Эх Бурханы хайр

22,256 үзэлт

Өнгөрснийг эргэн харвал бид махан биеийн ээжээсээ маш их хайр авсны адил сүнсний Эхээс ч мөн хязгааргүй их хайр авсан гэдгийг ухаарах болдог.

Чадвар дутуу, сул дорой, юу ч үгүй байхад биднийг сонгон, мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтлөн байгаа тэнгэр Эхийн ивээлд үнэхээр талархах ёстой. Бурхан үргэлж бидэнтэй хамт байж, ямар ч болзолгүй хайраараа бүх л хэрэгцээг минь хангаж байдаг. Сул дорой бидэнд итгэл хүлээлгэн, урам өгч, мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтөлж буй тэнгэр Эхийн хайрыг Библиэс ухаарцгаая.

Бурхан бол хайр

Бурхан хариу нэхдэггүй, хязгааргүй хайраараа өнөөг хүртэл биднийг хамгаалж, хөтөлсөөр ирсэн. Мөчир ихтэй модонд салхилахгүй өдөр байдаггүй ч Сионы үй олон хүүхдээ амар тайван, тэнгэрийн найдвар, авралын баяр хөөр дунд амьдруулж байгаа нь цөм л тэнгэр Эцэг, Эхийн минь ивээл билээ. Тиймээс Библид Бурхан бол хайр хэмээсэн.

“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. … Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. Үүгээр шүүлтийн өдөр биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг. Хайр дор айдас үгүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. … Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг.” 1Иох 4:7-9, 16-19

Бид эхлээд Бурханыг хайрлаагүй, эхлээд Бурхан биднийг хайрласан. Нүглийн улмаас үхэх болсон хүүхдүүдээ аврахаар махан бие өмсөн, энэ газарт ирсэн нь Бурханы хайрын илрэл юм.

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ.” Иох 3:16-17

Есүс Христ Бурханы Хүү болж энэ газарт ирсэн ч үнэн хэрэгтээ Тэр бол Бурхан юм. Хүүхдүүд нь мах цусны тасархай болсон тул Тэрээр мөн махан биеэр ирж, Өөрийгөө золиослон, нүгэл ба үхлээс аварч, чөлөөсөн юм (Евр 2:14-15 үзэх).

Үхэх ялтай байсан нүгэлтэн хүүхдүүдээ аварч, Бурханы хаанчлалд үеийн үед мөнх амийн аз жаргал эдлүүлэхийн төлөө энэ газарт ирж, загалмайн хүнд зовлонг Өөрийн биеэр амссан тэр хайрыг нь санах аваас “Бүх зүйлд талархлаа өргө” гэсэн Бурханы хүслийг ухаарч, тэнгэр Эцэг, Эхдээ үнэн сэтгэлийн талархал өргөх юм.

Махан биеийн аав ба сүнсний Эцэг, махан биеийн ээж ба сүнсний Эх

Ямар ч хайрыг Бурханы хайртай харьцуулшгүй ч энэ ертөнцөд Бурханы хайрыг бидэнд мэдүүлэх эрхэм хүмүүс бий. Тэд бол махан биеийн эцэг, эх юм.

Газрын тогтолцоо нь тэнгэрийн зүй тогтлыг ухааруулах сүүдэр ба хуулбар билээ (Евр 8:5). Үрийнхээ төлөөх эцэг, эхийн сэтгэл нь биднийг гэсэн Эцэг, Эх Бурханы хайрыг харуулж байна. Энэ утгаар нь авч үзэхэд, эцэг эхчүүд бол Бурханы хайрыг бидэнд зааж өгдөг агуу багш нар.

Махан биеийн аав, ээж биднийг үргэлж хайрладгийн адил сүнсний Эцэг, Эх маань ч биднийг байнга хайрлаж байдаг. Үр хүүхэд хичнээн аав ээжийнхээ ачийг хариулъя гэсэн ч, бүгдийг нь хариулж чадахгүй. Тийм боловч хүүхдүүд аав ээжийнхээ ивээлийг хааяа нэг мартдаг. Сүнсээр бас адилхан.

Энэ ертөнцөд ч хайрын талаар ярих үед хэдий эцгийн хайр агуу ч эхийн хайр илүүтэй их яригддаг. Бурхан энэ дэлхийн бүх ээжүүдэд үр хүүхдээ эцэс төгсгөлгүй хайрладаг хайрын сэтгэл суулгаж өгсөн нь бидэнд тэнгэр Эхийн хайрыг сануулж, ойлгуулах гэсэндээ тэр юм. Энэ нь нүдэнд харагдахгүй ч далд сургамж юм.

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм. Учир нь “Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи баярлагтун. Төрөх зовлонг туулаагүй чи бахдан дуулж, хашхир. Учир нь ганц бие эмэгтэйн хүүхдүүд нөхөртэй нэгнийхээс илүү олон болно” гэж бичигдсэн байдаг. Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. … Тиймээс ах дүү нар аа, бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.” Гал 4:26-31

“Дээр оршигч Иерусалим нь бидний эх” гэж махан биеийн эхийг хэлээгүй, сүнсний Эхийн тухай Библид айлдсан юм. Бид бүгдэд махбодын эцгүүд бас сүнсний Эцэг байдаг (Евр 12:9). Үүнтэй адил бидэнд махан биеийн ээжүүд ч бий, сүнсний Эх ч бий. Эрт цагаас хойш тэнгэр Эх минь бидний авралын төлөө сэтгэлээ чилээж байгаа. Бид тэнгэрт нүгэл үйлдэн, хоргодох хот болох дэлхийд хөөгдөн ирсэн болохоор тэнгэр Эх минь ч энэ газарт бууж ирэн, бидэнтэй хамт байгаа билээ.

Биднийг шинэ амиар төрүүлж, Бурханы мах цусыг өвлөх тэнгэрийн гэр бүлийн гишүүн болгосон тэнгэр Эхдээ бид бүр ч их талархал өргөх ёстой. Библид “Бурхан бол хайр” хэмээн айлдсан. Энэ нь биднийг гэсэн Эх Бурханы хайрын мөн чанарыг илтгэж байгаа юм.

Энэ газрын бүхий л ээжүүд, биднийг аврахаар туулсан Бурханы золиосын замыг харуулахаар сүүдэр болж бүтээгдсэн юм. Ердөө загварыг нь хараад бодитыг нь мэддэг шиг, газар дээрх махан биеийн ээжүүдээр дамжуулан тэнгэр Эхийнхээ талаар ойлгох юм.

Энэ дэлхийд намайг чин сэтгэлээсээ хайрласан нэгэн

Өнгөрсөн жилийн сүүлээр болсон “Мелхизедек” утга зохиолын шагнал гардуулах ёслол дээр сэтгэлийг минь хөндсөн нэгэн зохиол олж уншсан юм. Тэр өгүүллэгээс та бүхэнд хэлж өгье.

Нэгэн ээж цэцэрлэг дээр хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суув. Цэцэрлэгийн багш түүнд “Танай хүүхэд маш сахилгагүй, тогтворгүй, сандал дээр гурван минут ч тогтож сууж чаддаггүй. Хүүхдээ эмнэлэгт аваачиж үзүүлээрэй” гэв. Харин ээж нь гэртээ ирээд хүүдээ “Багш нь миний хүүд их ам сайтай байна. Тэр чамайг өмнө нь ганц минутаас илүү сандал дээр сууж чаддаггүй байсан бол одоо бүр гурван минут суудаг болсон гэж байна лээ” гэж хэлжээ.

Цаг хугацаа өнгөрч, хүү сургуульд оров. Нэг удаа ээж нь эцэг эхийн хуралд нь очлоо. Хүүгийн багш түүнд “Танай хүүхэд шалгалтандаа тааруу дүн авсан. Та түүнийг эмнэлэгт аваачиж, оюун ухаан нь хэвийн эсэхийг тогтоолгоорой” гэжээ. Үүнийг сонсоод эхийн нулимс хацрыг нь даган урсав. Харин эргэж ирээд “Миний хүү, багш чинь чамд итгэдэг юм байна. Тэр чамайг сурлагадаа тийм ч сул биш гэнэ ээ. Жаахан л хичээвэл найзуудаасаа ч илүү гарах боломжтой гэж байна” гэсэн үгээр хүүгээ урамшуулав.

Тэр өдрөөс хойш хүү нь гайхалтай өөрчлөгдөж эхлэв. Ээжийнхээ байнгын хэлдэг магтаал, урмын ачаар хүү тасралтгүй чармайн, багш нарын төсөөлснөөс тэс эсрэгээр сурч, сайн ахлах сургуульд орж, онц дүнтэй төгсөн, улмаар нэртэй их сургуульд сурах эрхийн бичиг гардан авав. Их сургуульд элсэн орох эрхийн бичгээ ээждээ гардуулаад, хүү “Ээж ээ, хүү нь тийм ч ухаантай хүүхэд байгаагүй гэдгээ мэднэ ээ. Та бол энэ хорвоод намайг чин сэтгэлээсээ хайрласан цорын ганц хүн” гэж хэлээд уйлав.

Цэцэрлэгийн багш гурван минут ч сандал дээр суугаагүйн төлөө зэмлэн буруутгахад, ээж нь хүүгээ жаахан дээрдэхийг тэвчээртэй хүлээн, магтаж, урмын үг хэлж байсан. Хэрэв тэр ээж “Өнөөдөр би чамаас болж ичсэндээ нүүр хийх газаргүй боллоо. Чи чинь хэнийгээ дуурайгаад ийм болдог байна аа?” гээд хүүгээ загнан хэрүүл хийсэн бол юу болох байсан бол? Хүү нь лав сурах сонирхолгүй болж, сайн ахлах сургуульд ч, нэртэй их сургуульд ч орж чадахгүй байсан болов уу.

Зохиолын төгсгөлд тэр хүү ээжийнхээ хэрхэн түүнийг дэмжиж, тайвшруулж, урам хайрлаж байсныг хэдийн мэдсэн гэдгээ дурдсан байна. Жаахан хүү хэдий ч өөрийг нь гэсэн ээжийнхээ сэтгэлийг сайн ухаарсан байжээ. Хүү ээжийнхээ хайр, урмын үг, тайвшруулах сэтгэлээс нь их хүч авч, боломжгүй мэт санагдсан тэр их амжилтандаа хүрсэн байна.

Дутуу дулимаг хүүхдүүдээ тайвшруулдаг Эх

Дээрх өгүүлэлд гарсан ээжийн сэтгэл бол бидний тэнгэр Эхийн сэтгэл зүрхтэй адил юм. Бурхан биднийг энэ газраас хүч чадалтай, шилдэг нь учраас сонгосон биш, дээр гарсан дутуу дулимаг хүүхэд шиг байхад минь өрөвдсөндөө хэмжээлшгүй хайр, тэвчээрээрээ бидний нүгэл, гэм бурууг уучилж өгсөн юм.

Бурхан бидний талаар бүгдийг мэднэ. Бидний ядмаг, сул доройг мэдэж байгаа хэдий ч сонгон, дэлхий даяар авралын сайн мэдээг тунхаглах элч болгосон юм. Биднээс илүү ухаантай, боловсролтой олон хүн байхад ч Тэрээр тэднийг сонгоогүй. Сул дорой, ядмаг бидэнд боломж олгосон.

Есүсийн арван хоёр шавь бүгд мөхөс дорой хүмүүс байсан. Загасчин байсан Петрийг, татвар хураагч байсан Матай нарыг шавиа болгон дуудаж, сайн мэдээний элч нар болгосон Бурханы хайрыг бодож үзэцгээе.

Ариун Сүнсний энэ үед Эх Бурхан биднийг дуудаж, үнэнч элчээ болгон өсгөж, Самари ба газрын хязгаар хүртэл илгээж байна. Эцэг, Эх Бурхан биднийг бусдаас илүү гарсан болохоор дуудсан биш, хүүхэд нь учраас л дуудсан гэж итгэж байна. Цэцэрлэгийн багшаас эхлээд бүх багш хүүг нь муу хэлж байхад тэвчээр, хайраар хүүгээ хөтөлсөн эх шиг тэнгэр Эх минь нүгэлтэн байсан биднийг эцэс төгсгөлгүй хайр болон тэвчээрээрээ Бурханы хүүхэд болгон өсгөж байна. Дутуу дулимаг хүүхдүүдээ гэмшүүлэхийн төлөө эцсээ хүртэл хайраараа харж хандан, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох үзэсгэлэнт төрхөөр биднийг өөрчилж байна.

Дээр өгүүлсэн хүүрнэлд тэр эх эцэст нь хүүгээ сайн хүн болгосон юм. Энэ нь тэр хүүгийн хүч чадлаар биш ээжийн байнгын халамж хайр, тэсвэр тэвчээр, урмын үг нь хүүгээ нийгэмд нэр хүндтэй хүн болон өөрчлөгдөхөд анхны алхмыг нь тавьж өгсөн юм. Тэнгэр Эхийн биднийг гэсэн хайр яг л ийм. Бүх зүйлд дутуу байсан ч цаг үргэлж биднийг магтан, урам өгч байдаг Эх минь. Одоо Солонгос болон гадаадад олон хүн Сион руу цутган ирэхэд тэдэнд сүнслэг хүч өгч байгаа Нэгэн нь бидний Эх юм.

Эхийн хайрыг дуурайн, үйлсээрээ хэрэгжүүлэх хүүхдүүд

Эхийн хайр, тэвчээрээр өнөөдрийн бид оршиж байна. Одоо бүгдээрээ Эхийнхээ хайранд хэр их талархдаг, хэр их яруу алдар өргөдөг, бидэнд өгсөн Эхийн хайрыг эргэн тойронд байгаа хүмүүстэй хэр зэрэг хуваалцдагаа бодож үзэцгээе.

Гэрлэсэн эгч дүү нар өөрөөсөө нөхөр хүүхдээ Эхийн хайраар хайрлаж байгаа эсэхээ асуугаад нэг үзээрэй. Харин гэрлэсэн ах дүү нар Эхийн хайраар эхнэр хүүхдүүддээ хэр их халамж анхаарал тавьдгаа бас өөрөөсөө асууна уу? Дор бүрнээ Эцэг, Эх Бурханаас хэр их хайр авсан, эргэн тойрны гэр бүлээсээ хэр их хайр дэмжлэг авснаа бодож үзэцгээе.

Эхнэрүүд ээ, гэр бүлийнхээ төлөө таны хань ажил дээрээ хичнээн шаргуу ажилладаг бол хэмээн бодож үзнэ үү. Нөхрүүд ээ, таны эхнэр ар гэрийнхээ төлөө яаж их ажилладаг тухай бодоорой. Сионд бие биенийхээ хичээл зүтгэлийг бодож, нэг нэгэндээ халамж тавьцгаая. Ингэснээр бид Эцэг, Эх Бурханаас авсан хайраа бусадтай хуваалцахад суралцаж байгаа юм. Хайр бол бидний сахих ёстой Бурханы тушаалуудаас хамгийн эхнийх нь бөгөөд агуу нь юм.

“Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай. Бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. Учир нь «Чи бүү завхайр, чи хүн бүү ал, чи бүү хулгай хий, чи бүү шунахайр» гээд өөр ямар ч тушаал «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үг дотор агуулагддаг юм. Хайр бол хөршдөө муу муухайг үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн гүйцэлдэл мөн.” Ром 13:8-10

Өөрийн ашгийн төлөө биш, үр хүүхдээ сайн сайхан болгохыг хүсэж санаа тавьдаг аав ээжийн хайрыг бидэнд өгөхөөр хайр болох Бурхан ирсэн юм. Хэрэв бид өнөөдрийг хүртэл Тэдний хайрыг зөвхөн авч байсан бол одооноос тэнгэр Эцэг, Эхийгээ хайрлах ёстой.

Мэдээж энэ газар төрүүлж өсгөсөн махан биеийн ээж аавынхаа хайранд хариулахаа бид мартаж болохгүй. Аав ээжийгээ ачилдаг хүн одоо ямар ч байдалд байсан хамаагүй, хэзээ нэгэн цагт амжилтанд хүрэх болно. Тийм хүн мөн тэнгэр Эцэг, Эхийн хайрыг ч ухаарна. Зарим хүн ээж аавынхаа хайрыг амархан мартдаг. Гэвч Бурхан бидэнд “Эцэг эхээ хүндэл” гэсэн тушаал өгсөн (Гэт 20:12, Ефе 6:2). Биднийг өсгөж өгсөн эцэг эхдээ байнга талархаж, мэндийг нь мэдэж, сүнсний аврал, ерөөл хүлээн аваасай гэж тэдний төлөө Бурханд залбирах хэрэгтэй.

Шинэ гэрээний хууль нь зөвхөн сонсвол л болох зүйл биш, сонсоод хэрэгжүүлэх ёстой хууль юм. Эх Бурханаас суралцсан хайраа дэлхийн бүх ард түмний зүрхэнд суулгах ажлыг ойр дотны хүмүүсээсээ эхлэх ёстой биш үү? Хамгийн агуу Багш болсон Бурханаас сурсан бүхнээ зөвхөн сүм дээр ч биш, гэртээ ч үйлсээрээ харуулж, мөн хөрштэйгөө ч хуваалцах хэрэгтэй. Эх Бурханы жишээг дагавал бид амьд итгэлтэй болно.

Үргэлж бусдад хайр өгдөг Сионы гэр бүлүүд болохыг бүгдээс нь хүсэж байна. Хэрэв бид Эхийн хайрыг нутагтаа байгаа аав ээждээ, эхнэртээ, нөхөртөө, хүүхдүүддээ, хөршдөө дамжуулбал Эхийн хайр манай сүм төдийгүй айл хөрш, нийгэм, улс орон, цаашлаад дэлхий дахинд хүрэх болно. Бурхан бол хайр гэсэн тул бид сайн мэдээний ажлыг хайраар ивээлтэйгээр гүйцэтгэн, дэлхийн гэрэл ба давс болж Бурханаас илүү их ерөөл авцгаая.