Дэлхийн нэрт зураачдыг хуруу даран тоолбол орчин үеийн урлагийн их уран бүтээлч, модернист зураач Пикассо орох нь мэдээж хэрэг. Түүний шилдэг бүтээл дунд “Бухын толгой” гэх баримал бий. Энэ нь Пикассогийн санаанд хамгийн их нийцдэг, ихээхэн хайрладаг үнэ цэнэтэй бүтээл нь бөгөөд нэгэн үе ертөнцийн хүмүүсээс нэр алдар, магтаал авхуулж байжээ. Пикассогийн суу билиг, урлагийн бүтээл туурвих чадварыг нэг дор харж болох туйлын үнэ цэнэтэйд тооцогддог бүтээл аж.
Харин хачирхалтай нь тэр бүтээлийн гол материал нь хогийн саванд хаясан байсан нэгэн унадаг дугуйны хэд хэдэн хаягдлаар хийсэн гэнэ. Пикассо бусдын тоож хараагүй хогоор дэлхийн хэмжээний шилдэг бүтээл төрүүлсэн билээ. Өт мэт, нэг өдрийн настай ялаа мэт хүн төрөлхтнийг сонгон, урьд хожид байгаагүй төгс бүтээл болгож буй Бүтээгч Бурханы ариун зүй тогтлыг энэ түүх санагдуулдаг юм.
Ширүүн давалгаат далайд загасчлаад, ширүүн дориун зантай болсон Петр өнөө үеийн олон итгэгчдэд үлгэр жишээ болон, элч нарын элч хэмээн дурсагдаж байгаа. Эрдэм мэдлэггүй Петр хэрхэн хүмүүсийн загасчдын төлөөлөгч болж, олон сүнсийг Бурхан руу хөтөлж чадсан юм бол? Есүс түүнийг сонгож, гурван жилийн турш дагуулан биечлэн зааж, сургаж, ухааруулж байсан учраас тэр аж.
“Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв. Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж. Есүс тэдэнд —Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв. …” Мат 4:17-22
Есүсийн сайн мэдээний амьдрал шавь нараа дуудан цуглуулснаар эхэлсэн. Тэднийг “Хүмүүсийн загасчид болгоно” хэмээсэн хүслээ илэрхийлэхэд шавь нар нь тэр үеэс эхлэн тор, завь, ар гэрийнхнээ орхиж, Есүстэй хамт хүмүүсийн загасчин болохын төлөөх амьдралаа эхэлсэн юм. “Хүмүүсийн загасчид болгоно” гэсэн ёсоороо Есүс сайн мэдээний амьдралынхаа гурван жилд тэдний ертөнцөөс сурсан ширүүн ааш занг нэг нэгээр нь засаж байжээ.
Библийн олон сургаалаас “Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно” гэсэн үг Есүс шавь нараа дуудан цуглуулсан зорилгыг сайтар илэрхийлсэн байна. Үүнд л шавь нараа сайн мэдээний хамтран зүтгэгч, гарамгай авралын зар тараагч болгох гэсэн Есүсийн чин хүсэл агуулагдаж байгаа хэрэг.
Есүс харанхуй мунхаг шавь нараа сүнс авардаг авралын зар тараагч болгон өсгөсөн. Хэрвээ бид Түүний сургах үйл явцыг судалбал олон сүнсийг Бурханы энгэр рүү хөтөлж чадна. Өөрөөр хэлбэл Есүсийн гурван жилийн турш шавь нартайгаа хамт туулсан сайн мэдээний амьдрал нь хүмүүсийн загасчин болгох үндсэн суурь онол болсон юм. Мөн бид сайн авралын зар тараагч болж дахин төрөхийн тулд үүнийг нь байнга давтан судлах шаардлагатай юм.
Тиймээс Христ шавь нараа хүмүүсийн загасчин болгохын тулд сургаж байсан тэр арга л авралын зар тараагч нарт хамгийн сайн арга болно. Шавь нараа хүмүүсийн загасчид болгох явцыг нь “Мянга сонсохоор нэг үз”, “Хэлэхээсээ хийх нь” гэх зэрэг зүйр үгээр илэрхийлж болох юм. Хийсэн бүгдийг нь шавь нар нь дуурайн хийгээд хүмүүсийн загасчин болог гэсэндээ Есүс шавь нартаа зөвхөн онолоор зааж өгсөн биш Өөрийн биеэр жишээ үзүүлж байсан юм.
2000 жилийн өмнө Есүс энэ газарт ирэн, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглан, эхлээд шавь нараа дуудан, тэднийг хүмүүсийн загасчид болгосон юм. Одоо Есүс шавь нараа авралын зар тараагч болгохын төлөө сүнсээр хэрхэн дадлагажуулж байсныг судалж үзэцгээе.
Есүс шавь нартаа юун түрүүнд хэрхэн залбирахыг жишээ болгон үзүүлсэн юм. Тэрээр анх сайн мэдээ тарааж эхлэхдээ ч 40 хоногийн турш мацгийн залбирал хийж, сорилтыг ялан гарч байж л сайн мэдээ тунхагласан байдаг.
“Есүс тэгээд диаволд соригдохын тулд Сүнсээр цөл уруу хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ.” Мат 4:1-2
Есүс 40 хоногийн турш мацгийн залбирал хийсний дараа Сатантай хийх дайнд ялж, сайн мэдээний анхны хуудсыг нээсэн юм. Есүс сайн мэдээний амьдралаа эхлүүлэхдээ төдийгүй нэг өдрийг эхлүүлэхдээ ч залбирлаар эхэлж, хүмүүсийн загасчдын нэн түрүүнд эзэмшсэн байх ёстой зүйл нь залбирал гэдгийг Өөрийн биеэр жишээ болгон үзүүлжээ.
“Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. … Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. Есүс, Галил даяар явахдаа синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.” Мар 1:35-39
Мөн шавь нараа хүмүүсийн загасчин болгон сургахдаа Бурханы хүч чадал, эрх мэдэл зөвхөн залбирлаар ирдгийг заасан юм.
“Есүсийг нэгэн айлд орох үед шавь нар нь Түүнээс —Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад Тэр —Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв.” Мар 9:28-29
Дээрх ишлэлд хүч чадлыг олсон ч гэсэн залбирал дутагдвал тэр хүч чадлаа харж чадахгүй гэдгийг ухааруулж байна. Агаарын бөмбөлөгт агаар оруулж хийлэхгүй бол тэр бөмбөлөг зүгээр нэг хорчийсон резин төдий. Үүн шиг залбиралгүйгээр юу ч хийж чадахгүй, залбиралгүйгээр үр жимс ч гаргаж чадахгүй. Есүс боломжгүй зүйлийг ч гэсэн боломжтой болгодог хүч чадлын гол хөдөлгөгч хүч нь залбирал хэмээн зааж өгсөн байна.
“Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. …” Мат 7:7-11
“Гуй, хай, тогш” гэсэн нь залбираарай гэсэн утгатай. Бурхан залбирлаар бүх зүйлийг гуйж, хайж, олж авч чадахаар болгосон. Тиймээс залбирал бол хүмүүсийн загасчинд нэн түрүүнд байх ёстой, мөн үйлдэх ёстой үндсэн үйлс юм.
Христ хүмүүсийн загасчин өсгөхдөө чухалчилж байсан хоёр дахь болзол нь итгэл юм. Шинэ гэрээний Библийн сайн мэдээний номуудад ихэвчлэн итгэлтэй холбоотой сургаалууд дүүрэн байгаа.
Их эргэлздэг байсан Томас амилсан Есүсийг харахын өмнө хадаасны ором, жадны сорвийг нь нүдээрээ үзэж батлахаас нааш Есүсийн амилалтанд итгэхгүй гэж байжээ. Тэгтэл Есүс бүгдийг харуулж, гарыг нь хүргэсний дараа сая нэг итгэж байна гэж хэлсэн Томаст “Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” (Иох 20:29) гээд нүдэнд харагдахгүй зүйлд итгэх итгэл хамгийн агуу итгэл гэдгийг ухааруулж, амилалтынхаа дараа тэнгэрт одох хүртлээ байнга итгэлийн чухлыг сургаж байв.
“Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд шиддэг байлаа. Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. Есүс түүнд —“Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд хүүгийн эцэг —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав.” Мар 9:22-24
Есүсийн тухайд “Та чаддаг бол” гэсэн үг угаасаа тохирохгүй. Үгээрээ сансар огторгуйг бүтээсэн Бүтээгч Бурханы хувьд “боломжгүй” гэх үг огт байдаггүй учраас тэр аж. Ийм Бурханы хүч чадалд найдаж, туйлаас итгэвэл биелүүлж чадахгүй зүйл юу байх билээ? Бурхан бүх зүйлийг хийж чадна гэсэн итгэлээр сайн мэдээний ажилд оролцвол тэр үед л сая нэг хүмүүсийн загасчин болж чадна.
Заримдаа бид эрхэм чухал сүнснүүдэд хандах үедээ өөрийн бодол ба тогтсон үзлээ өмнөө барьж байгаад бүтэлгүйтэх тохиолдол байдаг. Бид авралын зар тараах явцдаа “Тэр хүн болно, тэр хүн болохгүй байх” гэсэн тогтсон үзэл бодлоо өмнөө тавих биш, болно бүтнэ гэсэн бат итгэл, Бурхан бүтээж өгнө гэсэн туйлын итгэлтэй байж сүнс аваръя гэвэл цэвэр буудай үр жимс гаргах нь гарцаагүй.
“Будааны хальс их байх үед цэвэр буудай их байна” гэх эртний үг настангуудын дунд байдаг. “Тэр хүн будааны хальс” хэмээн урьдчилан дүгнэж, зөвхөн цэвэр буудай л олж авах гэвэл цэвэр буудайг будааны хальснаас ялгах гэж цагаа хий дэмий үрэх тохиолдол ч их байдаг. “Итгэлтэй хүнд бүх юм боломжтой” хэмээсэн Бурханд найдаж, Бурхан бүхнийг биелүүлж өгнө гэсэн итгэлтэй болж байж л цэврийн цэвэр буудай гаргадаг хүмүүсийн загасчин болж чадна.
Итгэлийнх нь дагуу хоёр сохор хүнийг хараа оруулсан түүхээр дамжуулан итгэл хичнээн чухал гэдгийг Есүс ухааруулсан байна.
“Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ. Айлд орсных нь дараа сохрууд Түүн дээр ирэхэд, Есүс тэдэнд —Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуув. Тэд —Тийм ээ, Эзэн гэлээ. Тэгээд Есүс нүдэнд нь хүрч —Итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. …” Мат 9:27-30
Сохруудад хараа оруулах үедээ Есүс эхлээд итгэлтэй байгаа эсэхийг нь шалгасан. Итгээд дагаж ирж үү, аль эсвэл Есүс өвчин сайн эдгээдэг гэж ярихыг сонсоод даган ирж үү гэдгийг нь мэдсэнийхээ дараа “Итгэлийн чинь дагуу болог” гэж хэлмэгц хоёр сохрын нүд нээгджээ.
Хэрвээ тэд Есүс нүдэнд нь хараа оруулж чадах Нэгэн гэдэгт итгээгүй байсан бол тэдний нүд нээгдэхгүй байх байсан. Сохорсон нүдийг нээж өгч чадна гэсэн итгэлтэй байсан болохоор энэ нь боломжтой болсон. Нүдийг нь амархан гэгч нь яаж л бол яаж хараа оруулж чадах байсан ч зориуд “Итгэлийн чинь дагуу болог” гэх үгээр итгэлийг шаардаж байсан нь хэн ч бай итгэлтэй бол юуг ч хийж чадна гэдгийг шавь нартаа ухааруулахыг хүссэндээ тэр аж.
Итгэлийн талаар ийн сурсны дараа гарамгай хүмүүсийн загасчны хувиар Петр өдөрт гурван мянган хүний сүнсийг загасчлах ур чадвараа үзүүлсэн түүх бий. Тэрээр гурван жилийн турш Есүсийг дагаж, биеэрээ үйлдсэн бүх жишээг нь сайтар ажиглан харж, ухаарсных нь үр дүн байсан юм. Өглөө эрт зэлүүд газарт очин чин сэтгэлээсээ залбиран нэг өдрийг эхлүүлсэн төрхийг нүдээрээ хараад “Залбирлыг ингэж хичээнгүйлэн хийх ёстой юм байна” хэмээн сурч, ийм нөхцөл дундах итгэлийн төрх, тийм нөхцөл дундах итгэлийн байдлаар дамжуулан хэзээ ч, хаана ч Бурханд бүх юм боломжтой гэсэн хөдөлшгүй итгэлтэй байх ёстойг сурч авчээ.
Сайн мэдээ тараах нь Христийг ухааруулдаг хамгийн гол зүйл учраас тунхаглаж үзэхгүйгээр Христийн амьдралыг мэдэх аргагүй. Есүс Өөрийн биеэр залбирах жишээ ч үзүүлэн, итгэл хичнээн чухал гэдгийг ч харуулан, үүний дараагаар шавь нартаа сурсан бүхнээ шууд амьдрал дээр хэрэгжүүлэх боломж ч бас өгсөн байна.
“Есүс нийт хот тосгодоор явж, синагогуудад зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа. Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонь мэт хаягдан туйлдсан байлаа. Тэгээд Тэр шавь нартаа хэлэхдээ —Ургац арвин ч ажилчид цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа гэв.” Мат 9:35-38
Есүс Өөрөө түрүүнд нь хот тосгоноор явж зааж, сургаал айлдаж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглан бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээж байхыг нь нүдээрээ харсан шавь нар хүмүүсийн загасчин болон өөрчлөгдөж байв. Мөн энэ сургаал дагуу үйлдэхийг хүсээд шавь нараараа авралын зар тараах дадлага хийлгэж, сайн мэдээний мундаг үйлчлэгч болгон өсгөж байв.
“Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүрх эрх мэдлийг өгсөн нь тэдгээрийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ. … Есүс эдгээр арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ —Харийнхны замаар бүү яв. Самарийнхны хотоор ч бүү ор. Харин Израилийн гэрийн төөрсөн хоньд дээр оч. Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал айсуй” гэж тунхаглагтун. Өвчтөнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүй авснаа үнэгүй өг. …” Мат 10:1-15
Есүсийн залбирч байгаа байдал, итгэлтэй нэгэнд соёрхож буй хүч чадал, авралын зар тарааж байгаа төрх, мөн нэг сүнс аврахаар хичээж байгаа зүтгэл зэргийг нь шууд нүдээрээ харж, ухаарсан шавь нар авралын зарын тэргүүн эгнээнд зогсож, заалгаснаа үйлс болгон хэрэгжүүлж байлаа. Шавь нар Есүсийг дагаж байсан хугацаандаа аажим аажмаар хүмүүсийн загасчин болж, Бурханыг баярлуулах сайн мэдээ тараагчийн төрхтэй болон өөрчлөгдөж байсан юм.
Хүмүүсийн загасчинд байх ёстой бас нэгэн чухал зүйл нь тэнгэрийн хаанчлалыг чиглэсэн чин сэтгэлийн найдвар юм. Тэнгэрийн хаанчлалын талаар баттай найдвар үгүй бол амархан ядарч туйлдах болно. Есүс шавь нараа авралын зар тараах үед хавчигдан, доог тохуу болж, дорд үзэгдэхдээ сэтгэлээр амархан унаж гутрах вий гэж санаа зовж, тэнгэрийн хаанчлалын талаарх найдвар өвөрлүүлснээр ямар ч хүнд нөхцөл байдал, зовлон тулгарсан ялан гарах бат итгэл өөд хөтөлж өгчээ.
“Тэгтэл Петр Түүнд —Хараач, бид бүхнийг орхиод Таныг дагасан. Тэгээд бид юу хүртэх вэ? гэхэд Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү сүр жавхлант сэнтийдээ залран бүх юм шинэчлэгдэхүйд, Намайг дагасан та нар ч мөн арван хоёр сэнтийд залран Израилийн арван хоёр овгийг шүүх болно.” Мат 19:27-28
Есүс бүх зүйлээ орхин Өөрийг нь дагасан шавь нартаа Израилийн арван хоёр овгийг шүүх эрх мэдэл өгчээ. Элч Петр үүнийг “хаан тахилч”-ийн эрх мэдэл хэмээн илэрхийлсэн (1Пет 2:9). Тэнгэрийн ийм яруу алдрыг Есүс амласан тул шавь нар нь туйлдаж ядралгүй, зогсолтгүй ажилладаг авралын зар тараагч болж байв.
Энэ мэт тэнгэрийн хаанчлалын найдвар нь хүмүүсийн загасчинд байхгүй л бол болохгүй сүнсний зайлшгүй хэрэгтэй зүйл гэж хэлж болно. Тэнгэрийн хаанчлалын найдвар өвөрлөвөл бүхнийг өөдрөгөөр хардаг болж, сүнс хийгээд махан биеийн амьдралын эрч хүч оргилох мэт бялхан дүүрч, ажил болгоноо баяртайгаар хийж чадна. Яг л сувд болоод гялалзан гэрэлтэх яруу алдрын тэр өдрийн төлөө хясаа хальсаа урах өвдөлтийг тэвчин ялж, элсийг хучин авдаг зүй тогтолтой адил тэнгэрийн хаанчлалын найдвар нь энэ газарт эдлэх түрхэн зуурын өвдөлтийг ялан дийлэх хүч өгдөг.
Хүмүүсийн загасчны хувьд хамгийн сүүлд судлах зүйл нь зан чанарын тухай сургамж юм. Араншин муутай хүн хүмүүсийн загасчин болж чадахгүй гэж айлдсан байдаг.
“Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг. Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг. Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө мөн үгсээрээ яллагдана гэв.” Мат 12:34-37
Есүсийн хүсэж буй хүмүүсийн загасчин болохын тулд сайхан сэтгэлтэй байх ёстой бөгөөд сайхан сэтгэлээс сайхан үйлс ба сайхан үг гарах ёстой. Муу сэтгэлээс хэрхэн сайхан үг болон сайхан үйлс гарч чадах билээ? Сэтгэлээс ундран гардаг сайхан үг болон үйлстэй болсон цагт сая нэг хүмүүсийн загасчин болж чадна.
Уур хүрлээ гээд бүдүүлэг, ширүүн үг хамаа намаагүй хэлэх юм уу зөвт бус үйлдэл гаргах нь хүмүүсийн загасчны хувьд зохисгүй. Үнэн дотор буй гэр бүлүүдэд ч, үнэний гадна байгаа харь хүмүүст хандахад ч зан төлөв гэгч нэн чухал. Есүс хүмүүсийн загасчин үргэлж даруу байх ёстой хэмээн сургамжилж байв.
“Та нарын дунд бүү ийм байг. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог.” Мат 20:26-27
Хожим тэнгэрийн хаанчлалын хаан тахилч болгоно гэсэн Бурханы амлалтыг авсан ч гэсэн эхлээд хүмүүсийн загасчин болох хэрэгтэй. Хүмүүсийн загасчин болохын тулд зарцын байр сууринаас үйлчилдэг болох ёстой. Шавь нараа хүмүүсийн загасчин болгохын тулд Есүс үргэлж даруу байх болон үйлчлэх жишээ үзүүлж байсан билээ.
Эдгээрийг өв тэгш эзэмшсэн бие хүн болсон үед л олон сүнсийг Бурханы энгэр рүү хөтлөх хүмүүсийн загасчин болох учиртай.
Энэ мэтчилэн Есүс загасчлахаас өөр юм мэддэггүй байсан шавь нартаа Өөрөө нэг бүрчлэн жишээ үзүүлэн зааж, хүмүүсийг загасчлах загасчин болгож байлаа. Харанхуй, гэгээрээгүй байсан хүмүүсийг шавь нараа болгон сонгож, залбирлын жишээ үзүүлэн, итгэлийн талаар сургаж, авралын зар тараах жишээ үзүүлэхийн зэрэгцээ авралын зар тараах дадлага хийлгэхээр янз бүрийн газар руу илгээж байв.
Түүнчлэн сайн мэдээний амьдралд туйлдаж ядраахгүйн тулд тэнгэрийн хаанчлалын талаарх чин хүсэл найдвар өвөрлүүлж, зөв санаа бодол эзэмшүүлж, Бурханыг алдаршуулж чадахуйц зан чанарын сургалтыг ч мөн зэрэгцүүлж, хүмүүсийн загасчны хувиар дутуу зүйл байхгүй байхаар сургамжилж байв.
Бид бас энэ бүх сургамж, зааврыг ухааран, бүхий л үйл явцыг дайрч өнгөрсөн бол чадварлаг авралын зар тараагч хангалттай болж чадна. Залбирал хичээнгүйлэн хийж, бат итгэлтэй байж, авралын зар ч сайтар тараан, тэнгэрийн найдвараар дүүрээд, даруу бас сайхан сэтгэлтэй болж зан чанарын тал дээр ч өөлөөд байх юмгүй болбол өв тэгш хүмүүсийн загасчин болох юм.
Энэ үед сонгогдсон бид ч бас бүгд Есүсийн шавь нар болоод, Өөрийн биеэр жишээ үзүүлсэн хүмүүсийн загасчны сургамж зааврыг нь төгс ухааран биелүүлж, олон сүнс Бурхан руу хөтлөх хэрэгтэй. Пикассо хаягдал материалаар шилдэг бүтээл туурвисантай адил нүглээсээ болж хаягдсан байсан хүн төрөлхтөн биднийг олж аваад, хүмүүсийн загасчин болгож, хаан тахилчийн эрх мэдлийг ч хүртэл соёрхсон Сүнс болон Сүйт бүсгүй Бурхандаа үргэлж талархал өргөдөг хүүхдүүд болцгооё.
Бурханы хүч чадалд найдаж олон сүнс аврахаар хүчээ дайчилбал энэхүү сайн мэдээ хоромхон зуур Самари ба дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдах бөгөөд тарж бутарсан зуун дөчин дөрвөн мянган ах эгч дүү нар хамт цуглаад, Бурханы энгэрт тэврүүлэх тийм яруу алдрын өдөр мөдхөн ирнэ. Өдөр бүр Бурханыг түшин, үхэж буй олон сүнсийг чин сэтгэлийн залбирал, авралын зар, итгэлээр аминд хөтлөх “хүмүүсийн загасчид” болоод, Бурханы хайр дүүрэн хүртэхийг Сионы ах эгч дүү нараасаа чин сэтгэлээсээ хүсэж байна.