Бурханы удирдамж

18,814 үзэлт

Өдөр ирэх тусам бидний тэнгэр нутагтаа явах өдөр ойртож байна. Сионы ах дүү, эгч дүү нар нэг хүсэл эрмэлзлээр, Бурханы сэтгэлээр хичээнгүйлэн тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тараахыг харахад бид Бурханы хайран дотор шинэ бүтээл болохоор бүтээгдэж байгаагаа мэдэрдэг. Бидэнд эцсийн өдрүүдэд эш үзүүлэгчийн үүрэг өгөгдсөн. Тиймээс бид эрин ба үеүдээс нууцлагдаж ирсэн нууц Христийг ухаарч, гэрэл байхгүй энэ харанхуй ертөнцөд Христийг болон Бурханы хаанчлалын сайн мэдээг хичээнгүйлэн тунхаглах ёстой.

Авралын төлөөх Бурханы удирдамж

Бид бүхэн тэнгэрийн хаанчлал байдагт итгэдэг. Тэгвэл яагаад тэнгэрийн хаанчлал оршдог юм бол? Энэ талаар бид жаахан гүн бодож үзвэл Бурхан аврал өвлөн авах хүмүүсийн төлөө тэнгэрийн хаанчлалыг бүтээсэн гэдгийг ойлгоно. Тэгвэл аврагдах хүмүүсийг тэнгэрийн хаанчлал өөд хөтлөх хүртэл Бурханы гүйцэлдүүлж байгаа сайн мэдээний удирдлага зайлшгүй бий. Удирдлага болон төлөвлөгөөгүйгээр, төлөвлөсний дагуу хийхгүйгээр ивээлтэй үр дүн гарна гэж хэзээ ч үгүй.

Энэ дэлхий дээр ч бизнесменүүд компаниа удирдах, эрдэмтэд эрдмийн хүрээлэнг удирдах, ерөнхийлөгчид улс орноо удирдах гэх мэт олон удирдлага байдаг. Тэд газар дээрх юмсыг удирдан зохион байгуулдаг ч амжилт олохоосоо олохгүй нь их. Харин эхлэлээс төгсгөлийг тунхагласан төгс хүчит Бурханы удирдлага хэзээ ч бүтэлгүйтдэггүй бөгөөд амжилт нь улам бүр батаждаг. Энэ нь бид яагаад бүх зүрх сэтгэлээрээ тэнгэрийн хаанчлалын төлөө хүчлэх хэрэгтэйг харуулж байна.

Энэ нь бид яагаад бүх зүрх сэтгэлээрээ тэнгэрийн хаанчлалын төлөө хүчлэх хэрэгтэйг харуулж байна. Энэ дэлхийд олон хүн баталгаагүй, бүрхэг төлөвлөгөөнийхөө төлөө бүх насаа зориулдаг. Харин Бүтээгч Бурханы удирдлаганд байдаг хүмүүсийн баталгаат ерөөлтэй харьцуулахад тэдний ерөөл юу ч биш юм.

Бурхан тэнгэрийн хаанчлалыг байгуулж, тэнд амьдрах ард түмний төлөөх авралын үйл хэрэг болох сайн мэдээний түүхийг удирдсаар л байна. Бид Бурханы удирдлаган дор сайн мэдээний үнэнийг хараахан сонсоогүй хүмүүст сайн мэдээ хичээнгүйлэн тунхаглаж байна. Бид Бурханы удирдлага хэзээ ч нурж унахгүй гэдэгт баттай итгэдэг. Бурханы удирдлаганд баттай итгэдэг учраас хүнд нөхцөлд ч сайн мэдээг хүчтэйгээр тарааж, итгэлээ хадан дээр суурилуулж байдаг юм.

Бурхан тэнгэрийн хаанчлалыг байгуулж, Өөрийн хүүхдүүдийг цуглуулах авралын үйл хэргээ удирдахын зэрэгцээ биднээс юу хүсэж байгааг Библиэс харцгаая.

“—Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл. Би буруутад… амьд байхын төлөө буруу замаасаа эргэхийг нь түүнд сэрэмжлүүлж хэлэхгүй аваас тэрхүү буруут нь хилэнц дотроо үхэх болно. Харин түүний цусыг Би чиний гараас нэхнэ. Гэвч чи буруутад сэрэмжлүүлсэн ч тэрээр гэм буруугаасаа, буруу замаасаа эргэхгүй аваас тэрээр хилэнц дотроо үхэх болно. Харин чи амиа аварсан билээ.” Езе 3:17-19

Бурхан биднийг харуулаар томилсон хэмээн айлдсан. Бид Бурханы өмнөөс сэрэмжлүүлсэн ч хүмүүс гэмшихгүй байвал Бурхан биднийг тэдгээр хүмүүсийн үхэлд буруугүй гэж айлдсан. Харин бид Бурханы өмнөөс сэрэмжлүүлэлгүй, тэд сүйрлийн замд орвол тэдний цусыг бидний гараас нэхнэ хэмээсэн.

Бид Бурханы удирдлаганд баттай итгэвэл бидэнд айх зүйл үгүй. “Амьдрал бол ганц шөнийн зүүд” гэсэн хэлц үгт гардаг шиг бидний амьдарч байгаа энэ ертөнц түр зуурынх юм. Мөнхийн сүнсний ертөнцтэй харьцуулбал агшин зуурын зүүднээс хэтрэхгүй бөгөөд бидний очих тэнгэрийн хаанчлалд жинхэнэ бодит амьдрал бий билээ.

Зүүд гэгч хий хоосон зүйл. Зүүдэндээ их идлээ гээд цадах уу? Эсвэл цангасан үедээ ханатлаа ус ууж байна гээд цангаа чинь тайлагдах уу? Үгүй. Гэтэл олон хүн утгагүй хоосон амьдарч байгаа хэр нь энэ ертөнцийг бодит хэмээн боддог. Бодитой нь сүнсний ертөнц юм. Энэ хоосон ертөнцөөс айдаг мунхаг хүн болж болохгүй.

Бид Бурханыг төлөөлөх тэнгэрийн элчин сайдын үүрэг гүйцэтгэж байна. Сайн мэдээний ажил нь Бурханы ажил болохыг ухаарах хэрэгтэй. Энэ нь баттай биелэх ариун амлалт бөгөөд Бурханы удирдлага хэзээ ч нурахгүй.

Бүтэлгүйтэхээсээ айгаад байдаг хүмүүс тэр ёсоор болдог. Харин зориг зүрхтэйгээр нүүр тулдаг хүмүүс бүтэлгүйтнэ гэж байхгүй. Ямар нэгэн зүйл хийхдээ Бурханд баттай итгэвэл хэдий бид ярих чадвар болон арга техникээр дутуу дулимаг байсан ч Бурхан бидэнд гайхалтай үр дүн үзүүлэх юм.

Бид яагаад тэнгэрээс хөөгдөн нүгэлт энэ газар ирсэн билээ? Тэнгэрт байхдаа бидэнд Бурханд итгэх төгс итгэл байгаагүй учраас Үүрийн хүү гялбаат цолмоны заль мэхэнд унаж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Бурхан цаашид нүгэл гэж байхгүй тэнгэрийн орныг бүтээхийн төлөө Өөрт нь баттай итгэхийг биднээс хүсдэг юм.

Бурханы удирдамжинд итгэж, дагацгаая

Бидэнд Хургыг хаашаа ч явсан эцсээ хүртэл дагах баттай итгэл байх хэрэгтэй юм. Энэ бүрэн дүүрэн итгэл нь дэлхийгээс худалдан авагдах зуун дөчин дөрвөн мянгын нэгэн гол онцлог юм. Бурханд туйлаас итгэж түшвэл бидний сайн мэдээний амьдрал үнэхээр ивээлтэй болж, санасан бүхэн маань сэтгэлчлэн бүтнэ.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Есүст тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл өгөгдсөн тул Тэр энэ эрх мэдлээ хэнд ч, хэдийд ч өгч чадах юм. Тэр одоо “Бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс яв, Миний өмнөөс очоод тэднийг сэрэмжлүүл” хэмээн бидэнд захисан билээ. Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг авсан Бурхан Өөрөө бүгдийг хийж чадах байтал яагаад заавал биднээр дамжуулан зорилгоо хэрэгжүүлэхийг хүссэн юм бол? Бидэнд итгэл хуримтлуулах боломж олгохын төлөө юм.

Бурхан бидэнд “Бүх үндэстнийг дагалдуулан, сахин биелүүлэхийг тэдэнд заа” хэмээн айлдсан тул бид Түүний үгийг дагавал болох нь тэр. Нэг шөнийн зүүд мэт ертөнцөд тулгардаг хавчлага саад, сорилтоос бүү эмээ. Мөнхийн тэнгэрийн хаанчлал бол жинхэнэ бодит ертөнц гэсэн бат итгэлтэй байхад айх зүйл гарна гэж үү?

Паул элч шалавхан махан биеийн асрыг тайлж, Христтэй хамт байх нь дээр гэж хэлж байжээ. Гэвч түүний энэ дэлхийд үлдсэн учир нь сүнсээр сэрж чадахгүй хүмүүс олон байгаа учир тэдний тусын тулд гэсэн. Тэрээр энэ газар нь зүүд, Бурхантай хамт амьдрах мөнхийн тэнгэрийн хаанчлал нь бодит ертөнц гэдгийг маш сайн мэдэж байсан тул нутагтаа хурдан буцахыг хүсэж байсан юм. Харин энэ нүгэлт дэлхийд хоньчингүй хонин сүрэг мэт тарж бутарсан Бурханы ард түмнийг өрөвдөн, энэ ертөнцийг сэрээх харуулын үүргээ гүйцэтгэх гэж хүнд хэцүүгээс тэр татгалзаагүй.

Бидний хийж байгаа сайн мэдээний энэ ажил нь амархан биелэх ажил биш. Ертөнцийг сэрэмжлүүлэх явцад бидэнд хавчлага басамжлал, доог тохуунд өртөх, зарим үед бидний итгэлийг эвдэхийг хүсдэг хүмүүсээс эсэргүүцэл, саад бэрхшээлтэй тулгарч ч болох юм. Гэвч бид одоо хийж байгаа сайн мэдээний ажлаа буюу Бурханы өмнөөс хүмүүсийг сэрэмжлүүлэх үүргээ мартаж болохгүй. Бурханы сэтгэлийг тээн дэлхийн бүх хүнд хайр болон авралын сайн мэдээ, амар тайвны сайн мэдээг тунхаглах ёстой.

Бурхан энэ газарт алдагдсаныг хайж ирсэн билээ. Тэрээр энэ дэлхийг өрөвдөн үзэж, хүн төрөлхтнийг аврахаар төлөвлөсөн юм. Библид биднийг Бурханы бодолтой бай хэмээн айлдсан болохоор бид ч мөн энэ ертөнцийг өрөвдөн харах нигүүлслийн харцтай байх ёстой. Ертөнцийг энэрдэг ийм харц бий болно гэдэг нь итгэлээр өссөн гэсэн утга болно. Бид ертөнцийг илүү уужим сэтгэлээр харж байж л тэднийг өрөвдөн үзэх ба Христийг төлөөлж ажилладаг элчин сайдын хувьд сая нэг сайн мэдээний ажлыг ивээлтэйгээр гүйцэтгэж чадна.

Бурхан Өөрийг нь орлон ажилладаг хүнд үргэлж тусалдаг.

“Би чамайг дэлхийн хязгаараас авч, өнцөг булангуудаас дуудаж, чамд хэлэхдээ «Чи Миний боол. Би чамайг сонгосон бөгөөд чамайг голоогүй. Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална. Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ» …” Иса 41:9-13

Дээрх ишлэл нь бид юу ч хийхгүй байсан ч Бурхан тусална гэсэн үг биш. Бид сайн мэдээний ажлыг хийхэд, Бурханы өмнөөс ертөнцийн хүмүүсийг сэхээрүүлэхэд, дэмий хоосноос гарч жинхэнэ үнэн рүү ирээрэй гэж сургахад, амаа нээн Бурханы хүслийг дамжуулахад Тэрээр бидэнтэй хамт байж тусална. Мөн Түүний төлөвлөгөөг биелүүлнэ.

Бидний эсрэг ярьдаг хүмүүсийн хувь заяа ч Библид бичигдсэн юм. Тэгвэл бид юунаас айна гэж? Өвс ногоо мэт хүмүүсээс айх уу? Бид Бурханы “Чамд хилэгнэн дүрэлзсэн бүхэн ичиж, гутамшиг болно. Тэд юу ч биш болж, чамтай маргалдагчид сөнөнө” гэсэн үгэнд итгэдэг.

Хэдий бид дутуу дулимаг мэдлэгтэй ч Бурхан бидэнд тусалж, Бурханы Сүнс бидэнд мэргэн ухаан, мэдлэгийг өгч, бурууг засаж залруулж, зөвийг өгүүлэхэд тусалж өгнө. Тиймээс бид санаа зовох зүйлгүй.

Авралд хүрэх зам амаргүй. Мэдээж хатуу шийдвэр хэрэгтэй байдаг. Тийм боловч Бурхан байнга тусалдаг юм.

Өөрсдийн хүч чадвараар шийдвэрлэж чадахгүй зүйл тулгарахад бид Бурханы тусламжийн мутрыг мэдэрдэг. Сайн мэдээний ажил бидний чадвараар хийгддэг биш билээ. Бурханы тусламжгүйгээр хийгдэх боломжгүй. Тиймээс Бурхан Өөрөө бидэнд тусалж байдаг юм. Үүнд итгэцгээе.

Биднийг хавчин доромжилдог ертөнцөөс айж эмээлгүй, харин ч тэднийг өрөвдөн нигүүлсэж, ертөнцийг сэрээх үед л сая нэг сайн мэдээг Христтэй адил тунхаглаж чадна гэдгийг санах хэрэгтэй.

“Түг түмдийн ЭЗЭН тангараглан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ.” Иса 14:24

Бурхан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ” хэмээсэн нь Түүний удирдлага гарцаагүй амжилттай болно гэдгийг онцгойлсон юм.

Бурханы удирдах сүүлчийн сайн мэдээний түүх

Бурхан Өөрийн төлөвлөсөн сайн мэдээний ажлынхаа хаалтын ёслолыг хэрхэн хийхийг олж мэдэцгээе.

“Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. … зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. … Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. …” Илч 14:1-5

Энэ газарт сайн мэдээний ажил дуусах үед Хургыг хаашаа ч явсан дагадаг, дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянга шинэ тэнгэр, шинэ газарт орно хэмээн Бурхан айлдсан юм. “Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс” хэмээсэн нь тэд Христэд бат итгэдэг гэсэн утгатай юм. Учир нь бат итгэлгүйгээр Христийг хаашаа ч хөтөлсөн дагаж чадахгүй юм.

Зуун дөчин дөрвөн мянга нь Бурханы хууль тушаалыг дагаж, Христэд итгэх итгэлээ сахигчид юм. Тэд үнэхээр бахархууштай. Тэрээр төлөвлөсөн бүх ажлаа биелүүлнэ гэж 2000 жилийн өмнө Библид аль хэдийнээ тэмдэглэсэн. Зуун дөчин дөрвөн мянга удахгүй үхэл, гашуудал, уйлах гэж байхгүй мөнхийн баяр баясгалан, аз жаргал бялхсан шинэ тэнгэр, шинэ газрын иргэний хувиар Бурхантай хамт сүр жавхлант ертөнцөд үеийн үед амьдрах билээ.

Бурханы төлөвлөгөө заавал биелнэ гэсэн үгийг оюун ухаандаа шингээж, эргэн тойрны орчин нөхцөл, ертөнцийн хүмүүсээс айдгаа таягдан хаяцгаая. Бурхан үргэлж “Итгэлийн чинь дагуу болно” гэдэг. Ертөнцөөс айж сүрдэн, сайн мэдээ тунхаглахаас хойш суувал бид золгүй болох бөгөөд айж эмээх зүйл л гарч ирээд байна.

Бид л сайн мэдээ тараахгүй бол там руу явчих тэдгээр сүнснүүдийг өрөвдөөд, яавал үнэний зөв үг тунхаглан, үнэнийг зааж тэнгэрийн хаанчлалд хөтлөх вэ гэсэн ивээлтэй, зоригтой итгэлээр чин сэтгэлээсээ залбиран сайн мэдээг хүчтэйгээр тунхаглах хэрэгтэй. Бид тийм сэтгэлээр тарааж байж л сая нэг Бурханы үнэн рүү нэг сүнсийг хөтөлж чадах бөгөөд Бурханы авралын төлөвлөгөө биелнэ.

“Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. Эзэн Би цагт нь яаравчлуулах болно” гэж айлдсанчлан Бурханы удирдлага гүйцэлдэж дуусах өдөр ойрхон ирж байна. Бурхан бидэнд Хургыг хаашаа ч явсан дагадаг итгэл суулгахын тулд өдөр бүр алтыг цэвэршүүлдэг шиг биднийг цэвэршүүлж байна.

“Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна” (Мар 13:13) гэж бичигдсэнчлэн бид Христийн нэрнээс болж үзэн ядагдах нь аврал авах ард түмний хувьд мэдээжийн хэрэг билээ. Бид ямар нэг зүйл буруу хийснээс биш, ямар ч шалтгаангүйгээр үзэн ядагдахыг Бурхан айлдсан. Тиймээс энэ ертөнцийн хүмүүс биднийг үзэн ядсан ч бид үүнийг Бурханы үг биелж буй явц гэж ойлгоод, итгэлээ батжуулж, сайн мэдээ тунхаглахад л шамдах хэрэгтэй.

Ертөнц үзэн ядаж, хавчиж, саад хийн, нүд үзүүрлэн ташуурдсан ч Бурханы төлөвлөгөө эцэст нь биелнэ. Зайлшгүй хэрэгжинэ. Бурханд итгэдэггүй хүмүүсийн хувьд Сатаны хавчлага саад болон зовлон бэрхшээл том харагдаж, эсрэгээрээ Бурханы сүм маш өчүүхэн, сул дорой мэт харагдаж, магадгүй Бурханы сүм удахгүй нурна гэж бодож мэдэх юм. Харин энэ нь Бурханд итгэдэггүй, ирээдүйд юу болохыг мэддэггүй хүний л бодол. Бурханы төлөвлөгөөний дагуу Өөрийнх нь байгуулсан Бурханы сүм хэзээ ч нурахгүй.

“Одоо би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаа, тэднийг орхи. Учир нь энэхүү зорилго, үйлс хүнээс эхтэй бол нурж унах болно. Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу…” Үйл 5:38-39

Бидний тарааж байгаа сайн мэдээ хэрэв Бурханаас эхтэй биш байсан бол аль эрт нурах байсан. Харин ертөнцөөс ямар ч дарамт хавчлага ирсэн хэрэв манай үнэн Бурханаас эхтэй бол хэзээ ч нурж унахгүй юм. Бид Бурханы өмнөөс сайн мэдээ тараах үүрэг хүлээсэн. Энэ бол Тэрээр энэ газар хүртэл ирээд харанхуйд нуугдсан юмсыг илчлэн байж тогтоосон Бурханы үнэний үг юм. Тиймээс энэ нь хэзээ ч нурахгүй.

Бидний үүрэг ч Бурханаас ирсэн болохоор үүнээс илүү ивээлтэй, ариун үүрэг гэж юу байх сан билээ? Бидэнд итгэл хүлээлгэн энэхүү эрхэм үүргийг өгсөн Бурхандаа талархаж, ийм үүрэг авснаараа бахархах ёстой.

Эцэг Бурхан нэгэнтээ “Ертөнцийн хүмүүс надад атаархаагүй болохоор би ч бас тэдэнд атаархахгүй” хэмээн айлдаж байсан юм.

Үнэндээ ертөнцийн хүмүүс бидэнд атаархдаггүй. Тэд энэ нийгэмд өндөр байр суурь эзэлсэн хүмүүст атаархдаг хэдий ч хамгийн эрхэм байр суурь бүхий тэнгэрийн орны элчин сайд болсон бидэнд атаархдаггүй билээ. Бид Бурханы сайн мэдээг тараах хамгийн эрхэм үүрэг хүлээн авсан хүмүүс. Энэ үүргээ гүйцээн, бид тэнгэрийн хаанчлалд орно. Тиймээс бид энэ ертөнцийн юунд атаархана гэж? Биднийг Өөрийн удирдлаган дороо дуудаж өгсөн Бурхандаа баяр баясгалан өргөхийн тулд Түүний даалгасан харуулын үүргийг сайн биелүүлж, “Миний хүүхдүүд үнэхээр сайн байна” гэж хэлүүлэх тэр өдрийг хүсэн эрмэлзэж, итгэмжтэй ажиллах ёстой.

Илчлэл 2-р бүлэгт Бурхан биднийг “Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би амийн титэм өгнө” хэмээн айлдсан. Үүнийг үл хайхран үхэл хүртэл итгэмжтэй байж чадахгүй бол бид юунд найдах билээ? Харин Бурханы үгнээс ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй биелнэ хэмээсэн. Тиймээс л Бурхан бидэнд үхэл хүртэл итгэмжтэй бай хэмээн захисан хэрэг. Хэзээ ч нурж унахгүй Бурханы удирдамж болон төлөвлөгөөнд бид бүх зүрх, оюун ухаанаа хандуулах хэрэгтэй.

Бидэнд шинэ гэрээний үйлчлэгч гэсэн томоос том яруу алдрын үүргийг өгч, Бурханы сайн мэдээний удирдлага дотор оролцох хүүхдээр сонгож өгсөн Бурхандаа үнэн талархал өргөе. Цаашид сайн мэдээний ажлаар дамжуулан сүнслэг арвин их үр ашиг олцгооё.

Сионы хүүхдүүд бид Бурханы товлосон тэр өдрийг хүртэл сайн мэдээгээр Бурханы төлөвлөсөн үйл хэрэгт болон Христтэй хамт зовлонд баяртайгаар оролцон, Христтэй хамтран өвлөгчид ба хам бие болоод, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох амлалтын хамаатан заавал болцгооё.