Залбирал нь христчин хүний итгэлд зайлшгүй шаардлагатай орхиж болохгүй хэсэг юм. Чин сэтгэлийн залбиралгүйгээр бидний хүчээр биелэх зүйл гэж нэг ч байхгүй. Хэдийгээр нүдэнд харагдахгүй боловч залбирал гэгч боломжгүй юмсыг боломжтой болгодог гайхамшигт хүчийг агуулдаг.
Дээх нь үед нэг америк айлд ийм явдал тохиолджээ. Тэдний телефон утасны аппарат өдөр нь ямар ч асуудалгүй ажиллаж, утсаар ярьж болдог хэрнээ шөнө болохоор л залгагдахаа больчихдог байж гэнэ.
Яалт ч үгүй өдөр бүр ийм үзэгдэл давтагдаад байсан тул гэрийн эзэн утас засварчин дууджээ. Засварчин асуудлын шалтгааныг нь олж мэдээд, үнэхээр шалихгүй эвдрэл байсан болохоор хэлэх үг нь олдохгүй байсан гэнэ. Аппаратыг задлаад үзтэл гаднаас нь харахад холбоотой юм шиг байсан холболтын утас дотроо үл ялиг салсан байлаа. Тиймээс өдөртөө хоорондоо хөндийрсөн утас нь агаарын хэм нэмэгдэх үед тэлж нийлээд, утсаар ярих боломжтой болж, шөнөдөө агаарын хэм буурахад дахин хөндийрч салдаг тул залгагдахгүй байсан аж.
Тэр айлынхан утасны шугамын үл ялиг салсныг холбож байж утсаар ярьж, хоорондоо харилцах боломжтой болсон шиг бид залбирлаараа Бурхантай холбогдож, харилцдаг юм. Хүсэл найдвараа Бурханд уламжилъя гэвэл залбирал туйлын хэрэгтэй.
Америкийн анхны ерөнхийлөгч асан Вашингтон Америкийн тусгаар тогтнолын төлөө өдөр шөнөгүй Бурханд залбирч байсан гэнэ. Соёл иргэншлийн эцэг гэгддэг Эдисон ч бас нэг бүтээл хийхийн төлөө хэдэн зуун удаа, хэдэн мянган удаа залбирахаасаа хойш суугаагүй гэдэг. Тэр хэмжээгээр Бурханаас гуйсан болохоор Бурхан хүний хялбархан бодож олж чадахааргүй санаануудыг өгөөд, өнөө үеийг хүртэл хүн төрөлхтний соёл иргэншилд ихээхэн хувь нэмэр оруулах харанхуйг гэрэлтүүлдэг гэрлийн чийдэн хүртэл зохион бүтээсэн биш үү?
Библийн түүхийг судлан үзэхэд залбирлаар л агуу түүхүүд биелэгдэж байсан олон тохиолдол бий. Бурханд үргэлж чин сэтгэлээр залбирдаг байсан Давид хааны удирдлага дор Израиль улс хөгжин цэцэглэсэн бөгөөд (2Сам 7:18-29), түүний хүү Соломон ч бас мянган шатаалт тахил өргөн Бурханд залбирсны үр дүнд маш их ерөөл авч байв (1Хаа 3:4-13).
Мөн Нехемиа сүйрсэн эх нутгийнхаа төлөө Бурханд хичээнгүйлэн залбираад, эвдрэн нурсан Иерусалимыг дахин сэргээн босгож чадсан (Нех 1:1-11). Чин сэтгэлийн залбирлаар Даниел хэний ч мэдэж чадахгүй байсан Вавилоны хааны зүүдийг тайлаад, өөрийн амийг авраад зогсохгүй харийн бурханд үйлчилдэг байсан Вавилоны хааныг хүртэл гэмшүүлж, Бурханд магтаал өргүүлсэн шүү дээ (Дан 2:17-19).
Залбирлын талаар яривал Есүсийг орхигдуулж болохгүй. Есүс ч мөн өдөр шөнөгүй залбиран байж сайн мэдээний түүхийг биелүүлж байсан билээ. Есүс залбирахгүй байсан ч биднийг аврах хүч чадалтай хэрнээ хичээнгүйлэн залбирвал тэнгэр дэх Эцэг бүгдийг сонсоод хариулт өгнө хэмээгээд залбирлын жишээ үзүүлсэн (Лук 11:9-13).
Библийн 66 номны хаанаас нь ч харсан залбирлын талаар тэмдэглээгүй хэсэг байдаггүй бөгөөд залбиралтай холбоо хамааралгүй хэсэг байдаггүй. Тэр хэмжээгээр залбирал нь итгэлийн амьдралд хасаж орхигдуулж болохгүй үнэхээр чухал зүйл гэдгийг мэдэж болно.
Гэхдээ заримдаа бид тасралтгүй залбирахын чухлыг мэдээд байгаа хэрнээ тэр хэрээрээ байнга залбирч чадахгүй байх тохиолдол нэлээдгүй. Энэ нь хэм хэмжүүрээ өндөрт тавиагүй юм уу эсвэл мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэх явц дахь найдварын хэм хэмжүүрээ өндөрт тавьж чадаагүй байгаатай холбоотой.
Сургуульд байхад дандаа хэцүү санагддаг байсан математикийн талаар бодож үзье. Тэр үед та нарт магадгүй нэмэх, хасах, үржүүлэх, хуваах гээд арифметикийн дөрвөн үйлдлээр өдөр тутмын амьдралаа хангалттай авч явж дөнгөхөөр байтал юундаа бүр төвөгтэй дифференциал, интеграл, байр сэлгэх хууль, бүлэглэх хууль гэж толгой эргүүлдэг байна аа гэсэн бодол нэг удаа ч болов төрж байсан байх. Харин тэрхүү хэцүү гүнзгийрүүлсэн түвшний математикийг мөн л дээд түвшний гүнзгий хүсэл зорилготой хүмүүс бол заавал сурах хэрэгтэй болдог. Энгийн хүмүүст жирийн математик хэрэгтэй ч сансарт пуужин хөөргөх, сансрын станц байгуулах, хиймэл дагуул хөөргөөд дэлхийг гаднаас нь харъя гэвэл маш гүнзгий, дээд түвшний математик тооцоолол хийх хэрэгтэй.
Өндөр дээд түвшинд зорилгоо тавьсан хүнд гүнзгий бүр дээд түвшний математик хэрэгтэй шиг итгэлийн амьдралдаа дээд түвшний хүсэл мөрөөдөлтэй хүний хувьд зөвхөн өдөр тутмын талх өгсөнд талархах хэмжээний энгийн залбирлаар зогсохгүй итгэлээр агуу том үсрэлт хийхийн төлөө бүр янз бүрийн, дээд түвшний залбирал илүү их хийх хэрэгтэй.
Би ч бас анх үнэнийг хүлээн авах үедээ Библид залбираарай гэсэн болохоор л залбирч байсан. Баярын хоногуудад залбирлын цаг өгсөн болохоор л залбирч, өглөө босоод ёс төдий залбирч, орой унтахын өмнө нэг өдрийн ажлаа цэгцэлж, Бурханы ивээл дотор нэг өдрийг аюулгүй өнгөрөөсөндөө талархан энгийн л залбирал хийдэг байсан. Эхэндээ бүгд л адилхан байдаг. Гэвч иймэрхүү ёс төдий залбирал л зөвхөн хийх биш, итгэл өсөхийн хэрээр өндөр хүсэл, зорилго тавьж, үүнийхээ төлөө тасралтгүй залбирахыг хүсэж байна.
Зөвхөн арифметикийн дөрвөн үйлдлээр хиймэл дагуул хөөргөж ч чадахгүй, Хан мөрний дээгүүр сайхан гүүр ч тавьж чадахгүй. Яг үүнтэй адил өндөр дээд түвшний хүсэл зорилго тавьж, агуу сайн мэдээний ажилд бүх хүчээ зориулдаг хэн боловч мөн тийм түвшний залбирал зайлшгүй хийх хэрэгтэй. Дэлхий дахины шашин шинэчлэлийн ажлыг гүйцэлдүүлэх учиртай бидний хувьд мөн л үүндээ тохирсон дээд түвшний тасралтгүй, уйгагүй залбирлыг Бурханд өргөхгүй байж болохгүй.
“Гал ихэдвэл түймэр, ус ихэдвэл үер, үг ихэдвэл хэрүүл” гэгчээр энэ дэлхийд аливаа юм хэр хэмжээнээсээ хэтрэх нь сайнгүй ч гэлээ залбирлын хувьд бол өөр. Залбирлын талаар Библид “Байнга залбир”, “Тасралтгүй залбир” гэх зэргээр залбирал хичнээн чухлыг бидэнд сэнхрүүлж ухааруулж байдаг.
“Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хотод Бурханаас үл эмээдэг, хүмүүсийг ч эс хүндэлдэг шүүгч байжээ. Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй, шүүгчид очиж “Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвээс тэр ирж үргэлж надад төвөг удах вий” гэжээ. Тэгээд Эзэн —Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? …” Лук 18:1-7
Залбирахдаа амархан сэтгэл алдарч, цөхөрч болохгүйг Есүс сургасан байна. Бардам, бусдыг дорд үздэг, шударга бус шүүгч хүртэл тэр бэлэвсэн эмэгтэйг өдөр бүр ирж шалж гуйхад нь сонссон байхад тэгэх тусмаа зөвт Бурхан Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирч байгаа хүүхдүүдийнхээ залбирлыг хэрхэн сонсохгүй байх билээ? Чин сэтгэлийн гуйлтанд муу сэтгэлтэй хүн ч хүртэл уйгагүй гуйлтыг нь зогсоож чадалгүй эцэстээ сонссон байхад хүүхдүүд нь зөв зүйлд хэрэглэх гэсэндээ гуйхад Бурхан харин ч бүр дуртай хариулахгүй гэж үү?
Хичээнгүйлэн, тасралтгүй, биелэх хүртэл нь залбирвал тэнгэр Эцэг эцэст нь бидний залбирлыг заавал сонсоно. Бурхан залбиралд нь хараахан хариулаагүй гэж бодож байгаа хүн байвал яг одоо дахин нэг залбираарай. Залбирсан ч биелэхгүй байна гэж бодолгүй, биелүүлнэ гэдэгт итгээд бүх зүйл дээр залбирвал Даниел, Шадрах, Мешах, Абед-него нар шиг Бурханы гайхамшгийг нүдээр үзэх болно.
Залбирахдаа “байнга”, “тасралтгүй” залбир гэсэн үгийг заавал санаарай. Бурхан хүүхдүүдийнхээ хүслийг нэг нэгээр нь шийдвэрлэж, энэхүү сайн мэдээг Самари, дэлхийн хязгаар хүртэл ямар ч амралтгүйгээр тунхаглаж байгаа. Тиймээс ертөнцөд тарж бутарсан тэнгэрийн хагацсан гэр бүлээ бүгдийг нь хайж олох хүртлээ “Алдагдсан ах эгч дүү нараа бүгдийг нь олоход туслаарай” гэж тасралтгүй залбирцгаая.
“Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. … Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир.” 1Тес 5:16-25
Үргэлж баяртай байж, тасралтгүй залбиран, бүх зүйлд талархлаа өргөх нь бидний төлөөх Бурханы хүсэл гэж айлдсан. Бурханы хүсэл нь хоёр гурван удаа залбирчихаад биелсэнгүй гээд залбирахаа болих биш, тасралтгүй залбирах юм. Зуун дөчин дөрвөн мянган ах эгч дүүгээ олох хүртлээ тасралтгүй залбирах ёстой.
Сионы гэр бүлүүдийн хувьд хамгийн сайхан бэлэг бол бие биенийхээ төлөө залбирч өгөх явдал. Ивээлгүй зан чанартай гэр бүл байлаа ч тэр гэр бүлийн төлөө залбирах нь түүнд туслах хамгийн сайн арга юм.
Би хорь гаруй жилийн турш алдагдсан тэнгэрийн бүх гэр бүлээ олоход туслаач гэсэн гуйлтыг залбирал дундаа байнга оруулдаг л даа. Сионы бүх гэр бүл ч надтай адилхан байх гэж бодож байна. Тийм болохоор л олон гэр бүл Сион руу ирж, гадаад гэр бүлүүд ч Сионд цутган ирж байгаа бололтой.
Хорин жил өнгөрлөө ч нэг зүйлээ дахин дахин, уйгагүй залбирч байсан болохоор тэнгэр Эцэг залбирлыг маань сонсож байгааг биеэрээ мэдэрч байна. Алс хол нутгуудад сүм байгуулагдаад л, Сионы яруу алдрыг мэдэхгүй, сүнсээр үхсэн байсан хүмүүс Бурханы үгийг хүлээн авсан даруйдаа цэвэр болж амьдраад л, шинэ гэрээний сайн мэдээ хаана байна, тэнд шинэ нэр тунхаглагдаад л, ийнхүү бүгд амьдрах гайхалтай мэдээ их сонсогдож байна.
Бидний залбирлын үр дүнд Бурхан богинохон хугацаанд олон гэр бүл олж өгчээ. Ганц хоёр удаа залбираад больсон бол Бурхан “Одоохондоо гэр бүлээ хайна гэсэн хүсэл багатай байгаа байх нь ээ”, “Одоогоор өгөхөд ямар нэг юм нь дутуу байна” гээд залбирлын хариуг маань өгөхгүй байж ч мэдэх юм. Бүгд тууштай, тасралтгүй залбирсаар ирсэн тул Бурхан өнөөг хүртэл хүүхдүүдийнхээ нэгдмэл уйгагүй залбирлыг сонсоод олон гэр бүлийг тасралтгүй илгээж байжээ. Үргэлж залбирдаг, сэтгэл алдардаггүй Сионы гэр бүлүүд болохын төлөө бүгд хичээх хэрэгтэй.
Ямар ч ажил хийсэн эхлээд залбираад хийвэл таагүй нөхцөл байдалд ч Бурхан тэр ажлыг бүхэлд нь зөв болгож, бидний сүнсэнд ашигтай болгон зөв тийш нь залж өгдөг. Биднийг гэсэн Бурханы хүсэл тасралтгүй, хичээнгүйлэн залбируулах байсан болохоор нэг өдрийн өмнө ч болов Самари, дэлхийн хязгаар хүртэл энэ сайн мэдээ бүрэн гэрчлэгдэж, алдагдсан гэр бүлээ бүгдийг нь олоход туслаарай гэсэн залбирлаа Эцэгийг морилон ирэх өдөр хүртэл зогсоож болохгүй.
Бүгдээрээ Эцэгээс уйгагүй гуйцгаая. Бэлэвсэн эмэгтэй өдөр бүр шалж гуйсан болохоор түүний гуйлтыг сонсохоос өөр аргагүй болсон байхад бид бүгд өдөр шөнөгүй тэнгэр Эцэгээс шалж гуйвал хэрхэн сонсохгүй байх билээ дээ? Бурхан сансар огторгуйн эмх журмыг бага зэрэг өөрчилж байгаад ч болов хүүхдүүдийнхээ залбиралд заавал хариулна.
Ичмээр зүйл ч гэлээ би багадаа аав ээжийгээ өгтөл нь гуйж шалдаг хүүхэд байсан. Тэгвэл аав ээж маань бүх хүслийг минь биелүүлдэг байсан учраас тэр байх. Тиймээс залбирахдаа ч бас “Үүнийг заавал энэ жилд багтаан биелүүлж өгөөрэй” гэж тэнгэр Эцэгээс шалж залбирах үе зөндөө. Иймэрхүү байдлаар Бурханаас тасралтгүй гуйдаг болохоор Бурхан бараг бүх залбиралд минь, бүр тогтоосон цагаасаа ч өмнө хариулах үе үнэхээр олон байсан.
Хорон муу шүүгч бэлэвсэн эмэгтэйн хүслийг биелүүлж өгсөн шалтгаан нь бэлэвсэн эмэгтэй ярианы чадвартай байснаас нь болсон биш, тэрээр хүндлэл хүлээхүйц байсан учраас ч биш. Ердөө өдөр бүр гуйж, шалж түүнд төвөг удсан учраас тэр. Шалж гуйдаг хүнийг дийлэх хүчтэн байдаггүй.
“… Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу? гэв.” Лук 11:5-13
Шалж гуйдаг хүүхдийнхээ өмнө уярч зөөлөрдөг нь эцэг эхийн төрөлх сэтгэл. Чин сэтгэлээсээ гуйдаг хүүхдүүддээ тэнгэр Эцэг яагаад Ариун Сүнс өгөхгүй гэж? Бурханаас хичээнгүйлэн гуйгаарай. Тэнгэр Эцэг, Эхийн үлэмж хайр ивээл дотор залбирлынхаа хариуг авдаг байгаарай.
Өчүүхэн зүйл хийхээсээ өмнө ч залбирдаг зуршилтай болцгооё. Жолоо барихдаа хөдлөхөөсөө өмнө залбирч, авралын зар тараахдаа эхлээд залбирал хийгээд тараавал хамаагүй илүү үр дүнтэй болно.
Залбирал хийдэггүй хүн өөрийн хүчээр ажиллаж буй хэрэг. Харин залбирдаг хүн нь үргэлж Бурханы хүчинд найдаж байгаа хэрэг юм. Тариачин хүн газар хагалахдаа өдий төдий хүчин чадалтай машин техник байсаар байхад анжсаар хагалсан хэвээрээ л байгаад байвал хичнээн их хүч орох бол? Машин техникээр бол ганцхан өдрийн дотор хагалж орхих ч анжсаар бол долоон хоног эсвэл бүр арваас ч дээш хоног зарцуулж мэдэх шүү дээ.
Сайн мэдээний ажлыг хялбархан хийх арга нь залбирал юм. Залбирлаар Эцэг, Эхийн хүчийг аваад сайн мэдээний ажил хийх учраас тэр.
Анхны сүмийн үеийн Пентэкостын өдөр эхний бороо Ариун Сүнсээр дамжуулан сайн мэдээ өргөн тархсан түүх ч мөн залбирлаас үүдэлтэй. Тэр үеийн итгэгчид өөрсдийн хүчинд найдалгүй, залбирлаар л Бурханы хүчийг дайчилж байсан. 2000 жилийн өмнө итгэгчид аль хэдийн хэрэглээд үр дүнг нь үзчихсэн энэ аргыг бид одоо хүртэл мэдэхгүй байгаад байж болохгүй.
Лук 18-р бүлгийн үгийг заавал санацгаая. Одоо хүртэл биелэгдээгүй ямар нэг зүйл байгаа бол залбирал дутсанаас тэр юм. Энэ талаар дахин нэг гүн гүнзгий бодоод, залбирлаар сүнслэг хүчийг хуримтлуулцгаая. Шударга бус шүүгч ч бэлэвсэн эмэгтэйн хүсэлтийг хүлээн авч, бүгдийг нь биелүүлсэн байхад чих бүтээсэн Бурхан бидний залбирлыг яагаад сонсохгүй гэж? Нүд бүтээсэн Бурхан яагаад бидний хүнд хэцүү байдлыг харахгүй гэж? Бурхан бүгдийг нь сонсож, бүгдийг нь харж байгаа.
“Тасралтгүй залбир” гэсэн нь Эцэгийн маань л хүсэл шүү дээ. Ялангуяа дэлхий даяар сайн мэдээ тунхаглаж дуусахын төлөөнөө бүгдээрээ нэг сэтгэлээр хичээнгүйлэн залбирцгаая. Эхлээд залбирч, дэлхий рүү гарвал Бурхан сүүлчийн сайн мэдээний түүхийг хурдан биелүүлэх нь дамжиггүй. Алдагдсан ах эгч дүү нараа бүгдийг нь хайж олохын төлөө тэнгэр Эцэг, Эхдээ тасралтгүй залбирдаг Сионы гэр бүлүүд болоорой.