Ерөөлийн давалгаа давалгаалсан сайн мэдээний далайг чиглэн
У Жи Ён / Солонгос, Инчон
Панамын суваг гэдгээрээ алдартай Панамын Бүгд Найрамдах Улс бол миний хувьд анхны богино хугацааны тунхаглалын дурсамж ихтэй орон. Хэдийгээр цаг хугацааны тухайд богино хугацаа байсан ч би гадаад ах эгч дүү нартайгаа хамт өдөржин авралын зар тарааж, Эхийн хайрыг хуваалцсан үнэхээр аз жаргалтай мөч байсан юм. Надад жаахан эвгүй санагддаг нэг зүйл байсан нь би испани хэлдээ тааруугаас болоод, Библийн үгийг ч тодорхой тайлбарлаж чадахгүйгээс болоод нутгийн ах эгч дүү нараасаа их тусламж авч байсан явдал. Ийм учраас би анхны богино хугацааны тунхаглалаас хоёр жил өнгөрсний дараа дахиад богино хугацааны тунхаглалаар явахдаа Панам улсыг сонгосон юм. Үнэнийг зоригтой тунхаглаж, өмнө авсан хайраа хоёр дахин нэмж хуваалцахаар шийдлээ.
Явахаасаа өмнө би Библи сурч, испани хэл их үзсэн. “Гадаад хэл дээр Библийн илтгэлийн тэмцээн” зохиогдсон явдал нь надад испани хэл дээр авралын зар тараах дадлага хийхэд их түлхэц болсон. Тэмцээний дараа ч хүртэл би испани хэлээ мартчихгүйн тулд чадахынхаа хэрээр испани хэлээ давтаж, боломж л гарвал сургаал сонсон, итгэлээ өсгөж байлаа. Тэгтэл явах өдөр ойртох тусам санаа зовж эхлэв. Олон талаар дутуу байгаагаа мэдэрсэн хэвээр байх нь тэр.
“Надаас илүү сайн испани хэлтэй, надаас илүү итгэлтэй хүн байсан бол үнэн рүү илүү олон сүнс хөтлөх байх даа” гээд л.
Миний энэ бодлыг мэдээд Эх богино хугацааны тунхаглалын багт итгэл, урам хүч дүүрэн өгөв.
“Бурхан бүгдийг бэлдчихсэн. Та нар зүгээр тэр ерөөлийг нь авахаар явж байгаа.”
Эхийн энэ урмын үгсийг сонсоод миний дотроос эрч хүч ундарч буй нь мэдрэгдэн, сэтгэл шатах мэт санагдав.
Догдлол, хүсэл найдвар дүүрэн 20 цагийн урт удаан нислэгийн дараа бид эцэст нь Панамд газардлаа. Панам улс бол экваторын бүстэй ойрхон байдаг улс тул бүтэн жилийн турш халуун байдаг орон. Хуурай улирал борооны улирал гэж хоёр л улиралтай. Биднийг тэнд очиход борооны улирал нь дуусаад хуурай улирал нь дөнгөж эхэлж байв. Тэгсэн ч агаарын чийгшил хэвээрээ байлаа. Бүх биеийг маань чийгтэй агаар бүрхэх тэр мөчид би нээрээ л Панамд ирж дээ гэж мэдэрсэн.
Бидний сайн мэдээний талбай бол нийслэл Панам хотоосоо 18км зайтай Аррайжан гэдэг хот. Хоёр жилийн өмнө намайг тийш очиход Аррайжан Сион хариуцагч, авралын зар тараагч нар нь цуглахад л ариун газар нь дүүрчихдэг байв. Маш жижигхэн Сион байсан чинь тэр үеэс хавьгүй том болж хөгжсөн байлаа. Анхны богино хугацааны тунхаглалаар хайж олсон ах эгч дүү нар хамт авралын зар тараах гээд биднийг хүлээж байхыг хараад ямар гоё санагдсан гээч.
Авралын зар тараах эхний өдрөө панам хүнтэй ярьж эхлэнгүүт миний хэл гацчихав. Магадгүй айж сүрдсэндээ тэр байх. Солонгост зөндөө их давтаж цээжилсэн үгс амнаас гарахгүй байлаа. Нөхцөл байдал хоёр жилийн өмнөхтэй адилхан байсан ч үр дүн нь харин өөр байлаа. Ах эгч дүү нар маань надад урам өгсний хүчинд зориг орж, тунхаглаж байгааг минь хавьгүй олон сүнс тэвчээртэй гэгч нь сонсон, Бурхан руу ирсэн.
Тэр өдөр олсон шинэ эгч дүү маань намайг түүнд Бурханы үг дамжуулж эхлэнгүүт л өдий төдий олон асуултаар булсан настай эмэгтэй байлаа. Би түүний бүх асуултыг нь ойлгохгүй байсан учраас тэрээр үнэнийг ойлгоход хүндрэлтэй байх шиг харагдсан л даа. Тэгтэл миний бодсоноос тэс өөрөөр, тэр эмэгтэй авралын амлалт авмаар байна гээд Сион руу ирж баптисм хүртэн, Амралтын өдрийн оройн мөргөл сахиад гэр рүүгээ явж билээ. Сионоос нэлээн хол амьдардаг хэрнээ Амралтын өдөр болгон Сион руу ирдэг болж, охин дүүтэйгээ болон хүүхдүүдтэйгээ Бурханы ерөөл хуваалцсан юм. Бурхан дотор тэр эгч дүүгийн итгэл хурдан өсөхийг хараад талархах, гайхах зэрэгцэж билээ.
Мөн биднийг гэртээ уриалагхан гэгч нь урьж оруулаад, үнэнийг сонссон нэг эгч дүү хоёр хүүхэдтэйгээ цуг Бурханы хүүхэд болсон. Тэрээр сурсан хичээл болгон дээр толгой дохин, үгэнд анхаарал тавьж байсан юм. Тэгээд үнэнийг номхон хонь шиг огт татгалзалгүй хүлээн авсан даа. Хожим нь нөхрөө, ээжийгээ бас үнэн рүү хөтөлсөн. Тэгэхдээ “Библи сурах гоё юм байна. Библи үргэлжлүүлэн зааж өгч болох уу?” гэж байсан юм. Бурханы үгийг хайрлах, ойр тойрныхондоо үнэнийг бушуухан тараах гэсэн чин сэтгэл нь андашгүй мэдрэгдэж байлаа.
Тэд бүгд л хүлээж байсан юм шиг үнэнийг хүлээж авахыг нь хараад Эхийн айлдсан “Бурхан бэлдчихсэн ерөөл” гэж юу байсныг биеэрээ мэдэрсэн дээ. Биднийг хаашаа ч явсан Бурхан бидэнд ерөөл өгч, зорилго төлөвлөгөөг минь биелүүлж байгааг би одоо мэдэрч байна. Зөвхөн өөрийнхөө л чадварыг хараад айж сүрдэж байснаа бодоод ичих ч шиг.
Ах эгч дүү нартайгаа оргилсон хүсэл тэмүүллээр сайн мэдээ тунхагласаар богино хугацааны тунхаглал маань өөрсдөө ч мэдээгүй байхад дуусчихлаа. 40 хэмийн халуун цаг агаар, Солонгосоос 14 цагийн зөрүүтэй зэрэг нь намайг ядрааж байсан л даа. Гэвч эрхэм нандин олон ухаарал, над мэтийн хүний авах зохисгүй үнэ цэнэтэй ерөөлүүдийнхээ ачаар би хүнд хэцүүг мэдрэлгүй, айж эмээлгүйгээр, баяртайгаар сайн мэдээ тарааж чадсан юм даа.
Их урам өгч зоригжуулж байсан нутгийн ах эгч дүү нартаа дахин баярлалаа гэж хэлмээр байна. Бүтэн сарын турш Аррайжанд бидэнтэй хамт байсан ах эгч дүү нар зай завгүй хуваарьт ажлаа ажралгүй, бүх хүч чадлаараа хамт зүтгэсэн. Хагас дутуу испани хэлнээсээ болоод олигтойхон харилцаж, ярьж ч чадахгүй бидэнтэй хамт байх таагүй л байсан байж таараа. Тэгтэл ах эгч дүү нар маань байнга нүүр дүүрэн инээмсэглэж, бидэнд их санаа тавьж байж билээ. Хүнд хэцүү орчин нөхцөлөө ч үл ажран, өөрсдийгөө сайн мэдээнд баяртайгаар зориулж, авралын зам руу олон сүнс хөтөлсөн ах эгч дүү нар миний сэтгэлийг их огшоосон шүү.
Өөрийнхөө чадварыг түших үед гадаадад тунхаглах гэдэг зүйл надад нэлээн хэцүү санагдаж байсан. Үүний учир нь дэндүү сайхан нөхцөлтэй Солонгос улсад байхдаа ч байнга надад илэрч байдаг миний төрөлхийн хөшүүн зан, хэл соёл нь өөр гадаад оронд бүр ч ил гарна гэж л айсан нь тэр байж. Миний муухан итгэл, муухан испани хэл, сул дорой бие зэргээс болоод нутгийн ах эгч дүү нарт дарамт учрах вий гэж санаа зовж байсан. Тиймдээ ч би ер нь урт хугацааны тунхаглал биш, богино хугацааны тунхаглалд явах хүсэлт өгсөн байх.
Панамд хийсэн хоёр дахь тунхаглалын аян маань сайн мэдээний гол Эзэн Бурхан гэдгийг, Бурханы бэлдсэн ерөөлийн замаар алхах нь тунхаглал гэдгийг биеэрээ ухаарсан цаг мөч байлаа. Одооноос би Бурханыг л түшиж сайн мэдээ тараая гэж нэгэнт шийдээд байгаа. Хаашаа ч явсан зоригтойгоор сайн мэдээ тараах урам зориг сэтгэлд минь дүүрэн байгааг мэдэрч байна.
Панамын сувгийг уул нэвтлэн нүхэлж хийсэн усан зам биш гэдэг. Усан онгоцны зогсоол дээр хөлөг онгоц ирэхэд хөлөг онгоцыг усаар дүүргэх эсвэл усыг нь шавхах замаар дээшлүүлж, доошлуулдаг өргөгч шиг л юм гэнэ лээ. Хөлөг онгоц асар том уул нуруугаар ингэж нэвтлэн өнгөрдөг аж. Том усан онгоц боомтыг дүүргэсэн усан замын дагуу асар том уул нурууг гаталж байж шинэ далайтай нийлдэг байна. Би ч бас айдас түгшүүрийн саадыг Панамд хийсэн сайн мэдээний аянаар дамжуулан Бурханы надад дүүргэж өгсөн урам зориг, итгэл төгс байдлаар даван туулж, ерөөлийн өргөн уудам далайг чиглэн явна. Бурханы бэлдсэн зөгнөлийн давалгаа хуйлран давалгаалахыг би харж байна.