Тэвчээрийн үр жимс

Памела Лау / Англи, Лондон

8,644 үзэлт

Тэнгэр Эцэг Эхийн ивээл хайраар Европ тив дэх тунхаглагчийн ажил үүргээ өдөр бүр талархан хийсээр л байна. Сайн мэдээ хичээнгүйлэн тарааж байхдаа миний сурч авсан нэг чухал зүйл бол тэвчээр. Тариачид ургацаа авахдаа тэвчээртэй байдаг шиг сүнс нэг бүрийг шинэ амиар төрөх хүртэл нь тэвчээртэй байхыг Эцэг Эх маань надад заасан.

Лондонд сайн мэдээ уйгагүй тарааж байх зуур би удаан хугацаанд үр жимс гаргаагүй л дээ. Олон хүн биднийг гудманд тунхаглаж байхад Бурханы үг сонирхсон хэрнээ тэгээд л больчихно. Тэдэнтэй амлалт тогтоох амаргүй, хэд хэдэн удаа Бурханы үг сурсныхаа дараа ихэнх нь амьдралын санаа зовнилд дарагдаж итгэлээсээ няцчихна. Энэ мэт олон нөхцөл байдалтай тулгарахдаа миний урам хугараагүй ээ. Би “Сайн мэдээ Европт бас хөгжинө” гэсэн Эхийн үгэнд итгэж, Сионы гэр бүлүүдтэй хамт уйгагүй залбиран, үнэний үг суулгаж байлаа. Тэнгэр Эхийн үг үнэн байлаа. Бурханы товлосон цагт үзэсгэлэнтэй сүнснүүд Сион руу ирж эхлэх нь тэр. Тэдний нэг болох нэг эгч дүүгийн талаар та бүхэндээ толилуулах гэсэн юм.

Анх уулзсан цагаас л тэрээр тэнгэр Эхийн үнэнд сонирхолтой байгаа нь илт байв. Дахин уулзана гэсэн чинь бүр ч баярлаж байгаа нь андашгүй. Тэгтэл яах ч аргагүй нөхцөл байдлаас болоод бид хэдэн сар уулзаж чадсангүй. Дахин уулзаж чадах цагаа хүлээнгээ бид Бурханд байдгаараа залбирлаа. Залбирлын хариу нэг их удсангүй. Эцэст нь бид дахин уулзлаа. Тэрээр их сургуулийнхаа хичээлийг тараад Сион дээр ирж, Бурханы үг судалдаг болов. Гайхалтай нь түүний сургуулиас Сион хүртэл 15 минут алхахын дайтай л газар байв. Румынд төрсөн Илинка эгч дүү христийн шашинтай гэр бүлд өсөж хүмүүжсэн нэгэн. Ар гэрийнх нь соёл хүний зохиосон өдий төдий уламжлалд баригдсан аж. Тиймээс эхэндээ түүний хувьд үнэнийг ойлгох амаргүй байлаа. Харин авууштай нь биднийг уулзахаас өмнө тэр ч, найз залуу нь ч Эх Бурхан байдаг гэдэгт их гайхаж байсан л даа. Тэрээр таван сар орчим үнэнийг сураад, үнэнд бүрэн дүүрэн итгэж, Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр дээр шинэ амийг хүлээн авсан юм.

Хэсэг хугацааны дараа тэрээр сургуулиа төгсөөд төрсөн нутаг Румын руугаа буцлаа. Дахиж Лондонд ирж чадах эсэхээ амлах түүнд хэцүү байсан юм. Ашгүй нэг их удалгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, зам нээгдэн, тэрээр Бурханы ивээлээр Лондон руу буцаж ирэх нь тэр. Эгч дүү Бурханд маш их талархан, хичээнгүйлэн Библи сурах болж, мөргөлөө тогтмол сахин, итгэлээр ч өсөн, бүх танилдаа тунхаглаж байлаа. Эгч дүү найз залуудаа хамгийн түрүүнд тунхаглалаа. Найз залуу нь хэдэн өдөр Библи үзсэний эцэст баяртайгаар үнэнийг хүлээн авав. Эгч дүү маань мөн ээжийгээ, ахыгаа шинэ амиар төрөхөд нь хөтөлж, бүгд хамтдаа хаврын баяр сахилаа. Бас нэг нутгийн найздаа ч тунхаглаж, тэр найз нь Румын дахь Сионд очин авралын ерөөл хүртсэн.

“Сайн мэдээ Европт ч бас хөгжинө” гэсэн Эхийн үг одоо хурдан биелж байна. Сайн мэдээний үйлчлэгчийн хувиар бид бүхэнд хэрэгтэй зүйл бол залбирал, тэвчээр мөн Бурхан тусалдаг гэдэгт итгэх бат итгэл юм билээ. Цаашид би итгэлтэйгээр залбирч, сайн мэдээний үр үргэлжлүүлэн суулгасаар байх болно. Мөн Европт байгаа тэнгэрийн гэр бүлээ бүгдийг нь олох хүртэл тэвчин, тэднийг Бурханы энгэрт хөтөлнө өө. Европт тарж бутарсан тэнгэрийн уугануудыг олох онцгой эрх соёрхсон Бурхандаа үнэхээр их талархаж байна.