Бурханы сүм саяхан Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал авлаа. Бурханы сургаалыг хэрэгжүүлье гэсэн сэтгэл хүслээ нэгтгэж, хичээж зүтгэсэн Сионы гэр бүлүүдийн хамтдаа авсан байгууллагын шагнал энэ юм. Бусдын төлөө золиос гарган, сайн дурын ажил хийж авсан шагнал болохоор бүр ч үнэ цэнэтэй санагдана.
АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал болон БНСУ-ын ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагналаас авхуулаад дэлхий даяар шагналын хур бууж байгаа мэдээ шил дараалан ирсээр. Бурхан яагаад өнөө үед бидэнд энэ мэт нэр хүндтэй шагналыг ар араас нь өгсөөр байгаа талаар Библиэр дамжуулан Бурханы хүслийг бодох цаг гаргацгаая.
Бурхан сургаалд нь зөв итгэж, хүслийнх нь дагуу үйлддэг Сионы итгэгчдэд бүх дэлхийн үндэстнүүдийн дунд яруу алдар болон магтаалыг өгнө хэмээн амласан юм.
“Сион охин! баяр хөөртэйгөөр хашхир! Израиль аа, уухай хадаа! Иерусалим охин! баясан, бүх зүрхээрээ баярла! ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ. Тэр дайснуудыг чинь зайлуулсан. Израилийн Хаан, ЭЗЭН та нарын дунд байна. Чи цаашид гай зовлонгоос айхгүй. Тэр өдөр Иерусалимд хандан “Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул. Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно. Товлосон найр наадмуудын (баярын) талаар энэлэгсдийг Би цуглуулах болно. Тэд чамаас ирсэн, Сион оо! Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм. Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна. Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж, бүх дэлхийд тэдний ичгүүрийг магтаал болон яруу алдраар солино. Би та нарыг хамтад нь цуглуулах тэр цагт Би та нарыг оруулна. Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.” Зеф 3:14-20
Бурхан Сионы хүүхдүүддээ “Бүү ай, гараа бүү унжуул” гэж айлдсан. Энэ үгнээс харахад Бурханы хүүхдүүдэд хүчгүй болж, гараа унжуулахуйц зовлонтой хүнд байдал тулгарч болзошгүй байна. Гэвч цаг нь болбол тэнгэр газар, бүх үндэстнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгөх болохоор баясан хөөрч, баярлагтун хэмээсэн юм.
Энэ нь сүүлчийн Ариун Сүнсний үед амьдарч байгаа бидэнд өгсөн амлалт буюу зөгнөлийн үг юм. Шашны байгууллагын түүхэнд урьд өмнө авч байгаагүй нэр хүндтэй, том шагналыг Бурханы сүм удаа дараа хүртэж, Бурханы сүмийн үйл ажиллагаа болон авсан шагналын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч биенээсээ өрсөн цацаж, Бурханы сүмийг сонирхон, ихэд сайшаах болоод байгаа. Бурханы хүслийн дагуу дэлхийн өнцөг булан бүрд байгаа бүхий л сүм маань гэрэл, давсны үүргээ гүйцэтгэн, өрөөлийн төлөө амьдрах баяр хөөрөөр эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл оюуныг гэгээрүүлж байгаа тул Бурханы сүм бусдын нүдэнд үнэхээр сайхан харагдаж буй хэрэг юм.
Бурханы үг ном ёсоороо гүйцэлдэж, Библийн зөгнөл бүхэлдээ биелж байгаа цаг мөчийг бид одоо нүдээрээ харж байна.
“Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө. Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө. Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө. Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.” Дэд.Хуу 28:1-6
Бурхан Өөрийнх нь үгийг дуулгавартай дагаж, тушаалыг нь сахин биелүүлдэг хүмүүсийг дэлхийн бүх үндэстнээс илүү өндөрт тавина хэмээн зөгнөсөн. “Тэднийг бүх үндэстний дунд сүүл болгохгүй, толгой болгоно” гэж ахин дахин онцолсон байдаг (Дэд.Хуу 28:13-14). Гагцхүү Бурханы тушаалыг сахидаг, Бурханы үгэнд дуулгавартай хүмүүс л энэхүү зөгнөлийн гол баатрууд болох аж.
Бид өнөөг хүртэл ертөнцийн хүмүүсээс өөр замаар явж ирсэн. Олон хүн Бурханы үгийг зөв сахихгүй байгаа ч харин бид Бурханы тогтоол, зарлиг, хуулийг хүндэтгэн дагаж, үг сургаалаар нь амьдрахын тулд хичээж ирсэн. Цаашид ч тэгж л амьдрах юм. Бурханы сүм биширмээр түүхийг биелүүлж чадсаны учир нь зөгнөлийн дагуу бүх үйл хэргээ гүйцэлдүүлдэг Бурхан оршдог, мөн Бурханы үгийг ёсчлон биелүүлдэг итгэгчид байгаа болохоор тэр билээ.
Исаиа эш үзүүлэгч Библийн бүх зөгнөл зүгээр нэг үг үсгээр тэмдэглэгдсэн биш, учир нь Бурхан Өөрөө биелүүлэхийн тулд тэмдэглүүлсэн гэдгийг тодорхой хэлсэн байдаг.
““Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн. Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлдсан бөгөөд үүнийгээ Би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ.” Иса 46:10-11
Бурханы айлдсан үг гарцаагүй биелж, төлөвлөсөн ажил нь бүгд бүтнэ. Тиймээс бүх үндэстнээс дээгүүр тавьж, толгой болгож, магтаал ба яруу алдар өгнө гэсэн зөгнөлийн үг ч бас бидний нүдний өмнө тэр хэвээрээ биелж байна. Цаашид ч биелсээр байх болно. Бурханы зорилго ямар нэг аргаар биелэх нь лавтай юм.
“Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.” Евр 4:12-13
Бурханы үг нь амьгүй биш амьд учраас бичигдсэнээрээ биелдэг. Бас идэвхтэй болохоор хүн бүрийн сэтгэлийг өөрчилж, Сионы итгэгчдэд магтаал болон яруу алдрыг ч олгодог юм. Иймээс Бурханы үгэнд чих тавин, дуулгавартай дагавал Түүний үг амьд учир биелж, яруу алдарт түүхийг бүтээх ажгуу.
Бурханы үг нэг нь ч орхигдолгүй цөм биелнэ гэдгийг Библид удаа дараа онцолсон байдаг.
“Түг түмдийн ЭЗЭН тангараглан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ. … Энэ нь бүх дэлхийн эсрэг тогтоогдсон шийдвэр. Энэ нь бүх үндэстний дээгүүр сунгагдсан мутар юм. Учир нь түг түмдийн ЭЗЭН шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Түүний мутар сунасан. Хэн үүнийг буцааж чадах вэ?” гэв.” Иса 14:24-27
Түмэн цэргийн Эзэний төлөвлөсөн ажлыг хэн өөрчилж, бүтээе гэж санасан ажилд нь хэн саад учруулж чадна гэж? Бурханы төлөвлөсөн ажлыг хэн ч буцааж чадахгүй. Хэдийгээр саад хийдэг хэсэг бүлэг хүмүүс байгаа ч Бурханы үг биелэх нь зайлшгүй юм.
“Миний төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ” хэмээсэн Бурханы үг зөвхөн Бурханы сургаалыг даган үйлддэг Сионы хүүхдүүдэд л тохирно. Үр дүнд нь Библид зөгнөгдсөн бүхэн Бурханы айлдсан ёсоор одоо Сионд нэг нэгээрээ гайхамшигтайгаар биелж байна. Бурхан зөгнөлөө зайлшгүй биелүүлнэ гэж Библийн энд тэндгүй сийлж өгсөн болохоор бид тэрхүү үг сургаалд нь эцэс хүртэл итгээд, ирээдүйд Бурхан бидэнд ямар аргаар яруу алдар болон магтаал өгөх юм бол хэмээн догдлон хүлээх сэтгэлээр өдөр бүрийг угтдаг байцгаая.
Би хэд хоногийн өмнө Англид айлчлахад христийн шашин хүч нөлөөтэй байдаг гэж бодож ирсэн Европын нийгэмд харин ч “Бурхан байхгүй” гэх бурхангүйн үзэл газар авсан байна билээ. Миний бодсоноос байдал тэс ондоо байв. Олон хүн Бурханы оршихуйд итгэхгүйгээр үл барам сүмийн тал дээр ч эргэлзэх хандлагатай байдаг аж. Түүнээс болоод христийн шашинд итгэгчдийн тоо өдрөөс өдөрт багасаж, ихэнх нь сүмийн барилгаа өөр зориулалтаар ашиглаж байсан юм.
Би тэр байдлыг хараад сайн мэдээний гэрлийг хурдан цацруулж, харанхуй ертөнцийг гэрэл гэгээтэй болгох ёстой гэсэн үүргээ дахин ухамсарлаж билээ. Сайн мэдээ тунхаглах нь хүний хүчээр бүтэх ажил биш учир Бурханы тусламж бидэнд туйлын хэрэгтэй.
“ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш манаач хүн дэмий л сэрүүн байна.” Дуу 127:1
Бүхнийг төлөвлөж, эрхшээж байдаг Нэгэн нь зөвхөн Бурхан. Бид гагцхүү итгэлээр Бурханы үгэнд дуулгавартай байж, Бурханы тушаасан дагуу хэрэгжүүлдэг төдий.
Бурханы сүмд айлчилсан хүмүүсийн зайлшгүй сонирхож асуудаг нэг асуулт бий. Европ төдийгүй дэлхий дахинд христийн сүм уналтанд ороод байгаа энэ үед Бурханы сүм өдрөөс өдөрт өсөн хөгжиж байгаагийн нууц юунд оршдогийг тэд асуудаг. Бүхий л ажил үйлс Бурханы тусламжаар биелсэн шүү дээ.
“Харцаа би уулс өөд өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ? Тэрхүү тусламж минь тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс.” Дуу 121:1-2
Бидний тусламж зөвхөн Бурханаас ирдэг гэсэн байна. Бурхан тусалж байж л 7 тэрбум хүнд тунхаглах хөдөлгөөн ч ивээлтэйгээр гүйцэлдэж дуусах болно. Хүний бодлоор бол 7 тэрбум хүнд бүгдэд нь сайн мэдээ тараана гэсэн зорилго дааж давшгүй ажил мэт харагдаж ч болох юм. Гэвч бидний эхлэл шалихгүй байлаа ч төгсгөлийг маань Бурхан үргэлж агуу ихээр өсгөдөг.
Дэлхий даяар Бурханы сүм байгуулагдтал эхлэл нь шалихгүй байсан. Гэвч өнөө үед таван далай зургаан тив гээд дэлхийн өнцөг булан бүрд Бурханы хаанчлал байгуулагдаж, олон үндэстэн үнэний үгийг даган Сион руу үерийн урсгал мэт цутган ирсээр. Энэ бүхэн Бурханы тусламжаар бүтсэн юм. Эцэг Бурхан, Эх Бурхан бүх түүхийг удирдаж байгааг бүрэн ухаарч, бидний хүч тэнгэр газар, түмэн бодисыг бүтээсэн Елохим Бурханаас ирдэг гэдэгт итгээд, зөгнөлийн үгтэй хөл нийлүүлэн алхах тэнгэрийн хүүхдүүд болохыг хүсье.
“Бидэнд биш, өө ЭЗЭН, бидэнд биш, Энэрэл хайр ба үнэнийхээ төлөө Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.” Дуу 115:1
Өнөөг хүртэл яруу алдрыг Бурхан Өөртөө авалгүй, бидэнд л өгсөн. Харин эдүгээ бид яруу алдрыг Бурханы нэрэнд өргөх ёстой биш гэж үү? Эхлээд бид Бурханд яруу алдар өргөж, дэлхийн бүх үндэстэн, сансар огторгуйн түмэн зүйлс Бурханыг үеийн үед магтах тэрхүү түүх хурдан биелэхүйцээр Бурханаа алдаршуулах ажилд сэтгэл зүрхээ бүрэн зориулах хэрэгтэй юм.
Хүндхэн амьдралтай хөршдөө туслахын тулд амь бие хайргүй зүтгэн, сайн дурын ажил хийж ирсэн Сионы гэр бүлүүд шагнал авсан шиг сүнслэг ертөнцийн зүй тогтол ч бас үүнтэй адил. Бурхан хүн тус бүрийн үйлсийнх нь дагуу хожим тэнгэрт олгох шагнал байгаа хэмээн айлдсан (Илч 22:12). Тэгвэл энэ амьдралдаа чухам ямар гавьяа байгуулсан хүмүүс Бурханы соёрхох шагналыг авах юм бол оо?
“Есүс хариуд нь —Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ. Тохиолдлоор нэгэн тахилч тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав. Түүнчлэн нэгэн леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ. Харин түүгээр явж байсан нэгэн самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн, түүн дээр ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, унаан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ. Маргааш нь тэр, хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, “Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал би буцахдаа танд дахин төлье” гэжээ. Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна? гэхэд тэр —Түүнд энэрлийг үйлдсэн нь гэв. Есүс түүнд —Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ.” Лук 10:30-37
Есүсийн айлдсан сургаалт зүйрлэлд тахилч болон Леви хүн дээрэмчинтэй таараад амьтай төдий байсан хүнийг хараад, ярвигтай хэрэгт орооцолдчихвол алсдаа өөртөө төвөг удахын нэмэр гэж санаад зүгээр өнгөрөөд явчихаж. Гэтэл Самари хүн түүнийг хараад өрөвдөж, “Яавал энэ хүнийг амьдруулах вэ?” гэж бодон, түүний төлөө хийж чадах бүхий л арга хэмжээг авчээ. Есүс энэ Самари хүнийг дээрэмчинтэй таарсан хүний жинхэнэ хөрш нь мөн гэдгийг хэлээд “Явж, үүний адил үйлдэгтүн” хэмээн айлдсан байдаг.
Дээрэмчинтэй таарсан тэр хүн шиг хүн төрөлхтөн ч мөн амьтай голтой төдий, ийм л байдалтай байгаа. Бид тэднийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөхгүй бол эдгээр хүмүүсийн явах газар нь гагцхүү там юм. Тэнгэрт хийсэн нүглийнхээ улмаас мөнхийн тамд зовлон амсахаас өөрцгүй байдалд хүрнэ.
Өдөрт үй олон хүн бидэнтэй шүргэлцэн зөрж байдаг. Тэднийг зүгээр өнгөрүүлэх биш өрөвдөж, яавал тэдний алхааг тэнгэрийн хаанчлал руу эргүүлэх вэ гэдгийг бид бодох учиртай. Бүгдээрээ сайн Самари хүнтэй адилхан сэтгэлтэй байж, 7 тэрбум хүний авралын хөдөлгөөнд хүч хавсарцгаая.
Бурхан тахилч, Леви хүн, Самари хүн гурваас хэн нэгийг нь шагнах боллоо гэж бодъё. Тэгвэл чухам хэнийг нь шагнах бол? Мэдээж сайн Самари хүнд шагнал өгөх биш гэж үү? Үүн шиг, үхэл рүү явж буй олон сүнсийг зөв замд нь эргүүлэн авралд хөтлөх хүн л тэнгэрийн оронд хамгийн том шагнал авна (Дан 12:1-3).
Бид бүхэн “Сайн Самари хүнтэй адил үйлдэгтүн” гэсэн Бурханы үгийг сэтгэлдээ сийлж, хүн төрөлхтнийг аврах ажилд манлайлцгаая. Ойр байгаа гэр бүл, найз нөхөд, айл хөршөөсөө эхлээд дэлхийн бүх үндэстэнд амийн ерөөлтэй үгийг бүгдэд нь тунхаглаж, тэнгэрт шагнал авах яруу алдрын тэр өдөртэй учран золгохыг хүсье.