Бурханы замаар явагч зөвт хүмүүс

11,605 үзэлт

Библи нь хүмүүсийг зөвд чиглүүлэхүйд тустай бөгөөд (2Тим 3:16) Бурханы замыг заадаг ном юм. Библийн олон хуудсаар дамжуулан Бурхан бидэнд зөвт болон ёрын муу хүмүүсийн талаар ч харамгүй зааж өгдөг. Библид ёрын муу хүнийг тодорхойлохдоо Бурханаас эмээдэггүй, Бурханы тушаал, зарлиг, хуулийг дуулгавартай дагадаггүй хүмүүс гэсэн байдаг. Бурханыг үгүйсгэсэн ёрын муу хүмүүсийг сүүлчийн өдөр шүүлт болон шийтгэл хүлээж байгаа (2Тес 1:7-9).

Бурхан сүүлчийн Ариун Сүнсний үед энэ дэлхий дээр дахин ирээд Өөрийн замыг биечлэн зааж өгсөн. Ингэснээр ёрын муу хүний байр сууринд байсан хүн төрөлхтнийг нүглээс ангижруулж, зөв амьдрах зам нээсэн. Бурханы заасан замыг дагадаг хэн боловч сүнсний ертөнцөд зөвт гэгдэн хүлээн зөвшөөрөгдөж, аврал авах юм.

Чигч шударга нь түүгээр алхана

Библи нь Бурханы замыг дагасан уу, дагаагүй юү гэдгээр нь зөвт хүн ба ёрын муу хүнийг ялгадаг.

“Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул чигч шударга нь түүгээр алхаж, тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.” Хос 14:9

Бурханы замууд нь зөв тул хэн дуртай нь түүгээр алхаж чадахгүй. Зөвхөн чигч шударга хүн л түүгээр алхаж чадна. Нүгэлтэн буюу хорон муу хүн түүнд бүдэрч, хэзээ ч түүгээр алхаж чадахгүй. Энэ бол Бурханы зам.

Энэ дэлхийд зөвт хүн ганц ч байдаггүй бөгөөд өөрсдийгөө нүгэлгүй гэж хэлдэг хүмүүс бүгд худалч гэж Библид хэлсэн байдаг (Ром 3:10, 1Иох 1:8). Бид нүгэлтнүүдийн хувиар бол хэзээ ч тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй.

“Би та нарт хэлье, та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.” Мат 5:20

Энэ сургаалыг Есүс биечлэн айлдсан бөгөөд зөвт байдал нь тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэхийг маань шийдвэрлэх чухал жишиг болдгийг мэдэж болохоор байна.

Дэлхий дээр Бурханд итгэдэггүй эсвэл Бурханы зарлигийг дагадаггүй олон хүн байдаг. Бурханыг харахад эдгээр хүмүүс ёрын муу хүмүүс юм. Бид ч бас нүгэлтнүүд байсан бөгөөд нэгэн цагт ёрын муу хүмүүсийн ангилалд багтаж байсан. Харин одоо бол Бурханы замыг дагаж байгаа. Бурханы замаар явснаар бид дахин төрж, зөвт хүний эгнээнд багтах болсон шүү дээ.

Бурханы хуулийг хэрэгжүүлдэг зөвт хүмүүс

Урьд нь нүгэлтнүүд байсан бид тэнгэрийн хаанчлалд орохуйц зөвт үйлстэй болсон нь бидний зөвтөөс болсон биш харин Бурханы хууль байсан болохоор л боломжтой болсон хэрэг.

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23

Есүс зөвхөн Бурханы хүслийг үйлддэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орно хэмээгээд ёс бусыг үйлдэгчдэд “Надаас зайл” гэж хатуухан хэлсэн. Энд “ёс бусыг үйлдэгч” гэснийг англи хэлний NIV Библид “хорон мууг үйлддэг хүн (evildoers)” гэсэн байдаг. Энэ нь зөв шударга гэж нэрлэгддэг хүмүүсийн эсрэг илэрхийлэл юм.

Бурхан Өөрийнх нь тогтоол, хуулийг дагаж мөрддөггүй хүмүүсийг “бузар мууг үйлддэг, ёс бусыг үйлддэг” гэсэн байдаг. Тэд хичнээн “Таны нэрээр эш үзүүлж, олон зүйл хийсэн” гэж хэллээ ч тэднийг Өөртэй нь ямар ч хамаагүй ёрын муу хүн гэж үздэг. Харин Өөрийнх нь хүслийг биелүүлдэг хүмүүсийг зөвт гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ ертөнцөд Бурханд итгэдэг хүмүүс ч хүртэл Бурханы тогтоол, зарлиг, хуулийг дагахын оронд дэлхийн хүмүүсийн жишиг, үзэл бодолтой нийцүүлж, муу орчинд автах нь бий.

Гэсэн ч ертөнцтэй найзлах нь Бурханы дайсан болно гэж Бурхан айлдсан байдаг (Иак 4:4). Бид аливаад Бурханыг хэмжүүрээ болгож, Бурханы хүслийг дагаж, Бурханд зөвт, зөв гэж хүлээн зөвшөөрөгдөх ёстой билээ. Одоо хэр нь Бурханы замыг бүрэн дүүрэн дагаж чадаагүй зүйл байгаа эсэх дээр өөрөө өөрийгөө эргэн харж, Бурханы үгийг бүрэн төгс хэрэгжүүлдэг зөвт хүн, тэнгэрийн төгс бүтээл болж өөрчлөгдөх ёстой юм.

“Үнэн зөвийг мэддэг, зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн. Учир нь дээл хувцас мэт, тэднийг хивэн эрвээхэй идэж, ноос мэт, тэднийг өт хорхой иднэ. Харин зөвт байдал минь мөнхөд, аврал минь үеийн үед байна.”” Иса 51:7-8

Үнэн зөвийг мэддэг хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы хууль байдаг. Бурханы хуулийг зүрх сэтгэлдээ нандигнан хэрэгжүүлэгчид нь зөвт гэж нэрлэгддэг Бурханы ард түмэн юм. Эсрэгээрээ Бурханы тогтоол, зарлиг, хуулийг хэрэгжүүлдэггүй хүмүүс нь ёрын муу хүмүүсийн ангилалд багтдаг. Тэд өөрсдийгөө “Эзэн минь, Эзэн минь” гэж Бурханд хичнээн чин сэтгэлээсээ итгэдэг гэх ч тэнгэрийн хаанчлал тэдэнд хэзээ ч зөвшөөрөгдөхгүй юм.

Шинэ гэрээний зам нь нүгэл уучлах амлалтыг агуулдаг

Бурхан Өөрийн хүмүүст сайн, мууг зөв ялгаж салгах боломж олгохын тулд хуулиа өгсөн. Ингэснээр тэд Бурханы зөвт байдлыг хэрэгжүүлдэг зөвт хүмүүсийн ёсоор тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болох юм. Зөвт ганц ч хүнгүй энэ ертөнцөд Бурхан Өөрийн биеэр ирж Өөрийн замыг заана гэж Библид зөгнөсөн байдаг юм.

“Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.” Мик 4:1-2

Эцсийн өдрүүдэд Бурханы замыг сурч, тэрхүү жимээр нь алхах хүмүүс гарч ирнэ гэсэн байна. Тэд бол Хосеа номд зөгнөсөн Бурханы замаар алхдаг чигч шударга хүмүүс биш гэж үү? Бурхан Өөрийн ард түмнийг ёрын муу хүний хүлээснээс ангижруулж, зөвт хүмүүсийн эгнээнд оруулахын тулд “амьдрах зам”-аа заан, хөтөлсөн хэрэг.

Бурханы сургаалд чих тавьж, сургаал үгийг нь даган хэрэгжүүлдэг хүмүүс аврал авах тул Бурхан “аврахын тулд” Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдэд хоёр дахиа үзэгдэнэ гэж айлдсан байдаг (Евр 9:28). Эцсийн өдрүүдэд ирээд Өөрийн биеэр бидэнд зааж буй Бурханы замын талаар тодорхой мэдэж авцгаая.

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”” Иер 31:31-34

Бурхан “шинэ гэрээ” гэх Бурханы хуулиар ард түмнийхээ нүглийг уучилж, нүглийг нь дахин эс санана гэж амласан байна. Шинэ гэрээ нь ёрын муу хүмүүсийн нүглийг устгаж, зөвт хүн болгон дахин төрүүлдэг Бурханы зам юм.

Бурхан ард түмнийхээ зүрх сэтгэлд шинэ гэрээний хууль суулгасан. Нүгэлтэн болсон хүн төрөлхтнийг зөнд нь орхилгүй, тэдний бүх нүглийг цагаатгаж, Бурханы замаар алхдаг зөвт хүн болгон өөрчлөх гэж л шинэ гэрээний үнэнийг тогтоосон юм.

Сүүлчийн шүүлтийн хэм хэмжүүр болох шинэ гэрээний хууль

Өнөө үед олон сүм бий, тэнгисийн эргийн элс мэт олон хүн Бурханд итгэдэг гэдэг ч шинэ гэрээний Алгасал баяр, Амралтын өдөр зэрэг Бурханы тогтоол, зарлиг, хуулийг дагадаггүй. “Чигч шударга хүн л Бурханы замаар алхана” гэсэн Бурханы сургаалаас харвал тэд хараахан зөвт хүний эгнээнд орж чадаагүй байгаа хэрэг. Тиймээс Бурхан зөвт хүн ба ёрын муу хүнийг ялгаж салгах үед тэд ёрын муу хүмүүсийн дунд байх болно.

“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, сэлүүрт завь хийгээд усан онгоц ч түүгээр өнгөрөхгүй. Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. … “Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч эс өгүүлнэ. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно.” Иса 33:20-24

Нүглээ уучлуулсан ард түмний байдаг газар бол Сион. Баяр сахидаг Сионд бидэнтэй хамт байдаг Бурхан бол бидний Шүүгч бөгөөд Хууль тогтоогч мөн. Шүүгч хүн төрийн хууль тогтоомжийг хэм хэмжүүрээ болгон шүүн тасалдаг шиг Бурхан ч мөн Өөрийн тогтоосон шинэ гэрээний хуулиа шүүхийн хэм хэмжүүр болгож, үүгээрээ зөвт болон ёрын муу хүнийг ялгаж салгана. Бурхан биднийг зөвт болгохын тулд тогтоосон хууль буюу шинэ гэрээний зарлигийг дагадаггүйчүүд нь бүгд ёрын муучуулын ангилалд багтаж шүүгдэх нь гарцаагүй.

Хэдийгээр олон хүн сүүлчийн шүүлтийн өдөр байгааг таамаглаж, тэр өдөр тэнгэрийн хаанчлал явахыг хүсдэг ч шинэ гэрээний зарлигийн оронд ёс бусыг дагацгааж байна. Шүүлтийн өдөр ойртож байгааг мэдсэн хэр нь зөвт хүний хэм хэмжүүрт хүрэхгүй, ёрын муучуудын ангилалд багтсан хэвээр.

Үнэний замыг болон шинэ гэрээний хуулийг дагадаг хүмүүс л Бурханы бэлтгэсэн мөнх амийн ерөөл, тэнгэрийн хаанчлалын өвийг өвлөн авна гэж Библид гэрчилдэг.

“Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн зөрчлийг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой.” Евр 9:15

Шинэ гэрээний Зууч болох “Тэр” гэсэн нь Есүс юм. Бурхан Өөрийн биеэр энэ дэлхийд ирээд шинэ гэрээг байгуулсан. Тэрхүү шинэ гэрээгээр нь ёрын муугийн ертөнцөөс ангижирч, сонгогдсон, зөвт хүн гэж дуудагдах хүмүүс л мөнх өвийн амлалт авч өөрөөр хэлбэл тэнгэрийн хаанчлалд орох ерөөл хүртэх юм.

Сайн мэдээ тунхагладаг шинэ гэрээний үйлчлэгч болцгооё

Бид Хоёрдугаар Христ болох Ан Сан Хун Христ, тэнгэр Эхээс шинэ гэрээний үнэний замыг сурч, Бурханы тогтоол, зарлиг, хуулийг хэрэгжүүлж байна. Үүгээр дамжуулан бид Бурханаар зөвтгөгдөн, нүглийн уучлал болон тэнгэрийн хаанчлалын өвийн амлалт хүлээн авсан. Бидний мэргэн ухаан, бидний хүч чадлаар ийм зүйл болсон биш, харин тэнгэр Эцэг Эх маань бидний бүх нүглийг уучилж, зөвт хүн болгон байр суурийг маань өөрчилж өгснийх юм.

Хэрэв бид Бурханы энэ ивээлийг ухаарсан бол Бурханы хүсэл дотор хараахан орж ирээгүй байгаа эргэн тойрны хүмүүстээ аминд хүрэх замыг зааж мэдүүлэх учиртай. Энэ бол Бурханы биднээс хамгийн их хүсдэг зүйл юм.

“Тэр биднийг Шинэ гэрээний үсгийн бус харин Сүнсний үйлчлэгчид байх чадвартай болгосон. Учир нь үсэг хөнөөдөг бол, Сүнс амь өгдөг аж.” 2Кор 3:6

Бурхан бузар муугийн намагт живж байгаа хүмүүсийг аварч мөнхийн тэнгэрийн хаанчлалд оруулахын тулд бидэнд шинэ гэрээний үйлчлэгч болж уйгагүй тунхаглахыг захисан. Есүс сайн мэдээ тараах ажлыг хамгийн ерөөлтэй, утга учиртай ажил гэж үзсэн учраас 2000 жилийн өмнө Өөрөө ч мөн тунхаглахаар энэ дэлхийд ирсэн (Мар 1:38). Энэ цаг үед тэнгэр Эцэг Эх маань ч мөн дэлхий даяар байгаа хүүхдүүдээ шинэ гэрээний үнэн болон зөвт байдлын зам руу хөтөлж байгаа.

“Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна. Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямаршуу байх ёстой вэ? Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, язгуур юмс түймэрт хайлах болно. Харин Түүний амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг бид хүлээн байна.” 2Пет 3:10-13

Шинэ тэнгэр, шинэ газар буюу тэнгэрийн хаанчлал нь зөвт хүмүүсийн оршин суудаг газар. Бурханы товлосон тэр өдөр ёрын муу хүмүүс ял шийтгэл эдэлнэ. Харин зөвт хүмүүсийн хувьд бол үхэл, нулимс, зовлон гэж байхгүй амар амгалан, өдөр бүр баяр хөөр шинээр бүтээгддэг тэнгэрийн хаанчлал тэдэнд нээгдэх юм. Шинэ гэрээний үнэнийг сахин биелүүлснээрээ Бурханы ийм амлалтыг хүлээн авсан бид хичнээн ерөөлтэй улс вэ!

Бурханы замаар өдөр бүр илүү хичээж алхан, Бурханы үнэн зөв дотор амьдрагч зөвт хүмүүсийн хувиар тэнгэрийн хаанчлалд орох учиртай, бид. Мөн дэлхий даяар хорон муучуудын ангилалд хамаарагддаг үй олон хүн байдаг тул Бурханы шүүлт ирэхээс өмнө тэдэнд ч мөн зөвийг үйлдэх боломж олгоцгооё. Сонссон ч, эс сонссон ч Бурханы замыг зааж өгцгөөе. Хүмүүс ёрын муугаас салж, зөвтийн ертөнц рүү эргэн ирж, шүүлтээс ангижран, Бурханы бэлтгэсэн мөнхийн тэнгэрийн хаанчлалын авралыг тэдэнд ч бас эдлүүлэхийн тулд Бурханы зам, шинэ гэрээний сайн мэдээг идэвхтэй тунхаглацгаая.

Хэдийгээр бид энэ ертөнцөд амьдарч байхдаа хүнд хэцүү сорилттой тулгардаг ч Бурханы замаар биднийг авралд хөтөлсөн Елохим Бурханыхаа ивээлд талархахаа мартах ёсгүй. Сионы маань бүх гэр бүл баяртай сэтгэлээр ойр тойрныхоо хүмүүстээ сайн мэдээний баярт мэдээ уйгагүй тунхаглаад шинэ гэрээний үйлчлэгчийн үүргээ бүрэн гүйцэтгэхийг хүсье.