WATV.org is provided in English. Would you like to change to English?

Би үргэлж чиний талд байгаа шүү

Ган Мин Со, Солонгос Соннам

413 Үзсэн тоо

Би ахлах сургуулийн сурагч байхдаа халаасны мөнгө хэрэг болох бүрийд аав ээжээсээ зөвшөөрөл авахын оронд шууд л өөрийнхөө эд зүйлийг интернетэд тавиад зарчихдаг байлаа. Хэрэглэж байсан зүйлээ зарж борлуулах нь халаасны мөнгөтэй болоод зогсохгүй цаашдаа нэг их хэрэг болохгүй зүйлээ цэвэрлэж, мөн санхүүгийн ойлголттой болох гээд олон талаар давуу талтай мэт санагдаж байлаа. Хэрэглэж байсан эд зүйлээ зарахад амташсан би гаднаасаа бол бусдын л адил уншлагын танхимд шаргуу хичээллэдэг мэт байсан ч нөгөө зарж борлуулж байгаа зүйлээрээ яаж ашиг олох вэ гэж бодоход л цаг зав гаргаж байлаа.

Юм хум зарж, хамаг үнэ цэнэтэй цагаа үрж байх зуур маань сургуулийн ур чадварын шалгалт хаяанд тулах нь тэр. Нэг өдөр над руу цагдаагийн газраас залгалаа. Намайг залилан хийсэн гэдгээр байцаах хэрэгтэй болсон гэнэ. Гэнэтийн цохилт өгсөн санаанд оромгүй энэ дуудлаганд би өнгөрснөө эргэн бодлоо. Нэг сэжигтэй явдал санаанд ороод ирэх нь тэр. Хэргийг ухаж судалсны дүнд миний нэг барааг авах гэсэн хүн өөрөө мөнгө шилжүүлэлгүй, өөр хүнээр шилжүүлээд дундаас нь миний барааг олзолж авсан болох нь тогтоогдлоо. Мөнгө шилжүүлсэн хүн миний илгээсэн барааг хүлээж аваагүй тул бараа зарсан намайг бараагаа явуулалгүй мөнгө авсан гэж буруу ойлгосон байлаа.

Намайг насанд хүрээгүй болохоор цагдаагийнхан аав, ээжтэй холбоо барив. Тэр өдөр аав намайг өрөөндөө дуудлаа. Яг л нядалгааны газар руу чирэгдэж байгаа хонь шиг би аавыг харахаас айж байлаа. Айсан би аавынхаа өрөөний хаалгыг онгойлгоход аав ширүүн царайтай сууж байв. Толгойдоо эмхэлж цэгцэлсэн хамаг үг замхарч, би уг хэргийг эхнээс нь дуустал уялдаа авцалдаагүй юм тайлбарлаж гарав. Намайг сонсоод аав ийн ам нээлээ.

“Наадах чинь чиний л бодол. Мөрдөн байцаагчийн хувьд чамайг хэдийн залилан хийгч гэж үзээд байхад чиний үгэнд итгэнэ гэж бодож байна уу? Гэхдээ мөрдөн байцаагч чамайг сэжиглэж, хэрэгтэн гэж үзсэн байлаа ч аав нь чиний л талд байгаа, чамд итгэдэг шүү.”

Энэ мөчид миний хамаг айдас алга болж, бие нэг л тайвшраад ирэв. Зөвхөн хичээл сурлагадаа л анхаарч байхын оронд юм хумаа зарж борлуулж, бүр цагдаа дээр хүртэл дуудагдсан намайг аав минь буруутгаж зэмлэхийн оронд тайвшруулав. Байцаагч дээр гурав дөрвөн удаа дуудагдсаны эцэст үнэн учир тайлагдаж, намайг гэм буруугүйд тооцов. Би мөн шалгалтаа ч давгүй сайн өгсөн дөө.

Урьд өмнө нь би аавыгаа намайг тэгтлээ их боддог гэж мэдээгүй л дээ. Ингээд бодсон чинь намайг асуудалд орох бүрийд аав маань үргэлж миний хажууд байсан байна лээ. Тэр өдөр надад хэлсэн аавын маань тэр л дулаан дотно үг мартагдахгүй дурсамж болж, бэрх хүнд цаг мөчийг туулах бүрийд намайг босгодог доо.