WATV.org is provided in English. Would you like to change to English?

Цаг зуурын төлөө амьдрагч ба мөнхийн төлөө амьдрагч

221 Үзсэн тоо

Библид авралыг өвлөн авах Бурханы хүүхдүүдийн иргэний харьяалал тэнгэрт байдаг хэмээн гэрчилдэг (Фил 3:20 үзэх). Иргэний харьяалал нь тэнгэрт байгаа бол мэдээж газарт хамаарах ажлаас илүүтэй тэнгэрт хамааралтай ажилд сэтгэл оюунаа зориулах нь зүйтэй. Бурхан ч хүүхдүүдээ зөвхөн махан биеийн амьдралд баригдан амьдрахыг хүсээгүй. Тиймдээ ч хожим буцаж очоод эдлэх тэнгэрийн яруу алдарт амьдралын төлөө зүтгэхийг сургамжилжээ.

Энэ газар дээр аливаа улсын иргэний харьяалалтай хүн үүнийхээ дагуу эрх, үүрэгтэй байдаг. Түүн шиг тэнгэрт харьяалагдах хүнд ч бас тэнгэрийн иргэний харьяалалтай хүнийх нь хувьд эрх, үүрэг гэж бий. Энэ газрын амьдрал бидэнд ямар утга учиртайг, мөн хожим соёрхох мөнх амьдралын төлөө одооноос бидний хийх ёстой ажил юу болохыг ойлгож авцгаая.

Үзэгдэх юмс ба үл үзэгдэх юмс

Хүн энэхүү дэлхий хэмээгч хязгаарлагдмал орон зай, амьдрал хэмээх хавчигдмал цаг хугацаанд өдөр хоногийг элээж байдаг. Тиймээс нүдэнд үзэгдэх энэ дэлхийг хамаг утга учраа гэж саначихаад, энэ газрын амьдралын төлөө залуу нас, зүрх сэтгэл, хичээл зүтгэл гээд байгаа бүхнээрээ дэнчин тавьж урагш зүтгэдэг. Харин Библид үүнийг хамаг утга учир маань биш гэж заагаад, цаг хугацаа орон зайн хязгаарлагдмал байдлаас ангид оршигч, үл үзэгдэх мөнхийн ертөнц байдгийг мэдүүлсэн байна.

“Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.” 2Кор 4:16-18

Үзэгдэх ертөнц нь ердөө цаг зуурынх. Хэрвээ бид зөвхөн үзэгдэх юмст л итгээд агшин зуурын төлөө гүйж байгаа бол амьдрал яг одоо тансаг сайхан харагдаж байлаа ч урсан өнгөрөх цаг хугацаанд гундан алга болж мэдэх юм. Эцэст нь “Юм бүхэн хоосон, утга учиргүй юм даа” гэж л санаашрахаас цаашгүй.

Бурхан бидэнд үл үзэгдэх ертөнц бол жинхэнэ төдийгүй мөнхийн ертөнц гэдгийг зааж өгсөн. Бурханы хүүхэд мөн л бол Бурханы үгийг түшээд, үл үзэгдэх ертөнцийг санаж, мөнхийн төлөө амьдрах хэрэгтэй. Цаг зуурт автан мөнхийн юмсыг алдчихаагүй байгаа гэдгээ, мөнхийн юмсын төлөө хором мөчийг утга учиртай өнгөрөөж байна уу гэдгээ ямагт эргэн хардаг байх хэрэгтэй юм.

Бурхан бидэнд энэ газрын богино амьдралыг зөвшөөрсөн нь ахархан амьдралын мөнх бусыг таниулж, хүний нүдээр харж чадахгүй мөнх юмсын үнэн үнэ цэнийг ойлгуулж, мөнхийн ертөнцөд хүргэх гэсэндээ тэр юм. Цаг зуурт эзэмдүүлсэн хоосноос хоосон амьдралаа таягдан хаяж, өнө мөнхийг эрмэлзэн үүрдийн ертөнцийн төлөө амьдраарай гэсэн утга бүхий сургаал Номлогчийн үгс номонд тов тодорхой бичигдсэн нь бий.

Бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг

Эд хөрөнгийг хамгаас үнэ цэнэтэй зүйл гэж боддог хүн эд хөрөнгө хураахад бүх амьдралаа зориулдаг. Мэдлэгийг ихэд үнэ цэнэтэйд үздэг хүн өрөөл бусдаас өндөр боловсролтой болохын төлөө л насаа зориулдаг. Харин Номлогчийн үгс номыг бичсэн Соломон тэдгээр юмсыг түр зуурын өнгөрөн одох зүйл, мөнхийнх биш учраас бүгд хоосон хэмээн дурджээ.

Давидын хүү Израилийн гурав дахь хаан асан Соломон хорвоогийн хамгийн мэргэн ухаантай, онцгой эрдэм мэдлэгтэй, эд баялаг, яруу алдар нь оргилдоо хүрсэн суут хүн байв. Тэрээр зарц боол, мал сүрэг ихээр эзэмшиж, баялаг эд агуурсыг ихээхэн хуримтлуулсан, гоёмсог орд харш, гоо үзэсгэлэнт хатад ч олонтой байв. “Нүд минь хүсэмжилж буй бүгдээс би эс татгалзав. Ямар ч баяр цэнгэлээс би зүрхээ татаж байсангүй” гэж хэлэх хэмжээний хүссэн бүхнээ хийж байсан тэрээр эцэстээ тэр бүх хөдөлмөр зүтгэлээ хоосон, залхмаар юм хэмээгээд “Харах нүд ханахгүй, чагнах чих дүүрэхгүй” хэмээн сэтгэлээ уудалсан удаатай (Ном.Үгс 2:3-10, 1:8 харьцуулах).

“Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс оршвой. Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, бүгд хоосон ажээ” гэнэ. Наран доор зүтгэх хүмүүний хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм? … Хамаг юм амаргүй, хамж хэлж барахгүй, харах нүд ханахгүй, чагнах чих дүүрэхгүй. Байсан юм бахь байдгаараа хийсэн юмаа хийдэг л хэвээрээ. Наран доор нэг ч шинэ юм алга. Хараач, энэ шинэ зүйл байна гэхээр юмс хаа нэгтээ байна уу? Аанай л биднээс өмнөх аль эрт байсан л зүйл байна. Өмнийнхөн дурсагдах нь үгүй хожмынхон ч дараагийнхандаа эс дурсагдмуй. Мэргэн ухааныг хайх нь хоосон. Номлогч би Иерусалим дахь Израилийн хаан байв. Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би сэтгэл оюунаа зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн бэрх үүрэг буюу. Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр. …” Ном.Үгс 1:1-18

Ертөнцийн хүмүүсийн хамгийн ихээр хүсэж мөрөөддөг амьдралыг элээж явсан Соломон хүртэл амьдралынхаа сүүлчийн жилүүдэд энэ газрын бүх зүйл хоосноос хоосон төдий хэмээн хүмүүний амьдралыг дүгнэжээ. Учир нь өөрийнх нь насаараа эдэлж ирсэн эд баялаг, сүр жавхлан үүрдийнх биш, цаг зуурынх, тэр бүх юмс өнгөрөн одвол юу ч биш хоосноос хэтрэхгүй гэдгийг тэр ухаарсан юм.

Хүмүүс мөнхийн ертөнцийг мэдэхгүй, энэ газрын амьдрал хамаг утга учир нь аятай энэхэн зуурт л хоргодон, төгсгөл рүүгээ харвасан сум шиг гүйвч амьдралынхаа эцсийн мөчид өнгөрсөн амьдралаа эргээд харахад наран доор хөдөлмөрлөсөн бүхэн нь юу ч биш гэдгийг ухаарах болно. Бурхан үүнийг бидэнд ухааруулж өгөөгүй бол бид ч бас хорвоогийн хүмүүстэй адил түр зуурын юмст автан, мөнхийн ертөнцийг мэдэхгүйгээр амьдрал гэдэг үнэ цэнэтэй цагаа бүгдийг нь хий дэмий үрэн таран хийчих байсан биз.

Харин Бурхан биднийг Сион руу дуудаж, бидний энэ газарт насаараа зүтгэж ирснээс илүү их аз жаргал, илүү их амар тайван, илүү их баяр хөөр, илүү их баяр баясгалантайгаар амьдрах мөнхийн ертөнц байдгийг мэдүүлсэн билээ. Мөн хэрхэж амьдрах нь хамгийн ухаалаг амьдрал вэ гэдгийг ч бидэнд мэдүүлж, түр зуурын төлөө зүтгэж байсан амьдралыг маань мөнхийн ертөнцөд бэлтгэх амьдралаар сольж өгсөн билээ.

Бурханаас эмээх нь хүний үндсэн үүрэг

Соломон эцэст нь хүний амьдралын нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой үнэ цэнийг ухаарч, Номлогчийн үгс номын сүүлчийн хэсэгт ийнхүү гэрчилсэн байдаг.

“Хүнд өдрүүд ирж, “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд, Бүтээгчээ санагтун. … Ийнхүү хүн мөнхийн гэртээ одоход гашуудагсад гудамжаар алхах болно. Мөнгөн утас тасарч, алтан хул хэмхэрч, булгийн хундага бутарч, худгийн хүрд эвдрэхээс өмнө Түүнийг санагтун. Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ. Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд утгагүй” гэв. … Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно.” Ном.Үгс 12:1-14

Номлогчийн үгс номын 12-р бүлэгт “Надад аятай юм алга” гэж хэлэх “жилүүд” нь хүний амьдралын шувтарга үеийг заасан аж. “Ийнхүү хүн мөнхийн гэртээ одоход гашуудагсад гудамжаар алхах болно” гэсэн нь амьдрал эцэслэсний дараах үеийг заан хэлж байна. Эцэстээ үхлийн өмнө очоод харвал энэ газрын амьдралын төлөө хөдөлмөрлөсөн бүхэн нь хоосон агаад салхины хойноос хөөцөлдсөн хэрэг хэмээн тайлбарласан юм.

Амьдрал заримдаа урт ч юм шиг, мөнх ч юм шиг санагддаг ч өнгөрөн одвол ердөө л хормын төдий хугацаа. Ийм л агшин зуурт баригддаг амьдрал юм чинь хоосон, үр ашиггүй байхаас ч аргагүй. Александр хаан, Наполеон гэх мэт эрэлхэг баатрууд ч амьдралынхаа сүүлчийн мөчид хэлсэн үг нь Соломоны гэрчилсэнтэй утгын хувьд адилхан байв. Хүсэл мөрөөдөлдөө тэмүүлэн бүх насаараа тэмцэж ирсэн боловч бүх зүйл хоосноос хоосон гэлцсэн гэнэ.

Александр хаан үхлийн өмнөхөн амьдралаа эргэн хараад, үй түмэн хүний цус урсган, олон улс орныг эзэлж, нэг насны амьдралаа зориулан байж олж авсан асар уудам газар нутгаас өөрийнх нь эзэмшил ердөө гурван алд ч хүрэхгүй булшны газар гэдгийг ухаараад санаа алдан харууссан гэдэг. Тиймээс жанжнууддаа “Намайг өөд болсны дараа хөдөөлүүлэхдээ гарыг маань хүмүүст харагдахаар авсны гадна гаргаарай” гэсэн гэрээслэл үлдээсэн гэнэ. Тэнгэрийн доорх ертөнцийг атгаж байсан хүн ч эцэстээ хоосон буцдаг амьдрал гэдгийг хүмүүст мэдүүлэхийг хүссэн нь тэр байжээ.

Үүнтэй адил энэ газарт түр зуурын төлөөх амьдралын утгагүй хоосныг гагцхүү амьдралаа эцэслэж буй хүн л гүнээ ухаардаг. Харин Бурхан бид бүгдийг тэдэн шиг амьдралаа хоосон эцэслэхээс өмнө мөнхийг эрмэлзэх зүрх бидэнд өгөөд, амьдралын үндэс нь Бурханаас эмээж, Бурханы тушаалыг сахих гэдгийг, улмаар ингэснээрээ мөнх амь авч, мөнхийн ертөнцөд очиж чадна гэдгийг ухааруулж өгсөн юм.

Бурхан баярладаг сайн мэдээ

Бурхан биднийг хоосон биш, утга учиргүй юм гэж байдаггүй мөнхийн ертөнц өөд хөтлөх гэсэндээ “мөнх амь” гэсэн эрхэм ерөөлийг бидэнд соёрхсон. Мөн энэ газарт байхдаа хоосон биш үр ашигтай амьдралаар хэрхэн амьдрах аргыг ч зааж өгсөн. Энэ бол Бурханы бидэнд заасан үнэнийг тунхаглах “авралын зар тараагчийн амьдрал” юм.

Авралын зар нь зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын амийг аврахын төлөө, мөн мөнхийн ертөнцийн төлөө сайн дураараа үйлчлэх, золиос гаргах ажил юм. Бусдын төлөө гэсэн үйлчлэл, золиосын сэтгэлтэй болсон үедээ тухайн сүнсний төлөө Бурханд чин сэтгэлээсээ залбирал өргөж, өөрийгөө дорд болгон, Бурханы сэтгэлээр хайрлаж байж л сая нэг ивээлтэй авралын зар болж, нэг сүнсийг авралд хөтөлж чаддаг. Авралын зарыг ийн тараахад Бурхан баярладаг.

“Учир нь бидний ятгалга нь заль мэх, бузар, төөрөгдөл дор байгаагүй. Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм.” 1Тес 2:3-4

Сайн мэдээ нь Бурханыг баярлуулдаг ажил билээ. Мөн энэхүү сайн мэдээ нь “Бурханаар батлагдсан хүмүүс” л хийх ажил гэсэн байна. Мөнхийн ертөнцийг тунхаглаж, тэр ертөнц рүү хүмүүсийг хөтлөх ажил учир сайн мэдээ тараадаг хүнийг л мөнхийн төлөө амьдрагч гэж хэлж болно.

Бид чимээгүй байлгүй, сайн мэдээг эргэн тойрондоо байгаа олон хүнд мэдүүлж, амьдралаа түр зуурын төлөөх бус, мөнхийн төлөөх амьдрал болгохоор хүчээ дайчилцгаая. Сайн мэдээ дамжуулах явцад дагалдах эргэн тойрны хавчлага, доромжлол бол түр зуурынх. Энэ нь биднийг мөнхийн тэнгэрлэг оронд очих үед авах шагнал маань болох төдийгүй Бурханы хаанчлалын төлөө зовлонгийн хуваалцагч болсон гэх гялалзах намтар болж бичигдэнэ. Мөн энэ газрын амьдралд бол түр зуураас хэтрэхгүй хэр нь Бурханы хаанчлалд бол өнө удаан яригдах бахархал болох билээ.

Тиймээс Даниел эш үзүүлэгч мөн “Олныг зөвт байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх туяарах болно” хэмээн Библид тэмдэглэсэн байдаг. Бид түр зуурын бэрхшээлийг тэвчихгүйгээс сайн мэдээг орхидог мунхаг бодлуудаа орхиод, мөнхийн тэнгэр оронд хүртэх шагналаа бодон, Бурханы тааламжит хүслийг тэр хэвээр нь ивээлтэйгээр хүлээн авч, сайн мэдээ тунхаглагч Бурханы хүүхдүүд болцгооё.

“ийм сургаалт зүйрлэл тэдэнд айлдав. —Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, гэртээ ирж, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно.” Лук 15:3-7

Нэг нүгэлтэнг гэмшүүлбэл ерэн есөн зөвт хүний өгч чадах баяр баясгалангаас илүү их баяр хөөрийг Бурхандаа өргөж чадна хэмээн айлдсан байна. Сүнс нэг бүрийг аврах нь Бурханы сэтгэлийг ийн баярлуулдаг ажил төдийгүй өнө мөнхийн төлөөх үйлс юм.

Энэ газарт эдлэх түр зуурын баяр хөөрийн төлөө илүү ач холбогдол өгч амьдрах уу эсвэл Бурханы хаанчлалд эдлэх мөнхийн баяр бахдалд санаа тавин амьдрах уу? Сонголт өөрт тань байна. Харин хормын төдий сонголт тань мөнхийн хувь заяаг тань шийдэх болно.

Хоосон бус хөдөлмөр

Одоо бидэнд мөнхийн төлөөх ерөөл хураах боломж байна. Харин Бурханы хаанчлалд буцаад очиход энэ газарт өнгөрүүлсэн бүх цаг хугацаа, он жилүүд, үлдээсэн ул мөрөө өөрчлөх аргагүй юм. Бурханаас зөвшөөрч өгсөн энэ эрхэм боломжит хугацаанд Бурханы таалалд нийцсэн сонголт хийгээд, түр зуурын төлөөх хоосноос хоосон амьдралаар биш мөнхийн төлөөх сайн сайхан амьдралаар амьдрахыг чухалчлан гуйя.

“Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.” 1Кор 15:58

Соломон наран доор хийж байгаа бүхэн эцсийн эцэст хоосны хоосон гэж хэлсэн. Харин Паул элч Бурханы ажилд илүү хүчээ дайчлан хичээвэл тэр хэмжээгээр үр ашиггүй хоосон хөдөлмөр хэрхэвч болохгүй гэж онцолсон юм.

Өмнө нь бид түр зуурын тэрхүү хүрээн дотор хоригдон амьдарч байсан. Гэвч Бурханы ивээлээр тэнгэр өөд ширтэн, тэнгэр дэх мөнхийн юмсыг харахтайгаа болсон шүү дээ. Бурхан биднийг зөвхөн өөрсдийн бус өрөөлийн авралын төлөө тэрхүү ухаарлаа хуваалцахыг хүссэн юм. Мөн хүчтэй итгэлээр Бурханы ажилд илүү бие сэтгэлээ зориулдаг хүүхдүүд болохыг, бүгд хамтдаа Бурханы хаанчлалд заавал хүрэхийг хүссэн билээ.

Сионы бүх гэр бүлүүд ээ! Шинэ Иерусалимын яруу алдар, шинэ гэрээний сайн мэдээг дэлхий даяар тунхаглагч үзэсгэлэнтэй шинэ гэрээний үйлчлэгч нар болж, Бурханы баяр баясгалангийн төлөө болон өнө мөнхийн төлөө амьдарцгаая. Урьд бид ертөнцийнх байхдаа тийн байсан шиг түр зуурын төлөө амьдарч байгаа олон сүнсэнд мөнхийн тэнгэрийн хаанчлалыг ухаарч мөнхийн төлөө амьдрах боломжийг олгон, Бурханыг баярлуулдаг гэрч нар болоорой гэж хүсье.