Тунхаглал нь бидний аргаас бус сэтгэлээс хамаарна

21,404 үзэлт

Бурханы хүслийг ухааран, үйлс гаргах гэдэг Бурханы хүүхэд мөн л бол сайн тунхаглаад цэвэр буудай үр жимс гаргах хүсэл сэтгэлтэй байдаг. Есүс ч мөн шавь нартаа “Та нар их жимс гаргавал Эцэг минь алдаршина” хэмээн сургасан удаатай (Иох 15:8).

Үр жимс гаргахын тулд тунхаглалын ямар нэгэн тусгай арга олох гэдэг гэр бүлүүд ч байдаг. Харин үнэнийг дөнгөж хүлээн авсан манай шинэ гэр бүлүүд авралын зар тараах туршлагагүй хэрнээ үр жимс их гаргаж байгааг хааяа хараад тунхаглах тогтсон арга барил байдаггүй юм байна гэж ухаардаг. Сайн мэдээ тараахад арга барил гол нь биш, ямар сэтгэлээр тараахаас шалтгаалан Бурхан сайн мэдээний нандин үр жимс зөвшөөрдөг гэдгийг мэдэж авцгаая.

Чин сэтгэлээр тунхаглахад гардаг сайн мэдээний үр жимс

“Иерусалим Эхийн яруу алдрыг бүх дэлхийд тунхаглацгаая” гэсэн сэдэвт тунхаглалын наадмаар тунхаглал нь аргаас бус сэтгэлээс хамаардаг гэдгийг дахин нотолж байж билээ. Газар газраас сонсогдох ивээлтэй мэдээнүүдийн дийлэнх нь тусгай арга зүйгээр биш, тусгай сэтгэлээр үнэнийг тунхаглан үр жимс гаргасан тохиолдлууд байсан.

Ялангуяа ажилчин гэр бүлүүд завгүй ажлынхаа хажуугаар сайн мэдээ тараахад амаргүй байсан нь мэдээж. Харин нөр их хичээнгүй сэтгэлээр үг тунхаглан үр жимс гаргасан гэх мэдээ их сонсогдож байсан. Зөгнөлтэй хөл нийлүүлэн тэнгэр Эхийг гэрчлэхийг хүссэн нэг эгч дүү Библийн ганцхан ишлэлээр Иерусалим Эхийг тунхаглаж, дэлгүүрт нь үйлчлүүлэхээр ирсэн олон хүнийг Сион руу хөтөлсөн гэнэ. Бас нэгэн ах дүү ажлынхаа үйлчлүүлэгчдийн амралтын өрөөнд тавьсан сар тутмын сэтгүүл ашиглан сүмийнхээ талаар танилцуулаад, нэг сүнсийг Сион руу хөтөлсөн гэсэн. Нэгэн сүмд Сионы календарь дээр гарсан ганц зургаар гадаад хүнийг хөтөлсөн тохиолдол ч мөн гарсан байна. Нэг гадаад иргэн сүмийн календарь дээр гарсан нутагт нь байгаа Бурханы сүмийн итгэгчдийг ажиглаж байгаад найзынхаа зургийг олж харан, сэтгэл нь шууд нээгдсэн гэдэг.

Хүний бодлоор “Тиймэрхүү маягаар авралын зар тарааж болно гэж үү?” гээд эргэлзэж мэдэх ч үр дүнг нь харахад хэдийнээ сайн мэдээний сайхан үр жимс гарчихсан байх юм. Учир нь тунхаглал нь хэл ярианы чадвартай, бэлэн цэцэн үгтэй эсвэл ямар нэгэн онцгой арга барилтай байлаа гээд болчихдоггүй. Зарим үед ярихдаа ээрч түгдрэн, арга барил муутайхан байсан ч тухайн хүнийхээ сүнсийг аваръя гэсэн чин сэтгэл байх л юм бол сонсогч хүн нь түүний сэтгэл зүтгэлийг ойлгож сэтгэл нь хөдөлдөг юм.

“Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус харин Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд, үгийн мэргэн цэцнийг хэрэглэлгүй сайнмэдээг тунхаглуулахаар илгээсэн юм.” 1Кор 1:17

“Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.” 2Кор 1:12

Хэн нэгэн сайн ярьснаар үр жимс гаргадаг, түгдэрч муу яривал үр жимс гаргадаггүй юм биш. Харин Бурханыг хэр их хайрлаж, Түүний хүслийг хэр сайн биелүүлж байгаа вэ гэдгээс хамааран үр жимс гаргаж ч, гаргахгүй байж ч болно. Бурханы үгийг хэрэгжүүлдэг хүн ерөөгдөх болно (Иак 1:25).

Бурханы хүч чадал дотор биелэгдэх тунхаглал

Сайн мэдээг дэлхий даяар хурдтайгаар тунхаглаж зөгнөлийн тайзан дээр зогсохыг хүсэж буй гэр бүлүүд маань сургуулийнхаа амралтаар юм уу ээлжийнхээ амралтын үеэр гадаадад богино хугацаагаар сайн мэдээ тунхаглаж байна. Бурхан хүүхдүүдийнхээ сэтгэлийг хараад агуу ерөөл өгчээ гэдгийг тэр гэр бүлүүдийнхээ авсан ухаарлаас тодорхой мэдэж авдаг.

Гадаадад авралын зар тараахад хамгийн том саад гэж бодож байсан хэл, соёлын ялгаа нь яг гадаад руу яваад үзэхээр үнэхээр өчүүхэн төдий асуудал байж хэмээн бүгд л ам уралдан ярьцгааж байв. Гадаад хэлдээ маруухан ч түгдрэн байж авралын зар тараахад үнэнийг хүлээн авсан хүн олон байсан гэнэ. Нутгийн хүмүүст яаж ийгээд сайн мэдээ тараах гэж тэгтлээ хичээж шаналахыг нь тэд хараад сэтгэл нь уярч, Библийг нухацтай удаан гэгч нь судлаад ухаарсан сүнснүүд ч цөөнгүй байсан гэнэ билээ. Эцэст нь эндээс дүгнэхэд тунхаглал нь бидний сэтгэлээс л хамаардаг аж.

“Ах дүү нар аа, та нар дээр очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаар Бурханы нууцыг тунхаглаж очоогүй. Учир нь та нарын дунд би Есүс Христ буюу цовдлогдсон Түүнээс өөр юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм. Мөхөсдөл, айдас, үлэмж чичрэл дор би та нартай хамт байсан. Үг минь ч, тунхаглал минь ч мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнс ба хүчний илрэлээр байсан нь итгэл чинь хүмүүний мэргэн ухаанд бус, харин Бурханы хүчинд байхын тулд байлаа.” 1Кор 2:1-5

Авралын зарыг ертөнцийн мэргэн ухаанаар тараадаггүйг Библид олонтоо онцолсон. Сайн мэдээ бол хүний авьяас чадвараар хийгдэх зүйл огтхон ч биш юм. Хүн бүрийн авралын зар тараах арга онцгойдоо биш, нэг сүнсийг ч болов тэнгэрийн хаанчлал руу хөтлөх юм сан гэсэн чин сэтгэлээр л үр жимс гардаг.

“Би олон тал дээр дутуу дулимаг болохоор авралын зар тарааж чадахгүй” гэж бодох нь үр жимс өгөгч Бурханыг бүрэн түшиж чадаагүйтэй холбоотой. Үр жимсийг хүн өөрөө гаргадаг бус харин Бурханы өгдөг бэлэг юм. Элч Паул үүнийг ухаарч, Бурханы ивээл дотор сайн мэдээ тарааснаараа олон сүнсийг үнэн рүү хөтөлж, түүнийхээ үр дүнд өнөөг хүртэлх хамгийн шилдэг тунхаглагч гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаа.

Тиймээс сайн мэдээ тараахдаа үгийн мэргэн цэцэнд түшиглэлгүй Библи дэх сургаал дагуу гүйцэтгэхэд л болно. Бид хэлэхгүй зүгээр орхивол нүглээсээ болж мөнхийн тамын ялаас мултарч чадахгүй өрөвдөлтэй сүнснүүдэд Бурханы хайрыг ойлгуулж, ерөөлтэй мэдээ хэлж өгөхийг хүссэн чин сэтгэл л байвал эрхэм нандин цэвэр буудай үр жимс ихийг хураах болно.

Энэ цаг мөчид ч Солонгос даяар болон гадаадад сайн мэдээ сонсоогүй сүнснүүдийг аваръя гэсэн шаналах сэтгэлээр авралын зар хүчлэн тарааж, арвин үр жимс хурааж буй Сионы гэр бүлүүд ч байгаа. Гадаад руу илгээгдсэн зөнч нар, өөрийн зардлаар гадаадад сайн мэдээ тарааж байгаа гэр бүлүүд, мөн Солонгост байх хугацаандаа Бурханы үнэнийг хүлээн аваад өөрийн улсдаа очин ар гэрийнхнээ аварсан гадаад итгэгчид ч байдаг. Энэ мэтчилэн хүн бүрд өгсөн сайн мэдээний нөхцөл байдал дунд халуун сэтгэлээр сайн мэдээ тунхаглаж олон сүнс үнэн рүү ирж байна.

Бидний хэнд маань ч сайн мэдээний төлөө гэсэн халуун сэтгэл бий. Үүн дээр Бурхан Ариун Сүнсний тосоо цутгасан. Үүний дүнд сайн мэдээний гал дэлхий дахинд дүрэлзэн асаж байна. Дэгдээхий гарч ирэх үеэр өндгөн дотроос тонших чимээг сонссон ээж тахиа нь мөн өндөгний гаднаас тоншиж тусалдагтай адил Бурхан тооны их бага, авралын зар тараах арга барил зэргээс үл хамаарч хүүхдүүдийнхээ өчүүхэн төдий дуулгавартай байдал, жаахан идэвх зүтгэлийг хараад л агуу ерөөлөө дүүргэж өгдөг.

Золиосоор биелсэн хайрын зам

Хүн төрөлхтний аврал хэдхэн үгээр биелчих байсан бол Бурхан энэ газарт Өөрийн биеэр ирээд загалмайн зовлонг тэвчиж, золиослогдох шаардлагагүй байх байсан. Есүсийн туулсан загалмайн зам бол нүглийн улмаас үхэхээс өөр аргагүй байсан хүн төрөлхтнийг аврахын төлөө Өөрийн биеийг сүрэл мэт хаясан золиос ба хайр юм.

Ариун Сүнсний үеийн Аврагч болох тэнгэр Эцэг Эх ч мөн хүнд зовлонгийн замыг туулан сүнс нэг бүрийг хайж олсон. Бурхан хүүхдүүддээ амь өгье гэсэн чин сэтгэлээр шинэ гэрээний үнэнийг зааж өгсөн болохоор өнөөдрийнх шиг сайн мэдээний ийм гайхалтай үр дүнд хүрсэн юм.

Бурханы энэ сэтгэлийг өчүүхэн ч болов ухаарч, Түүний золиослох ухаан, хайрлах сэтгэлээр сайн мэдээний ажил хийвэл сайн үр дүн гаргах болно. Одоо арвин үр жимс гаргаж байгаа итгэгчдийн төрхийг нэг хараарай. Үүрийн гэгээтэй уралдан бидний төлөө залбирсан Елохим Бурханы жишээг дагаж, Бурхантай хамт амьсгалж, Бурхантай нэг сэтгэлээр залбирна гэж шийдээд, үүрийн залбирлаар өдрийн ажлаа эхэлдэг гэр бүлүүд ч байдаг. Мөн “Тэнгэр Эцэг Эх минь тэнгэрийн яруу алдрын сэнтийгээ орхиод дорд энэ газарт ирээд бүтээлүүдийнхээ элэг доог болж, дорд үзэгдэхээс татгалзалгүй, сайн мэдээнд халуун сэтгэлээ зориулсан байтал “би” гэгч хүн нэг сүнсийг аврахын төлөө хэр хэмжээний золиос, хичээл зүтгэл гаргаж байгаа билээ” гэж бодон өдөр бүр сайн мэдээний зорилгоо шинээр тогтоож байгаа гэр бүлүүд ч бий.

Амралтынхаа богинохон хугацааг ашиглан гадаад сайн мэдээнд оролцсон оюутнууд дэлхий даяар тархсан тэнгэрээс хагацаж салсан гэр бүлүүдээ хайж олно гэсэн шийдвэрээр сайн мэдээнд оролцож, үр жимс гаргасанд баяртай байсан ч үүнээс илүү тэнгэр Эцэг Эхийн хүүхэд нэг бүрээ хайх үеийн шаналах сэтгэлийг мэдрээд ивээл их авсан гэнэ. Хүүхдүүдээ хайх Эцэг Эхийнхээ чин сэтгэлийг өвөрлөн, үнэнийг тунхагласан болохоор өгөгдсөн нэг өдөр ч дахиж олдошгүй авралын зарын эрхэм нандин цаг болсон гэсэн. Мөн цэцэн цэлмэг ярьж, гадаадаар чөлөөтэй ярьсан болохоор үр жимс гарсан биш бүгд нэг сэтгэлээр нэгдсэн учраас Бурхан үр жимс зөвшөөрсөн гэж бодоод, илүү бат нэгдэж чадсан гэнэ. Ингэж богино хугацаанд олон үр жимс гаргаж, сайн мэдээний байдлыг шинэчилж чадсан нь Бурханы алхсан сайн мэдээний замаар хамт алхана гэсэн сэтгэл байсан учраас тэр юм.

Бурханы үр

Бид Бурханы хүүхдүүд. Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн Бурханы хүүхдүүд өөрийн сүнсний амар тайвныг бодож, ая тухтай байдлаар итгэлийн амьдралаа туулдаггүй. Яг л Иеремиа эш үзүүлэгч шиг, авралын мэдээнд хайхрамжгүй хандах сүнснүүдийг хараад шаналж зүгээр хараад сууж чаддаггүй. Сайн мэдээ тараахгүй л бол тэсвэрлэж чадахгүй гэсэн зан чанар нь Бурханыг дуурайсан болохоор тэр.

Зөнгөөр нь орхивол юу болохыг нь мэдсэн хэрнээ буруу замаар явж байгаа хүүхдүүдээ замаас нь эргүүлдэггүй эцэг эх гэж байдаггүй. Бидний сүнсний Эцэг Эх болох тэнгэр Эцэг Эхийн сэтгэл ч бас тийм л байдаг. Туйлын эрхэм дээд Бурхан яагаад махан бие нь шархалж бяцрах хүртэл тамлагдсан ч тэр л замыг дуугүй туулсныг бодож үзэх хэрэгтэй.

“Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг амаа ч Тэр нээсэнгүй. Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож, амьдын газраас Тэр таслагджээ. Булшийг нь буруутуудын хамт товлосон ч үхэлд Тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлэл үйлдээгүй, Түүний аманд мэх худал нь байгаагүй. Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.” Иса 53:7-10

Бурхан хүүхдүүдийнхээ авралын төлөө гэмт үйлдлийг оронд нь үүрч, загалмайн ичгүүр ба зовлон зүдгүүрийг амссан. Золиосоор Өөрийн Сүнсийг ялын тахил болговоос Бурхан үрээ үзэх болно гэсэн. Тэгвэл тэр үр нь хэн бэ?

Бид бүхэн Бурханыг Эцэг Эх хэмээн дуудаж байгаагийн учир нь Бурханы золиосоор тээгдэн амь авсан “Бурханы үр” учраас тэр юм. Мэдээж хүүхэд эцэг эхтэйгээ адилхан байдаг. Бурханы жинхэнэ хүүхэд мөн л бол юу юунаас илүү хүн төрөлхтнийг хайрласан Бурханы сэтгэлийг дуурайх хэрэгтэй.

Мөнхийн сүйрэл рүү явж байсан сүнсийг маань Бурхан зөнгөөр нь, зүгээр орхисон бол бид хэрхэн мөнхийн тэнгэрийн хаанчлалд найдан, гэрэлт ирээдүйг мөрөөдөж чадах билээ? Бурхан бидний нүглийн оронд золиослогдсон. Мөн сэтгэлийн хаалгаа хаан, үгийг сонсохгүй байсан бидний муухай сүнсийг хайраараа хайлуулан, сүнсний зүй тогтлыг ухааруулсан болохоор бид одоо Сионд ирж амь авах болсон. Бурханы хүүхдүүд болох бид ч хүний амьдралын эх үндсийг мэдэхгүй байгаа сүнснүүдэд Елохим Бурханы өгөх амийн усны сургаал болон эрхэм нандин хайрыг дамжуулан, тэднийг Бурханы энгэрт авчирцгаая.

Бурханыг бүрэн төгс дуурайсан хүүхдүүд

Тэнгэр Эцэг Эхийгээ дуурайсан хүүхдүүд мөн бол Бурханы жишээ үзүүлэн алхсан замаар алхаж, Бурханы хийсэн ажлыг хийх хэрэгтэй. Бурхан нэг сүнсийг аврахын төлөө залбирлаараа нэг өдрийг эхлүүлж, өдөр бүр авралын зар тараасан бөгөөд үүний төлөө туйлын муу энэ газарт ирсэн хэмээсэн.

“Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж, олоод —Бүгд Таныг эрж байна гэхэд Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав.” Мар 1:35-38

Биднийг өөрийнхөө сүнсийг анхаараад зогсохгүй бусад хүний анхаардаггүй сүнснүүдийг ч бүгдийг аварч, хамтдаа мөнхийн тэнгэрийн хаанчлалдаа буцаж ирэхийг Бурхан хүсэж байгаа. Бурханы энэ хүслийг хүндэтгэн хүлээн авч, дэлхийн бүх хүнд Бурханы авралын гэрлийг илүү хурц тод гэрэлтүүлцгээе.

Яг одоо сайн мэдээний үр дүн гарахгүй нь гэж шантрах хэрэггүй. Цаг нь болохоор хурааж авна гэсэн үгийн дагуу Эцэг Эхийн туулсан золиос ба зовлонгийн замыг хичээнгүйлэн дагавал эрт орой хэзээ нэгэн цагт сайн мэдээний сэтгэл татам үр жимс хурааж авна. Бурхан ямар сэтгэлээр сайн мэдээний ажлаа явуулж, хүн төрөлхтнийг аварсан бэ гэдгийг санаад зан чанар, үйлсээрээ тэнгэр Эцэг Эхийг бүрэн дуурайсан хүүхдүүд болцгооё.

Гадаад төрхөөрөө эцэг эхтэйгээ огт адилгүй хүүхэд байлаа ч санаандгүй үйлддэг зуршил юм уу хоолны дуршил зэрэг нь гайхалтайгаар эцэг эхээ дуурайсан харагддаг шиг бидний сүнслэг төрх ч мөн тэнгэр Эцэг Эхийг мэдээж дуурайсан л байгаа. Юу юунаас илүү Бурханыг дуурайсан төрхөөр, яруу алдрыг нь гаргаж, бүхнээс илүүтэйгээр бидний төлөө золиослогдож, амь хайргүй зүтгэсэн Бурханы төрхийг хамгийн их дуурайж, сүнс аврах ажилд тэргүүн эгнээнд зогсох Сионы гэр бүлүүд болохыг хүсэж байна.

“Нэг сүнсийг аврах нь дэлхийг аварсантай адил” гэсэн сэтгэлээр сайн мэдээний ажилд оролцвол сайн мэдээний үлдсэн түүх ч заавал ивээлтэйгээр биелнэ гэдэгт итгэлтэй байна. Эхлээд эргэн тойрныхоо сүнснүүдийг Бурханы үгэнд чих тавихад нь сэтгэл зүрхээ хандуулцгаая. Бурханы сэтгэлийг хөдөлгөхүйц сайхан сэтгэлээр авралын зар тараагаад, олон цэвэр буудай үр жимс гаргах Сионы гэр бүлүүд болцгооё.