Израильчууд долоон жилийн турш мидианчуудын дарлалд байв. Тэр үед Бурхан зовлон дунд хашхирах тэднийг аврахын төлөө шүүгч сонгохоор тэнгэр элчээ илгээжээ.
Бурханы тэнгэр элчийн ирсэн газар бол Абиезри хүн Иоашийн эзэмшил Офра байв. Тэнгэр элч царс модон доор сууж байтал Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудад ургацаа булаалгахгүйн тулд улаан буудайгаа усан үзмийн шахуурга дотор нууцаар цайруулж байлаа. Бурхан тэнгэр элчээрээ дамжуулан түүнд ийн айлджээ.
“Чи явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байна.”
Бурхан өөрийг нь Израилийн удирдагчаар сонгох болсныг Гидеон ойлгосон ч яах учраа олохгүй байв.
“Эзэн минь ээ, би Израилийг аварч яахан чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассе дотроос хамгийн дорой нь төдийгүй би эцгийнхээ гэрт хамгийн отгон нь шүү дээ” гэсэнд Бурхан түүнд “Би чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохих мэт чи Мидианыг цохино” гэв.
Эцэст нь Гидеон айдсаа ялж, Бурханы тушаасан ёсоор үйлдэв. Ердөө гурван зуухан цэргээр зуун гучин таван мянган Мидианы их цэргийг хүйс тэмтэрсэн нь гайхалтай үйл хэргийн эхлэл байсан юм.
Гидеон Израилийг Мидианы гараас аврах шүүгчээр сонгогдсон ч өөрийгөө дорой нь хэмээн голж, Бурханд тайлбар тавьж байв. Тэрээр мидианчуудаас нуух гэж улаан буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байсан нь, Баалын тахилын ширээг нураа хэмээсэн Бурханы тушаалыг өдрөөр биш, шөнийн цагаар гүйцэтгэж байсан нь, мидианчуудтай дайтаад ялна гэсэн баттай баримт харуулахыг Бурханаас олонтоо гуйж байсан зэрэг нь үнэндээ түүнийг маш их айн сүрдэж байсныг нь илтгэж байна.
Хэрэв Гидеон сул доройгоороо шалтаглан эцсээ хүртэл Бурханы тушаалыг зөрчсөн бол яах байсан бол оо? Гидеон израильчуудыг аварсан шүүгч гэгдэн түүхэнд нэрээ мөнхөлсөн нь айдсаа хаяж Бурханы тусламжинд итгэн, Бурханы үгийг л дагасан учраас ажээ.
Бид ч мөн Бурханы өмнө сул дорой нэгэн юм. Бурхан бидний байдлыг хэн хүнээс илүү сайн мэдэх ч “Би чамайг илгээнэ” хэмээгээд сайн мэдээний үүргийг бидэнд даалгасан.
Итгэлээр айдсаа ялаад, Бурханд л найдацгаая. Өөрийг нь сонгосон Бурханы ивээлд талархдаг, үргэлж Бурханд л найддаг хүнийг урьдаас тогтоогдсон ялалт хүлээж байдаг юм.