Амралтын өдрийн утга учир

26,587 үзэлт

Ваар, шаазан эдлэл хийхийн тулд хэвэнд цутгах, хэлбэрт оруулах, өнгөлгөө хийх, хатаах, зууханд хийх, дахин зууханд хийх гээд бүрэн гүйцэд болох хүртэл нь нэлээн нүсэр явц шаардагддаг. Нэг амь төрөхийн төлөө ч мөн арван сарын турш эхийн хэвлийд ураг бүрэлдэх явц бий.

Нүдэнд харагдах махан биеийн ертөнцөд ч хүртэл юм бүхэн бүрэн төгс болох хүртэл хөдөлмөр зүтгэлийн явц байдаг байх нь. Яг үүн шиг нүдэнд харагдахгүй сүнсний ертөнцөд Бурхан биднийг төгс бүтээл болгон бүтээхийн тулд тасралтгүй зүтгэсээр байгаа. Тэнгэрийн иргэний хувьд дутуу зүйлгүй байг гэсэндээ долоо хоног бүр Бурхан Амралтын өдрөөр бидэнд ерөөл өгч, шинэ хүч чадал соёрхдог. Бурханы хайраараа тогтоосон Амралтын өдрийнх нь утга учир болон ач холбогдлыг бодож эргэцүүлцгээе.

Сүнслэг нүгэлтнүүд Амралтын өдрөөр ариусна

Бид дэлхийд төрсөн нь тэнгэрийн оронд нүгэл үйлдсэнтэй холбоотой. Есүс алдагдсаныг хайж аврахаар энэ газар ирсэн.

“… Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн…” Мат 9:13

“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” Лук 19:10

Есүс алдагдсаныг хайсандаа үүр шөнөөр залбирч, тунхаглахаа ер зогсоогоогүй (Мар 1:35-39). Христийн амьдралын туйлын зорилго нь хүн төрөлхтний аврал байсан учраас л тэр.

Есүс “алдагдсаныг” гэж айлдсан болохоор бид угтаа Есүстэй хамт тэнгэрийн оронд амьдарч байсан тэнгэр элч нар гэдгээ мэдэж болно. Исаиагийн тэмдэглэлд биднийг тэнгэрийн оронд ямар нүгэл үйлдсэнийг товчхон мэдүүлсэн байгаа.

“Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи хөсөр хаягдлаа! Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэрт гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн лугаа адил болгоно» гэсэн.” Иса 14:12-14

Өөрийн сэнтийг өргөмжлөн, Бурхантай адил болох гэсэн атгаг санаа өвөрлөсөн Сатан диаволын урхинд унаж, тоо томшгүй олон тэнгэр элч Бурханыг эсэргүүцэх гэм нүгэлтнүүд болж, эцэст нь газар дэлхий рүү хөөгдөн бууж ирсэн юм. Ялгах чадвараа алдаад санаандгүй байдлаар Бурханыг эсэргүүцсэн сүнслэг нүгэлтнүүд бол бид. Тиймээс энэ газар байх хугацаандаа гэм нүглийн уучлал аваад, тэнгэрийн орон руу буцахаас өөр чухал ажил гэж бидэнд байхгүй гэхэд болно.

Ялгах чадварыг маань эргүүлэн өгч, төрөлхийн тэнгэр элчийн төрхийг минь сэргээх гэсэндээ Бурхан бидэнтэй нэгэн онцгой гэрээ байгуулсан нь Бурханы тушаалуудын нэг болох Амралтын өдөр юм.

“Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.” Эхл 2:1-3

“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь. … Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.” Гэт 20:8-11

Амралтын өдөр бол Бурхан ертөнцийн эхнээс ариун болгон, ерөөл өгнө гэж урьдаас тогтоосон амлалтын өдөр төдийгүй Бүтээгчийн хүч чадлыг дурсан, Бурханыг зөв ухаарч чадах боломж соёрхсон өдөр. Санамсаргүйгээр Бурханыг эсэргүүцэж байсан бидний нүгэл, гэм бурууг энэ өдөр цэвэрлэн, дахин бүтээж буй ариун өдөр юм.

Бурхан энэ Амралтын өдрийг Арван тушаалын дөрөв дэх тушаал болгон өгч, огт марталгүй санаж, ариунаар сахиарай хэмээсэн. Амралтын өдөр сахин ариун болж байж л бид ялгах чадвараа эргүүлэн олж, Үүрийн хүү гялбаат цолмонгийн мэхлэлээс гарч, авралын зам руу явж чадах болохоор л тэр шүү дээ. Биднийг ухаараагүй байхад ч хүртэл Бурхан Амралтын өдөр болгоноор биднийг ариун дүр төрхтэй болгож байдаг.

Бурханы ард түмэн болох тэмдэг нь Амралтын өдөр

Амралтын өдөр бол зөвхөн Бурханы ард түмэнд л өгсөн эрхэм нандин хууль тушаал юм. Бурхан Амралтын өдрөөр дамжуулан Өөрийн ард түмнээ ялган тусгаарлаж, улмаар ариусгаж байдаг.

“—Чи Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Амралтын өдөр та нарт ариун тул үүнийг сахигтун. Үүнийг бузарлах нэгэн үхэх ёстой. Энэ өдөр хэн ажил хийнэ, тэр хүн ард түмнийхээ дундаас таслагдана. Зургаан өдрийн туршид ажил хийж болно. Харин долоо дахь нь буюу бүтэн амрах Амралтын өдөр нь ЭЗЭНд ариун билээ. Амралтын өдөр ажил хийдэг хэн боловч заавал үхэх ёстой.” Гэт 31:13-15

Хуучин гэрээний үед Бурхан Амралтын өдрийг бузарласан хүн үхэх ёстой гэсэн тийм хэмжээнд хатуу чанд шийтгэж байсан нь Амралтын өдрөөр биднийг ариусгаж, аврах гэсэн Бурханы чин хүсэл байсантай нь холбоотой.

Тиймээс Амралтын өдөр бол огт мартаж болохгүй Бурханы тушаал юм. Бурхан биднийг зовоох гэсэндээ Амралтын өдрийг өгсөн юм биш. Сатанд мэхлэгдсэн сүнслэг байдлыг маань зөв ойлгуулж, юу нь нүгэл, юу нь зөвт болохыг ухааруулж, амь өгөх гэсэндээ л Амралтын өдрийн тогтолцоог зөвшөөрсөн.

“Би тэдэнд зарлигуудаа өгч, тогтоолуудаа мэдүүлсэн. Ингэснээр хүн тэдгээрийг биелүүлбэл түүгээр амьд байна. Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн.” Езе 20:11-12

Бурханы ард түмнийг таньж чадах тодорхой тэмдэг бол Амралтын өдөр. Ариун хүмүүс Амралтын өдрийг сахиснаараа тэднийг ариусгадаг Бурханыг таньж, Амралтын өдөр сахидаг ариун хүмүүсийг л Бурхан ард түмнээ хэмээн хүлээн зөвшөөрнө.

Бурхан Амралтын өдрийг санаж ариунаар сахих ард түмэнд ерөөлөө хайрлаж, мөнхийн амралт руу очих зам нээж өгсөн. Тиймээс Амралтын өдрийг сахихгүйгээр мөнхийн ерөөл, аврал аль алийг нь авч чадахгүй. Бурхан болон бидний хоорондын тэмдэг болох Амралтын өдрийг сэтгэлийнхээ гүнд сийлээд, итгэл сүсэг дотор Бурхантай ойр байж, Бурханаас эмээдэг итгэгчид болох ёстой.

Амралтын өдөрт саад хийж, Бурханыг эсэргүүцдэг Сатан

Бурхан биднийг аврахын төлөө Амралтын өдрийн хуулийг тогтоосон. Харин Сатан диавол нэг сүнсийг ч гэсэн үхэл рүү чирэхээр худал хуурмагаар мэхэлж байдаг. Үүнийх нь уршгаар ертөнцийн олон хүн ялгах чадвараа алдаж, Бурханы байгуулсан амийн хуулийг үл тоомсорлосноороо Бурханы тушаалыг басамжилсаар байна.

“тэд тогтоолуудаас минь татгалзаж, Миний зарлигуудаар эс яван Амралтын өдрүүдийг минь буртагласан учир юм. Зүрх нь шүтээнүүдийнхээ араас дагав.” Езе 20:16

“ЭЗЭНий үг надад ирж… Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний ноёдын хуйвалдаан байна. Тэд амиудыг залгисан. Тэд эрдэнэс, үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов. Түүний тахилч нар хуулийг минь зөрчиж, ариун юмсыг минь буртаглав. Тэд ариун, жигшүүрийг хооронд нь эс ялган бузар, цэврийн ялгааг заасангүй. Тэд Амралтын өдрүүдээс минь нүдээ нууж, Би дунд нь жигшигдлээ. Түүний дотор ноёд нь цус урсган шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм.” Езе 22:23-27

Бурханы хуулийг зөрчдөг хуурамч эш үзүүлэгчид яг л архирах арслан, чоно адил хүмүүсийн амийг залгихыг санаархдаг. Тэд Бурханы тогтоосон зарлиг, хуулийг хүртэл өөрчлөн, авралын зүй тогтолд саад учруулж, ертөнцийн хүмүүсийг итгэлийн зөв оюун ухаантай байлгахгүйгээр мэхэлж байгаа. Үүнд нь Бурхан тэдэнд ихэд хилэгнэсэн.

Бурханд итгэдэг гэчихээд Амралтын өдөр сахидаггүй хүмүүсийн дунд Бурхан жигшигдэж байгаа хэрэг. 2000 жилийн өмнө Есүс хүн төрөлхтнийг аврахаар энэ газар ирсэн үед тэргүүн тахилч, фарисайчууд, хуулийн багш нар зэрэг Бурханд итгэдэг байсан хүмүүс Есүсийг доромжлон хавчиж байсантай адил өнөө үед ч мөн ийм явдал болж байна. Христчин гэгддэг хүмүүс үнэнийг заахаар ирсэн Бурханыг ч, Бурханы тушаалыг сахидаг ариун хүмүүсийг ч тэрс гэж шүүмжилцгээдэг.

Амралтын өдрийг басамжлан бузарладаг хүмүүс итгэлийн амьдралаар хичнээн удаан амьдарсан ч гэсэн Бурханыг гэсэн зөв мэргэн ухаан, мэдлэгтэй болж чадахгүй. Учир нь Сатанд хэдийн мэхлэгдсэн байдлаасаа өөрөө гарч чадахгүй, Бурханы тушаал зарлигаар л буруугаа ухаарч, ариун болон өөрчлөгдөж байж зөв ухаарал олж авч чадна.

“Арван эвэр бол тэр хаанчлалаас босох арван хаан юм. Тэдний дараа урьд нь байгсдаас ялгаатай, өөр нэгэн хаан босоод гурван хааныг дарах болно. Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.” Дан 7:24-25

Хамгийн Дээд Бурханыг эсэргүүцэгч буюу Сатан тэнгэрт олон тэнгэр элчийг мэхэлсэн шигээ дэлхий дээр ч мөн адил олон хүнийг мэхэлж, тэднээр Бурханыг эсэргүүцүүлж, жигшүүлж байгаа. Өнөө үед ертөнцийн олон сүм Бурханд үйлчилдэг гэчихээд ням гаргийн мөргөл сахиж, Библийн Амралтын өдрийг ном ёсоор нь сахихгүй байгаа нь ч үүнээс улбаатай.

Бурханы тушаал нүдний эмтэй адил учир сүнсний нүдийг гэрэл гэгээтэй болгох үүрэгтэй (Дуу 19:8). Амралтын өдрийг сахидаг эсэхийг нь шалгахад л Библийн заавар дагуу явдаг сүмийг ялгаж чадах бөгөөд Бурхан ямар ард түмнийг авралын зам руу хөтөлж байгааг ухаарч болно.

Амралтын өдрийн Эзэн болсон Есүсийг дагасан элч нар

Бидний итгэлийн эх үндэс бол Бурхан. Бурханы заавар болон жишээг тэр чигээр нь дагах нь жинхэнэ итгэл гэж хэлж болно.

“… Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэв.” Мат 12:6-8

Есүс Өөрийгөө Амралтын өдрийн хуулийг тогтоон бидэнд соёрхсон, Амралтын өдрийн Эзэн гэсэн байна. Есүс анхны сүмийн үед Өөрийн биеэр Амралтын өдрийг сахиж жишээ үзүүлсэн нь Амралтын өдрийг сахих үед Бурханы хүслийг зөв ялгаж салгадаг болохоор тэр аж.

“Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод —Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу, Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж уншаад, …” Лук 4:16-21

Амралтын өдөр нь Есүсийн заншсан ёс байсан байна. Бурхан Амралтын өдрөөр бидний сэтгэл, оюун дахь бохир муу бүхнийг цэвэрлэн, харагдахгүй байгаа сүнсний ертөнцөд илүү ивээлтэй ерөөл хурааж чадахаар болгосон юм. Ийнхүү бидний нүдээрээ харж, гараараа мэдэрч чадахгүй хүч чадлаар Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлгэрч, аврал руу явах зам нээгддэг.

Тийм учраас элч нар ч Есүсийн жишээг даган долоо хоног бүр Амралтын өдөр сахиж байжээ.

“Паул заншсанаараа тэдэн дээр очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ. Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод —Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ.” Үйл 17:2-3

“Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа.” Үйл 18:4

Бид Амралтын өдөр бүр Библиэр Бурханы сургаал зааврыг авдаг шиг элч Паул ч Амралтын өдөр болгон синагогт Бурханы үгийг тунхаглан, ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байсан. Энэ мэт анхны сүмийн түүхээс бид Амралтын өдрийг тасралтгүй сахисаар байсныг харж болохоор байна. Үүгээр зогсохгүй Матай номонд Есүс “Зугтах чинь өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир” гэснээрээ Бурханы сүүлчийн шүүлт буух өдөр ч Амралтын өдрийг заавал санаж, дагаж мөрдөх ёстойг мэдүүлж байгаа юм (Мат 24:20-21).

Бид Бурханы амийн зам руу чиглүүлсэн Амралтын өдрөөс чанга зуурах хэрэгтэй. Хэрвээ Амралтын өдрөөрөө амласан Бурханы амлалт байгаагүй бол өнөөдөр бид харанхуйд байсан хэвээрээ, авралын ажлыг ч, Бурханы соёрхож буй ерөөлийг ч, хайрыг ч мэдэж чадахгүй зорилгогүй бүрхэг итгэлийн амьдралаар алхах байсан.

Бурхан Өөрийнхөө ард түмэнд хандан Вавилоны нүглүүдэд оролцохгүй, гамшгуудад нь өртөхгүйн тулд хурдан Вавилоноос гарагтун хэмээсэн (Илч 18:4). Бурханы дуудлагыг сонсоод Сион руу ирсэн бид Сионд Амралтын өдрөөр бидэнд ерөөлөө буулгадаг Елохим Бурхандаа илүү их талархал, яруу алдар өргөх учиртай. Мөн Амралтын өдрийг сахиагүй байж өөрсдийгөө Бурханд зүй ёсоор мөргөж байгаа гэж эндүү ташаа, буруу ойлгож байгаа хүмүүс дээр хурдхан очоод, Амралтын өдрийн Эзэн болсон тэнгэр Эцэг Эх энэ дэлхийд ирсэн гэдгийг мэдүүлцгээе. Мөн ерөөл хайрлан, ариусган цэвэрлэж байдаг амийн усны үгийг бүх хүнд дамжуулах итгэгч нар болохыг бүгдээс нь хүсье.