WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эхийн бие дэх амийн ус-амнион шингэн

83 Үзсэн тоо
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Нэгэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн сурталчилгаагаар усанд сэлж буй нярай гардаг. Толгойгоо ч даахгүй шинэ төрсөн нярай усанд сэлж байгааг хараад ихэнх хүмүүс үүнийг зураг авалтын тавилт гэж бодож байсан.

Гайхалтай нь энэ үзэгдэл бол тавилт биш, бодит юм. Усан дотор нярай хүүхэд айх гэхээсээ илүү харин ч тухтай байдаг. Шинээр төрсөн нярай бүр ч дуртай байдаг байна. Тэд усан дотор тайван гэгч нь сэлж, нүдээ ч нээж чаддаг. Живлээ гэхэд бүр самардаж сэлнэ гээч. Ийм юм яаж байж болох вэ? Учир нь тэд ээжийнхээ хэвлий дэх амнион шингэн хэмээх усан дотор бүхэл бүтэн есөн сарын турш амьдарч байснаа санаж байгаа хэрэг. Гэхдээ төрснөөсөө хойш гурван сарын дараа бол мартдаг байна.

Есөн сарын турш ургийг бүрхэж хүрээлж байдаг амнион шингэн зүгээр ч нэг энгийн ус биш ээ. Энэхүү шингэн бол эхийн тэврэлтийн үүрэг гүйцэтгэдэг өлгийтэй адилхан юм. Юуны өмнө амнион шингэн нь ургийг гадны нөлөөнөөс зөөлөн дэр шиг хамгаалдаг. Жишээ нь эхийн гэдсийг гэнэт түлхэж эсвэл ямар нэгэн хүчээр цохиход уг шингэн доргилтыг шингээж, урагт шууд нөлөө үзүүлэхгүй. Түүнчлэн амнион шингэн нь хүйг ургийн биеэс хол байлгадаг. Хэрэв нярайн биеийг хүй ороовол энэ нь нярайн цусны эргэлт болон бие бялдрын хөгжилд нь саад учруулж болзошгүй төдийгүй бүр муу нь хүзүүг нь хүй ороочихвол үхэлд ч хүргэж болзошгүй шүү дээ. Цаашилбал амнион шингэн нь үр хөврөлийг нян бактераас хамгаалдаг. Амнион шингэнийг бүрхсэн амнион нь үр хөврөлийг нянгийн халдлагаас хамгаалдаг тул ураг яг л ариутгаж халдваргүйжүүлсэн био өрөөнд байгаатай л адил юм.

Амнион шингэн нь эх болон эхтэйгээ хүйн холбоотой байдаг ураг хоёрын хоорондын зайг дүүргэж байдаг тул эх үрийн холбоо болж байдаг гэхэд болно. Эхийн биеийн дулаанаар халж байдаг амнион шингэн нярайг бүрхэн, температурыг тогтвортой хэмд байлгадаг. Нэг ёсондоо дулаанаа хянах чадваргүй урагт эхийн дулааныг дамжуулж өгдөг юм. Ус нь өндөр хувийн дулаантай учраас температур нь бараг өөрчлөгддөггүй тул уг шингэн ээжийнх шиг нь дулааныг хадгалж байдаг аж.

Амнион шингэний урагт дамжуулж өгдөг бас нэгэн зүйл бий. Тэр бол дуу чимээ. Уйлж байгаа хүүхдийг тайвшруулах аргын тухайд “цагаан чимээ” (дууны давтамж эсвэл зөөлөн исгэрэх мэт сонсогддог дохио) болон тоос сорогчны дуунаас илүү сайн зүйл байхгүй. Яагаад гэж гайхаж магадгүй ч шалтгаан нь тун энгийн. Учир нь ийм дуу чимээ нь ургийн хэвлийд байхдаа сонссон дуу чимээтэй төстэй байдаг. Хүүхэд танил дуу чимээгээ сонсоод тайвширдаг байна. Амнион шингэнээр дамжин сонсогдох дуу чимээ нь ихэнхдээ жигд бус байдаг байна. Ураг эхийн хэвлийн гаднаас сонсогддог дуу чимээн дундаас ээжийнхээ гэдсээ илэх чимээ юм уу аавынх нь дуу хоолойтой адилхан намуухан дууг голдуу сонсдог аж. Усан дотор намуухан дуу хоолой өндөр нарийхан дуу хоолойноосоо илүү сайн дамждаг байна. Дуу чимээ хэвлийд зөвхөн гаднаас дамждаг бол аавынх нь намуухан дуу ээжийнх нь нарийхан дуу хоолойноос хавьгүй илүү дамждаг байна. Харин ээжийнх нь дуу хоолой ясаар нь, нуруугаар нь, аарцагны ясаар нь дамжих чичиргээний тусламжтайгаар шууд дамждаг аж. Ийм маягаар дамжих дуу чимээ ургийн сонсгол хөгжихөд тустай төдийгүй аав ээжтэй нь дотно холбоо үүсгэдэг.

Ураг хөгжих хүчин зүйл нь мөн л амнион шингэн. Усны хөвүүлэх хүч нь өндөр байдгаас хүн агаарт байгаагаас илүү чөлөөтэй хөдөлж, булчингийн хүчээ нэмэгдэх хэмжээний хангалттай эсэргүүцэл үзүүлж чаддаг байна. Энэ шалтгааны улмаас өвчтөний нөхөн сэргээх эмчилгээнд ч усыг ашигладаг аж. Үүн шиг шингэн орчин нь урагт гар хөлөө хөдөлгөн яс болон булчингаа бэхжүүлэх боломж олгодог байна. Ургийн булчингууд хөгжиж, яс нь хатуурч ургаснаар нярай дэлхийд мэндлэхэд бэлэн болох юм.

Амнион шингэн мөн нярайн уушгийг хөгжүүлнэ. Ураг уушгиа уг шингэнээр дүүргэж, хүчилтөрөгчөөр амьсгалах мэтээр буцаан суллаж, энэ үйлдлээ давтан хийснээр уушгиныхаа булчинг хөгжүүлдэг ажээ. Төрөх үед бий болох даралтын улмаас нярай уушгиндаа дүүрсэн шингэнээ хахаж цацан гаргаж, амнион шингэнд байхдаа хийж байсан дадлагаараа уушгиа агаараар дүүргэн амьсгална. Энэ үйл явцад хүүхэд анх удаа уйлдаг байна.

Ургийг бүрхэж байдаг амнион шингэн нь жирэмсний эхэн үед ээжийнхээ хангаж өгдөг уснаас бий болдог байна. Энэ шингэн нь ердийн давсны уусмал шиг тунгалаг, өнгөгүй шингэн юм. Ураг өсч томрох тусам ургийн шар үс, ургийн арьсыг бүрхсэн “верникс” хэмээх цагаан эд, хорт шингэн зэргээс болж бохирддог. Ойролцоогоор 12 долоо хоногтой ураг амнион шингэнийг залгиж эхлэх ба тэр нь хоол боловсруулах эрхтний систем болон бөөрөөр дамжин бүдүүн гэдсэнд бохирдол үлдээн, ус нь ялгарч дахин амнион шингэн болно. Энэ явцад ураг альбумин, лецитин гэх зэрэг амнион шингэнд хайлсан өсөлттэй холбоотой шим тэжээлийг шингээж авна. Эх үрийн хооронд эргэлддэг энэхүү амнион шингэн бүхэл бүтэн есөн сарын турш ялзарч муудахгүй хэвээр байдаг нь биширмээр.

Ураг амнион шингэнийг залгихын хэрээр шингэний хэмжээг тохируулж байдаг байна. Ойролцоогоор 23-36 дахь долоо хоногт шингэний хэмжээ хамгийн их буюу 700-1000мл орчим байдаг ба эхийн төрөх цаг ойртох тусам шингэн бага зэрэг багасна. Амнион шингэн нь нярайд хөдлөх боломж олгодог тул хэтэрхий бага шингэн нярайн өсөлтийг удаашруулж, төрөхөд саад болдог. Эсрэгээрээ хэт их шингэн нь дутуу төрөх эрсдэл дагуулдаг. Уг шингэний хэмжээ нь ч хүртэл урагт л хамгийн тохиромжтой нөхцөлд байх ёстой ажээ.

Үнэндээ амнион шингэн ургийн талаар ихээхэн мэдээлэл агуулдаг байна. Эмч нар уг шингэнд байдаг ургийн эсийг шинжилж үзсэнээр хүүхэд хромосомын гажиг, эрэмдэг зэрэмдэг гэх мэт асуудалтай эсэхийг тодорхойлж, ургийн бойжилтын байдлыг мэдэх боломжтой. Энэ үзлэгийг ихэвчлэн нас нь явсан ээж, эсвэл гэр бүлийн өвчний иймэрхүү түүхтэй үед хийдэг байна.

Амнион шингэн нь нярайг төрөх хамгийн сүүлчийн мөч хүртэл хамгаалдаг байна. Төрөх үед ус хагарч, умай нээгдэнэ. Дараа нь уг шингэн хүүхэд дамжин өнгөрөх хүүхэд гарах сувгийг угааж, чийглэг байлгах эцсийн үүргээ гүйцэтгэдэг байна.

Туршилтаар үзэхэд шинэ төрсөн хүүхдүүдэд амнион шингэний үнэрийг үнэрлүүлэх үед бүгд уйлахаа больж, амнион шингэн үнэртэж байгаа зүг толгойгоо эргүүлж, амаа тамшаалдаг байна. Хүүхэд амнион шингэний үнэрийг санаж байдаг нь ийн тогтоогджээ.

Амнион шингэн нь эх үрийг оюун санааны хувьд ч, бие махбодийн хувьд ч холбож байдаг ус юм. Ээж нь амнион шингэнээр дамжуулан ургийнхаа хөдөлгөөнийг мэдэрдэг бол хүүхэд нь амнион шингэнээр дамжуулан өсөж торнин, тэр доторх чимээ, үнэр, амтыг санаж байдаг. Энэ мэтээр амнион шингэн ураг болон эхийн хооронд онцгой харилцаа үүсгэдэг. Хүүхэд эхийн амнион шингэнд 280 хоногийн турш эсэн мэнд өсөж бойждог байна. Аливаа амь эхийн хэвлий дэх устай салшгүй холбоотой байдгийн учир шалтгаан юу вэ?

“Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.” Зех 14:8

“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв.” Илч 22:1-2

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26