Хэл сонгоно уу.

Close

“Баярлалаа” гэх талархам үг

4,044 үзэлт

Хүмүүс ер нь олон янзаар бие биеэ түшиж тулдаг. Хоол хүнс, хувцас хунар, орон байр гэх мэт наад захын хэрэгцээгээ хангаад, алс газар дангаараа амьдрахгүй л бол хүн зайлшгүй нэг нэгнээ дэмжиж туслах болдог. Хүний амьдралын энэ үндсэн байдал хэдэн жил өнгөрсөн ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Хүн ер нь их ч бай, бага ч бай хүнээс сайхан сэтгэл, тус дэм авсан л бол ямар нэгэн байдлаар хариу өгөх хандлагатай байдаг. Наад зах нь талархлаа илэрхийлнэ гэдэг бидний аз жаргал, сайн сайханд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг хүлээн зөвшөөрч буй энгийн хэр нь тун утга учиртай арга юм.

Гэвч ихэнх хүн ичих, нэрэлхэх, угаасаа талархдагийг нь мэдэж байгаа гэж бодох зэрэг шалтгаанаар “баярлалаа” гэж хэлэхээс татгалздаг. Заримдаа бүр талархлаа илэрхийлэхийн хүчийг дутуу үнэлж, бусдын сайхан сэтгэлийг байх л ёстой юм шигээр хүлээж авах нь ч бий. Ингэж дургүйлхэх нь жирийн нэг “баярлалаа” гэсэн үг төдийлөн ач холбогдолгүй гэсэн буруу ойлголтоос нь үүдэлтэй. Харин Чикагогийн их сургуулийн сэтгэл зүйч Николас Эпли (Nicholas Epley)-ийн хэлснээр бол талархал хүлээн авч байгаа хүний мэдрэх баяр хөөр, сэтгэл хөдлөлийн нөлөө талархал илэрхийлж байгаа хүний ​​ойлгосноос хавьгүй илүү байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл “баярлалаа” гэж хэлэх нь бидний бодож байснаас хавьгүй гүн утга агуулж, эерэг нөлөө үзүүлдэг байна.

Талархлын үг маань нөгөө хүнд хэр хүрдэг бол гэж бодож магадгүй ч “баярлалаа” гэж хэлэх дуугүй байх хоёрын хооронд дэндүү ялгаатай. Ганцхан үг ч асар том нөлөө дагуулж болно. “Баярлалаа” гэдэг үг хичнээн өчүүхэн мэт санагдавч эерэг энерги агуулж, гарах үр нөлөө нь огтхон ч өчүүхэн биш.

“Баярлалаа” гэх үгийн хүч

“Баярлалаа” гэдэг үгийг хэн хүнгүй сонсох дуртай. Америкийн сэтгэл судлаач Уильям Жеймс (William James) нэгэнтээ “Хүний мөн чанарын хамгийн гүн зарчим бол бусдад үнэлэгдэх хүсэл” гэж хэлсэн байдаг. “Баярлалаа” гэж хэлэх нь зүгээр нэг эелдэг мэндийн үг төдий биш “Таны ачаар миний сэтгэл сайхан боллоо” гэсэн утга илэрхийлж буй арга хэлбэр. Энэ нь нөгөө хүнд талархаж байгааг төдийгүй нөгөө хүнийг хүлээн зөвшөөрч байгааг давхар илтгэнэ.

Хэн нэгний төлөө ямар нэг юм хийгээд “баярлалаа” гэж үг сонсохоор үйлс үйлдэл маань эерэг нөлөө үзүүлсэнд итгэлтэй болж, харилцаа бат бөх болж, өөрийнхөө үнэ цэнийг баталж, хүлээн зөвшөөрөгддөг, үнэлэгддэг гэдгээ мэдэрнэ. Тийм ч учраас хэцүү, ядаргаатай, уйтгартай ажил дуусгасны дараа ч талархлын үг сонсоход ядаргаа тайлагдаж, бахархах сэтгэл, урам зориг мэдэрдэг байна. Хүмүүс байгалиасаа л өөрсдийг нь үнэлдэг хүнд илүү эелдэг хандах талтай байдаг учир нь талархал өөрөө эелдэг хариу өгөх хүч өгдөгтөө тэр.

Харилцааг бататгахаас гадна талархлын сэтгэл зүйн үр ашиг бүр илүү. “Баярлалаа” гэсэн үг сонсох нь илүү өөртөө итгэлтэй болгоод зогсохгүй нүдэнд үл үзэгдэх өвдөлт шаналал, тэмцлийг эдгээхэд тустай. Энэхүү жирийн нэг үг тайтгарал, аз жаргал, урам зориг өгөх хүч агуулдаг. Талархлаа илэрхийлэх нь илэрхийлж буй хүн сонсож буй хүн хоёрт хоёуланд нь ашиг тусаа өгч, амьдралыг илүү эерэгээр харах хүч болно. Хүний тархи ер нь байнга хийдэг зүйлээ хүчирхэгжүүлж байдаг тул “баярлалаа”, “Би чамд талархаж байна” гэх мэт эерэг үг тогтмол хэрэглэх нь сэтгэл санааг өөдрөг, эерэг болгож төлөвшүүлнэ. Талархаж хэвшвэл бид бусдын сайн сайхныг илүү амархан олж харж, үл ойлголцол, сөрөг бодол таамаглал ч багасна.

Эрүүл нийгмийн төлөөх талархал

Талархлаа харилцан нэгэндээ хэлж байх нь хувь хүн хоорондын харилцааг улам гүнзгийрүүлж, сэтгэл тэнүүн болгож, харилцан талархах сэтгэл бий болгодог. 2009 онд Хойд Каролинагийн их сургуулийн профессор Сара Б.Алгое (Sara B. Algoe) хоёр долоо хоногийн турш өдөр бүр 134 хүнээс судалгаа авчээ. Оролцогчдоос романтик хамтрагчдаа үнэлэгдэж байгаа эсэхийг, “баярлалаа” гэж хэр олон сонсдогийг, ингэж сонсох нь ямар сэтгэгдэл төрүүлдгийг асуусан байна. Бие биедээ талархал илэрхийлдэг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байдгийг уг судалгааны үр дүн харуулсан аж.

Үүн шиг Жоржиагийн их сургуулийн 2015 оны нэгэн судалгаагаар эхнэр, нөхөр, гэр бүлийнхний хоорондох талархлын үгс гэр бүлээ бат бөх, хайр дүүрэн байлгахад шууд нөлөөлж, эхнэр нөхөр харилцан нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, харилцан нэгэндээ үнэ цэнэтэйг мэдрүүлдэг болохыг тогтоожээ. Гэр бүлийн хоорондын харилцааг бэхжүүлэх гол хүчин зүйл нь талархлаа илэрхийлэх гэж тодорхойлсон байна. Японы зан харилцааны мэргэжилтэн Сато Ден хоорондын харилцаа хүндрэлтэй байгаа хосуудад эхэндээ хачин жигтэй санагдаж байсан ч хамаагүй “баярлалаа” гэж хэлж хэвшихийг зөвлөсөн байдаг. Ингэж хэвших нь харилцааг илүү сэргээж, талархал илэрхийлэх тусам харилцаа улам бат бөх болдгийг онцолсон байдаг.

Хэн хэнийхээ зүтгэлийг харилцан хүлээн зөвшөөрч, харилцан үнэлж гэмээнэ гэр бүл илүү дотно холбоотой, эв эетэй болж, нэг нэгнээ түшиж тулдгаа ухаарч хүлээн зөвшөөрвөл талархлын ивээлтэй үйлс уялдан гарч, эрүүл, эв эетэй гэр бүл, нийгэм бий болгоно.

Талархлаа илэрхийлэхдээ сэтгэлийг нь уяраах үүднээс нөгөө хүнийхээ нэрийг хэлэх нь зүйтэй. Чин сэтгэлээ мэдрүүлэх үүднээс нүд рүү нь харж, үнэнээсээ сэтгэл хөдлөлөөр ярих нь дээр. Нэмж хэлэхэд зүгээр л “баярлалаа” гэж хэлэхээс илүүтэйгээр талархал илэрхийлэх тодорхой шалтгаан хэлэх нь талархлын үр нөлөөг нэмэгдүүлнэ. Чин сэтгэлийн захидал эсвэл карт бичих нь бүр ч сэтгэлд гүн хүрнэ. Талархал хүлээн авч буй хүн талархана гэж бодоогүй эсвэл ямар нэгэн чухал зүйл хийсэн гэж мэдрэхгүй байсан ч талархлаа илэрхийлэх нь харилцааг утга учиртай, бат бэх эерэг болгож байдаг.

“Хайртай хүмүүстээ илүү их баярлалаа гэж хэлсэн ч болоосой”

Энэ бол нэгэн өвчтөнийг сүүлчийнх нь өдрүүдэд асарч байсан хөнгөвчлөх эмнэлгийн эмч Шуйчи Отсугийн бичсэн “Үхэлтэй тулгарах үед төрдөг 25 харуусал” номын эхний бүлгийн гарчиг. Хүмүүсийн хамгийн их харамсдаг зүйл бол хайртай хүмүүстээ талархлаа хангалттай их илэрхийлээгүй явдал байдаг аж. Хайр хамгийн хүчтэй байдаг газар гэр бүл. Талархал хамгийн их илэрхийлж байх ёстой газар ч гэр бүл. Бүтэн өдрийн турш нэг гэрийнхэн бие биенээ үй олон удаа түшиж тулж, тус дэмийг нь авч байдаг. Гэвч гэр бүлийн харилцааны үндэс суурь нь хайр учраас нэг гэрийнхэн заримдаа сайхан сэтгэл, халамж хайрын үйлсийг байх л ёстой мэт хүлээн авч, гэрийнхнээ хүлээн зөвшөөрч үнэлэх тал дээр мэдрэмжгүй, дутуу дулимаг байдаг.

Гэтэл нэг гэрийнхний хийдэг юу ч бай мэдээжийн байх л ёстой зүйл огт биш. Ер нь эцэг эх, хань ижил, үр хүүхдийнхээ хийж буй сайн сайхан үйлийг энгийн байдаг л мэтээр хүлээж авах юм уу эсвэл тэднийхээ тус дэмийг үнэлэхгүй, байх л ёстой мэтээр хүлээж авдаг бол юунд ч талархаж чадахгүй. Гэрийн дотор нэг нь хоол бэлдлээ гэдэг нь нөгөөх нь дараа нь автоматаар цэвэрлэх үүрэгтэй гэсэн үг биш. Хоол хийх зүтгэл, цэвэрлэгээ хийх үйлдэл хоёулаа л үнэлэгдэх ёстой шүү дээ.

“Баярлалаа” гэж хэлэх нь нэг их сүртэй том зүйл байх албагүй. Хэн нэгэн ямар нэг юмаа түр хэрэглүүлэх, цонх хааж өгөх, гэрэл унтраах гэх мэт наад захын өчүүхэн үйлдэлд ч талархсанаа илэрхийлж хэвшээрэй. Талархах тухайд заавал талархах юмны хариу байх албагүй. Хааяа зүгээр л бие биетэйгээ хамт байгаа нь өөрөө талархах хангалттай шалтгаан болдог. Талархах хүмүүстэй байгаа нь, талархлаа илэрхийлж чадаж байгаа нь өөрөө хичнээн талархууштай хэрэг билээ. “Баярлалаа” гэх эгэл жирийн хэр нь хүчирхэг энэ үг гүн утга агуулдаг билээ.