Гурвантаа захисан сүүлчийн гуйлт

12,282 үзэлт

Манай Сионы итгэгчид хүн төрөлхтний сүнсний авралын төлөө сайн мэдээг идэвхийлэн тарааж байгаа билээ. Сайн мэдээ тарааж байгаа бидний зүтгэл өчүүхэн хэдий ч үүнтэй харьцуулшгүй их ерөөл болон шагналыг Бурхан бэлтгэн суугаа.

Доор өгүүлэх түүх бол Америкт болсон явдал юм. Нэгэн оюутан зам зуур явж байхдаа ам нь цангаж, тариачин айлын хаалгыг тогшиж гэнэ. Тэгээд хаалга нээсэн охиноос ганц аяга ус өгөөч гэж гуйжээ. Охин энэ танихгүй хүнд том аягаар сүү хийн өгч, сэтгэл гарган дайлж гэнэ.

Цаг хугацаа улиран өнгөрч, охин өсөж торнив. Нэг өдөр охин хүндээр өвчлөн мэс засал хийлгэх шаардлага гарчээ. Эмэгтэйчүүдийн тасгийн гойд чадварлаг мэс заслын эмч гэдгээрээ охины мэс заслыг гардан хийх эмч нь урьд түүний гэртээ оруулан дайлж байсан нөгөө оюутан байж таарчээ.

Хагалгаа амжилттай болсон хэдий ч өвчтөн маань хожим гарах эмчилгээний багагүй төлбөрт сэтгэл нь зовоод болсонгүй. Гэтэл эмнэлгээс гарах өдөр тасагт нь хүргэгдэж ирсэн нэхэмжлэл дээр ийн бичсэн байлаа.

“Таны эмчилгээний төлбөр аяга сүүгээр төлөгдсөн.”

Дээрх түүх шиг Бурхан бидний өчүүхэн сэтгэлийг нэг бүрчлэн санаж, мөнхийн тэнгэрийн хаанчлалын эх нутагтаа буцан очих тэр үед хэдэн мянга, хэдэн түм дахин, бидний хүссэнээс ч хавьгүй их шагналаар буцааж төлнө. Библид гардаг талантны эсвэл маанэны сургаалт зүйрлэлээс харахад эзнийхээ тушаалд дуулгавартай байж ашиг нэмж олсон боолд үлэмжийн их яруу алдар ба эрх мэдэл зөвшөөрөгдсөн байдаг. Тийн болохын тулд бид бүхэн Бурханы даалгасан “бага юманд” бүрэн итгэмжтэй болох хэрэгтэй юм (Мат 25:14-30, Лук 19:12-27 үзэх).

“Сайн мэдээ тараагаарай” хэмээх Есүсийн сүүлчийн гуйлт

Есүс амилсныхаа дараа Петрээс нэг л ижил захиасыг гурвын гурван удаа гуйсан. Тэр бол “Хоньдыг минь тэжээ” гэсэн гуйлт байсан юм.

“Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хоньдыг минь хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.” Иох 21:15-17

Хоньд гэж зүйрлэсэн Бурханы ард түмний идэх сүнслэг хоол бол Бурханы үг юм. Тиймээс “Хоньдыг минь тэжээ” гэсэн үгний утга бол үхэж буй сүнснүүдийг амийн үгээр авар, өөрөөр хэлбэл сайн мэдээ тараа гэсэн хүсэл гэж ойлгож болно.

“Учир нь бидний ятгалга нь заль мэх, бузар, төөрөгдөл дор байгаагүй. Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм.” 1Тес 2:3-4

Тунхаглах үүргийг Бурхан хүүхдүүд бидэндээ өгч даатгасан юм. Библид сайн мэдээний ажил даалгахаар Бурхан биднийг баталсан хэмээсэн. Үүнээс нь авч үзвэл сайн мэдээний ажил хийх үүрэг даалгавар нь бидний чадвараас ангид бололтой. Оюутанд аяга сүү өгч халамжилсан өчүүхэн сэтгэлийнхээ хариуд хожмын өдөр эмчилгээний өндөр төлбөрөөс чөлөөлөгдөх болсны адил бид ч чадлынхаа хэрээр амийн үгийг ар гэрийнхэн, хөршдөө зүрх сэтгэлээ зориулан дамжуулбал хийсэн өчүүхэн үйлсийг маань Бурхан хязгааргүй тэнгэрийн ерөөлөөр буцааж төлнө.

Бурхан ийм их ерөөлийг бидэнд өгөх гэсэндээ л сайн мэдээ тараахыг гурвын гурван удаа аминчлан захисан аж. Сайн мэдээ тараах ажлыг зөвхөн Бурханаар батлагдсан, Бурханыг хайрладаг хүмүүс л хийж чадах учраас “Эд нар л Намайг үнэхээр хайрладаг хүмүүс шүү” гэж Өөрийн дүгнэсэн хүмүүстээ л даалгасан юм. Тиймээс бид сайн мэдээний алив ажлыг хийж байгаа маань Бурханд хайртайгаа нотолж буй хэрэг.

Петрээс ч тэр, бусад шавь нараасаа ч тэр Христийн гуйсан хамгийн сүүлчийн хүсэлт нь “сайн мэдээ тунхаглах” байсан билээ.

“… Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв. Тэр ийнхүү айлдаад тэднийг харсаар байтал дээш өргөгдөж, үүл Түүнийг тэдний хараанаас авч одов.” Үйл 1:7-9

Есүс тэнгэрт одохдоо хайртай шавь нартаа “Миний гэрч болоорой” гэж захиж үлдээсэн. Энэ үг ч мөн Бурханы сайн мэдээг дэлгэрүүлдэг тунхаглагч болоорой гэсэн хүсэлт биш гэж үү? Энэ бүгд нь Өөрийг нь хайрладаг хүмүүсээсээ гуйсан Бурханы хүсэлт юм.

Авралын зар тараадаггүй хүний хувь тавилан

Шүүх дээр гэрч хамгийн их хэрэгтэй. Хилс хэрэг хүлээсэн хүн байлаа гэж бодоод үзье. Энэ хүн хэрэгт холбогдож, шүүхийн тавцан дээр зогсох тэр мөчид нь уг хэргийн үнэн мөнийг мэдэх гэрч ганц л үг дуугарахад гэм буруугүй нь тогтоогдоно. Харин тэр гэрч нэг ч үг хэлэхгүй чимээгүй байвал ямар үр дүнд хүрэх бол оо?

Шүүхийн шийдвэрийг алдаа мадагтай гаргахгүйн тулд гэрч дуугүй байж хэрхэвч болохгүй. Харин ч гэрчийн үүргээ сайн гүйцэтгэж, шүүгчээр үнэн зөв шийдвэр гаргуулах гэж хичээх хэрэгтэй шүү дээ. Гэмт хэрэгт буруутгагдаж байгаа хүнийг гэрч сайн хүн гэдгийг нь мэдсээр байж шүүхийн өмнө гарч зогсохоос төвөгшөөж, цаг агаар хүйтэн эсвэл халуун байна гээд, нэг бол олны өмнө гармааргүй байна гэх мэтээр гэрчийн үүргээ биелүүлэхгүй, дуугүй байх юм бол хэргийн үнэн мөн нь гуйвж, тэр хүн хилс хэрэг хүлээхээс өөр аргагүйд хүрнэ. Ийм тохиолдолд гэрч өөрөө ч үндсэн үүргээсээ татгалзсан хариуцлагаас мултарч чадахгүй.

“Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа —Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл. Би буруутад “Чи заавал үхнэ” гэж айлдах үед хэрэв чи түүнд сэрэмжлүүлэхгүй эсвэл амьд байхын төлөө буруу замаасаа эргэхийг нь түүнд сэрэмжлүүлж хэлэхгүй аваас тэрхүү буруут нь хилэнц дотроо үхэх болно. Харин түүний цусыг Би чиний гараас нэхнэ. Гэвч чи буруутад сэрэмжлүүлсэн ч тэрээр гэм буруугаасаа, буруу замаасаа эргэхгүй аваас тэрээр хилэнц дотроо үхэх болно. Харин чи амиа аварсан билээ.” Езе 3:16-19

Биднийг харуулаар томилсон гэсэн нь Бурханы үгийг өмнөөс нь дамжуулах гэрч нараар томилсон гэсэнтэй агаар нэг гэдгийг ухаарах хэрэгтэй. Бид үнэн мөнөөр нь гэрчилсэн ч хүмүүс ухаарахгүй байвал Бурхан тэдний нүглийн хөлсийг өөрсдөөс нь нэхнэ гэсэн. Харин хэрэв бид дуугүй байж, нэг ч үг цухуйлгахгүй бол тэдний бүх нүглийн хөлсийг биднээс нэхнэ гэсэн байна.

Тиймээс элч Паул ч мөн сайн мэдээ тараах ажил нь хийсэн ч болох, хийхгүй байсан ч болох ажил биш, зайлшгүй хийх ёстой өөрт нь тохоогдсон ажил гэдгийг гэрчилж байсан.

“… Учир нь надад энэ алба тохоогдсон тул би сайнмэдээг тунхагласнаараа сайрхах юм алга. Учир нь би сайнмэдээг эс тунхаглаваас золгүй еэ! Би үүнийг хүслээрээ хийвэл шагнал хүртэнэ. Хүслийн минь эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм. Тэгвэл миний шагнал юу вэ? Сайнмэдээг би төлбөргүйгээр тунхаглаж, ингэснээрээ сайнмэдээн дотор эрхээ бүрэн ашиглахгүй байх явдал юм. Учир нь би бүгдээс чөлөөтэй атлаа илүү олныг олж авахын тулд өөрийгөө бүгдэд боол болгосон.” 1Кор 9:15-19

Гэрчээр сонгогдсон хүн нь үнэн зөвийг хэлэхгүй, зөв мэдүүлэг өгөхгүй бол үнэн гуйвж, худал болж хувирах нөхцөл байдал бий болох бөгөөд эцэстээ бүх золгүй явдал, гай гамшиг гэрчийн үүргээ умартсан тухайн хүн дээр буух болно.

Энэхүү үнэнийг ухаарсан Паул “Хэрвээ сайн мэдээг эс тунхаглаваас надад золгүй явдал тохиолдоно” гэсэн сэтгэлээр олон хүнийг гэмшүүлж, аврахын тулд үргэлж өөрийгөө дорд болгон, сайн мэдээг хүчтэй тунхаглаж байжээ.

Бурханыг дагагчийн сайхан хөл

Бурхан биднийг дуудаж, сайн мэдээний гэрчээр сонгосон юм. Тийм байтал бид өчиг мэдүүлэхгүй, дуугүй байвал өнөө үед биднийг аврахаар ирсэн Бурханы тухай үнэн гуйвж, ертөнц үнэнийг тэр байдлаар нь хүлээн авах болно. Аврагчийг хүлээн авахгүй бол хүн төрөлхтөн хэрхэн авралд хүрч чадах билээ?

Ийм л чухал үүргийг бидэнд даалгасан байна. Бурхан биднийг өнөө үед энэ газарт махан биеэр ирсэн тэнгэр Эцэг Эхийг гэрчлэх гэрчээр сонгож, гэрчийн үүргийг ганц нэгхэн газарт гүйцэтгэх биш, Самари ба дэлхийн хязгаар хүртэл тунхаглах гэрч болоорой хэмээсэн.

Тиймээс яваад дэлхийн бүх хүнд Ан Сан Хун Христ ба шинэ Иерусалим тэнгэр Эх яагаад Бурхан болохыг, Сүнс болон Сүйт бүсгүйд итгэхгүй бол яагаад аврал байхгүй гэдгийг тодорхой мэдүүлцгээе. Бид л хэлэхгүй, дамжуулахгүй бол хүмүүс Бурханыг мэдэхгүй, буруу ойлгохоос өөр аргагүй шүү дээ.

“… Учир нь «Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно». Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? «Сайнмэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг. Харин тэд сайнмэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?» гэж хэлсэн. Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.” Ром 10:12-17

Тунхаглагчидгүйгээр хүн яаж өөрөө сайн мэдээг ойлгож чадах вэ? Гэрч амаа нээж байж л үнэн мөн илэрнэ. Шүүх дээр үнэнийг тууштай нотолж чадах хүнийг гэрчээр сонгон дууддаг.

Бурхан ертөнцийн тоо томшгүй олон хүн дундаас биднийг гэрчээр дуудсан. Бурхан биднийг батлан, бид Бурханд таалагдсан учраас Бурханыг гэрчлэх нандин боломжийг өгсөн. Иймд энэ боломжийг алдах ёсгүй. Харин ч Бурханыг тууштай гэрчлэх ивээлтэй тунхаглагчид болцгооё.

“Тэгээд ч Апол юу юм? Паул юу юм? Тусбүрд нь Эзэнээс өгсөнчлөн, та нарын дамжиж итгэсэн тэр л үйлчлэгчид. Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан.” 1Кор 3:5-6

Элч Паул сайн мэдээний үүрэг гүйцэтгэснээ “Би сайн мэдээний үр тарьсан, Апол Бурханы ивээлтэй үгээр усалсан. Харин бүхнийг удирддаг нь, ургуулдаг нь Бурхан юм” гэх ганц л үгээр дүгнэсэн байдаг. Бид Бурханы гэрч нар болон үйлчлэгч төдийхөн л хүмүүс. Харин сайн мэдээний ажлыг гүйцэтгэж байгаа гол хүчин бол сэтгэл дотор минь Ариун Сүнсийг цутгаж, итгэлийг суулгадаг Бурхан юм.

Гэрч шүүхийн шийдвэрийг бодохоосоо илүүтэй гэрчийнхээ хувьд хүлээсэн үүргээ л гүйцэтгэхэд болно. Езекиел эш үзүүлэгчээр дамжуулан хүмүүс үнэний үгийг сонссон ч бай, сонсоогүй ч бай бидний хийх ажил бол үгийг дамжуулах гэдгийг Бурхан зааж өгсөн.

Одоо бид дэлхийн бүх хүнд хичээнгүйлэн тунхаглаж, дэлхийн бүх хүнд энэ газарт ирсэн Христийг үнэн мөнөөр нь ухааруулцгаая. Тэгээд хүн төрөлхтөн бүгдээрээ Түүнийг зөв хүлээн авч аврагдаад, тэнгэрийн хаанчлал руу хамт явахуйцаар тэднийг хөтлөх ёстой юм.

Бүх ертөнцөд үгийг тунхаглаж, гэрчийн үүргээ биелүүлцгээе

Үгийг тунхагла хэмээх Бурханы хүсэлт Библийн олон газар тэмдэглэгдсэн байдаг. Энэхүү хүсэлтийг нь хүндэтгэн дагадаг сайн мэдээний үйлчлэгч нартаа Бурхан зөв байдлын титмийг амласан.

“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. … Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ. Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.” 2Тим 4:1-8

Яруу алдарт зөв байдлын титэм авахыг хүсэж байна уу? Эргэн тойрны маань бүх хүн тэр титмийг авч байхад ганцаархнаа л авч чадахгүй байвал тэр уйтгар, гунигийг хэн тэвчиж чадах билээ дээ.

Одоо хүртэл үнэн рүү ирж чадаагүй ар гэрийнхэн, хөрш, хамт олон гээд хэн ч бай уулзсан бүх хүндээ үгийг дамжуулаад үзье. Өчүүхэн зүтгэл гаргасан ч аяга сүүгээр хагалгааныхаа өндөр төлбөрийг төлүүлсэн шиг үр дүн бидэнд гарцаагүй ирэх болно. Сонсох л юм бол бүх хүн аврагдаж чадах амийн үгийг Бурхан бидэнд өгсөн. Мөн Паул элчээс ч илүү бахархах сэтгэлийг мэдрэх хэмжээний тийм үлэмж үр дүнг өнөөгийн итгэгч бидэнд зөвшөөрсөн билээ.

Бурханы аргаар хийвэл сайн мэдээ үтэр түргэн биелэгдэнэ. Хүний бодол, арга барил, зөрүүд зангаар хийх бус бодож, хүсэж буй зүйл маань чухамхүү Бурханы хүсэлтэй нийцэж байна уу гэдгийг тунгааж үзэх хэрэгтэй. Бурханы хүсэлтэй хөл нийлүүлэн амьдрах тэр л үед сайн мэдээний ивээлтэй, үнэнч гэрч нар болж чадна.

Гэрчийн үүргийг үгээр бус үйлсээрээ ч гүйцэтгэх ёстой юм. Гэртээ ч, ажил дээрээ ч зөвхөн үсгээр байгаа Библийн үгийг гэрчлэх бус, Бурхан хичнээн зөвт, үнэн Нэгэн болохыг өөрсдийн амьдралын хэв маяг, үйл хөдлөлөөрөө харуулж болох юм. Тиймээс бид Бурханы үнэнч гэрч нар мөн аваас сайн үйлсээр ертөнцийн гэрэл, давсны үүргээ ч гүйцэтгэн, Бурханы үгийг тунхаглаж ертөнцийг үнэн рүү хөтлөх хэрэгтэй. Тэнгэр Эцэг Эхийн сургаалыг ямагт даган зөв амьдарч, Бурханы сургасан үзэсгэлэнтэй төрхийг өөртөө бий болгоод, зөвхөн Солонгос даяар бус Самари ба дэлхийн хязгаар хүртэл дэлхийн өнцөг булан бүрд очоод гэрчийн үүргээ хичээнгүйлэн гүйцэтгээсэй хэмээн хүсье.

2000 жилийн өмнө Есүсийн гурвантаа гуйсан хүсэлтийг битгий мартаарай. Энэ хүсэлт нь тэнгэр Эцэг энэ газарт хоёр дахиа ирээд гуйсан сүүлчийн хүсэлт ч бас мөн. Биднийг сонгон дуудсан Бурханы хүслийг ухаараад ертөнцийн бүх хүнд сайн мэдээг тунхаглах гэрчийн үүргээ сайн гүйцэтгэх Сионы гэр бүлүүд болоорой гэж хүсэх байна.