Хүн болох Есүс Христ

조회 21,612

Христийг тунхаглахад бид үргэлж анхны сүмийн үед тохиолдож байсан зүйлсийг туулдаг. Анхны сүмийн үед элч нар махан бие өмсөж ирсэн Христийг хэрхэн тунхаглаж байсныг болон яагаад тэр үеийн шашны удирдагчид тэднийг хавчин эсэргүүцэж байсныг олж мэдэцгээе.

Түүнчлэн хэн тэнгэрийн хаанчлалд орж, хэн там руу явахыг судалцгаая. Тэгээд бид Бурханыг ирэхэд “Сайн байна” гэж магтаал авахуйц ивээлтэй итгэлтэй болцгооё.

Хүн болох Есүс Христ

“Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг. Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна.” 1Тим 2:4-5

Паул элч Тимотод бичсэн захидалдаа Есүсийг хүн болохыг онцлоод Христийн өмнө “хүмүүн” гэдэг үгийг хэрэглэж, “Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс” хэмээсэн.

Тэр үед ихэнх шашны удирдагчид Христ буюу Ариун Хүү Бурханыг энэ газарт ирэхдээ махан биеэр бус, Сүнсээр ажиллана хэмээн төсөөлж байжээ. Тийм буруу таамаглалаасаа болж төгс хүчит Бурханыг хүний төрхөөр ирж чадахгүй мэтээр бодон, Түүнийг махан бие өмсөж ирэхэд танилгүй, үгүйсгэн, хавчиж доромжлон, анхны сүмийн үед Түүнд итгэж байсан олон христчүүдийг мөн хавчиж байсан.

Гэсэн хэдий ч Бурханд итгэх зөв итгэл сүсэгтэй элч нар Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр диаволаас үүдэлтэй антихристийнх болохыг гэрчилж байжээ.

“Бурханы Сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус. Энэ бол антихристийнх…” 1Иох 4:2-3

Христ энэ газарт ирэхдээ хүний төрхөөр үзэгдсэн нь мэдээжийн хэрэг хэмээн анхны сүмийн элч нар болон ариун хүмүүс бат итгэцгээж байсан. Харин шашны удирдагчид тэднийг буруутган эсэргүүцэж, Христ энэ газарт үзэгдэхдээ хэзээ ч махан биеэр ирэхгүй гэцгээж байв.

Анхны сүмийн үеийн нөхцөл байдал ямар байсныг судлаад, яагаад элч нар дараахтай адил тэмдэглэснийг үзье.

“Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. … Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.” Иох 1:1-14

Эхэнд Үг байсан. Үг нь махбод болж Есүс нэрээр энэ газарт ирсэн. Тэр үед зөв итгэлтэй хүмүүс нь тэнгэрлэг зүйлсийн талаар тунхаглан, нүглийн уучлал болон аврал авах үнэнийг гэрчилсэн Есүсийг жинхэнэ Бурхан гэдэгт бат итгэцгээн, Түүнийг дагасан юм.

“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр (Бурханы мөн чанар, 2004 оны хэвлэлт) байсан ч, …” Фил 2:5-6

Элч нар дундаас хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн Паул элч Есүсийг Бурхан гэдэгт өчүүхэн ч эргэлзэлгүй баттай итгэж байсан. Иохан элч мөн Есүс бол эхэнд Үг байсан Бурхан гэдгийг хүчтэй гэрчилсэн юм.

Паул болон Иохан элч нар Есүсийг сүнсний нүдээр харж, Түүнийг Бурханы мөн чанар гэдгийг ухаарсан. Анхны сүмийн үеийн элч нарын төлөөлөгч болсон тэд итгэлийн жишээ болж, эдүгээ бүх христчүүдийн хүндэтгэлийг хүлээсэн. Элч нар тухайн үед хэний ч хүлээн авч чадахгүй байсан Есүст итгэн дагасан билээ. Хүмүүс Есүсийг Бурхан биш ердөө нэг Назарын мужаан л гэж үздэг байсан тэр үед Иохан, Паул элч нарын итгэл бусад хүмүүсээс өөр байсан юм.

Паул элч Колоссай дахь ариун хүмүүст бичсэн захидалдаа Есүс бол тэнгэр газар, бүх юмсыг бүтээсэн Бурхан хэмээн гэрчилсэн байдаг.

“Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн түрүүнд гарсан нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна.” Кол 1:15-16

“Бурхан юу гэж хүн болж ирэх юм бэ?” хэмээн хүмүүс элэглэн шоолж байхад Паул элч Түүнийг тэнгэр газар, бүх юмсыг бүтээсэн Бүтээгч Бурхан хэмээн зөв итгэж, Түүнийг зоригтойгоор гэрчлэн, дагаж байсан билээ.

Аль ч үед үнэнийг дагагчид байхын зэрэгцээ эсэргүүцэгчид, гүтгэгчид ч байсаар ирсэн. Хүмүүс Есүсийг болон үнэнийг үгүйсгэн, дагалдагчдыг хавчин зовоож байхад Паул, Иохан зэрэг элч нар Есүсийг жинхэнэ Бурхан хэмээн хувиршгүй итгэлээр тунхаглаж байсан билээ.

Элч нарын үед хүмүүс Есүсийн бурханлаг төрхийг ухаарч чадаагүй

Тэр үеийн сүмийн эрх мэдэлтнүүд болох фарисайчууд, хуулийн багш нар гээд бүх шашны удирдагчид Есүсээс нүүр буруулж, Түүнийг үгүйсгэж байжээ. Харин элч нар “Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн”, “Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр”, “Тэрээр Бурханы дүр байсан”, “Үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн” хэмээн Есүст итгэн хүлээн авцгаасан юм.

Тэр үед нөхцөл байдал өнөө үеэс тэс өөр, тухайн үед Есүст итгэх нь үнэхээр хэцүү байсан. 2000 жилийн өмнө хуурай газраас гарсан үндэс мэт, хүмүүсийн харцанд ямар ч хэлбэр дүрс, цог жавхлангүй байсан Есүс энэ газар ирээд сайн мэдээ тунхаглаж явсан юм. Тэгэхэд тэр үеийн фарисай, хуулийн багш гэх мэт шашны удирдагчдын нүдэнд “хуурамч сайн мэдээ” мэт харагддаг байжээ.

Тэр үеийг болтол Бурханд тахил өргөх ёслолд гол хэрэглэгддэг зүйл нь мал амьтан байсан ба хүмүүс малын цус урсган Бурханд мөргөл өргөдөг байжээ. Харин Есүс ирээд “Би ирсэн тул одоо мал амьтны цусаар тахил өргөх шаардлагагүй” хэмээхэд Есүсийн сургаал болон тэдний үе уламжилж ирсэн тахил өргөх ёслолын хооронд асар том ялгаа гарч ирсэн юм. Энэ нь Есүсийг тэрс үзэлтэн гэж үзэх шалтгаан болж байжээ.

Тэд Есүсийг Христ хэмээн ухаараагүйгээс болоод Бурханыг гүтгэн, Түүний энэ дэлхийд хийж байсан авралын ажилд саад болж байв. Тэр ч байтугай тэд Бурханыг хамаг муу үгээр харааж байсан юм.

“Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.” Иох 10:30-33

Тэр үед шашны удирдагчид Есүсийг хүн байж Өөрийгөө Бурхан болголоо хэмээн эсэргүүцэж байв. Элч Паул Есүсийг “Тэр бол Бурханы мөн чанар” хэмээн гэрчилж, элч Иохан Түүнийг эхэнд “Үг”-ээр оршиж байсан Бурхан хэмээн нотлох гэх мэтээр шавь нар Есүсийг зөв таньж, хүлээн авсан юм. Шавь нарын бодол эрх мэдэл, байр сууриа эзэлсэн шашны удирдагчдынхаас тэс өөр байлаа.

Шашны удирдагчид Бурханыг хүнтэй адилаар биш, гялалзан гэрэлтэх яруу алдраар ирнэ хэмээн бодож байсан юм. Харин Бурхан хүн болон ирээд “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” хэмээн тунхаглаж, тэднээс муу үйлсдээ гэмшихийг шаардаж, анхааруулж байжээ. Тэд үүнд нь уурлан, Есүсийг үгүйсгэж байв. Элч нар Есүсийг махан биеэр ирсэн Бурхан хэмээн танихад харин тэд Есүсийг жирийн л нэг хүн хэмээн бодож, Түүнтэй харьцсан юм.

Одоо яг түүнтэй адилхан үе ирээд байна. Анхны сүмийн энэ түүхээр дамжуулан энэ үед ч махан биеэр ирсэн Христэд хүмүүс дургүйцэн эсэргүүцэхийг зөгнөн тодорхой гэрчилснийг харж болно. 2000 жилийн тэртээ Есүс энэ ертөнцөд махан бие өмсөж ирээд сайн мэдээ тунхаглан, Өөрийнхөө нэрэнд итгэгтүн хэмээхэд Түүнд хэрхэн муу нэр зүүлгэж байсныг нарийн харцгаая.

Есүс Христийг “Назарын бүлэглэл” хэмээн дууддаг байсан

“Таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон Тертул гэгч өмгөөлөгчийн хамтаар ирж, Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв. … Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээнийг дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг нь бид олж мэдсэн юм. Сүмийг бузарлах оролдлого хийхэд нь бид түүнийг баривчилсан. [Бид түүнийг өөрсдийнхөө Хуулийн дагуу шүүхийг хүссэн юм. Гэтэл мянгатын дарга Луси дайран ирж, түүнийг бидний гараас хүчээр булааж аваад, түүнийг буруутгагчдыг таны өмнө оч гэж тушаасан.] Та өөрөө энэ бүхний талаар түүнийг шалгаж үзээд бид түүнийг юугаар буруутгаж байгааг мэдэж чадна гэхэд… Захирагч, Паулыг ярь гэж дохисонд тэр… Эд намайг сүмд ч, синагогт ч мөн хотод ч хэн нэгэнтэй маргалдан эсвэл олныг үймүүлж байсныг ер олж хараагүй. Намайг юугаар буруутгаж байгаагаа ч тэд танд нотолж чадахгүй байна. Харин үнэндээ энэ хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн. Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ би хүлээн зөвшөөрнө. Тэдний найддагийн адилаар зөвт ба зөвт бус хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг. Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө сайн мөс чанартай байхыг үргэлж хичээдэг билээ.” Үйл 24:1-16

Паулын эсрэг зарга мэдүүлэх зүйл байгаагүй юм. Харин өөрсдийнхөөс нь өөр сургаал номлолоо хэмээн түүний эсрэг зарга мэдүүлсэн. Паул хууль зөрчсөн биш түүнийг Бурханд итгэснийх нь төлөө буруутгасан.

Тэр үед Есүс Христийн сайн мэдээ бүх Иерусалим даяар, мөн бусад бүс нутгаар ч өргөн тархаж байв. Харин хүмүүс Есүсийг Бурханы мөн чанар гэж хүлээн зөвшөөрөхгүй, “Назарын бүлэглэл” хэмээн муу нэр зүүлгэж байсан. Шашны удирдагчид Есүсийг Бурхан гэж итгэсэн гэдэг шалтгаанаар Паул элчийг төрийн шүүхэд дуудуулсан. Тэр үед бие биенээ үгүйсгэсэн хоёр хэсэгт хуваагдаж, нэг хэсэг нь Есүсийг Бурхан хэмээн, нөгөө хэсэг нь эсэргүүцэн “Жирийн нэг хүн болох Есүсийг яаж Бурхан гэж хэлж чадаж байна аа?” гэцгээж байв.

Сүнсээр харвал энэ хоёр нь Бурхан болон Сатаны дайсагнал юм. Паул элчийг шүүхээр оруулахад, тэрээр ямар хэргийн улмаас ингэж байгааг нь асууж байсан. Үнэндээ түүнийг буруутгах үндэслэл тэд олоогүй. Паул ердөө Есүс бол Бурхан, үхэгсдээс амилсан Христ тул Түүнд итгэгч хүн бүр үхлийг үзэхгүй, харин амилуулагдана хэмээн тунхаглаж байсан билээ.

Тийн маргалдахад Паул элч тэдний “бүлэглэл” хэмээн нэрлээд байгаа тэр Замыг дагасан гэдгээ хэлсэн. Есүст итгэх нь үнэхээр тэрс байсан гэж үү? Есүс Өөрийг нь “Назарын бүлэглэл” хэмээн дуудсан тэдгээр хүмүүсийг юу гэж хэлснийг харъя.

“Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй. [Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар удаан залбирах дүр үзүүлж бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг тул илүү хүнд шийтгэл хүлээнэ.] Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар ганц хүний ч болов араас тэнгис, газаргүй хөндлөн гулд явсаар шинэ итгэлтэн болгосноороо түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог юм.” Мат 23:13-15

Тэр үед Есүс шашны удирдагчдыг “Та нар золгүй еэ” гэж хэлж байв. Тэд хүмүүсийг тэнгэрийн хаанчлалд оруулахгүй гэж элдэв саад хийн, хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг гэсэн. Тэд Есүсийг “Хүн байж яаж Өөрийгөө Бурхан болгож байна аа? Ер суралцаагүй биз дээ?” гэх зэргээр элдвээр эсэргүүцэж, Христэд итгэдэг хүмүүсийн итгэлийг унагаж, тэнгэрийн хаанчлалд орох замыг нь хаах гэж элдвээр оролдож байсан юм.

Тэд энэ ертөнцөд ирсэн Бурханыг хүмүүс зөв танихад нь саад хийж, үүгээр ч үл барам хүмүүсийг Бурханы эсрэг турхиран, өөрсдөөсөө ч муу үйлийг хийлгэж, өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог хэмээн илэрхийлжээ.

Тэд хэзээ ч тэнгэрийн хаанчлалд орохгүй бөгөөд мөнхийн тамд унахаас өөрцгүй юм. Паулын эсрэг зарга мэдүүлсэн Ананиа, Тертул, хуурамч ахлагч нар, тэдэнтэй цуг байлцсан иудейчүүд одоо хаана байгаа вэ? Тэд одоо тамд тарчлан зовж байгаа бөгөөд тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглах болно.

Есүсийг тунхагласан шинэ шашин

Библид Христ Өөрийг нь тэсэн ядан хүлээгсэд дээр хоёр дахиа ирнэ гэж бичигдсэн (Евр 9:28). Библийн 66 номын бүх зөгнөл Христ хоёр дахиа ирэхийг гэрчилдэг. Гэвч сүмийн эрх мэдлийг аль хэдийн авсан шашны удирдагчид Христийг огт хүлээн авахгүй.

Тиймээс Есүс анхны болон хоёр дахиа ирэх үеийнхээ байдлыг урьдчилан мэдээд тэднийг хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг гээд “Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулахгүй хааснаараа тэднийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог” хэмээн анхааруулж хэлсэн юм.

Сайн мэдээ тунхаглагчид болон шашны удирдагчдын хооронд ихээхэн маргаан гардаг байжээ.

“Тэднийг хүчлэхгүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа) Ийнхүү нөгөө хэдийг авчирч, Зөвлөлийн өмнө зогсоогоод тэргүүн тахилч тэднээс ийн асуув. —Энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач, та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.” Үйл 5:26-28

Элч нар Есүсийг Бурхан хэмээн тунхагласан нь иудейчүүдийн хувьд урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй шинэ шашин бий болгосон мэт байв. Энэ нь тэдний хоорондын маргааны гол шалтгаан байсан.

Тэр үед Христийн сайн мэдээ нь шашны удирдагчдын бузар булай байдлыг жигшсэн хүмүүсийн цангааг тайлах аадар бороо, амийн ус байсан юм. Тиймд элч нарын явсан газар бүрд итгэгчдийн тоо өсөж, өдөрт 3000 бүр 5000-д хүрч байжээ.

“Учир нь элч нар ард олонд сургаал зааж, үхэгсдийн амилал Есүсээр гэдгийг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа. Тэд, тэднийг баривчилж, өглөө болтол шоронд хорив. Учир нь хэдийнээ орой болсон байжээ. Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ. … —Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн илт гайхамшиг нь Иерусалимд суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид үгүйсгэж чадахгүй. Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд сануулъя гэцгээв. Ингээд тэднийг дуудаж, Есүсийн нэрээр огт ярьж, заахгүй байхыг тушаав. Гэвч Петр Иохан нар тэдэнд —Та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун. Учир нь бид үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй гэжээ. Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тохиолдсон зүйлийн улмаас ард олон бүгд Бурханыг алдаршуулсан тул дахин сүрдүүлээд тэр хоёрыг явууллаа.” Үйл 4:2-21

Өдөрт 5000 орчим хүн гэмшиж, Есүсийг Аврагч хэмээн хүлээн авч байжээ. Шашны удирдагчид ийм аугаа түүхийг хараад ихээхэн хачирхаж байсан юм. Тэдний хувьд Бурханд үнэнчээр итгэх эсэх нь тийм чухал биш, хоёрдугаарт тавигддаг бөгөөд гагцхүү өөрсдийн эрх мэдлийг алдахаас айж байсан.

Тэд итгэгчдийг зогсоох бүхий л арга чаргыг хайн, тэднийг баривчилж, заналхийлж, айлган сүрдүүлж, ташуурдан ороолгож, гянданд хорьж байсан. Тэгсэн атал итгэгчдийн тоо улам олширч байв. Тэднийг гүтгэн буруутгахад ч, бузар муу цуу яриа дэлгэрүүлэхэд ч үнэнийг болон Бурханы хаанчлалыг хүсэн хүлээсэн тэдгээр анхны сүмийн итгэгчид зүгээр сууж чадаагүй юм.

Сайн мэдээ Самари болон дэлхийн хязгаар хүртэл тархсаар байсан бөгөөд хичнээн хааж боосон ч Бурханы ажлыг хэн ч зогсоож дийлээгүй билээ.

Зовлон бэрхшээл, хавчлага саад дунд ч дэлгэрсэн сайн мэдээ

Нехемиагийн үед израильчуудыг ариун газар байгуулахад нь Санбаллат, Тобиа нар саад хийх ажлыг толгойлж байсан. Тэд израильчуудыг басамжлан доог тохуу хийж “Босгож байгаа юмных нь дээгүүр хэрэв үнэг харайвал тэдний чулуун хэрмийг нураачихна” гэх зэргээр хэлэн, их төвөг учруулж байсан юм. Ийм саад тотгортой байсан ч иудейчүүд болон бүх удирдагчид нэг сэтгэлээр үргэлжлүүлэн хэрмийг барьж байв. Тэд шөнө ч харуул гарган, хэрмийг барихдаа нэг гараараа ажиллаж, нөгөө гартаа жад, бамбай барин хамгаалж байжээ (Нех 4:1-23).

Эцэст нь тэд ариун газрыг барьж дуусгасан. Үүнийг сонсоод дайснууд нь бүгд зүрх алдан айж байв. Учир нь тэд энэ ажил Бурханы тусламжаар хийгдсэн гэдгийг ухаарсан юм (Нех 6:15-16).

Хавчлага зовлон дунд ч Христэд итгэх итгэлээр улам шатаж байсан элч нар одоо хаана байгаа вэ? Тэд одоо мөнхийн тэнгэрийн хаанчлалд Бурханаас тайвшралыг авч байгаа. Есүсийг Бурхан хэмээн зоригтойгоор тунхагласан Паул элч одоо хаана байгаа вэ? Тэр одоо хэн ч төсөөлж, харж, сонсож байгаагүй яруу алдарт хаанчлалд мөнхийн мөнхөд амарч байгаа.

Харин Паулыг “Назарын бүлэглэлийн толгойлогч” хэмээн зовоон, буруутган гүтгэж байсан тэргүүн тахилч болон шашны удирдагчид яасан бол? Тэд одоо хаана байгаа бол?

Сүнслэг тэмцлийн ялалтын амлалт

Өнөө үед олон хүнд тэнгэрийн хаанчлалын найдвар байсан бол энэ ертөнцөд нийцэн амьдралгүй, харин Библийн үнэнийг дагах байсан. Гэвч тэдний Библийг дагадаггүй байдлыг анхны сүмийн түүхээр харуулсан юм.

Одоо сүнслэг ариун газрын материалууд Сүнс болон Сүйт бүсгүйн гэрлийг харж, сайн мэдээ тараасан газар бүрд олон гэр бүл гэмшин Христийг хүлээн авч байгаа билээ. Анхны сүмийн үед тохиолдож байсан зохисгүй зүйлс өнөө үед бас давтагдаж байна. Харин ийм нөхцөл байдалд ч Бурхан тэнгэрийн хаанчлалд орох хүмүүстээ Библиэр дамжуулан тайвшрал болон урам зоригийг хайрлаж байдаг.

“Луу (диавол) мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав. Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.” Илч 12:17-18

Тэнгисийн эргийн элс буюу хүн төрөлхтний нийгэмд луу байр сууриа олсон юм. Одоо тэрээр эмэгтэйн бусад үр удамтай дайтахаар хүн төрөлхтний дээр зогсож байгаа юм. Харин Илчлэл 18-р бүлэгт лууг ялагч хүчирхэг Нэгэн нь Бурхан хэмээн зааж өгсөн. Элч Иохан энэ сүнсний дайны эхлэл болон төгсгөл гээд бүгдийг харсан. Эцэст нь диавол баригдан, галт нуурт хаягдсанаар энэхүү сүнсний дайн дуусах билээ.

Зөвт амьдрал ба итгэлийн зам

Амьдрал бол тун ахархан. Бид 100 жил ч амьдарч чаддаггүй.

“Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. Хүч чадалтай байх аваас наян жил боловч тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог.” Дуу 90:10

Тэгвэл энэ асар богинохон амьдралд бид яаж амьдрах ёстой вэ? Бид Бурханы өмнө зөвт амьдрах ёстой. Дайсан диавол саад хийн, биднийг гүтгэн зовоож байсан ч бид зөвхөн үнэнийг л дагах хэрэгтэй. Үнэн эргэн тойрны гүтгэлэг, доромжлолтой тулгарлаа гээд худал хуурмагтай зөвшилцөн, хазгай замаар замнах нь Бурханы хүсэл биш.

Бид ч мөн элч нар болон итгэлийн өвгүүдийн үзүүлсэн ивээлтэй итгэлийн замыг эцсээ хүртэл дагацгаая. Яруу алдарт тэнгэрийн хаанчлалд Бурханаа залж мянга мянга түм түмэн тэнгэр элч нартай хамт үеийн үед аз жаргалтай амьдрах Паул шиг, Петр шиг, Иохан шиг мундаг итгэлтэй Бурханы хүүхдүүд болцгооё.

Анхны сүмийн үед элч нар Ариун Сүнсээр дүүрч Библийг бичихдээ Есүсийн тухай “хүмүүн болох Есүс”, “Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр антихристийнх” хэмээн айлдсан. Энэ нь хичнээн олон хүн Есүсийг жирийн нэг хүн хэмээн шоолон доромжилж байсныг харуулж байгаа юм. Тэр үед элч нар хэрхэж байсныг бодон, энэ үед хүн болж ирсэн Аврагч Ариун Сүнс Бурханд итгэдэггүй нэгэн нь тэнгэрийн хаанчлалд орж чадахгүйг битгий мартаарай. Бүгдээрээ Бурханы нэрэнд итгэн, дэлхий даяар энэ нэрийг өргөн тунхаглаад, мөнхийн хаанчлалд орох хүүхдүүд болцгооё.