Гүнждийн тос дууссан өдөр

Гуаг Жон А / Солонгос, Хуасон

2,700 үзэлт

Нэг үдэш би оройн хоолондоо бибимбаб (агшаасан будаа, төрөл бүрийн ногоо, мах, шарсан өндөг, амтат гочүжан (улаан чинжүүний сүмс) зэргийг хольж иддэг) хийхээр шийдтэл гүнждийн тос юу ч үгүй дууссан байлаа. Би оронд нь перилла тос хэрэглэх санаатай хөргөгчөө үзтэл тэр ч бас алга байв. Манайх анх удаа тосоо дуустал шавхсан нь хачин санагдаж, сандран бушуухан ээж рүүгээ мессеж бичлээ.

“Ээж ээ, манай гүнждийн тос дуусчихаж. Та жаахан гүнждийн тос юм уу перилла тос явуулаарай.”

Ээждээ ямар нэг юм захих болгонд хоёр өдрийн дотор л илгээмж ирдэгсэн. Гэвч энэ удаа долоо хоног өнгөрсөн ч юу ч ирсэнгүй.

Хэд хоногийн дараа дүү маань шөнө аажуу над руу залгаж, бие нь тааруу байгаа ээжтэй ярилцсанаа хэллээ.

“Гэхдээ юу гээч. Ээж намайг танд юу ч битгий хэлээрэй гэсэн. Санааг чинь зовоохыг хүсээгүй биз.”

Би утсаа тасалсны дараа юу ч мэдээгүй дүр эсгэн, ээж рүүгээ шууд залгалаа.

“Ээж ээ, цаг агаар хүйтэрч байна шүү. Та ямархуу байна даа? Та нэг л сайнгүй сонсогдоод байна даа. Таны бие муу байвал эмчид очих хэрэгтэй шүү.”

“Санаа зоволтгүй ээ, ээж нь эмнэлэгт очсон…”

“Эмнэлэг ээ?”

Тэр ганц үгнээс нь би ээжийгээ асуултаар булж гарлаа. Ер нь орой 9 цаг гээд л нүд нь анилдаад эхэлдэг ээж маань сүүлийн үед үүр цайтал унтаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөв. Толгой нь өвдөж, хоол шингээхгүй, хоолны дуршилгүй болсон гэнэ. Мөн хоолой нь сөөнгө, нэлээн амьсгаатай байлаа. Тэгсэн хэрнээ утсаар ярьж дуусахдаа ингэж хэлэв.

“Өө нээрээ танайх тосоо дууссан гэлүү. Ээж нь тос явуулж чадаагүйд уучлаарай.”

Бие нь сайнгүй ээжээрээ тийм шалихгүй юм шийдүүлэх гэсэндээ ичмээр санагдаж, “Харин тийм ээ, өмнө нь ингэж юу ч үгүй дуусаж байгаагүй юм” гэж хэлээд инээмэр аядав.

“Ээжийнх нь бие тааруугаас болоод түүнийг чинь эртхэн зохицуулж чадсангүй.”

Миний санаж байгаагаар ээж маань өөрийн гараар хийсэн гочүжан, дуэнжан (шар буурцгийн сүмс), гүнждийн үр, жимс, бусад хоол хүнсийг үргэлж л биднийг дуусгахаас өмнө баяртай гэгч нь явуулдаг байсан даа. Хоол хүнс дуусахаас өмнө ээж явуулчихдаг болохоор мэдэрдэггүй байж. Гүнждийн тос амьдралд минь байнга цутгаж байсан хайрынх нь нэг хэсэг байсан аж. Тэгтэл ээжийг өвдөнгүүт л манай тав тухтай амьдрал ганхаж байна шүү дээ.

Миний өдөр тутмын байдаг л зүйл гэж үзэж ирсэн бүхэн угтаа ээжийн минь хайраар л чимээгүйхэн тэтгэгдэж ирснийг зөвхөн тэр үед л би ухаарсан. Анх удаа л би “Ээж байхгүй байсан бол би яах болж байна?” гэж бодсон доо.

Тэр бодол надад шаазан ваар хага цохих чулуу шиг л тусаж, урьд өмнө нь амар тайван мэт санагдаж байсан өдөр тутмын маань амьдрал сүйрэх шиг санагдав. Ээж маань тариалангийн ажилд нухлуулавч хэдэн хүүхдээ хэрэгтэй бүхнээр хангаж, явуулдаг байж дээ. Өөрөө өвдөж зүдэрсэн хэр нь надад гүнждийн тос явуулж чадаагүйдээ л санаа нь зовних ээжийгээ хараад миний элэг эмтэрч байлаа.

Өнөө шөнө би ээжийнхээ эрүүл мэндийн төлөө залбирч байна. Гэхдээ энэ залбирал ч бас өөрийнхөө л төлөөх аминчхан хүсэл байж магад гэхээс ичиж байна.