Өөрсдийн зам мөрийг хянагтун!

Хаггаи 1-р бүлэг

12,374 үзэлт

МЭӨ 520 он. Вавилоноос чөлөөлөгдсөн израильчууд Персийн хаан Корешийн бүрэн дэмжлэгтэйгээр Иерусалимд буцаж ирснээсээ хойш 16 жил өнгөрчээ. Бурхан эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан израильчуудыг ийн зэмлэв.

“Та нар юу хийж байгаагаа хараач.”

Израильчууд Бурханы өргөөг барих үүрэгтэй байсан ч цаг нь болоогүй гэж бодоод өдөр тутмын амьдралдаа л анхаарцгааж байлаа. Эш үзүүлэгч Хаггаи хийх ёстой ажлаа үл тоомсорлож суусан израильчуудыг сэнхрүүлж ийн хэлэв.

“Та нар яагаад хийсэн бүхэн чинь үр дүнгүй болж, олон зүйл хүсэж байсан ч олж авч чадахгүй байгаагаа бодоорой.”

Израиль ард түмэн Хаггаин үгэнд сэтгэл нь хөдөлж Бурханы өргөө барих ажлаа үргэлжлүүлжээ.

Бурхан израильчуудыг Вавилоны боолчлолоос чөлөөлөхийн тулд Персийн хаан Корешийг сонгосон шалтгаан нь тэднээр Иерусалим өргөөг сэргээн босгуулахын тулд байв. Гэсэн хэдий ч тэд зөвхөн өргөөний суурийг л тавьж, бусад ажил нь эхнээсээ зогсонги байдалд орсон юм.

Самаричуудын саад бэрхшээлээс болж тэд чөлөөлөгдсөнийхөө дараа жил барилгын ажлыг бүрэн зогсоосон аж (Езр 4-р бүлэг). Ард түмэн анхнаасаа л элдэв саадтай тулгарсан тул ариун өргөө барих гэхээсээ өөрсдийн гэр орныг босгох ажилд л илүүтэй анхаарал хандуулсан байна. Гэвч тэд эш үзүүлэгчээр дамжин хэлүүлсэн Бурханы үгийг сонсоод Иудагийн захирагч Зеруббабелын удирдлаган дор Бурханы өргөөг дахин барьж эхэлжээ.

Бурхан сүнслэг Вавилонд олзлогдсон биднийг үнэгүйгээр чөлөөлж, Бурханы зөгнөлийг дагадаг сүнслэг израильчуудын биелүүлэх ёстой ариун үүргийг даатгасан. Энэ бол тэнгэр Иерусалим өргөөг барих. Бид энэ үүрэг даалгаврыг гүйцэтгэх явцад элдэв саад бэрхшээлтэй тулгарч мэднэ. Гэвч нөхцөл байдал таагүй байна гээд гар хумхиад суувал бид хэзээ ч зөгнөлийн гол баатар болж чадахгүй юм. Бурханы бэлдсэн ерөөлийг хүртэх дэлхийн хамгийн гайхамшигтай боломж бидэнд одоо ч байсаар л байна!