Пентэкостын өдөр

33,773 үзэлт

Шинэ гэрээний Пентэкостын өдрийг хуучин гэрээнд “Долоо хоногуудын баяр” хэмээн нэрлэж байсан юм. 2000 жилийн өмнө Есүс амилаад, тэнгэрт одсоныхоо дараа шавь нараа Есүс Христийг гэрчилж, Есүсийн мэдүүлсэн тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг дэлхий дахинд тунхаглаг гэсэндээ Бурхан тэдэнд Ариун Сүнсний хүч чадал буулгаж өгсөн өдөр юм.

Христ дэлхийн сайн мэдээг тунхаглан зарласан өдөр нь Тэнгэрт одсон өдөр байсан бол Пентэкостын өдөр нь дэлхийн сайн мэдээний тэсрэлт болсон өдөр юм. Пентэкостын өдрөөр буулгаж өгсөн Ариун Сүнс нь анхны сүмийн сайн мэдээний хөгжлийн хөдөлгөгч хүчин болсон байна. Ариун Сүнс бялхаан авсан шавь нар Христийг зоригтойгоор гэрчилж, ингэснээр сайн мэдээ дэлхий дахин руу хурдацтай тархаж эхэлсэн юм.

Сүүлчийн Ариун Сүнсний үеийн итгэгчдэд Елохим Бурханыг гэрчлэн дэлхий даяарх алдагдсан ах дүү, эгч дүүгээ үнэн рүү хөтлөх үүрэг үлдсэн байгаа. Пентэкостын өдрийн үүсэл болон утга учрыг судалж үзээд бид итгэлийн ямаршуу замаар алхах ёстойгоо мэдэж авцгаая.

Пентэкостын өдрийн үүсэл

Израиль ард түмнийг Улаан тэнгис гаталснаас хойш 40 дэх өдөр нь Бурхан Мосег Синаи уул руу дуудсан юм. Мосе Бурханы үгийг сонсон, уулнаас бууж ирээд ард түмэнд тунхаглажээ. Гурван өдрийн дараа Бурхан тэнгэрийн дуу, аянгын гялбаа, хар үүл, эвэр бүрээн дуунаар Синаи ууланд бууж ирээд гэрээгээ тунхаглав. Тэгээд Мосед хууль ба тушаалаа бичсэн чулуун хавтан өгөх тул дахиад Синаи уул руу өгсөн ир хэмээн тушаасан байдаг.

“Тэгээд ЭЗЭН, Мосед —Чи ууланд Над уруу ирээд, байж бай. Би чамд чулуун хавтангуудыг, Өөрийн бичсэн хуулийг ч, тушаалуудыг ч тэдэнд заахын тулд өгье гэв. … Тэгээд Мосе, ууланд гарсан бөгөөд уулыг үүл бүрхэв. ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр, үүлэн дундаас Мосег дуудав. Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа. Мосе, үүлэн дунд орж уул өөд гарав. Мосе, уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байлаа.” Гэт 24:12-18

Мосе Улаан тэнгис гаталснаас хойш тавь дахь өдрөө Синаи уул өөд гарав. Тэрээр 40 хоногийн турш тэнд байж Бурхантай уулзан гэрээний үг бичигдсэн Арван тушаал бүхий хавтанг авчээ. Бурхан Мосег Арван тушаал авахаар Синаи уул өөд гарсан энэ өдрийг сонгон “Долоо хоногуудын баяр” хэмээх Бурханы баярыг тогтоож, ард түмнээр дурсан сахиулах болов.

“Амралтын өдрийн дараах өдрөөс буюу даллан өргөх багцыг авчирсан тэр өдрөөсөө та нар долоон бүтэн долоо хоногийг тоол. Долоо дахь Амралтын өдрийн дараах өдрийг хүртэл та нар тавь хоногийг тоолоод, ЭЗЭНд шинэ идээн тахил өргө. …” Лев 23:15-18

“Даллан өргөх багцыг авчирсан өдөр” нь үр тарианыхаа анх боловсорсон үр жимсний багцыг Бурханы өмнө даллан өргөж байсан Ургацын анхны үрийн баяр гэсэн утгатай. Ургацын анхны үрийн баяраас долоо дахь өдөр болох Амралтын өдрийг долоон удаан өнгөрөөгөөд, дараагийнх нь өдөр шинэ идээн тахил Бурханд өргөдөг баяр нь Долоо хоногуудын баяр юм. Ургацын анхны үрийн баяраас (Амилалтын баяр) эхлэн тоолоод тавин хоног хэмээсэн бөгөөд шинэ гэрээний Библид уг өдрийг “таван арав”-ын өдөр өөрөөр хэлбэл “Пентэкостын өдөр” хэмээн нэрлэдэг аж.

Пентэкостын өдрийн утга учир болон зөгнөлийн биелэлт

Мосегийн үеэс үйлдэж ирсэн сүүдэр бүхий ёслол нь хожим Есүс Христ тэнгэрийн ариун газарт гүйцэтгэх үйл хэргийн зөгнөл байсан юм. Исгээгүй талхны баярын дараах анхны Амралтын өдрийн дараагийн өдөр (ням гараг) буудайныхаа анх боловсорсон үр жимсний багцыг даллах өргөл болгон өргөж, түүний дараа долоон Амралтын өдрийн маргааш буюу тавь дахь өдөрт нь шинэ идээн тахил өргөдөг байхаар баяруудыг тогтоосон нь ч цөм л хожмын үйл хэргийг харуулж байгаа зөгнөл юм.

Алгасал баяраар шинэ гэрээ байгуулан, маргааш нь буюу Исгээгүй талхны баяраар загалмайд амьсгал хураасан Есүс Ургацын анхны үрийн баяраар “нойрсогсдоос анхны үр жимс” болон амилсан юм. Амилснаасаа хойш 40 дэх өдөртөө тэнгэрт өргөгдөн, 50 дахь хоногтоо буюу Пентэкостын өдөр тэнгэр дэх ариунаас ариун газарт ороод, шавь нартаа Ариун Сүнс цутган өгсөн билээ.

“Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэт хуваагдсан хэлүүд бий болон хүн нэгбүр дээр буув. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байж. Энэхүү чимээнээр үй олон цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. Гайхаж алмайрсан тэд —Энэ ярьж байгаа чинь бүгд галилчууд биш үү? Гэтэл бид төрөлх хэлээр маань хүн бүр ярихыг сонсох нь юу вэ? … бид нар Бурханы аугаа үйлсийн тухай тэдний яриаг өөр өөрийн хэл дээр сонсоцгоолоо гэв. …” Үйл 2:1-12

“Харин Петр арван нэгийн хамт босоод, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглаж —Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Үүнийг та нар мэдтүгэй, үгийг минь сонордтугай. Та нарын бодсончлон эд согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна. Энэ нь эш үзүүлэгч Иоелээр дамжуулан, “Бурхан айлдахдаа «Эцсийн өдрүүдэд Би Сүнсээ бүх махбод дээр цутгана. … Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно» хэмээв” гэснээр болжээ.” Үйл 2:14-21

Пентэкостын өдөр буулгаж өгсөн Ариун Сүнсний хүчээр нэн түрүүнд янз бүрийн харь хэл ашиглан тунхаглаж эхлэв. Элч нар Иерусалимд цугласан 15 орчим орны иргэдийн өмнө Ариун Хүүгийн үеийн Аврагч Есүсийг чанга дуугаар гэрчилж эхэлсэн юм. Өөр өөрсдийнхөө төрөлх хэл дээр сайн мэдээ сонссон хүмүүс ихэд гайхацгаан, элч нарын ярианд чих тавин байв.

Сайн мэдээ хэрэв зөвхөн Иудей нутагт л тунхаглагдах ёстой байсан бол харь хэл нэг их хэрэг болохгүй шүү дээ. Харь хэлээр ярих бэлэг эхэлж өгсөн шалтгаан нь “Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно” хэмээн Есүсийн айлдсан ёсоор сайн мэдээг дэлхийн газар бүрд тунхаглуулах гэсэн Бурханы хүсэлтэй холбоотой байжээ (Үйл 1:8).

Пентэкостын өдрийн Ариун Сүнсний түүх ба анхны сүмийн өсөлт хөгжил

Есүсийг загалмайн зовлон эдэлж, амьсгал хураахыг нүдээрээ харсан шавь нарын найдвар тасран, арга мухардаад байв. Харин Есүс гурав дахь өдрөө амилж, агуу хүч чадлаа тэдэнд харуулан, амьдрал үхлийг захирч байдаг жинхэнэ Бурхан гэдгээ ухааруулсан юм. Амилсан Есүс сүр жавхлан дунд тэнгэр өөд өргөгдсөн. Үүнийг харсан шавь нар Христэд итгэх зөв итгэл болон тэнгэрт одох найдвар өвөрлөх болсон байна. Тэр цагаас хойш арав хоног чин сэтгэлээсээ залбирсны эцэст Пентэкостын өдөр тэдэн дээр Ариун Сүнс бууж, анхны сүм илүү хүчирхэгжин, улмаар хэн хүнгүй Христийн гэрчийн үүргээ биелүүлэхэд хүчин зүтгэжээ.

Петр Ариун Сүнсээр хөдөлгөгдөн Есүс бол хүн төрөлхтнийг аврах Христ, Ариун Хүү Бурхан гэдгийг хуучин гэрээний Библиэр тайлбарласан байна.

“тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан Түүнийг та нар хуульгүйчүүдийн гараар хадаж алсан. Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлыг устгаж, Түүнийг амилуулав. Давид Түүний тухай “Эзэн өмнө минь үргэлж байгааг Би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас Би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж, хэл минь баяслаа. Махбод минь ч найдвар дотор оршино. Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Ариун Нэгэндээ ялзралыг үзүүлэхгүй. … Бурхан тиймээс та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн ч, Христ ч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв. Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв. Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. … Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. … Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.” Үйл 2:23-47

Есүс дэлхий дээр байхдаа Өөрийгөө Христ гэдгийг хэнд ч хэлж болохгүй гэж шавь нартаа хэлж байсан ч тэнгэрт одохдоо “Одооноос Христийн гэрч болоорой” хэмээн захисан юм. Пентэкостын өдөр Ариун Сүнс авсан шавь нар зарим хүмүүсийн “мужааны хүү”, “эш үзүүлэгчийн нэг” гэж л мэдэж байсан Есүсийг Христ мөн хэмээн тодорхой гэрчилжээ. 3500 жилийн өмнө Бурхан Арван тушаал өгөхийн өмнө хууль бичигдээгүй байсан ажээ. Харин Арван тушаалаар Бурхан хууль тушаалыг бичмэл болгон хуульчилж, улмаар тэр өдөр нь Пентэкостын өдрийн үүсэл болсон юм. 2000 жилийн өмнөх мөн энэ өдөр шавь нар Есүсийг олон түмэнд тунхаглаж эхэлсэн байгаа юм.

“Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн дээр ирэв. Учир нь элч нар ард олонд сургаал зааж, үхэгсдийн амилал Есүсээр гэдгийг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа. Тэд, тэднийг баривчилж, өглөө болтол шоронд хорив. Учир нь хэдийнээ орой болсон байжээ. Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ.” Үйл 4:1-4

Загалмайд цовдлогдсоных нь дараа шавь нар үхэхээс айсандаа Есүсийг үгүйсгэн, орхин зугтсан бол Пентэкостын өдөр эхний бороо Ариун Сүнс авсныхаа дараа үхлээс ч айлгүй Есүсийг зоригтойгоор гэрчилсэн юм. Бурханы өгсөн Ариун Сүнс энэ мэтээр хүнийг өөрчлөх гайхалтай хүч чадал агуулж байдаг. Ариун Сүнс авсан элч нар Ариун Сүнсний хэлүүлэх гэснийг хэлж, Ариун Сүнсний үйлд гэснийг үйлдэж явсан юм. Залбирал болон үг сургаалд анхаарлаа хандуулан, авралын зард үргэлж хичээж, өөр хоорондоо санаа тавин, харж халамжлангаа Христийг баттай гэрчлэхэд өдөрт гурван мянга, таван мянган хүн баптисм хүртэн, аврал авсан гайхалтай түүх бий.

Хагарсан Арван тушаал ба хураагдсан Ариун Сүнс

Мосе Синаи уул өөд гараад, Арван тушаал авсан нь хожим Есүс тэнгэр дэх ариунаас ариун газарт ороод, шавь нартаа Ариун Сүнс цутган өгөхийг илэрхийлсэн юм. Харин тэр цагаас хойш сүм ертөнцийн ёс жаягийг дагах болж, Пентэкостын өдөр буулгаж өгсөн эхний бороо Ариун Сүнс хураагдсан юм. Энэхүү үйл явдал ч мөн Мосегийн ул мөр дунд зөгнөгдсөн байсан юм.

“Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард түмэн хараад Аарон дээр цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхдыг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв. … Аарон алтыг тэдний гараас авч хайлуулж цутгаад, багажаар цутгамал тугал болгов. Тэд —Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан бурхан чинь энэ юм гэцгээв. … Тэгтэл ЭЗЭН, Мосед —Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь завхарчээ. … Тэгээд Мосе буцаж уулнаас буув. Гэрчлэлийн хоёр хавтан гарт нь байсан бөгөөд тэдгээр нь хоёр талдаа ар өвөргүй бичигдсэн байлаа. Уг хавтангууд нь Бурханы бүтээл бөгөөд бичээс нь хавтангууд дээр сийлсэн Бурханы бичээс байжээ. … Мосе хуаранд ойртмогцоо тугалыг мөн бүжиг цэнгэлийг харав. Тэгээд Мосегийн уур дүрэлзэн гартаа буй хавтангуудыг уулын бэлд шидэж хагалан бутлав.” Гэт 32:1-19

Мосег Синаи ууланд гараад 40 хоног тэнд байх хугацаанд израиль ард түмэн түүнийг үхсэн гэж бодоод өөрсдийг нь хөтлөх бурхан хэмээн алтан тугал шүтээн хийж түүндээ мөргөжээ. Ард түмний сэтгэл оюун завхарч, Арван тушаал зөрчихөд Бурхан ихэд хилэгнэн, Мосе ард түмний төлөө Бурханаас нигүүлсэл гуйсан юм. Арван тушаал аваад уулнаас бууж ирсэн Мосе ард түмнийг шүтээн шүтэж байхыг нь хараад уур нь дүрэлзэж, эцэст нь Арван тушаал сийлсэн хавтангаа уулын бэлд шидээд, хагалан буталжээ.

Энэ үйл хэрэг нь элч нар хорвоог орхисны дараагаас сүм ертөнцийн ёсыг даган завхарч, үнэнийг орхин, Библид байхгүй ёс бусыг оруулж ирэхэд нь Бурхан буулгаж өгсөн Ариун Сүнсээ буцаагаад хурааснаар зөгнөл биелэгдсэн юм.

Тунхаглалаар илрэх энэ үеийн Ариун Сүнсний түүх

Пентэкостын өдөр эхний бороо Ариун Сүнс авсан итгэгчдийн харуулж байгаа тунхаглалын ул мөр нь өнөө үед сүүлийн бороо Ариун Сүнс авсан бидний үүргийг мэдүүлэх жишээ болж өгч байна. Ариун Сүнс авсан хүний хийх ажил нь Бурханы гэрчийн алба үүрэг. Анхны сүмд Ариун Сүнсний тэсэрсэн их хүч илэрсэн нь итгэгчид хүмүүсийн саад гүтгэлгэд бууж өгөлгүйгээр Христийг зоригтойгоор тунхаглаж байсанд юм.

“Ийнхүү нөгөө хэдийг авчирч, Зөвлөлийн өмнө зогсоогоод тэргүүн тахилч тэднээс ийн асуув. —Энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач, та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв. Харин Петр болон элч нар тэдэнд —Бид хүнээс илүүтэйгээр Бурханд дуулгавартай байх ёстой. Та нар Есүсийг модонд өлгөж алсан ч Түүнийг өвөг дээдсийн маань Бурхан амилуулсан билээ. … Бурхан Түүнийг Эхлүүлэгч хийгээд Аврагч болгон баруун гартаа өргөмжилсөн. Эдгээрийн гэрч нь бид төдийгүй, Түүнд дуулгавартай байгсдад Бурханы өгсөн Ариун Сүнс юм гэхэд нь үүнийг сонсон тэд уурсан хилэгнэж, … Тэд элч нарыг дуудаж авчран, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав. Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа. Тэгээд өдөр бүр сүм дотор бас айлаас айлд зааж, Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсоов.” Үйл 5:27-42

Тэд Есүс бол Христ гэдгийг мэдүүлж тунхаглахаа зогсоож чадахгүй байсан шиг өнөө үед бид Ариун Сүнсний үеийн Аврагч болох шинэ нэр Ан Сан Хун Христ болон шинэ Иерусалим тэнгэр Эхийг дэлхий дахинаа мэдүүлэх үүргээ бүрэн биелүүлэх хэрэгтэй. Бурхан энэ түүхийг биелүүлж чадахуйц сүүлийн бороо Ариун Сүнсний хүч чадлыг Анхны Есүсийн үед зөвшөөрсөн эхний бороо Ариун Сүнснээс 7 дахин ихийг бидэнд өгнө гэдгээ амласан байдаг.

“Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Үүр цайх нь баттай лугаа адил Түүний ирэх нь гарцаагүй. Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт Тэр бидэнд ирнэ.” Хос 6:3

“ЭЗЭН ард түмнийхээ бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болно.” Иса 30:26

Бурхан хүн болгонд тохирсон Ариун Сүнсний бэлэг өгөх юм. Ариун Сүнсний бэлэг нь олон янз байдаг ч хэрэглэх зорилго нь сайн мэдээ тунхаглаж, сүнс аврах ажил болохоор бүгд адилхан юм.

“Бэлгүүд нь ялгаатай ч Сүнс нь ижил. Үйлчлэлүүд нь ялгаатай ч Эзэн нь адил. Үйлдлүүд нь ялгаатай ч бүгдийн дотор бүхнийг үйлдэгч нь мөнөөх л Бурхан юм. Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тусбүрд өгсөн аж. Нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд мэдлэгийн үгийг тэр л Сүнсээр өгсөн бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг мөнөөх Сүнсээр, нөгөөд нь эдгээх бэлгийг нэг л Сүнсээр өгсөн, өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнсүүдийг ялгах, нөгөөд нь олон янзын хэл ярихуйг, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. Энэ бүхнийг мөнөөх л нэг Сүнс ажиллуулдаг бөгөөд хүн бүрд тус тусад нь Өөрийн хүссэнчлэн хуваарилдаг. …” 1Кор 12:4-13

Ариун Сүнс авсан ч гэлээ хэрэглэхгүй бол сургаалт зүйрлэлд гардаг нэг талантаа газарт нуусан боолоос өөрцгүй юм. Тунхаглалд хэрэглэж байж л Бурханы өгсөн бэлгийн амтыг мэдрэх болно. Анхны сүмийн түүхийг харсан ч элч нар Ариун Сүнс авч авралын зар тарааж эхлэн, өдөр бүр “Есүс бол Христ мөн” хэмээн зааж тунхаглах ажлаа зогсоож байгаагүй болохоор Ариун Сүнсний хүч чадал улам бүр нэмэгдсээр байсныг бид мэдэж болно.

Одоо бүгдээрээ хүн төрөлхтөнд сайн мэдээг уйгагүй зогсолтгүй тунхаглацгаая. Ариун Сүнсний хүч чадал тунхаглаж байж л илэрнэ. Ариун Сүнсний бялхам их ивээл авч, баттай итгэл тээн, Елохим Бурханаа гэрчлээд, үндэстэн даяар тарж бутарсан тэнгэрийн гэр бүлээ шинэ Иерусалим тэнгэр Эхийн энгэрт хурдхан хөтөлцгөөе.

Бид их үр жимс гаргавал Эцэг алдаршина хэмээсэн (Иох 15:5-8). Үр жимс их гаргаад тэнгэр Эцэг Эхээ илүү их алдаршуулах аваас үүнээс илүү урамтай ажил гэж хаана байх билээ? Дэлхийн бүх хүнд авралын ерөөлт мэдээг сонсгохын тулд Ариун Сүнс авсны нотолгоогоо тунхаглалаар харуулахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэж байна.