Бурхан тусална

16,934 үзэлт

Түүхэнд тодорсон алдар суутнуудаас хэн нэгний тусламж дэмжлэгийг авалгүйгээр бор зүрхээрээ явж байгаад их үйлс бүтээсэн хүн байдаггүй бололтой. Библийн түүхэнд гардаг итгэлийн суут өвөг дээдсийн дунд ч хэн нэгний тусламжгүйгээр тухайн байр сууринд өөрсдөө хүрсэн хүн гэж байхгүй.

Тусламжийн тухайд хүнээс авдаг тусламж ч бий. Харин хамгийн хүчирхэг агуу тусламж нь сансар огторгуй түмэн зүйлийг цогцлоон бүтээж, цаг үе, түүхийг эрхшээн захирдаг Бурханаас ирдэг билээ. Хүний тусламж бүтэлгүйтэж, эсрэгээрээ ажил нураах учир шалтгаан болох үе бий. Харин Бурханы тусламж биднийг үргэлж мөнхийн аврал, ололт амжилтын зам руу чиглүүлж байдаг. Бурханаас тусламж аваад хийсэн ажил бүтэлгүйтнэ гэж огт үгүй.

Бурханаар туслуулдаг хүн хамгийн хүчирхэг

Энэ явдал эртний Хятадын Хан хэмээх нэгдсэн хаант улс байгуулагдсаны дараа болжээ. Хан улсын анхны хаан төр улсаа нэгтгэн эмхэлж, түмэн олноо амар тайван төвшитгөөд, нэгэн өдөр итгэлт түшмэлүүдийнхээ дотроос Ханшин гэгч нэрт их жанжнаасаа ийн асуусан гэнэ.

“Чи намайг хэд орчим цэрэг захирч чадна гэж бодож байна?”

“Хаантан та зуун мянга орчим цэргийг захирч чадах сан болов уу.”

Ханшины хариултыг сонсоод хаантан дахиад ийн асуув.

“Тэгвэл чи өөрөө хэдийг захирч чадах уу?”

“Дорд түшмэл би илүү олныг захирвал сайн сан.”

Ханшин өөрийгөө өөрөөс нь илүү дээрд үзээд байх шиг санагдаад, хаантны сэтгэл жаахан гонсойв.

“Би зуун мянган цэргээс илүү захирч чадахгүй байхад чи яагаад илүү олныг захирвал сайн гэж? Тийм байж чи яахаараа миний гарын дор байдаг билээ?”

Тэгэхэд нь Ханшин царайгаа төв болгоод ийн хариулж гэнэ.

“Дорд түшмэл би олон цэрэг удирддаг жанжин гэлээ ч хаантан та бол тэдгээр жанжнуудыг захирдаг их хаан шүү дээ. Жанждыг захирдаг хаантан танд тэнгэр тусалдаг болохоор эгэл хүний хүч хүршгүй билээ.”

Ханшиний хэлсэн үг хэдий цэрэг удирдах эрдэм чадлаар гарамгай ч, тэнгэр тусалдаг их хааны хүч чадалтай харьцуулшгүй гэсэн утгатай байсан аж. Тийм ээ. Бурхан тусалдаг хүн энэ хорвоод хамгийн хүчирхэг хүн. Юу ч хийсэн бүтэлгүйтнэ гэдэг нь үгүй.

Бурханы тусламжаар дайсны зуун гучин таван мянган цэргийг ялсан гурван зуун дайчин

Бурханаас тусламж авсан хүмүүс ялалтанд хүрч байсныг Израилийн түүхээс үй олноор нь харж болно. Шүүгчдийн үед Бурханы тусламжаар Гидеоны гурван зуун цэрэг Мидианы зуун гучин таван мянган цэрэгтэй дайтаад ялж байсан түүхийг олж үзэж болно.

“Ингээд Гидеон болон түүнтэй хамт байсан зуун хүн шөнө дундын харуул эхлэх цагт хуарангийн захад хүрэв. Тэнд харуул дөнгөж солигдоод байв. Тэд эвэр бүрээгээ үлээж хүнгэнүүлэн, гартаа байсан ваарыг цохиж хагалав. Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, ваараа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ барин чанга үлээж —Илд ээ, ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө гэж чангаар хашхирав. Тэд цэргийн хуаранг хүрээлэн, хүн бүр өөрийн байранд зогсоцгоов. Тэгтэл хуаран даяараа гүйлдэн, бархирч орилолдон зугтав. Гурван зуун хүнийг эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд…” Шүү 7:19-23

Гидеоны үед Израилийн ард түмэн удаан хугацааны турш автономит эрхээ алдсанаар Мидианы харьяат улс болсон байв. Энэ үед Гидеон Бурханаас үүрэг авч, зуун гучин таван мянган мидиан цэрэгтэй тулалдах болжээ.

Уг нь Израилийн цэргийн тоо гучин хоёр мянга байв. Харин Бурхан айж сүрдэж байгаа хүмүүсийг буцаатал арван мянган цэрэг л үлджээ. Бурхан тэднийг ч мөн олон байна гээд сонгон шалгаруулах онцгой аргыг хүртэл Гидеонд хэлж өгч, тоог нь илүү цөөлөх болов. Цэргээ цөөлөөд хартал ердөө гурван зуун дайчин л үлдсэн байв.

Тэгээд гурван зуун дайчин зуун гучин таван мянган цэргийг бүрээн дуу төдийхнөөр л үлдэн хөөсөн юм. Энэ нь чухамдаа бодит амьдрал дээр байж болох хэрэг мөн үү? Бурхан туслаагүй л бол худлаа гэмээр. Гэвч Бурхан тэдний дунд хамт явж тусалсан болохоор бүтэмжтэй болсон юм.

Гидеон ч анхандаа өөртөө итгэлтэй байж чадалгүй айж байв. Тиймээс өөрт нь тусалж байгаа гэсэн тэмдэг үзүүлж өгөхийг Бурханаас гуйдаг. Тэгээд янз бүрийн тэмдгээр Бурхан тусалж байгаа гэсэн бат итгэл олоод, ердөө гурван зуун хүнээр Мидианы их цэргийг бүрэн сөнөхөд хүргэжээ. Энэ өдрийн их ялалт нь Гидеоны арга тактик гарамгай байсанд бус Бурхан түүнтэй хамт байж тусалсанд байсан хэрэг.

Бурханы тусламжаар агуу хаад болсон Давид ба Соломон

Бурхантай хамт байсан Давид ч мөн хэд хэдэн удаа аюул эрсдэлтэй тулгарч, хүнд амьдрал туулсан боловч эцсийн дүндээ Израилийн хаан болсон байдаг. Давид Бурханы тусламжаар л бүх зүйл боломжтой болсныг ухаараад, Бурханыг магтан дуулжээ.

“Харцаа би уулс өөд өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ? Тэрхүү тусламж минь тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс.” Дуу 121:1-2

Давид Саул хаанд хөөгдөн, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн хүнд үеийг хэдэнтээ өнгөрөөж, их ч зовлон үзсэн. Гэсэн хэдий ч эцсийн дүндээ Израилийн хаан ширээнд тухлан, ард түмнээ Бурхан руу хөтөлдөг сайн хоньчин болсон байна. Тэрээр дайны талбарт ч ахин дахин ялалт байгуулж, ард олноосоо “Саул мянгыг, Давид түмийг алав” гэсэн магтаал хүртэх болжээ.

Давид дайн ч хийсэн, төр ч удирдсан, аливаа ажлыг хийсэн л бол Бурхан түүнд ивээлтэй болж бүттэл нь тусалдаг байсан талаар бодож үзье. Бид ч бас энэхүү сүүлчийн сайн мэдээний ажлыг өөрсдийнхөө хүч чадал, эрдэм мэдлэгээр хийж бүтээнэ гэсэн бодлоо орхих хэрэгтэй. Бурханы тусламжаар хийж бүтээнэ гэсэн бодол тээвэл аливаа үйл үтэр түргэн гүйцэлдэх болно. Хэдийгээр хүчин мөхөстөж, мэргэн ухаан, мэдлэгээр дутуу дулимаг ч Бурхан тусалдаг хүн амжилт олох нь лавтай. Бурханы тусламжийг авдаг хүн хорвоо ертөнцийн авьяас чадвартай бүхнийг ардаа орхиж, түмэн олноос дээгүүр гарамгай нэрийг олох болно.

Давид өөрийнхөө хүч хүрэхгүй аливаа ажил хэрхэн бүтэж ирсэн талаар өнгөрсөн амьдралаа эргэн хараад, бүх тусламж тэнгэр газрыг бүтээсэн Бурханаас ирснийг ухаарсан. Үүн шиг хүү Соломон нь ч бас Израиль орон мандан бадарч, бат бөх хадан чулуун дээр суурилах хүртэл үл үзэгдэх агуу хүч өөрт нь тусалсныг ухаарсан байдаг. Соломоны шүлэгт ийн дурджээ.

“ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш манаач хүн дэмий л сэрүүн байна.” Дуу 127:1

Энэ нь юу ч хийсэн Бурхан туслахгүй л бол хүний хичээл зүтгэл дэмий хоосон болдог гэсэн утгатай аж. Бурхан хамт байж л айл гэр, хот хүрээ, улс гүрэн зөв тэгш байгуулагдана гэсэн нь цэцэн мэргэн хаан гэгддэг Соломоны ухаарал байсан юм.

Гол асуудал нь ямар хүн Бурханы тусламжийг авах вэ гэдэг нь юм. Бурханы тусламжийг авдаг хүн энэ ертөнцийн хамгийн агуу хүн. Энэ ертөнцийг Бурхан тусалдаг хүмүүс л удирддаг юм. Сүүлчийн авралын түүхийг ч мөн тэд л бүрэн дүүрэн гүйцэлдүүлэх болно.

Бурханы тушаалыг сахин, дуулгавартай дагадаг хүнд Бурхан тусална

Тэгвэл Бурхан ямар хүнд тусалдгийг мэдэцгээе. Тэрээр бидэнд Өөрөөс нь тусламж авах аргыг ч бас зааж өгсөн юм.

“Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. … Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө. Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. … Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна. Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш ч, зүүн тийш ч өөр бурхдад үйлчлэхээр даган хазайж болохгүй.” Дэд.Хуу 28:1-14

Бурханы бүх тушаалыг сахин үйлдэж байж л Бурханы тусламжийг хүртэнэ. Бурханы тусламжийг хүсэж байгаа л бол Дэд хууль 28-р бүлэгт бичсэнчлэн үгийг нь хүндэтгэн сонсож, алив тушаалыг нь сахин биелүүлэх хэрэгтэй. Бурханаас үргэлж тусламж авсан Библийн түүхэн баатрууд ч тийм л хүмүүс байсан.

Алгасал баяр тэмдэглэсэн Иуда улсад тусалсан Бурхан

Хезекиа хааны үед Ассирийн цэргүүд Иуда руу халдан түрэмгийлэхэд Бурхан Алгасал баяр тэмдэглэсэн Иуда улсад нь тусалсан байдаг.

“… Тиймээс Ассирийн хааны тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй. Тэр ирсэн замаараа буцах бөгөөд энэ хотод орж ирэхгүй» гэж ЭЗЭН айлдаж байна. Учир нь Би Өөрийнхөө төлөө болон зарц Давидынхаа төлөө энэ хотыг аврахаар хамгаалах болно гэв” гэлээ. Тэгтэл тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд үхдэл болсон байжээ.” 2Хаа 19:31-35

Ассирийн цэрэг Иерусалимыг довтлохыг завдаж байсан тэр агшинд Иудагийн Хезекиа хаан Бурханд чин сэтгэлийн залбирал өргөсөн юм. Бурхан залбирлыг нь сонсоод, түүнд тусалсан тул ганц сум харваж амжаагүй байхад нь, бүр дайрахаас нь ч өмнө Ассирийн цэрэг нэг шөнийн дотор зуун наян таван мянгуулаа тэнгэрийн цэрэгт бут цохигджээ.

Энэ үйл явдлын өмнө Хезекиа хаан Бурханы тушаалыг дуулгавартай дагаж, Алгасал баяр сахисныг бид санаж байх хэрэгтэй (2Шас 30-р бүлэг үзэх). Тэр үед Хезекиа хаан Хойд Израилийн газар бүр зарлагуудыг илгээн, Алгасал баяр тэмдэглэхийг уриалсан боловч израиль ард олон зарлагуудыг нь доромжлон, элэг доог хийж байв. Бурханы баярыг үл тоомсорлон, тушаалыг умартсан Израиль улс 3 жилийн дараа Ассирийн цэрэгт бүслэгдэж, эцэстээ бүрмөсөн мөхсөн юм (2Хаа 18:9-12).

Ассиричууд Израилийг мөхөөсний дараа залгуулаад Иудаг довтлохоор зэхэв. Тэр үед Иуда улс хэдийгээр Израиль улсаасаа жижиг, цэргийн хүчээр буурай байсан хэдий ч Бурхан тэдэнд тусалсан юм. Ассири хичнээн хүчирхэг гүрэн байлаа гээд Бурханы тусалж байгаа улсыг хэрхэн дийлэх билээ? Дэд хууль 28-р бүлэгт бичигдсэн ёсоор Бурханы тушаалыг сахин үйлдэж байгаа хүнийг буюу улс орныг дэлхийн бүх улс үндэстнүүдээс өндөрт тавина гэсэн шүү дээ. Харин дайсанд нь зөвхөн сүйрэл л үлдээх юм.

Бурхан тусалж байгаа итгэгчид

Бид бүхэн баяр тэмдэглэдэг Сионд Бурханы үгийг сонсож, тушаалыг нь дуулгавартай дагаж байна. Бид бол Бурханаас тусламж авдаг хүмүүс. Сайн мэдээний ажлыг хийх явцад Бурхан бидэнд тусалж байгааг, үр дүнд нь ялалт амжилт руу хөтөлж байгааг мартаж болохгүй.

“Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална. Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ» Үзэгтүн, чамд хилэгнэн дүрэлзсэн бүхэн ичиж, гутамшиг болно. Тэд юу ч биш болж, чамтай маргалдагчид сөнөнө. … Бүү айгтун, өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална” гэж чиний Золигч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН тунхаглаж байна.” Иса 41:10-14

Бурханы тусламж авдаг хүн бүх дайснаа няцаан мөхөөх болно хэмээн айлдсан байна. Энэ бол 2700 орчим жилийн өмнө Исаиа эш үзүүлэгчээр дамжуулан бидэнд өгсөн Бурханы хувиршгүй үг, сургаал юм. Гэвч Бурханы үг бол цаг хугацаанаас үл хамаардаг үнэн билээ. Өнөөгийн энэ цаг үед ч Бурхан хүслийг нь зөв хүлээн авдаг бүх хүнтэй гарцаагүй хамт явж, хийж байгаа бүхий л ажилд нь туслах болно.

Бид Бурхан хамт байдаг ивээлийн Сион дотор алив бүхнийг хийдэг. Бурхан хамт байж туслах болохоор хүч хүрэхгүй ажил хэрэг гэж үгүй. Хэдийгээр явц нь ярвигтай байлаа ч үр дүн зайлшгүй гарна. Тэнгэрийн тусламж хүртдэг хүмүүс Сионыг ийнхүү дүүргэж байхад сайн мэдээний түүх яаж биелэхгүй байх билээ?

Ертөнцийн хамгийн хүчирхэг хүн нь Бурхан тусалдаг хүн гэдгийг сэтгэлдээ ямагт сийлцгээе. Тиймээс бидэнд залбирал хэрэгтэй. Тасралтгүй залбирч, байнга Бурханы тусламжийг хүртэн, хүн бүр өөрт даалгасан сайн мэдээний ажлаа ивээлтэйгээр биелүүлэх хэрэгтэй юм.

Өчүүхэн зовлон бэрхшээл ба агуу яруу алдар

Бурхан ард түмнээ агуу хүмүүс болгохын тулд дандаа тэгш дардан замаар хөтлөөд байдаггүйг санаж авах хэрэгтэй. Тиймдээ ч Бурхан тусалдаг хүний амьдралд байнга л эрсдэл, хүндрэл дагалддаг. Тэрхүү зовлон бэрхшээлийг нь ялаад гарчихвал Бурханы бидэнд бэлдсэн яруу алдар, алдар хүндийг олж авна. Энэ бол Бурханы тусламжийг авдаг хүмүүст тогтоогдсон дүрэм. Энэ дүрэм хэрхэвч хөсөрдөхгүй.

Бурхан манай Сионыхонд өнө мөнхөд эдлэх тэнгэрийн яруу алдрыг амласан шүү дээ. Мөн Христтэй хамт яруу алдар эдлэхийн тулд зовлонг нь ч мөн хуваалцах ёстойг айлдсан. Энэ сайн мэдээ бол зайлшгүй биелэх сайн мэдээ. Бид тэнгэрийн хаанчлалын өвийг баттай авах хүмүүс хэдий ч явцын дунд олон зовлон, бэрхшээл тохиолдоно. Бурханы тусламж хүртдэг хүмүүст сорилт гарч ирдгийг санаад Бурханы тусламжаар тэр бүхнийг даван гаръя.

Мосе, Иошуа, Гидеон, Давид, Соломон, Хезекиа… Эдгээр хүмүүс агуу байсны учир нь тэдэнд Бурхан тусалдаг байв. Өнөө үед аврал авах итгэгчид бол Библийн түүхэнд гардаг үй олон баатраас ч илүү агуу хүмүүс. Учир нь тэд Бурханы тусламж, ивээл ерөөлийг хамгийн ихээр авч байдаг улс.

Бурханд тааламжит зүйлийг хийх үед Бурхан бидэнд зайлшгүй тусална. Бурхан үргэлж “Би чамд тусална. Үнэхээр чамд туслах болохоор бүү санаа зов” хэмээн айлдаж, бидэнд хүч чадал, урам зориг өгсөөр байгаа. Үнэнийг эсэргүүцдэг ямар ч дайсан эцсийн дүндээ түүхэнд арчигдсан тоймгүй олон улс орон шиг цөм мөхнө. Гагцхүү Бурханы хаанчлал болон бидний Бурханы мянгын яруу алдар л үүрд мөнхөд хадгалагдаж үлдэнэ. Мөнхийн тэнгэрийн хаанчлалыг бодоод цаг ямагт Бурханы тусламжийг авч, бүх тушаалыг нь сахин үйлдэж, үгийг нь дуулгавартай дагахыг Сионы ах эгч дүү нараасаа хүсэн ерөөе.