Өнөө үеийн хамгийн чухал ажил

15,437 үзэлт

Хүн гэгч байгалиасаа л үнэ цэнэтэй, утга учиртай ажил хийх хүсэлтэй байдаг гэнэ. “Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон” (Евр 9:27) хэмээсэн байдаг. Библид ч мөн энэ дэлхийд амьдрах хугацаандаа Бурханы зөвт байдлыг хайж, шинэ хүнээр дахин төрж амьдрахыг хүмүүст зөвлөсөн байдаг.

Тэгвэл хүний амьдралын хамгийн утга учиртай, чухал зүйл юу вэ? Манай Сионы ах эгч дүүс үүний хариултыг хэдийн мэдэж байгаа байх. Учир нь Елохим Бурхан энэ газарт ирээд алив жишээг үзүүлж, бидэнд хамгийн чухал, хамгийн утга учиртай ажлыг даатгасан юм.

Одоо Бурханы бидэнд даалгасан ажил хичнээн үнэ цэнэтэй болохыг дахин нэг удаа бодож үзэцгээе. Тэнгэрийн хүүхдийн хувьд бид энэ үед Бурханаас авсан тэрхүү үүрэг даалгавраа сааталгүй биелүүлж, Бурханыг баярлуулах хэрэгтэй.

“Гурван асуулт”

Оросын их зохиолч Л.Толстойн бичсэн богино өгүүллэгүүд дунд “Гурван асуулт” гэдэг бүтээл байдаг. Түүний гол агуулгыг товчхон дурдъя.

Нэгэн улсын хаан төр улсаа удирдах явцад нь түүнд гурван асуулт төрж гэнэ. Эхнийх нь “Ямарваа ажлыг хийх хамгийн тохиромжтой цаг нь хэзээ вэ?”, хоёр дахь нь “Миний хувьд хамгийн чухал хүн нь хэн бэ?”, гурав дахь нь “Хийх ёстой хамгийн чухал ажил юу вэ?” гэсэн асуулт байв. Хаан түшмэлүүдээ дуудан хариултыг нь олохыг хүссэн боловч түшмэлүүд хий дэмий санал зөрөлдөхөөс хэтэрсэнгүй, хааны сэтгэлд нийцсэн хариу хэлж эс чадав.

Бачимдсан хаан хөдөөгийн буйдхан газар амьдардаг нэгэн мэргэн хүнтэй уулзахаар явжээ. Хаан мэргэнийг зорьж ирсэн учир явдлаа хэлж, гурван асуултынхаа хариуг хэлж өгөхийг гуйсан ч өнөөх мэргэн нь сонсоогүй мэт үг дуугүй л талбайгаа хагалаад байж гэнэ. Хаан ч цөхрөлгүй хүлээгээд л байж. Тэгж байтал гэнэт ойгоос хувцас хунар нь урагдаж, цус нөж болсон нэгэн залуу гүйн гарч ирээд хааны өмнө ухаан алдаад уначихав. Хаан ихэд сандарч хувцсаа уран шархыг нь боож өгөөд өнөөх залууг сэтгэл гарган асарчээ.

Хэсэг хугацааны дараа залуу ухаан ороод хаанд үнэнээ өчжээ. Үнэндээ тэрээр хаанд хорсож, нууцаар хөнөөх гэж яваад хааны харуулуудад баригдаад ингэж шархадсан байж л дээ. Гэвч тэр өдөр хааныхаа өөрт нь тэгж тусалж байгааг хараад сайхан сэтгэлд нь уярч, бодол нь өөрчлөгдсөн гэнэ. Тэрээр хаанд үнэн голоосоо баярлаж, цаашид хааныхаа төлөө бие сэтгэлээ зориулах үнэнч түшмэл нь болохоор шийджээ.

Тэгтэл төдийг хүртэл огт дуугарахгүй байсан мэргэн “Сая та бүх хариултаа авлаа” гэж хаанд хэлжээ. Гурван асуулттай нь ямар хамаатайг хаан мэргэнээс эргүүлэн асуулаа.

Тэгтэл өнөөх мэргэн хаанд хандан “Ажил хийх хамгийн тохиромжтой цаг нь яг одоо энэ цаг мөч. Одоо гэж цаг байхгүй бол бид ирээдүйг урьдчилан таамаглаж, ирээдүйг бүтээж ч чадахгүй болохоор ямар ч ажилд хамгийн тохиромжтой цаг нь маргааш биш, өнгөрөн одсон өчигдөр ч биш яг одоо энэ цаг мөч” гэжээ. Ойгоос цусаа урсган гүйн гарч ирсэн залууг эмчлэх нь хойшлуулшгүй ажил байсны адил, тухайн нөхцөл байдлыг хараад хойш тавилгүй шууд хийх нь хааны эхний асуултын хариулт гэж мэргэн тайлбарлав.

Хаан сайтар бодтол үнэхээр л тийм байв. Мэргэн хүн дахин хаанд хандан “Хамгийн чухал хүн хэн бэ?” гэсэн хоёр дахь асуултын чинь тухайд “Одоо өмнө чинь байгаа хүн л хамгийн чухал хүн” гэж өчив. Тухайн мөчид хааны өмнө байсан тэр залуу хаанд хамгийн чухал хүн байсан шиг одоо өмнө чинь байгаа хүн, хамт ярилцаж байгаа хүн, нэг газар цуг байгаа хүн л хэн нэгний хувьд хамгийн чухал хүн нь байдаг аж.

“Тэгвэл хамгийн чухал ажил нь юу вэ?” гэж хааныг дахин асуухад өнөөх мэргэн “Хамгийн чухал гэж тооцсон тэр хүндээ хайр энэрлээ үзүүлэх нь энэ дэлхийн хамгийн чухал ажил байдаг юм даа” гэж хариулжээ.

Хамгийн тохиромжтой цаг

Энэхүү түүх хэдий богинохон ч энэ хорвоогийн хамгийн утга учиртай, эрхэм чухал зүйл нь яг өмнөө байгаа хүнийг яг одоо хайрлах гэсэн чухал мессежийг бидэнд дамжуулж, бидний юу хийх ёстойг сануулах мэт.

“Хамгийн тохиромжтой цаг хэзээ вэ?”, “Хэн хамгийн чухал хүн бэ?”, “Хамгийн чухал ажил юу вэ?” гэсэн 3 асуултыг бидэнд тавьсан гэж бодоод хариултыг нь бодож үзье. Эхлээд бидний хувьд сайн мэдээний ажил хийхэд хамгийн тохиромжтой цаг нь хэзээ юм бол? Яг одоо.

Хойшлуулах нь утгагүй юм. Шинэ он гарахад хүмүүс олон шинэ ажил хийхээр төлөвлөдөг ч маргаашнаас эхэлж хийнэ гэж бодох тэр мөчид нөгөө зорилго төлөвлөгөө нь боломжгүй болж нурдаг. Одоо хэмээх цаг хугацаа үргэлжилсээр маргааш бий болж, маргааш гэх цаг хугацаа явсаар нөгөөдөр хэмээх цаг бий болдог. Иймд ямар ч ажилд хамгийн тохиромжтой цаг нь одоо цаг. Ялангуяа хэн нэгний амийг аварч, хайрлана гэдэг ажлыг маргааш нөгөөдөр, долоо хоногийн дараа, жилийн дараа гэж хойшлуулж болохгүй. Энэ нь яг одоо, шууд хийх ёстой яаралтай ажил юм.

“Тэрээр —Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зорьжээ. Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван маанэ өгөөд “Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл” гэжээ. … Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь хэр эргүүлснийг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ. Эхнийх нь ирж “Эзэн, таны нэг маанэ арван маанэ болсон” гэхэд тэр түүнд “Сайн байна, сайн зарц минь. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ. Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг маанэ таван маанэ болсон” гэхэд тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ. Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг маанээг алчууртаа боогоод хав дарчихсан. … тэр “Өөдгүй боол…” гээд, дэргэдээ байгсдад “Түүнээс нэг маанээг авч, арван маанэтай хүнд өгсүгэй” гэв. Тэд “Эзэн, түүнд арван маанэ байгаа шүү дээ” гэхэд “Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана.” Лук 19:12-26

Дээрх сургаалт зүйрлэлд эзэн нь боолууддаа тус бүрд нь нэг нэг маанэ хуваан өгч, өөрийг нь буцаж иртэл эргэлдүүл гэж тушаагаад явдаг. Яг үүн шиг Бурхан бидэнд сайн мэдээ хэмээх эрхэм чухал маанээг хүн тус бүрд тэнцүү хуваан өгөөд дэлхий дээрх хамгийн хүндтэй ажлыг хийгээрэй гэж захисан билээ. Дэлхийн бүх хүнд сайн мэдээ хэмээх хөрөнгөөрөө хамгийн утга учиртай, хамгийн үнэ цэнэтэй ажил хэрэг явуулах нь бидэнд өгсөн үүрэг даалгавар юм.

Эзнийгээ буцаж ирэхэд нэг маанээг арван маанэ болгосон хүн, нэг маанээг таван маанэ болгосон хүн магтуулсан. Харин нэг маанээг зүгээр авч ирсэн хүн зэмлүүлдэг. Тэрээр авсан маанээгаа хэний ч төлөө ашиглаагүй юм. Тэрээр эзнийхээ тушаалыг гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой цаг байсан одоо хэмээх цагийг алдаж, маргааш гэж хойш тавьж, маргааш нь болохоор дахиад л маргааш гэж хойшлуулсаар эцэст нь эзнийгээ ирэхэд юу ч хийгээгүй байсан.

Аливаа ажлыг маргааш болтол хойшлуулдаг хүн ийм л мунхаглалд автдагийг заавал санаж, бидэнд оноосон үүргийг одоо энэ мөчид чин сэтгэлээсээ гүйцэтгэх хэрэгтэй. Сайн мэдээ дамжуулахад хамгийн тохиромжтой цаг бол одоо хэмээх яг энэ цаг мөч ажгуу.

Хамгийн чухал хүн

Тэгвэл энэ дэлхийн хүмүүсээс миний хувьд хэн хамгийн чухал вэ? Миний аврах ёстой, өмнө минь байгаа хүн одоо миний хувьд хамгийн чухал хүн. Учир нь Бурхан тэр сүнсийг надаар хөтлүүлж, надтай хамт тэнгэрийн хаанчлал явуулахаар өмнө минь тавьж, итгэлийг минь шалгахад хэрэглэж байгаа юм.

Тэр хүн нь миний хувьд эхнэр, нөхөр, эцэг эх, ах дүү эсвэл үр хүүхэд маань ч байж болно. Хөрш, төрөл садан, найз нөхөд маань ч байж болно. Тэдэнд Бурханы хайрыг дамжуулж, сүнсийг нь аврах л хамгийн чухал ажил гэж болно.

Өмнө дурдсан өгүүллэгт ч ганцааранг нь зүгээр орхисон бол үхэж ч мэдэх байсан, цусаа урсган гарч ирсэн хүний амийг аврах нь хааны хувьд хамгийн чухал ажил байсан. Яг тэр залуу шиг одоо бидний эргэн тойронд зүгээр орхивол цусаа урсган үхэж мэдэх үй олон сүнс байгаа. Бид тэднийг хайхрахгүй байж огтхон ч болохгүй. Бурхан ч тийм сүнснүүдийг хэзээ ч орхиогүй юм.

“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” Лук 19:10

Бурхан хүн төрөлхтнийг аврахаар энэ газар хүртэл ирсэн. Ийм хайраас илүү агуу хайр гэж үгүй. Тиймээс Бурханы үлдээсэн сайхан мөрийг даган, жинхэнэ хайрыг сурч авах сайн мэдээний ажлыг бидэнд даалгасан.

Авралын зар нь бусдыг бодох сэтгэлээс эхэлдэг. Бусдын авралд санаа тавилгүй, өөрийн амар амгалан, нэр нүүр, өөрийгөө л бодоод байвал сайн мэдээний үр жимс огт гардаггүй.

Ертөнцийн хүмүүс ч зөвхөн өөрийгөө л боддог хүнийг золгүй хүн, өөрийгөө төдийгүй бусдыг боддог хүнийг аз жаргалтай хүн гэцгээдэг. Өнгөцхөн дүгнэхэд бусдын төлөө хөдөлмөрлөж, золиос гаргах нь өөрт нь хохиролтой мэт. Харин сайтар бодвол үүнийг хийснээрээ Бурханы хайр, ерөөлийг хүртээд зогсохгүй энэ дэлхийд амьдрахдаа ч хүмүүсээс магтаал, хүндэтгэл олж чадахуйц Бурханы хүн болж өөрчлөгдөнө гэдгийг ухаарах юм.

Бүгд Эцэг Эх Бурханы хүслийг чин сэтгэлээр дагаж, олон сүнсийг шинэ амийн үнэн рүү хөтлөхийг хүсэж байна. Хамгийн тохиромжтой үе нь одоо цаг. Хамгийн чухал хүн бол одоо өмнө чинь байгаа хүн.

Энэ хорвоогийн хамгийн чухал ажил

Мөн энэ хорвоод хамгийн чухал ажил бол одоо өмнөө байгаа хүнийг аврах юм. Өмнө минь байгаа хүнд, миний хувьд хамгийн чухал тэр хүнд хайр, энэрэл, авралыг өгч, мөнхийн тэнгэрийн найдварыг дамжуулж өгч байвал энэ хорвоод үүнээс илүү агуу сайхан хайр хаана байх билээ?

Үүнийг илүү тодорхой хэлбэл нүглийн улмаас үхэж байгаа сүнсийг Бурханы амийн үгээр амьдруулах “авралын зар” гэж болно. Хаадын Хаан, эздийн Эзэн болсон Бурхан энэ газар ирээд хийсэн ажил нь алдагдсан хүүхдүүдээ хайн аврах ажил байсан.

Хамгийн ариун Нэгэний энэ дэлхийд ирээд хийсэн хамгийн чухал ажлыг одоо бидэнд даалгасан. Хаа хамаагүй хүнд энэ эрхэм үүргийг өгөөгүй. Бурхан баталсан, хайртай хүмүүстээ л даалгасан юм (1Тес 2:4).

Бурханы хайрыг хүртээж, нэг сүнсийг аврал руу хөтлөх ажил хэдийгээр хүнд хэцүү санагдаж мэдэх ч хамгийн үнэ цэнэтэй ажил юм. Тиймээс Паул элч энэхүү ажлыг хамгийн эрхэм дээд гэж үзэн, үүнээс болж гинж дор байдаг гэсэн (Фил 3:8, Ефе 6:20). Бид ч мөн үүний адил Эцэг Эх Бурханы удирдан явуулж байгаа хүн төрөлхтнийг аврах ажилд сэтгэлээ хандуулж, хүслээ нэгтгэн, Эцэг Эх Бурхандаа агуу баяр баясгалан өргөхийн төлөө хичээх хэрэгтэй.

“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул. … Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ. Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно. … Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дэлгэрүүлж бүх харийнханд сонсгохын тулд намайг тэнхрүүлсэн…” 2Тим 4:1-18

Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай гэдэг нь одоо хий гэсэн утгатай. Библид ч яг одоо тохиромжтой цаг нь тул үргэлж сайн мэдээ дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ гэсэн байна. Энэ ажил бол энэ хорвоогийн хамгийн утга учиртай, урамтай ажил билээ.

Амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл ямар ч харамсах зүйлгүйгээр зөв байдлын титмийг харж, Бурханы энгэрт гүйн очсон Паул элчийг хар. Хичнээн сайхан амьдрал вэ? Бид бас Паул шиг тийм сайхан амьдралаар амьдарцгаая. Энэ хорвоогийн юмс нь түр зуурынх. Харин Бурханы хаант улсын юм бүхэн мөнхийнх. Мөнхийн тэр л ертөнцийн үеийн үед эдлэх хязгааргүй их баяр хөөрийг бодоод бүгд итгэлээ сахиж, сайн мэдээ дэлгэрүүлэгчийн үйлчлэлээ гүйцэтгэхийг Сионы хайртай бүх гэр бүлүүдээсээ хүснэм.

Бидэнд даалгагдсан хүн төрөлхтний ирээдүй

Хамгийн чухал цаг нь яг одоо энэ цаг мөч. Бурханы ерөөлтэй мэдээг дамжуулж өгөх ёстой хамгийн чухал хүн яг одоо өмнө чинь байгаа хүн. Тэгээд энэ хорвоогийн хамгийн чухал ажил нь тэр хүнд авралын мэдээг тунхаглаж, түүнийг аврах явдал. Бурхан тэнгэрийн яруу алдар, тэнгэрийн хаан сэнтийгээ орхин энэ газарт бууж ирэх болсон хамгийн том шалтгаан энэ.

2000 жилийн өмнө энэ газарт ирээд, тэнгэрт одохдоо ч “Та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” хэмээн энэ хорвоогийн хамгийн чухал энэ л ажлыг шавь нартаа захиж байсан. Есүсийн энэ захиасын дагуу алдагдсан олон сүнсийг аврал руу авчран, бүх хүнийг тэнгэрийн хаанчлалд хөтөлцгөөе. Хүн бүр аврагдан, мөнхийн тэнгэрийн хаанчлалын эх нутагтаа очиж чадаж л байвал үүнээс илүү хүсэх зүйл үгүй.

Энэ л бидний явах ёстой зам. Биднийг авралд хүргэхийн тулд Эцэг Бурхан энэ дэлхийд ирж, сайн мэдээний амьдралаар замнаж, шинэ Иерусалим тэнгэр Эхийг бидэнд гэрчлэн, тэнгэрийн хаанчлалын бүх ерөөл, яруу алдрыг шинэ гэрээний үнэн дотор бэлдэж тавьсан. Тэнгэрийн мөнхийн яруу алдрын төлөө одоо энэ мөчид Самари ба дэлхийн хязгаар хүртэл шинэ гэрээний сайн мэдээг бүх хүчээрээ тунхаглаад хамгийн чухал хүмүүсээ авран, Бурханы бидэнд тушаасан энэ хорвоогийн хамгийн урамтай, чухал үүргээ заавал биелүүлэх Сионы итгэгчид болохыг хүсье.

Бүх ажилд хамгийн тохиромжтой цаг бол маргааш ч биш, дараа жил ч биш, яг одоо энэ цаг мөч юм шүү. Яг энэ мөч хамгийн үнэтэй “Одоо” гэх хором мөч бүхний хэлхээс болж ирээдүйг авчирдаг. Маргааш гэж хойш тавивал бид Бурханы хүслийг огоорч, юу ч хийхгүй байсаар Бурханыг морилон ирэхэд ганцхан маанээгаа эргүүлж авчирсан мунхаг боол лугаа болох юм.

Одоо энэ мөчид эргэн тойрондоо байгаа, өөрсдийн чинь хувьд энэ хорвоогийн хамгийн чухал хүмүүсээ хараарай. Яг одоо аврах учиртай тэр хүн бол өөрийн чинь хувьд хамгийн чухал хүн юм шүү. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байж, тэр чухал хүндээ ямагт Бурханы хайрыг үзүүлж чадваас бид гарцаагүй сайн үр дүнд хүрнэ. Яг одоо гэх хамгийн чухал цагтаа, хамгийн утга учиртай, хамгийн чухал үүргээ ёс төртэй гүйцэтгээд, цэвэр буудай үр жимс их гаргаад, Бурханы хайрыг хамгийн ихээр хүртэх хүүхдүүд нь болоорой.