Хүн хэрэв тамир тэнхээгээ алдвал эрч хүчтэй, идэвхтэй байж чадахгүй. Сүнсээр ч мөн ялгаагүй. Сүнсээр тамиргүй болбол итгэлийн амьдралд эрч хүчтэй, идэвхтэй хандаж чадахгүй. Тиймдээ ч Бурхан биднийг сүнслэг энерги, эрч хүчээр дүүргэх гэсэндээ өглөө, өдөр гээд байнгын шатаалт тахил болох залбирлын цаг, жил тутмын баярууд гээд онцгой залбирлын цагийг соёрхсон юм.
Бурханд итгэгчид ариун байдал, итгэл сүсгээр Бурханы өдөр ирэхийг хүсэн хүлээдэг (2Пет 3:11-12). Өдөр бүр итгэл сүсэгтэйгээр, утга учиртай итгэлийн амьдралаар амьдруулах гэж Бурхан бидэнд залбирлын ач холбогдлыг ухааруулсан юм шүү. Залбирлын талаарх Библийн сургаалыг хамтдаа нягтлан судалж, залбиралд өөрсдийгөө зориулах Сионы гэр бүлүүд болохыг хүсье.
Итгэлийн амьдралаас салгахын аргагүй чухал зүйл бол залбирал. Залбирал нь хэлбэр төдий ёслол биш. Сүмд явдаг болохоороо зуршил болгон хийдэг үйлдэл ч биш. Бурханы өмнө үнэн мөнөө өчиж, сэтгэлээ бүрэн өргөдөг зүйл бол залбирал юм.
Хэдхэн үг хэлээд л бүрэн залбирсан гэж үзэх биш, сэтгэлдээ байгаа бүх хүслээ Бурханд өчиж, тэнгэрээс буулгах хүч чадлыг өмсөх ёстой юм. Залбирах үед Бурхан биднийг дотоод хүчээр тасралтгүй сэлбэн дүүргэж байдаг. Тиймээс Библид “Тасралтгүй залбир” хэмээн сургасан.
“Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.” 1Тес 5:15-18
Тасралтгүй залбирах ёстойн учир нь залбирал бол Бурханы хүч чадлыг дууддаг хэрэгсэл учраас тэр юм. Бурханы хүч чадал залбирлаар л ирдэг.
Зүгээр цэвэр ус давстай ус хоёрын хооронд жирийн үед бол нэг их ялгаа гарахгүй. Харин тус тусад нь саванд хийгээд, наранд тавивал ялгаа гарах нь дамжиггүй. Цэвэр ус нь ууршаад юу ч үлдэхгүй. Харин давстай усны тухайд бол цагаан давсны талст үлдээнэ. Гаднаас нь харахад давстай ус зүгээр устай төстэй ч дотор найрлаганд нь давс байдаг шиг залбирч байгаа хүн дотроо байнга Бурханы хүч чадлыг хадгалж үлдэнэ.
Адамаас эхлэн өнөөгийн бидний амьдарч байгаа Ариун Сүнсний үе хүртэл Бурханы түүх залбирлаар биеллээ олж иржээ. Мосе ч, Елиа ч, Елиша ч тэр. Есүс ч адилхан. Пентэкостын өдөр эхний бороо Ариун Сүнс авсан үедээ шавь нар ч мөн л тийм байсан. Бүгд л залбирлаар дамжуулан тэнгэрээс буулгах хүч чадлыг дүүрэн хүлээн авцгаасан.
Бурхан залбирлыг сүнсний амьсгал хэмээсэн. Бид хичээнгүйлэн залбирвал Сатан бидний сүнсэнд яаж ч хор хохирол учруулах гэсэн тэгж чадахгүй. Тасралтгүй амьсгалж байгаа хүн яалаа гэж “үхсэн хүн” болох вэ?
Тиймээс залбирлыг Сатантай дайтах сүнслэг дайнд ялах нууц арга ч гэж болно. Залбирч байгаа хүнд Бурханы хүч чадал хамт байдаг тул Сатан ойртож зүрхлэхгүй. Харин залбирдаггүй хүн нь Бурханаас хүч чадал авч чадахгүй. Залбирах дургүй, Бурханы үг судлах дургүй, тунхаглах дургүй хүн бол сүнсээр туйлын аюултай байдалд байгаа төдийгүй Сатан довтлоход амархан гэгч нь бай нь болж орхино.
Есүс ч залбирал дэндүү эрхэм чухал, залбиралд Бурханы бэлтгэсэн үнэхээрийн агуу хүч чадал байдаг гэдгийг шавь нартаа ухааруулж өгчээ.
“хурсан олноос нэг нь Түүнд —Багш аа, би хэлгүйн сүнс шүглэсэн хүүгээ Танд авчирсан юм. … Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Есүс тэдэнд —Итгэлгүй үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гэлээ. … Есүс, эцгээс нь —Тэр хэр удаан ийм байсан бэ? гэж асуухад эцэг нь —Багаасаа л. Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд шиддэг байлаа. Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. Есүс түүнд —“Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд хүүгийн эцэг —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. Есүс ард олны гүйлдэн цуглаж буйг хараад, бузар сүнсийг зандарч, түүнд —Хэлгүй дүлийн сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор гэж хэлэв. Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулаад, түүнээс гарав. Хүү үхсэн мэт болсонд, олонх нь түүнийг —Тэр үхчихлээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд хүү босов. Есүсийг нэгэн айлд орох үед шавь нар нь Түүнээс —Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад Тэр —Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв.” Мар 9:17-29
Энэ бол залбирлын агуу хүч чадлыг харуулсан ишлэл юм. Ийм төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна хэмээн Есүс айлдсан. Залбирах үед маань Бурхан бидний барьж ч чадахгүй, хянаж удирдаж ч чадахгүй үл үзэгдэх сүнслэг ертөнцийн юмсыг бүгдийг нь биелүүлж өгч байгаа.
Бид ердийн үед залбирахдаа залбирлын хүч чадлыг тэр дороо мэдрэхгүй байж болно. Харин Бурханаас хүч чадал болон ерөөл гуйсан залбирал тогтмол хийгээд байвал энэ залбирал тэнгэрт хураагдана. Тэгээд Бурханы тусламж хэрэгтэй агшинд уг залбирлуудын хүч чадал илрэн гардаг юм. Тиймээс Есүс залбирлын хүч хуримтлуулахаар үүр цүүрээс эхлээд залбирсан байдаг.
“Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв.” Мар 1:35
Есүсийн амьдралыг нарийн судлаад үзвэл Тэрээр үргэлж залбирлаар Ариун Сүнсний хүч чадал хуримтлуулж байсан гэдгийг мэдэж болно. Үүрээр ч, шөнө дөлөөр ч үргэлж залбирдаг байсан болохоор хүмүүсийн гайхамшиг гээд байдаг зүйлс Есүсийг дагадаг байв.
Мэдээж Есүс гайхамшиг үйлдэхдээ хүмүүсийн зүрхэнд махан биеэр ирсэн Бурханы тухай итгэл суулгах хүсэл ч байсан л даа. Түүнчлэн Бурханы хүч чадал залбирлаар биелдэг гэдгийг ч давхар зааж өгөхийг хүссэн. Шавь нарынхаа хөөж чадаагүй чөтгөрийг Есүс хөөж, “Энэ төрөл нь зөвхөн залбирлаар гарна” хэмээн айлдсанаас нь харахад Есүс энгийн үед шавь нараа унтаж байхад ч хүртэл Өөрийгөө үргэлж залбиралд зориулж байсныг мэдэж болно.
Загалмайд өргөгдөхийнхөө өмнөх өдөр буюу Алгасал баярын үдэш Есүс Гетсемани гүвээ рүү явжээ. Мөдхөн Өөрт нь тулж ирэх зовлонгоо бодоод, шавь нар нь махан биеийн алжаал ядаргаагаа ялж чадахгүй бүгдээрээ унтаж байхад Есүс ганцаараа залбирч байсан юм (Мат 26:36-46, Лук 22:39-46).
“Хөлс нь цусны дусал мэт газарт дуслан унаж байсан” гэсэн Библийн тэмдэглэлийг харахад тухайн үед Есүсийн залбирал хичнээн чин сэтгэлийнх байсныг таамаглаж болно. Тэрээр амсах зовлонгоо бодон Бурханы агуу хүч чадлыг авахын тулд тэгтлээ чухалчлан залбирсан аж. Есүс мөн загалмайд урсгасан үнэт цусаараа хүн төрөлхтний нүглийг уучлах авралын түүхэнд нь Сатан саад тотгор учруулахаас сэргийлж тэгтлээ шаргуу залбирсан юм.
Есүс энэ газарт махан бие өмсөн ирсэн Бурхан байж яагаад тэгтлээ чин сэтгэлээсээ залбирсан юм бол? Есүс уг нь залбирал хийхгүй байлаа гээд хүч чадалгүй Нэгэн биш шүү дээ. Алгасал баяр сахихгүй байлаа гээд тэнгэрийн хаанчлал явж чадахгүй Нэгэн ч биш. Баптисм хүртээгүй байлаа гээд мөнхөд амьдарч чадахгүй Нэгэн ч бас биш. Гэсэн ч бүгдийг нь биечлэн гүйцэлдүүлсэн байгаа юм. Өөрийгөө байнга залбиралд зориулж, духнаас нь урсах хөлс цусан дусал болтлоо өөрчлөгдөх тийм чинхүү залбирал өргөж байсан. Энэ нь “Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв” гэсэн ёсоор бид бүгдэд жишээ үзүүлэхийн тулд юм шүү дээ (Иох 13:15).
Христийн жишээг даган, бид бас тасралтгүй залбирдаг ивээлтэй зуршилтай болоод, Бурхантай цаг үргэлж залбирлаар харилцдаг байх хэрэгтэй. Сэтгэл дэх алив хүслээ залбирлын утлага болгон өргөх аваас Бурхан бидний хүслийг сонсож хариулна.
“Зугтах чинь өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно.” Мат 24:20-21
Матай 24-р бүлэгт үеийн төгсгөлтэй холбоотой Есүсийн зөгнөл гардаг. Тэр өдрийн зугталт өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбираарай хэмээн захисан байна. Өөрөөр хэлбэл залбирвал бидний зугталт өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүй байхаар Бурхан тусалж өгнө гэсэн үг шүү дээ. Үеийн төгсгөлийн өдөр ч хүртэл Бурханы хүч чадлыг дуудах арга хэрэгсэл нь залбирал байх юм.
Залбирлын хүчинд итгээд улам бүр шамдан залбираарай. Залбирвал Бурхан залбирсан бүхнийг минь биелүүлэх нь баттай. Елиагийн үеийн үйл хэргээр дамжуулан үүнийг баталж болно.
“Ийн байтал гэрийн эзэгтэйн хүү өвджээ. Түүний өвчин хүндэрсээр эцэстээ хүү амьсгал хураав. Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв. Елиа түүнд —Надад хүүгээ өгөөч гэв. Тэрээр эмэгтэйн тэврээс хүүг нь аваад, өөрийн амьдарч байсан дээд давхрын өрөөнд үүрэн авчирч орон дээрээ хэвтүүлжээ. Тэрээр ЭЗЭНийг дуудан —Миний Бурхан ЭЗЭН, миний буудаллан байгаа энэ гэрийн бэлэвсэн эмэгтэйн хөвгүүнийг үхэлд хүргэж Та түүнд гай авчираа юу? гэж хашхирав. Тэгээд тэрээр хөвгүүний дээрээс гурвантаа алдлан хэвтээд, ЭЗЭНийг дуудан —Миний Бурхан ЭЗЭН, энэ хөвгүүний амийг буцаан өгөөч гэж би Танаас гуйж байна гэв. ЭЗЭН, Елиагийн дууг сонсож, хөвгүүний амь буцан ирж тэр амилжээ.” 1Хаа 17:17-22
“Эзэнийг дуудсан” гэсэн нь залбирсан гэсэн үг юм. Елиа залбирсан болохоор л үхсэн хүү амилсан аж. Энд ч мөн залбирлаар Бурханы хүч чадал илэрч, Бурханы түүх биелж байна. Библийн түүхээс харахад залбирал нь Бурханы хүч чадлыг дуудах хэрэгсэл бөгөөд залбирдаггүй хүн Бурханы ямар ч хүч чадлыг мэдэрч чадахгүй.
Аль ч үед залбирал нь Бурханы амласан хүч чадлыг дууддаг арга зам болж байжээ. Улаан тэнгис хуваагдсан гайхамшиг ч Мосегийн залбиралд байсан юм. Елиагийн үйлдсэн гайхамшиг, мөн Есүсийн чөтгөр хөөсөн түүх гээд энэ бүхэн залбирлаар биелсэн байдаг. Иона загасны гэдсэнд байхдаа хийсэн зүйл нь ч залбирал. Залбирсан чинь загас түүнийг хуурай газарт бөөлжиж гаргасан. Тэгээд явж Бурханд итгэдэггүй байсан Ниневе хотын оршин суугчдад үгийг тунхагласан чинь зуун хорин мянган хүн гэмших ер бусын гайхамшиг гарсан юм. Энэ бүхэн залбирлаар Бурханы хүч чадлыг өмссөний үр дүн байсан билээ.
Бурханы түүхийг биелүүлэхэд хүний хүч биш, гагцхүү Бурханы хүч хэрэгтэй. Библид аль ч үед хамгийн агуу гайхамшиг хэрэгтэй мөчид залбиралгүйгээр сайн мэдээний ажил явуулж байсан эш үзүүлэгч ганц ч байгаагүй юм. Бурханы хүч чадал хэрэг болох бүрийд тэд өвдөг сөгдөн, тэргүүнээ бөхийлгөн, алга хавсран залбирдаг байв. Тэгээд тэнгэрээс буулгах хүч чадлыг авдаг байж. Ийм маягаар Бурханы бүхий л түүх биелж ирсэн. Үй олон хүн залбирсаар Бурханы 6000 жилийн турш бэлдсэн авралын ивээл өнөөгийн бидэнд дамжиж ирсэн билээ.
Бурханы сүүлчийн сайн мэдээний түүхийг гүйцэлдүүлэхийн төлөө ч залбирлаар Бурханы хүч чадлыг өмсөх ёстой. Чингэхдээ бид нэг зүйлийг сэтгэл оюундаа анхаарах шаардлагатай.
“Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг уучилна.” Мар 11:24-25
Залбиралд “итгэл” гэсэн болзол байнга дагалддаг. “Юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно” гэсэн байна. Залбирлын хүч чадлыг биеэрээ мэдэрч үзээгүй хүн бүрэн итгэхгүйгээр зүгээр хэлбэр төдий залбирах нь бий. Харин эргэлзсэн сэтгэлээр залбирвал ямар ч утга учир үгүй. Энэ нь яг л утасны холболт тасарчихсан байхад холболтгүй аппарат ашиглаж байгаатай адилхан юм.
Залбирлын хүч чадлыг биеэрээ мэдэрсэн хүмүүс залбиралд яасан ч хайнга хандахгүй. Бурхан ч бидэнд залбирлын чухлыг ухааруулахын төлөө жил бүр Пентэкостын өдрийн залбирлын хоногуудыг тогтоон, Бүрээдэлтийн өдрөөс Эвлэрүүлгийн өдөр хүртэл гэмшлийн залбирал хийх цаг бий болгож, мөн Майхан баярын хоногуудад тунхаглангаа залбирах цаг мөчийг ч зөвшөөрчээ. Залбирал нь үнэхээр л Бурхан тэнгэрийн хүүхдүүддээ хүч чадал өгч байгаа, Сатаны бүх хүчнийг үлдэн хөөж байгаа эрхэм нандин цаг мөч болохоор тэр.
Та нар ч үргэлж залбирлаар Бурханы хүч чадлыг хуримтлуулаад үзээрэй. Залбиралд өөрийгөө зориулдаг хүн тэрхүү хүч чадал хэрэгтэй цаг мөч тулаад ирэхэд бусдын хийж чадахгүйг ч төвөггүйхэн хийж чаддаг болох юм.
“Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхад нь могой өгнө гэж үү? Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу?” Мат 7:7-11
Бурхан хайр энэрлээр дүүрэн Нэгэн. Библийн сургаалд байгаачлан гуйдаг хүнд бүгдийг лавтай өгнө. Ёрын муу хүн ч хүүхдээ ямар нэг юм өгөөч гэхэд нь сонсдог. Энэ бол эцэг эхийн сэтгэл шүү дээ. Тэгэх тусмаа тэнгэр Эцэг Эх маань хүүхдүүдийнхээ залбирлыг сонсож өгөхгүй гэж үү?
Бурхан бидний залбирлыг хэрхэвч сонсолгүй өнгөрөхгүй. Үүнд итгээд, залбиралд өөрсдийгөө зориулан, Бурханаас асар их ивээл ерөөл, хүч чадал аваарай. “Сонсохгүй юм шиг байна” гээд эргэлзэх юм уу “Би чадахгүй” гэж няцалгүйгээр бид залбирахад л болно.
Бурхан бидэнд залбирал гэсэн асар чухал арга хэрэгсэл өгсөн. Хүний хүслийг сонсдог гэх шидэт дэнлүүний тухай үлгэр та бүхэн уншиж байсан байх. Залбирал нь төгс хүчит Бурханы хүч чадлыг дуудан, бидний сүнслэг хүслийг биелүүлэхийн төлөө соёрхсон Бурханы хэрэгсэл билээ.
Сүнсээр зөвт залбирал, ерөөл авах залбирал их өргөөрэй. Тэр залбирал нэг нь ч алга болохгүй, бүгд тэнгэрт хуримтлагдаж байгаа. Тэнгэрийн оронд очихоороо Бурхан бидний залбирлыг нэг бүрчлэн сонсож, биелүүлж өгчээ гэдгийг баттай ухаарах байх. Залбирал нь Бурханы сүнслэг хүч чадлыг дуудах Бурханы ариун хэрэгсэл гэдгийг хором ч битгий мартаарай. Хүссэнийхээ хэрээр Бурханд залбирч, чин сэтгэлээсээ гуйгаад, их ерөөл авахыг хүсье.