Та бодож байгаагаасаа ч илүү үзэсгэлэнтэй шүү!

491 Үзсэн тоо

Их Британийн нэгэн компани эмэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэл суулгаж, жинхэнэ гоо үзэсгэлэнг нь мэдрүүлэх зорилгоор тэднийг Холбооны мөрдөх товчооны ам зургийн мэргэжилтэнтэй уулзуулах өвөрмөц компанит аяныг эхлүүлжээ. Уг аян “Та бодож байгаагаасаа ч илүү үзэсгэлэнтэй” гэсэн уриатай байв.

Ам зургийн мэргэжилтэн АНУ-ын Нью-Йорк хотод өөр өөр насны, өөр өөр үндэс угсааны долоон бүсгүйтэй нэг бүрчлэн ярилцжээ. Харин мэргэжилтэн тэдгээр бүсгүйчүүдийг харах боломжгүй, зөвхөн нүүр царайг нь тодорхойлох зорилгоор тэдэнд асуулт тавих боломжтой байж. Бүсгүйчүүд ч мөн түүнийг харах боломжгүй, зөвхөн асуултанд нь хариулав. Маргааш нь гуравдагч этгээд ирж, бүсгүйчүүдийн нүүр царайг мөн тодорхойлов.

Үр дүн нь ёстой гайхалтай байлаа. Гуравдагч этгээдийн тодорхойлолт дээр үндэслэсэн хөрөг зурагнууд нь бүсгүйчүүдийн өөрсдийнх нь тодорхойлж зуруулсан зурагнаас хавьгүй үзэсгэлэнтэй байв. Тэд өөрсдийн нүүр царайг сөрөг байдлаар, идэвх муутай тодорхойлж байсан бол гуравдагч этгээд эерэгээр тодорхойлсон байна. Тийнхүү тэдгээр бүсгүйчүүд өөрсдийн хөрөг зургийг хоёр өөр байдлаар хараад эелдгээр инээмсэглэн, бүр нулимс дуслуулан байж өмнө нь өөрсдийн огт мэддэггүй байсан жинхэнэ гоо үзэсгэлэнгийнхээ талаар мэргэжилтэнтэй удтал ярилцжээ. Энэхүү сурталчилгаа дэлхийн өнцөг булан бүрд үй олон хүний таашаалд нийцэж, Каннын олон улсын наадмаас нэр хүндтэй шагнал авч байжээ.

Хүн бүрд өөрийн гэсэн давуу тал, гоо үзэсгэлэн бий. Дутуугаа хүлээн зөвшөөрч, гэмээ наманчлах нь итгэгч хүнд байх ёстой ариун ёс мөн л дөө. Гэвч тэглээ гээд няцаж зүрхшээн, аливааг сөргөөр бодсоны хэрэггүй. Даруу бай, гэхдээ өөртөө итгэлтэй бай! Бурхан авралын маань төлөө Өөрийгөө дуртайяа золиослох хэмжээнд биднийг тэгж их нандигнан хайрласан. Бурханы мэлмийд бид бодож байгаагаасаа ч илүү үзэсгэлэнтэй, үнэ цэнэтэй хүмүүс юм шүү.

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.” Иох 3:16