэл юм.

​4. Цонх: яриа хөөрөө​

​ Цонхгүй байшин байна гээд төсөөл дөө. Бив битүү гээд төсөөлөхөд л давчдаж байгаа биз дээ? Яриа хөөрөөгүй айл гэр гэдэг цонхгүй байшинтай л адилхан. Гадаад ертөнцтэй харилцах гэж цонх байдаг шиг айл гэрийнхний хоорондын харилцаанд яриа хөөрөө их чухал. Харилцан яриа хөөрөө хийхийн ач холбогдлыг онцлоод баршгүй. Яриа хөөрөөгөөр шийдвэрлэгдэхгүй юм гэж үгүй. Хэн нэгэн гэрийнхэнтэйгээ яриа хөөрөө хийж байгаа нь тухайн хүний байр сууринаас ертөнцийг харж байгаатай адил юм. Нөгөө хүний байр сууринаас авч үзэхээс илүү сайн арга гэж байхгүй.

Зурагт, ухаалаг утас зэрэг нь гэр бүлийн доторх яриа хөөрөөг тасалдаг хамгийн том дайсан. Зурагт хамт үзэхийгээ эвтэй байна гэж ойлгодог бол үүн шиг том эндүүрэл байхгүй. Онцын шаардлагатай үеэс бусад үед зурагт үзэх, утас ухах цагаа багасган, гэрийнхэн рүүгээ нүдээ нээж, гэрийнхэндээ чих тавиарай.

​5. Дээвэр: талархах​

​ Байшингийн дээд талд дээвэр байдаг даа. Цас, бороо, нар, салхинаас хамгаалдаг. Мөн байшинг тав тухтай болгодог. Байшин хичнээн сүрлэг гоё харагдлаа ч дээвэргүй бол зутраад олигтой амьдарч чадахгүй. Талархал дүүрэн байх нь дээвэртэй адилхан. Хүн бүрийн алдааг далдалж, гэр бүлийг илүү амьд, илүү халуун дулаан болгож байдаг. Айл гэрийнхэн бие биедээ илүү их талархах үед илүү аз жаргал мэдэрнэ. Эсрэгээрээ гомдол, дургүйцэл дүүрэн байвал дээвэр муутай байшинд дусаал дусаж, салхи сэвэлздэг шиг гадны алив бэрхшээлээс хамгаалагдаж чадахгүй сүйрнэ.

“Өвлийн шуурга ч талархдаггүй хүний сэтгэл шиг тийм хүйтэн биш” гэж Шекспир хэлсэн байдаг. Тасралтгүй талархал бялхсан халуун дулаан гэр бүл нь бат бөх, эрүүл айл гэр юм.

​Бат бөх айл гэрийн жинхэнэ үнэ цэнэ батлагдах үед

Асуудалгүй гэр бүл гэж байхгүй. Цөөн ам бүлтэй байна гэдэг нь санаа зовнил, зөрчил маргаан цөөн гарна гэсэн үг биш. Чухал нь тэдгээр зөрчил маргаан, асуудлыг хэрхэн даван туулж байгаадаа л юм. Зарим айл бэрхшээл зовлон эсвэл золгүй нөхцөл байдалд амархан ганхаж байдаг бол зарим айл нь элдэв бэрхшээлийг ядах юмгүй даван туулж байдаг. Тэд гэр бүлтэй гэдгээрээ жаргалтай байгаагаа мэдэрч, хямралыг ухаалгаар давахаас гадна энэ нь аз жаргалтай айл гэр бий болгох эргэлтийн цэг болж ч болно.

Бат бөх байшин хүчтэй шуурганаар жинхэнэ үнэ цэнээ баталдаг шиг бат бөх айл гэр зовлон бэрхшээлийн үед жинхэнэ үнэ цэнээ нотолдог. Ам бүлийн тань дотор зөрчил маргаан, алив асуудлууд тулгарах үед санаа зовж, урам хугарах хэрэггүй. Энэ нь гэр бүлийнхнээ харин ч илүү хайрлаж, халамжлах боломж юм шүү.

Явж хөдөлж, ярьж чаддаггүй хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд нэгэн аав Триатлоны тэмцээнд (Ironman Triathlon) оролцож, хүүгээ хийлдэг завин дээр суулгаад 3,9км чирж сэлээд, 180км газар дугуй унаж, 42,195км зайд марафон гүйсэн байна. Ганцхан удаа ч биш, зургаагийн зургаан удаа ингэсэн байгаа юм. Хүү нь аавыгаа байгаагүй бол хэзээ ч ингэж чадахгүй байх байсан гэж хэлсэн бол харин аав нь хүүдээ “Хүү минь, чи байгаагүй бол аав нь ингэхгүй байлаа” гэсэн гэдэг.

Энэ үгнээс л гэхэд гэр бүлийн хүч хичнээн агуу гэдгийг ухаарч болохоор байна. “Гэртээ амар тайван байдаг хүн хаан байна уу, харц тариачин байна уу хамаагүй хамгийн аз жаргалтай хүн юм” хэмээн Иоханн Вольфганг фон Гёте хэлсэн байдаг. Та бүхэн ам бүлээрээ цуг сайн гэгч нь материалаар хүчит шуурганд ч нурж унахгүй бат бөх байшин барихад яагаад болохгүй гэж? Тэгэх аваас аз жаргал эдлэх нь лавтай.