Бурханы ерөөл, нигүүлслийн дунд шинэ он гарлаа. Бид Бурханд дахин нэг жилийг угтаж байгаа энэ үед та нар Бурханыг мэдэх мэдлэг, итгэлээ нэмэгдүүлснээр Бурханы мөнхийн хаанчлалд бэлтгэдэг итгэгчид болно гэдэгт найдаж байна.
Бурхан байдаг гэж амаараа хүлээн зөвшөөрдөг хэрнээ бодит амьдрал дээрээ Бурхан байдаггүй аятай авирладаг зарим нэг хүн бий. Мэдээж манай Сионы гэр бүлүүд ийм биш ч хорвоогийн олон хүн одоо хэр нь Бурханы хүслийг ойлгохгүй, Бурханы оршихуйг мэдэхгүйгээсээ янз бүрийн муу зуршилтай, муу үйл хийдэг.
Бурхан бүх зүйлийг хянан ажиглаж байдаг. Тиймээс зөвтөд нь зөвтийнх нь дагуу, бузар мууд нь бузар муугийнх нь дагуу, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгдөг “шударга ёсны Бурхан” хэмээн Библид айлдсан байдаг (Мат 16:27, Иса 30:18).
Урьд цагт нэгэн хүү замаар явж байгаад бөөн төмрийн хог, цахилгааны утас зам дээр хөглөрсөн байхыг олж харжээ. Хүү “Эзэнтэй л байлгүй” гэж эргэн тойрноо ажтал тэр өргөн талд хэн ч үзэгдсэнгүй. Хүү “Өө ашгүй. Энийг чихрийн худалдаачинд аваачиж өгөөд, чихрээр сольж идье” гээд газраар нэг хөглөрсөн цахилгааны утсыг хамж ороов. Ингэж ганц боодол болгоод сугавчлан явах гэтэл гэнэт тэнгэрээс аянга цахилгаан мэт дуу сонсогдох нь тэр.
“Чи муу золиг, наадхаа байсан газар нь зүгээр орхи!”
Хүү цочин гайхаж дээш өлийн хартал шонгийн модон дээр цахилгааны утас янзалж байсан засварчин хоёр нүдээрээ хяламхийн муухай харж, хүүг дээрээс нь ажиж байсан гэнэ.
Хүний бодол ийм л байдаг. Хэн ч хараагүй, өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй юм шиг санагдвал муу зүйл тоомжир ч үгүй хийнэ. Гэвч Бурхан бүхнийг ажиглан хардаг юм. Дөрвөн зовхист ээлжлэн хараад өөрийг нь ажиж байгаа хүн байхгүй гэж санагдах үедээ тэнгэрээс харж буй Бурханы оршихуйг ухаарах хэрэгтэй. Бурханыг ухаараагүйгээс болж муу бодол өвөрлөж, муу үйл хийсэн хүмүүсийг мөнхийн галт нуурт зовно хэмээн Библид сануулсан байна. Бүгдийг харж байдаг Бурханыг ухаарч чадахгүй бол тэнгэрийн хаанчлал явах эрх байхгүй гэсэн үг.
“ЭЗЭН тэнгэрээс ажмуй. Тэрээр хүний хөвгүүдийг бүгдийг харах авай. Сэнтийнхээ газраас Тэрээр дэлхийн бүх оршин суугчдыг ширтдэг. Тэд бүгдийн зүрхийг бүтээсэн Тэр агаад тэд бүгдийн үйлсийг Тэр анхаарах болой.” Дуу 33:13-15
Бурхан нэг ч хүнийг алгасалгүй бүгдийг нь тэнгэрээс ажиж байдаг. Хүмүүс “Бурхан энэ дэлхийн үй түмэн хүнийг яаж цөмийг нь мэдэх вэ дээ” гэж боддог ч байж магад. Сионы гэр бүлүүд ч мөн адил “Пастор сургаал айлдаж байхдаа энэ олон гэр бүлийн дотроос намайг юу хийж байгааг мэддэг болов уу” гэж боддог хүн байж болох юм. Үнэн хэрэгтээ сургаалын индрээс бүрэн харагддаг. Үүн шиг Бурхан сансар огторгуйгаас энэ дэлхийг гарынхаа алган дээр харж байгаа мэт хардаг. Хүнд бол энэ газар маш өргөн уудам, хүний тоо толгой олон болохоор хаа нэгтээ далдлаад нуугдчихвал харагдахгүй юм шиг санагдах байх. Харин Бурханы мэлмийд бүх юм ил байдаг аж.
Ертөнцийн хүмүүс хэн ч мэдэхгүй гэж боддог болохоор мууг үйлдэхээсээ айдаггүй. Харин Бурханд итгэдэг бид сайныг үйлдэхдээ илүү их сэтгэл гаргаж, өөрсдийг минь ажиж байдаг Бурхандаа яруу алдар өргөцгөөе. Бурхан тэнгэрээс дэлхийн бүх оршин суугчдыг ширтэж муу үйлийг нь ч тэр, сайн үйлсийг нь ч тэр, дотоод зүрх сэтгэлийг нь ч бас харж байдаг.
Елишагийн үеийн түүхээс Бурхан нүглийг нь ажиглаж байгаа дүр зургийг харж болно. Арамын цэргийн жанжин Нааман эш үзүүлэгч Елишаг хайж олоод, Бурханы хүч чадлаар уяман өвчнөөсөө эдгэсэн (2Хаа 5:1-14). Тэрээр үнэт бэлэг сэлтээр Елишад өргөл барьтал Елиша түүнээс нь татгалзжээ. Харин Елишагийн зарц Гехази бэлгийг хараад тэр даруй шуналдаа хөтлөгдөн эш үзүүлэгчээс нууцаар муу үйл хийв.
“Тэгээд бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн дээр тэр эргэн ирж, Елишагийн өмнө зогсоод —Үзэгтүн, ганцхан Израильд л Бурхан байдаг, харин бүх дэлхийд өөр хаана ч байдаггүйг би одоо мэдлээ. Иймээс одоо боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ. Харин Елиша —Миний өмнө нь зогсдог ЭЗЭН амьд! Би юу ч эс авна гэлээ. … Бурханы хүн Елишагийн зарц Гехази… Би түүний араас гүйн очоод түүнээс ямар нэгэн юм авсугай гэв. Ингээд Гехази, Нааманыг нэхэж одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж —Бүх юм сайн уу? гэв. Гехази —Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгч хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө бас хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв. … Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас авч гэртээ оруулан тавиад тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав. Харин тэр өөрөө орж ирэн эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд —Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр —Таны зарц ийш тийшээ явсангүй гэж хэлэв. Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ буух үед миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү? … Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болтугай гэв. Тиймд Елишагийн хажуугаас гарч ирэхдээ тэрээр цас шиг уяман өвчтэй болжээ.” 2Хаа 5:15-27
Бурханы мэлмийг ухаараагүй Гехази худал ярьж, Елиша эш үзүүлэгч болон Бурханыг хуураад, хараагдах нүгэл үйлджээ. Тэр мөчид ч Бурхан түүнийг тэнгэрээс харж байв. Энэ явдлын учир Гехази уяман өвчин тусаж, үр удамдаа мөнхөд удамшуулан үлдээх болов.
Бурхан бүгдийг харж байдгийг умартвал ийм л нүгэл үйлддэг. Иошуагийн үед Ахан ч бас Бурханыг мэдэхгүй гэж бодоод муу үйл хийсэн. Иерихог эзлэх үед олзолсон юмнаас Бурханд зориулагдсан эд юмсыг майхныхаа доор нуун тавьжээ.
Аханы нүглийн улмаас израильчууд дараагийн дайн болох Аи хотын тулаанд нуруугаа харуулан зугтаж, олон хүн амь эрсэджээ. Бурхан сэтгэлээр унасан Иошуад Израилийн дунд нүгэл үйлдсэн хүн байгааг хэлж, Аханы нүглийг илчилжээ.
“Гэвч Израилийн хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв. … Тэгтэл ЭЗЭН, Иошуад —Өндийн бос. Юунд чи нүүрээрээ унаад байна вэ? Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан гэрээг минь тэд бас зөрчсөн. Тэд хориг цээртэй зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлс дунд тавьсан. … Ингээд Иошуа өглөө эртлэн босож, Израилийг овгуудаар нь авчрахад Иуда овог тунав. Иудагийн ургийг авчирсанд зерахчуудын ураг тунав. … Ахан тунажээ. … Тэгэхэд нь Ахан Иошуад хариулсан нь —Үнэхээр би Израилийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайрч авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс миний майхан дотор газарт булаастай, доор нь мөнгө нь байгаа гэв.” Иош 7:1-21
Бурханы юмыг хулгайлсан нүгэл дээр хэн ч мэдэхгүй гэж бодоод Бурханд итгээгүйн нүгэл бас нэмэгджээ. Энэ бүгд Аханы үйлдсэн бузар нүгэл байв. Харин энэ нүгэл ч мөн Бурханы өмнө илчлэгдсэн аж. Эцэстээ Ахан өөрт байсан бүхнийхээ хамтаар хөнөөлгөв (Иош 7:22-26).
Өнгөрсөнд болсон түүхээс сургамж аваад, өнөө үед галын дөл мэт мэлмийгээрээ биднийг ширтэж байдаг Бурханыг мартаж үл болно. Хүний нүднээс нуугдаж магадгүй л дээ. Харин Бурханаас юуг ч нууцалж чадахгүй. Бурхан биднийг цаг ямагт ажиж байдаг.
Бурханаас үргэлж эмээдгийн учир бузар муугийн урхинд орж байгаагүй Гехази, Ахан нараас огт өөр хүмүүсийн жишээг ч Библиэс олж болно. Иосеф бол ийм хүн байсан.
Ах дүүсийн атаа жөтөө, хорслоос болж Египет рүү арилжигдсан Иосеф Потифар гэдэг жанжны гэрт байх болжээ. Тэнд байхдаа ч Бурхан дотор үнэнчээр амьдарч байгаад, нэгэн өдөр нүглийн урхитай тулгардаг.
“Иосеф Египет уруу хүргэгдэв. Тэгээд түүнийг тэнд авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг арилжин авчээ. ЭЗЭН Иосефтой хамт байсан учир… Иосеф, эзнийхээ нүдэнд тааллыг олж, түүнд үйлчилсэнд тэрээр Иосефыг гэрийнхээ даамал болгон эзэмшиж байсан бүхнээ түүний гарт өгчээ. … Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа. Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефт харц чулуудаж —Надтай унтаач гэж хэлэв. Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт —Харагтун, миний эзэн гэрийн доторх юунд ч санаа тавьдаггүй бөгөөд өөрийн эзэмшдэг бүхнээ тэрээр миний гарт өгсөн учир энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Та түүний эхнэр учир тэр танаас бусад юуг ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв. …” Эхл 39:1-23
Муу бодол орж ирэх үед Сатан “Нүдэнд харагддаггүй Бурхан юу гэж л намайг харав гэж” гэж бодоход хүргэн урхидаж, Бурханы оршихуйг ч мартуулдаг. Харин Иосеф “Бурхан харж байхад би яаж Түүний өмнө нүгэл үйлдэх билээ” гэж хэлээд урхинаас мултрав.
Эцсээ хүртэл Бурханыг дагасан Иосеф хэдий хилсээр хоригдсон ч гэлээ Бурхан түүнийг өргөмжилж, Египетийн бүх нутгийн захирагч болгожээ. Үүнээс хойш ургацгүй жил болоход тэрээр эцэг Иаковын хамтаар гэр хогшлоо Гошен руу нүүлгээд, эцгээ амар тайван амьдруулж ачийг нь хариулж чадсан аж.
Бурхан үргэлж ажиглаж байдгийг мартсан хүмүүс нүгэл үйлдэж, аймшигтай төгсгөлтэй учирсан бол харин үүнийг бодож мэддэг хүн Бурханы хүслийг даган их ерөөл хүртэж байсныг бид Библиэс ухаарч болно. Даниелын гурван найз Шадрах, Мешах, Абед-него нарыг санацгаая. Хааны зарлигийн дагуу шүтээнд мөргөхгүй бол жирийн үеэс долоо дахин хүчтэй галласан халуун галын ялаас мултарч чадахааргүй байв. Ийм хүнд байдал дунд ч тэд Бурханыг ухаарсан учир шүтээнд мөргөх нүгэл огт үйлдээгүй. Үүний улмаас дүрэлзсэн галтай зууханд хаягдсан ч Бурхан тэднийг галын аюулаас аварсан юм.
Даниел бас яасан билээ? Сайд түшмэлүүд түүнийг үгүй хийхийн тулд хуйвалдаан зохиож, хаанаас өөр ямар нэгэн бурханд мөргөвөл арслангийн нүхэнд хаях тушаал гаргуулсан боловч Даниел Бурханд хандан тасралтгүй залбирсан. Бурхан энэ мэт сайн үйлсийг ч мөн бүгдийг хараад, үүрэнд байгаа арслангуудын амыг хааж, Даниелыг аварч гаргасан юм.
Бид ч бас Иосеф, Даниел болон түүний гурван найз шиг ерөөгдөж амьдрах хэрэгтэй. Бурхан тэнгэрээс үргэлж биднийг харж байгаа. Бидний гаднах үйлсийг төдийгүй дотоод зүрх сэтгэлийг маань ч нэвт харж байдаг.
“Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.” 1Сам 16:7
Самуел эш үзүүлэгч Саулын оронд Бурханы шинээр тогтоосон хааныг олж тослохоор Иессийн гэрт айлчлах үед энэ явдал болжээ. Иессийн ууган хүү Елиабыг харахад бие махбод эрүүл чийрэг, зүс царай сайтай байсан тул Бурханы сонгосон хаан нь энэ хүн байна гэж боджээ. Гэвч Бурхан “Үгүй” хэмээгээд, хүн гаднах төрхөөр дүгнэдэг бол Бурхан зүрхийг нь хардаг гэв.
Бид ямар бодол сэтгэлтэйгээр Өөрийг нь дагаж байгааг Бурхан бүрэн харж байдаг. Тийм учраас сэтгэл нь хазайсан хүн Бурханы ивээсэн ерөөлт амьдралыг дагаж чадахгүй. Зүрх сэтгэлээсээ, үнэн зөв итгэлээр Бурханаас эмээдэг, Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүүхдүүд болцгооё.
“Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд, хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм.” Сур.Үгс 17:3
Бурхан бидний сэтгэл дэх бүхий л бохир юмсыг нэг хоёроор нь арилгаж, шижир алт мэт цэвэр ариун тэнгэрийн хүүхдээр дахин бүтээхийн төлөө өдөр бүр зүрхэнд маань шалгуур болж байдаг. Бурхан сайн муу үйлсийг ажиж байдаг төдийгүй сэтгэлийн гүнд нуугдсан зүрхний зорилгыг хүртэл бүрэн хянаж байдгийг мартуузай.
“Хоёр нүүртнүүд ээ, Исаиа та нарын тухай эш үзүүлэн, сайн онож хэлэхдээ “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.” Мат 15:7-9
Энэ мэт гагцхүү амаараа л Бурханыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бий. Хүн харахад Бурханд ихэд итгэдэг юм шиг байвч Бурханд тэгж харагддаггүй гэнэ.
Ахан, Гехази ч мөн адил өөрсдийгөө Бурханд итгэдэг гэдэг израиль хүмүүс байсан хэдий ч Бурханыг үгүйсгэсэн үйлдэл гаргаж байв. Бурханаас эмээдэг гэсэн атлаа зүрх сэтгэлдээ Бурханд буруу итгэлтэй байж, хүслийг нь огоорон ёс бусыг үйлдвэл Бурхан ийм хүнийг огтхон ч ард түмнээ гэж хүлээн зөвшөөрөхгүй (Мат 7:21-23).
Бурхан харж байгаа гэдгийг ухаарсан хүн Бурханыг чин сэтгэлээсээ хүндэтгэж, Түүнийг баярлуулах юм. Бурхан нууц харангаа биднийг хамгаалж байдаг.
“Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс чинь та нарт шагнал олдохгүй. … Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүндээ бүү мэдэгд. Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.” Мат 6:1-4
Баруун гарын хийснийг зүүн гар мэдэхгүй байсан ч Бурхан нэгд нэггүй мэднэ. Ариун хүмүүсийн сайн, зөвт үйлсийг, мөн итгэлээ сахихын төлөө хавчигдаж байгааг ч харж л байдаг.
“Залбирахдаа хоёр нүүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм. Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.” Мат 6:5-6
“Чи мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг бүү баргар царайл. … Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст бус, харин нууц оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууц хардаг Эцэг чинь чамд буцааж төлнө.” Мат 6:16-18
Хүнд харагдахын төлөө ажил төлөвлөх бус, үргэлж нууцаар харж буй Бурханыг санаарай хэмээн Есүс олонтоо онцолсон байдаг. Дээр дурдсан жишээнд гарсан хүүхэд шиг нүдэнд нь хүн харагдахгүй болохоор байхгүй гэж бодох бус, шонгийн модон дээрээс ажиж байгаа цахилгаанчныг харж чаддаг мэргэн ухаан хэрэгтэй.
Бурханы мэлмийг ухамсарлахгүй бол худал хуурмагийг үйлдэгч ёс бус нэгэн болчихож мэднэ. Мэдэхгүй гэж бодвол сэтгэлд гэм буруу соёолон ургана. Үнэнээ нуух гэхэд нь гэм нүгэл улам бүр цэцэглэсэн байна. Гэвч бүхнийг нууц хардаг Бурханыг мартаагүй хүмүүс зөв шийдвэр, зөв үйлсээрээ Бурханаас их ерөөл хүртсэн юм.
Бурхан одоо ч галын дөл мэт харцаараа бидний зүрхийг шалгаж, хийж байгаа үйлс болгоныг маань ажин харж байгаа. Ийм л итгэлтэй байвал Иосеф шиг, Даниел болон түүний гурван найз шиг ерөөлтэй ирээдүйг угтана. Бүхнийг хардаг Бурхантай хамт байдгаа огтхон ч бүү мартаарай. Тэгээд Эцэг, Эхийнхээ тааламжит хүслийг үнэн зүрхнээсээ, ивээлтэйгээр хүлээн аваад, мөнхийн тэнгэрийн хаанчлалд очин очтолоо дуулгавартай дагахыг хүсье.