Сүнсний аврал, мөнх амийг хай

44,830 үзэлт

Бидний итгэлийн зорилгыг Библид сүнсний аврал гэж мэдүүлдэг (1Пет 1:8). Бурханд итгэдэг хэр нь сүнсний аврал авахгүй бол ёстой л нэг хоосон итгэл болно. Мөн тийм итгэлтэй хүн хамгийн өрөвдөлтэй хүн байх юм. Аврал авч чадахгүй хүний явах газар мөнхийн там гэсэн болохоор авралтай холбоотой асуудлыг бид нухацтай судлах хэрэгтэй.

Юу юунаас илүү бид сүнсний аврал хайрласан Бурханы талаар мэдэх гэж шамдах хэрэгтэй. 2000 жилийн өмнө ч Бурханд итгэдэг гэх олон хүн байсан ч үнэн хэрэгтээ тэд Бурханыг мэддэггүй байв. Тэдний бодож байсан Бурханы төрх болон зөгнөлийн дагуу махан биеэр ирсэн Бурхан буюу Есүс Христийн төрхийн хооронд асар их ялгаа байсан болоод тэр. Өөрийгөө итгэлтэй хүн гээд Библийн зөгнөлд анхаарлаа хандуулахгүй бол яг л эрт үед иудейчүүд өөрсдийг нь аврахаар ирсэн Бурханыг загалмайд яллаж байсан шиг өнөөгийн итгэл сүсэгтнүүд ч хүн төрөлхтний авралын төлөө хоёр дахиа ирсэн Бурханыг мөн л ад үзэх юм.

Аврал Бурханаас л хамаарна. Бурхан аврал өгнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэр нь Бурханы сургаал болох Библийг үгүйсгээд байж болохгүй юм. Бурхан авралтай холбоотой бүх зарчмыг Библи хэмээх номоороо дамжуулан нийтэд ил болгосон юм.

Бурханы гэрчлэлийг авч байж орох тэнгэрийн хаанчлал

Библийн үндсэн агуулга нь сүнсний аврал буюу мөнх амь. Бид Библийг шамдан судалж үзэх ёстойн учир шалтгаан ч үүнд оршдог юм.

“Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над дээр ирэхийг хүсдэггүй.” Иох 5:39-40

Бидний Библиэс хайж олох ёстой зүйл бол мөнх амь. Хүний амьдрал тун богинохон. Энэ ахархан амьдралаа дуусахаар хүмүүн бидэнд Бурханы өмнө зогсохоос өөр сонголт байхгүй. Иймд бид ойртон буй тэнгэрийн хаанчлалыг бодон ирээдүйдээ бэлтгэх ёстой.

Библид зааж өгч байгаа зам бол авралын зам, тэнгэрийн хаанчлал явах зам. Ямар хүн тэнгэрийн хаанчлалд орохыг Библийн гэрчлэлээс олж мэдэцгээе.

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.” Мат 7:21

“Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн тул аврал гэгч асуудалд үнэхээрийн нухацтай хандах хэрэгтэй байх нь. Тэнгэрийн хаанчлал бол тэнгэр дэх Эцэгийн хүслийн дагуу үйлддэг хүмүүсийн л орж чадах газар.

Бид Эцэгийн хүслийг Библиэс л ухаарч авна. Библиэр мэдүүлж байгаа Бурханы хүслийг үйлдэж, тэнгэрийн хаанчлал өөд хөтөлж буй Бурхантай Библиэр л уулзах юм. Библид мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж чадах гэрчлэлийн талаар тайлбарласан байдаг.

“Бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол Бурханы гэрчлэл илүү агуу юм. Энэ бол Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн. Бурханы Хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй нь Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй. Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амь өгсөн бөгөөд энэхүү амь Хүүд нь байна. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.” 1Иох 5:9-12

Бид Бурханы гэрчлэлийг авч тэнгэрийн хаанчлалын хаалганы өмнө хүрч очсон үед Бурхан “Чи Миний ард түмэн” гээд оруулах юм. Гэрчлэл байхгүй хүмүүс нь орж чадахгүйд хүрнэ. Бурханы бидэнд өгсөн гэрчлэл нь мөнх амь гэсэн бөгөөд энэхүү мөнх амь Есүс Христийн дотор бий. Христийн дотор байгаа мөнх амийг бид яаж авахыг, Бурханы Хүүтэй хүн ба Бурханы Хүүгүй хүнийг хэрхэн ялгаж салгахыг олж мэдэцгээе.

“Амийн талх бол Би байгаа юм. … Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. … Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. … Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч нь мөн Надаар амьдарна.” Иох 6:48-57

2000 жилийн өмнө Бурхан махан бие өмсөн энэ газар ирээд мөнх амь авах аргыг Өөрийн биеэр зааж өгсөн. Есүс Өөрийгөө амийн талх гээд, Есүсийг идсэн хүн мөнх амьтай болно хэмээсэн. “Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна” гэсэн үг ба 1Иохан номны “Хүүтэй хүнд амь бий” гэсэн үг нь адилхан юм.

Есүсийн махыг идээгүй, Есүсийн цусыг уугаагүй хүнд мөнх амь байхгүй. Мөнх амь байхгүй бол Бурханы зөвшөөрсөн гэрчлэл ч байхгүй, зүгээр л амаараа “Эзэн минь, Эзэн минь” гэгчдэд хамаарах юм. Тэнгэрийн хаанчлал бол үхэл байхгүй газар болохоор мөнх амь авсан хүмүүс л тэнд амьдарч чадна шүү дээ. Тийм болохоор мөнх амийн амлалт аваагүй хүмүүс тэнгэрийн хаанчлал явж огт чадахгүй. Бурханы гэрчлэл болох мөнх амь авахын төлөө Есүсийн мах, цусыг идэж уух хэрэгтэй.

Мөнх амийн гэрчлэл Алгасал баяр

Тэнгэрийн хаанчлал явъя гэвэл Библид гарч буй Бурханы баттай гэрчлэл хэрэгтэй. Бурхан Есүсийн мах, цусыг идэж уух аргыг ч мөн Библиэр зааж өгсөн юм.

“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-19, 26-28

Шавь нараараа Алгасал баярт бэлдүүлсний дараа Есүс бусдын төлөөх золиосын амьдралынхаа сүүлчийн мөчийг шавь нартайгаа Алгасал баяр тэмдэглэж өнгөрүүлсэн юм. Үнэт мах, цусаа идүүлж уулгах аргыг Алгасал баярын ёслол дотор шингээсэн болохоор Алгасал баяраар хүн төрөлхтөн Есүсийн мах, цусыг идэж уух боломжтой болох юм. Эцэст нь хэлэхэд мөнх амь авхуулах шинэ гэрээний Алгасал баяр нь Бурханы амлалтын дагуу биеллээ олсон гэрчлэлийн дээд гэрчлэл билээ.

Хүний Хүүгийн махыг идэхгүй, Хүний Хүүгийн цусыг уухгүй бол амьгүй гэсэн байхад Алгасал баяр сахиагүй хүн аврал авах уу? Учир битүүлэг, тодорхой бус ийм итгэлтэй байж аврал авсан гэж дэндүү итгээд байж болохгүй шүү дээ. Библиэр баталгаажуулсан авралын гэрчлэл байх ёстой.

“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:7-15, 19-20

Маргааш нь загалмайд өргөгдөх Есүс Алгасал баяраар амийн гэрээ тунхагласан юм. “Алгасал баярын зоог барихыг ихэд хүссэн” хэмээн айлдсан энэ үгэнд нь биднийг аврах гэсэндээ энэлэн шаналах Есүсийн сэтгэл тод илэрч байна.

Алгасал баяр гэдэг үнэнээр дамжуулан бид Есүсийн мах, цусаар дахин бүтээгдэж гэмээнэ мөнх амь авч, улмаар тэнгэрийн хаанчлалд орох юм. Ийм л учраас Есүс шавь нартайгаа Алгасал баярын зоог барихыг тэгтлээ их хүссэн ажээ. Мах, цусаараа байгуулсан шинэ гэрээнд нь нүгэлтэн болсон хүн төрөлхтөн биднийг аварч, тэнгэрийн хаанчлал руу дагуулах гэсэн Есүсийн чинхүү сэтгэл шингэсэн байгаа.

Шинэ гэрээ сахидаг хүмүүс “Миний ард түмэн” болно

Элч нар Есүсийн биечлэн тогтоосон шинэ гэрээний Алгасал баярыг мөн эрхэмлэн сахисан байдаг. Ингэж шинэ гэрээний үнэнийг итгэлээр сахин үйлддэг хүмүүс л мөнхийн тэнгэрийн хаанчлалд орно гэдгийг Бурхан аль эрт Иеремиа номд ийн онцолж байж.

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.” Иер 31:31-33

Бурхан шинэ гэрээ тунхаглаж, шинэ гэрээний хуулийг зүрхэн дээрээ бичсэн хүмүүсийн Бурхан болно хэмээжээ. Нэг үгээр хэлэхэд шинэ гэрээний үнэн дотор байгаа ард түмний Бурхан болно гэсэн үг болохоос зүгээр л амаараа “Эзэн минь, Эзэн минь” гэсэн хүмүүсийн Бурхан болно гээгүй юм.

Тэнгэрийн хаанчлалын хаалга Эцэгийн хүслийн дагуу үйлддэг хүмүүст нээгдэх юм. Есүсийн мах, цусыг идэж уухгүй бол амь байхгүй хэмээн Бурхан тодорхой айлдсан байхад Бурханы үгнээс тэс өөрөөр ярьж, идэж уухгүй байсан ч мөнх амь авна гэсэн ойлголт бий болгоод олон түмнийг хөтлөн дагуулбал тэр нь тэнгэрийн хаанчлалын хаалгыг хааж байгаа хэрэг болох төдийгүй бусдын сүнсийг хүртэл там руу чирч буй туйлын аюултай хэрэг болох юм. Тийм хүмүүсийг тэнгэрийн хаанчлалын хаалгаар орохыг хориглоно. Тиймээс Эзэний нэрээр эш үзүүлж, чөтгөр хөөж, олон гайхамшиг үзүүлсэн ч Есүс “Би та нарыг танихгүй” гэж хариулах болно (Мат 7:21-23).

Бурханы гэрчлэл нь мөнх амь, энэхүү мөнх амийг шинэ гэрээний Алгасал баяраар өгнө хэмээсэн. Бурхан шинэ гэрээний үнэний хууль зүрхэн дээр нь байна уу, үгүй юү гэдгийн дагуу Бурханы ард түмэн ба Бурханы бус ард түмнийг ялгаж салгана. Шинэ гэрээн дотор байгчид нь Бурханы ард түмэн. Бурхан шинэ гэрээ сахидаг хүмүүсийн Бурхан нь болох юм.

Хүний хэм хэмжүүрээр Бурханыг хараад байж болохгүй. Бурханд хичээнгүйлэн итгэдэг гэж өөрсдөөрөө бахархагчид махан бие өмсөн энэ газарт ирсэн Бурханд итгэхгүй гээд загалмайд цовдолсон өнгөрсөн үеийн түүх энэ цаг үед амьдарч байгаа бидэнд толины тусгалын үүрэг гүйцэтгэж байна. Сүнслэг зүйлсийг сүнслэг зүйлээр нь ялгаж салгах ёстой (1Кор 2:13). Бурхан бол Сүнс гэсэн тул Бурханы сүнслэг үг болох Библиэр л үнэн Бурханыг сая нэг олж илрүүлэх юм.

Сүүлчийн үед аврал авахын тулд Алгасал баяр сахих ёстой

Бид сүнсний аврал болон мөнх амийг хайх ёстой. Мөнх амийг хайх аваас Сионд оршигч Бурхантай уулзахгүй гэж үү? Библид шинэ гэрээний Алгасал баярын үнэнээр үндэстэн ард түмэнд мөнх амийг зөвшөөрсөн Нэгэн бол бидний Бурхан гэдгийг зааж өгч байна.

“Түг түмдийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх ард түмэнд хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. Энэ уулан дээр Тэр ард түмний нүүрний халхавч, бүх үндэстний дээгүүр татсан бүтээлгийг залгина. Тэр, үхлийг мөнхөд залгина. … Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.” Иса 25:6-9

Үхлийг мөнхөд залгина гэдгийг өөр үгээр илэрхийлбэл “мөнх амь” юм. Үхлийг устгах дарс гэхээр Христийн цусаараа гэрээлсэн Алгасал баярын усан үзмийн дарс шүү дээ. “Урт удаан хугацаанд Алгасал баярыг сахиагүй” гэсэн утгаар “хуучин дарс” хэмээн тайлбарласан хэрэг.

Есүсийн тогтоосон шинэ гэрээний Алгасал баярыг элч нарын ачаар уламжлуулан сахиж ирсэн ч элч нарын сүүлч үеэс эхлэн энэхүү амийн үнэнийг дайсан диавол сүйтгэж эхэлсэн юм. Энэ талаар Даниел эш үзүүлэгч, Паул элч нар Библид хэдийн зөгнөж байжээ. 325 онд Алгасал баяр Никеагийн шашны хурлаар албан ёсоор устгагдсан юм. Бурханы тогтоосон хуулийг устгаж, хүний хүслийг оронд нь оруулж ирсэн хэрэг л дээ.

Библид Алгасал баярын хуучин дарсаар үхлийг залгиж, мөнх амь өгөх Нэгэн бол бидний хүлээж байсан Бурхан юм шүү хэмээн зөгнөжээ. Бид шинэ гэрээний Алгасал баяраар мөнх амь өгөх Бурханд авралаа даатгах хэрэгтэй.

“Агшин зуурын сонголт 10 жилийг шийдвэрлэнэ” гэсэн нэгэн зар сурталчилгааны үг бий. Үүн шиг агшин зуурын сонголт өнө мөнхийг шийдвэрлэх юм. Бурханы гэрчлэл байхгүй байж аврал авна гэдэг хүмүүсийн хий хоосон үзэл санаанд хууртах биш, Библиэр дамжуулан Бурханы зааж ухааруулсан зүйл юу вэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Бурханы үгээр баттай гэрчлэл авч, Бурханы өгсөн гэрчлэлээр авралын тал дээр баттай амлалт авах хэрэгтэй. Библи нь Бурханы үг бөгөөд түүн дотор авралын зам, тэнгэрийн хаанчлалын зам байгаад туйлаас итгэх хэрэгтэй.

Махан биеийн нүдээр харж чадахгүй ертөнцийг харуулж өгдөг микроскоп, телескоп шиг Бурханы үг нь сүнслэг ертөнцийг харахуйцаар бидний сүнсний нүдийг нээж өгөх үүрэгтэй. Сионы ах эгч дүү нар аа, Библиэр тэнгэрийн хаанчлалыг ч харж, Бурханыг ч ухаарч, мөнх амийг ч аваарай.

Шинэ гэрээний Алгасал баяр сахидаггүй газарт Бурхан ч оршдоггүй, аврал ч байхгүй. Шинэ гэрээ сахигчдад мөнх амь өгнө гэсэн Бурханы амлалт байсаар байхад тэрхүү амлалтыг хүний тайлбараар мушгин гуйвуулж, гажуудуулж яасан ч болохгүй. Шинэ гэрээний Алгасал баяр сахидаг Сионд тэнгэр Эцэг тэнгэр Эхтэйгээ уулзаж, мөнх амийн Алгасал баяраар бидэнд мөнх амь өгсөн Бурханыг үүрд мөнхөд магтан дуулж, тэнгэрийн хаанчлалын авралд хүрэхийг Сионы бүх гэр бүлээсээ хүсэх байна.