Протестант сүмд өвчин эмчлэх юм уу харь хэлээр ярихыг Ариун Сүнс авсны баталгаа гэж үзээд үүнийгээ их чухалд тооцдог. Ганц протестант биш, католик сүмд ч бас Мариагийн хөшөөнөөс нулимс дуслах юм уу хэн нэг өвчтөн эмчилгээ авах юм бол үүнийг нь Ариун Сүнсний ажил гэлцэнэ. Хэн нэгнийг ариун хүнээр өргөмжлөхдөө ч гайхамшиг үйлдэх чадварыг нь тэд шалгадаг байна.
Гайхамшиг ба тэмдгүүд нь цөм Ариун Сүнсний ажил уу? Ариун Сүнсний ба бузар муу сүнсний ажлыг яаж ялгах вэ? Энэ талаар Библийн дагуух хариултыг олцгооё.
Гайхамшиг тэмдэгт мэхлэгдэж болохгүй гэсэн захиас
Гайхамшиг тэмдгүүдийг Ариун Сүнсний ажил гэж үздэг хүмүүс Есүс ч бас шавь нарын хамтаар олон гайхамшиг үйлдэж байсан болохоор гайхамшиг тэмдгүүд нь Ариун Сүнс хамт байгаагийн илэрхийлэл гэдэг.
Гэвч Есүс Өөрийгөө Христ болохыг гайхамшиг тэмдгээр гэрчилсэн удаа ганц ч үгүй. Гайхамшиг хайж ирсэн хүмүүст Тэрээр гагцхүү “Ионагийн тэмдэг”-ийн талаар л хэлж өгч байлаа (Мат 12:39). “Тэдгээр нь (Библи) Намайг гэрчилдэг” (Иох 5:39) хэмээгээд Есүс Библийн зөгнөлөөр Өөрийгөө гэрчилсэн юм. Иймд таван арвайн талх, хоёр загасаар цадталаа хооллосон таван мянган хүн гайхамшиг тэмдэг харахыг хүсэн дагаж явж байснаа цөм Түүнийг орхин одсон. Гэвч гайхамшиг тэмдэг гэхээсээ илүү мөнх амийн үгэнд чих тавьсан арван хоёр шавь л Есүсийг дагадаг (Иох 6-р бүлэг).
Хожим олон хуурамч христ болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, тэмдгүүд гайхамшгуудаар төөрөлдүүлнэ хэмээн Есүс сануулсан байдаг.
“Хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлэв.” Мат 24:24-25
Хуурамч христүүд ба хуурамч эш үзүүлэгчид ч тэмдэг гайхамшгуудыг үйлддэг. Тиймд гайхамшиг тэмдэг гээч зүйл нь Ариун Сүнсний ажил болж чадахгүй. Анхны сүмийн үед ч элч нар Христийг тэмдэг гайхамшгуудаар биш Библиэр гэрчилж байжээ. Христийн сургаалыг дагадаг христчин хүн л бол Түүний үгийг сэтгэлдээ санаж, тэмдэг гайхамшгаас илүүтэй мөнх амийн үгийг шимтэн дагах нь зүйн хэрэг биз ээ.
Тэмдэг гайхамшгаар илэрдэг бузар муу сүнсний ажил
Сатан болон хорон муугийн сүнснүүд ч элдэв гайхамшиг үзүүлэн ертөнцийг мэхэлнэ гэж Библид бий.
“Хуульгүй нэгэн нь Сатаны ажлын дагуу ирэгч бөгөөд бүх хүч ба тэмдгүүд, худал хуурмаг гайхамшиг болон элдэв зүй бусын заль мэхтэйгээр, мөхөгсдийн төлөө ирнэ. Учир нь тэд аврагдах үнэний хайраас татгалзсан. Тиймээс Бурхан тэдэн уруу хүчтэй төөрөгдөл илгээж тэд худал хуурмагт итгэх болно. Ингэснээр үнэнд итгээгүй, зүй бусыг таалсан бүхэн яллагдах юм.” 2Тес 2:9-12
Үнэн байхгүй газарт үзүүлдэг гайхамшиг тэмдгүүд нь Сатаны буюу бузар муу сүнсний ажил юм. Диавол бол сүнслэг бие болохоор тэрээр ч мөн янз бүрийн тэмдэг гайхамшиг үйлдэж чаддаг бөгөөд үүгээрээ сүнснүүдийг мэхэлдэг. Шүүлтийн өдөр ойртох тусам Сатаны иймэрхүү ажил бүр ч их газар авна.
“Тэр агуу тэмдгүүдийг үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газарт гал буулгадаг. Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул… дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг.” Илч 13:13-14
Мөн Христийн нэрээр эш үзүүлж, тэмдэг гайхамшиг үйлддэг олон хүнд хандан Есүс “Ёс бусыг үйлдсэн тул тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй” гэсэн байдаг.
“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23
Шүүлтийн үед олон хүн Есүсийн өмнө зогсон, “Есүс Таныг Эзэн хэмээн итгэсэн, Таны нэрээр эш үзүүлэгчийн (сүмийн удирдагчийн) үүрэг хүлээсэн, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөсөн, Таны нэрээр олон гайхамшиг үзүүлсэн. Тэгэхээр мэдээж би тэнгэрийн хаанчлалд орно биз” хэмээн ихэд итгэлтэйгээр хэлэхээр байна. Гэвч тэмдэг гайхамшгаар олныг мэхэлсэн хуурамч эш үзүүлэгчдийг Христ огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэдний хувь заяа эмгэнэлтэй еэ төгсөх юм.
Тэд Бурханы тушаал биш хүний тушаал дагадаг хэр нь (Мар 7:6-9) үйлддэг гайхамшиг тэмдгээрээ өөрсдийгөө Бурхантай хамт байгаа гээд дэндүү амархан тогтоочихдог.
Үнэнийг дагахгүй тэмдэг гайхамшгаар олныг мэхэлдэг энэ мэт хуурамч эш үзүүлэгч нар эцэст нь сүйрнэ хэмээн Библид хэлжээ.
“Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.” Илч 19:20
Тэмдэг гайхамшгаар олныг хуурч байсан хуурамч эш үзүүлэгчдийн орох газар нь там (галт нуур) юм. Тэгвэл гайхамшиг харан хуурамч эш үзүүлэгчийг дагадаг хүмүүс тэнгэрийн хаанчлалд орох болов уу? Хуурамч эш үзүүлэгчдийг дагагчид ч мөн адил галт нуурт орно. Учир нь Есүс “Сохор нь сохроо газарчилбал хоёул нүхэнд унах болно” гэж айлдсан шүү дээ.
Шинэ гэрээний үнэн доторх Ариун Сүнсний ажил
Тэмдэг гайхамшиг үйлдсэнээрээ энэ нь Ариун Сүнсний ажил болчихдог юм биш гэдгийг бид сая судалж үзлээ. Тэгвэл яавал Ариун Сүнс ажилладгийг олж мэдэцгээе.
Хуучин гэрээний үеэс л Бурханы сэнтий нь ариун газар (сүм) байлаа. Бурханы Ариун Сүнс бохир газар оршдоггүй. Тиймээс ариун газрыг янз бүрийн золиосын тахилын цусаар ариусгадаг байв. Ариун газрын доторх ариунаас ариун газарт гэрээний авдар дээр эвлэрүүлгийн таг байсан юм. Энэ эвлэрүүлгийн таг нь Бурханы сэнтий байлаа. Ариун газар ариун байх ёстойн учир нь Бурханы Ариун Сүнс тэр дотор оршдог ажгуу.
Шинэ гэрээний үед ч Бурханы Ариун Сүнс оршдог газар нь сүм (ариун газар) юм. Гэвч хуучин гэрээний үеэс ялгаатай ганц зүйл бий. Энэ нь хүний гараар барьсан сүмд Ариун Сүнс орших биш, харин аврал авсан итгэгчид нь өөрсдөө сүм болдог ба тэдний дотор Ариун Сүнс оршдог.
“Та нар өөрсдөө Бурханы сүм бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. …” 1Кор 3:16-17
“Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. …” 2Кор 6:16
Элч нар, анхны сүмийн итгэгчид Ариун Сүнсний бэлэг авч чадсан. Энэ нь тэд өөрсдөө сүм болсонтой холбоотой. Тэд хэрхэн Бурханы сүм болсон бэ? Нууц нь шинэ гэрээний Алгасал баярт оршдог.
Үнэн хэрэгтээ Есүс Өөрөө Ариун Сүнс болсон Бурхан учраас Есүсийн бие нь сүм юм (Илч 21:22, Иох 2:18-22). Тиймд бид дотроо Бурханы Ариун Сүнсийг залъя л гэвэл Есүстэй нэг бие болох учиртай. Энэхүү гүн нууцын талаар Есүс “Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд… Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна” гэж айлдсан юм (Иох 6:53-58). Тухайн үед ойлгоход бэрх энэ сургаалыг Есүс баригдахынхаа өмнөх өдөр Алгасал баярын ариун зоог барихдаа шинэ гэрээгээр тайлбарлан ойлгуулсан.
“Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:19-28
Мал амьтдын золиосын цусаар цэвэр болсон ариун газарт Бурхан оршдог байсан шиг, нүглээс болж үхлийн гинжинд хүлээстэй байсан хүн төрөлтхөн Ариун Сүнс орших газар болъё л гэвэл Алгасал баярын Хурга болж золиослогдсон Христийн цусаар цэвэр болох (нүглийн уучлал авах) учиртай юм. Нүгэлтнүүд нүглийн уучлал аван тэд Христтэй нэг бие болж мөнх амь авах ганцхан арга байгаа нь Есүсийн мах, цусыг идэж уух явдал юм. Үүнээс өөр арга байхгүй тул Есүс Алгасал баяраар дамжуулан Өөрийн мах, цусаа шавь нартаа өгсөн юм.
“Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ” гэсэн энэ үг нь ч бас хүүхдүүддээ мөнх амь өгөх гэсэн Есүсийн хязгааргүй хайрыг ухааруулж байгаа айлдал юм. Есүс Алгасал баярын талхыг өгөнгөө “Миний золиосыг дурсаарай” хэмээгээд усан үзмийн дарсыг “Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ” хэмээсэн (Лук 22:14-15, 19-22).
Шинэ гэрээ бол Есүс Алгасал баяраар Өөрийн мах, цусаа өгч байгуулсан амийн гэрээ юм. Амь болсон Есүс Христтэй нэг бие болж мөнх амь авах амлалт юм. Түүнчлэн сүм болсон Есүс Христтэй нэг бие болоод Бурхан орших Ариун Сүнсний сүм болох эрхэм амлалт билээ. Шинэ гэрээний Алгасал баяр сахидаг ариун хүмүүст Бурханы Ариун Сүнс оршдог болохоор Ариун Сүнсний ажил өрнөдөг. Тэд үнэний Ариун Сүнсээр дамжуулан Христийг зоригтойгоор гэрчилж (Үйл 2-р бүлэг), Ариун Сүнсний алив бэлгийг хүртээд тунхаглалын үүрэгт хүч хавсран оролцдог. Мөн тэд үлэмж агуу бэлэг гэгдэх Христийн хайраар бялхдаг ажгуу (1Кор 12-13 бүлэг).
Анхны сүмийн итгэгчид болон элч нар Ариун Сүнсний талаар зөв мэдлэгтэй байсныг сая судалж үзлээ. Ариун Сүнс ариун газарт оршдог, мөн шинэ гэрээний Алгасал баяраар цэвэр ариун болсон итгэгчид Ариун Сүнс оршдог ариун газар мөн гэсэн үзэл ойлголт тэдэнд байсан байна. Түүнчлэн тэд өөрсдөд нь мөнх амь өгөхийн төлөө энэ газар ирээд шинэ гэрээ байгуулсан Есүс бол зөгнөлийн дагуу ирсэн Бурхан гэсэн бодолтой байсан тул шинэ гэрээг хүлээн авсан итгэгчдийг ариун газар гэж үздэг байжээ.
Анхны сүмийн үеийн энэ мэт үнэн, мөн элч нарын үзэл баримтлалд тулгуурлан үзэхэд Алгасал баярын Хурганы цус байхгүй хүний дотор Ариун Сүнс оршдоггүй бөгөөд Ариун Сүнсний ажил ч өрнөдөггүй байна. Тиймээс Алгасал баярын үнэнгүй хүмүүсийн яриад байдаг гайхамшиг болон тэмдгүүд нь Ариун Сүнсний ажил ердөө ч биш. Түүнчлэн Алгасал баяр сахиагүй хүн Ариун Сүнсний бэлэг авлаа гэж хэлэх нь худал үг аж. Тэд өөр бурхны хүчээр олон сүнс мэхэлж, Бурханы сайн мэдээнд саад учруулах гэдэг боловч сүйрлээр төгсөнө.