​Харилцан зөвшилцөж өрх гэрийнхээ санхүүг барь

Аз жаргал гэгч орлогын хэмжээ, эд хөрөнгийн их багаас хамаардаг юм биш. Гэр бүлийн нөхцөл байдалд тохирсон зөв хэрэглээнээс бий болдог юм.

18,674 үзэлт

Өнөө үе нь хэрэглээний эрин үе юм. Хөүм шоппингоор “Бараг бүгд зарагдсан”, “Захиалга хязгаартай” гэх зэргээр хүмүүсийн хэрэглээний хүсэл шуналыг өдөөн хатгана. Гэртээ зүгээр сууж байгаад хуруугаа товших төдийд л авах гэсэн бараагаа гэртээ хүргүүлчихнэ. Ядаж хоолноосоо үнэтэй аяга кофе аваад уучих хэрэгтэй гэцгээнэ. Хаа сайгүй уруу татах үй түмэн хэрэглээний урхинд орж, яах ч аргагүй мөнгөө үрэх хүмүүс.

Тэглээ гээд хүссэн бүгдээ авч, хүссэн бүхнээ идэж амьдарч чадахгүй. Хэрэглээний хүслээ ханатлаа гүйцээлээ гээд аз жаргалтай амьдрах баталгаа болж чадахгүй. Амьдралын туйлын зорилго болох аз жаргалыг эдэлье гэвэл ар гэрийн амьдралдаа арвич гамтай байх нь их чухал. Ам бүлийн дотор мөнгө санхүүд хандах ялгаанаас болж зөрчил маргаан, үрэлгэн байдлаас эсвэл дампуурлаас үүдэлтэй амьдралын бэрхшээл зэрэг нь айл гэрийн аз жаргалыг холдуулдаг учраас тэр л дээ.

Ар гэрийнхэнтэйгээ хэр барагтай бол ярилцдаггүй, эсвэл мөнгө санхүүгээ хэн нэгэн нь ганцаараа дур мэдэн захиран зарцуулж, бусадтай санаа бодлоо хуваалцдаггүй бол дээрх шиг нөхцөл байдалд орох магадлал бүр өндөр. Гэр бүлийн мөнгө санхүүгийн байдал ямар байгааг, хэрэглээний зардал хэр их байгааг харилцан санал бодлоо хуваалцаж, нэг нэгэндээ итгэлцэх үед өрх гэрийн эдийн засаг тогтвортой, нэг завин дээр суусан гэр бүлийнхний санаа сэтгэл эрч хүчтэй болно.

Мөнгөнөөс эхтэй айл гэрийн доторх маргааныг багасгах арга нь ярилцах

2013 онд ажил эрхлэлтийн портал сайтаас гэрлэсэн 278 ажилчдаас авсан судалгаагаар эхнэр нөхрийн маргааны шалтгааны нэгдүгээрт “эдийн засгийн асуудал (25.5%)” орсон байжээ. Хосуудын мөнгөнөөс болж маргалддаг шалтгаан нь орлого багатайгаас болж биш, тэдний санхүү эдийн засгийн талаарх ойлголтын зөрүүнээс болох нь их байдаг аж.

Нөхөр нь мөнгө хуримтлуулах дуртай байхад эхнэр нь үрж зарцуулах дуртай байх жишээний. Ингэвэл нөхөр нь гэртээ эхнэрийнхээ авсан юманд дургүйлхэж, эхнэр нь нөхрийнхөө тийм байдалд гомдож гонсойх нь энүүхэнд. Эдийн засгийн талаарх үзэл бодлын зөрүүнээс үүдэн маргаан гарах үед бие биенээ буруутгаж шүүмжлэхээсээ илүүтэй орчин нөхцөл болон хувийн зан чанарыг нь хүндэлж, яриа өрнүүлэн зөвшилцөхийг хичээх хэрэгтэй.

Эхнэр нөхрийн хэн нь ч санхүүгээ барьдаг бай хямгатай зарцуулдаг хүн нь санхүүгээ хариуцах нь дээр. Санхүүгээ барьж байгаа гээд эсвэл илүү мөнгө олдог гэсэн шалтгаанаар эрхээ давуулан ашиглаж болохгүй. Санхүүгээ хариуцаж байгаа хүн нь хэн ч бай тогтмол эхнэр юм уу нөхөртөө өрхийн амьжиргааны хэрэгцээг нэг бүрчлэн мэдэгдэж, их мөнгө зарцуулах хэрэг гарвал эсвэл үнэтэй бараа худалдан авах үед заавал харилцан зөвшилцөх ёстой. Баярт болон эмгэнэлт үйл явдал, эмнэлгийн зардал, тэмдэглэлт өдрүүд, гэр бүлийн арга хэмжээний зардал гээд амьдраад ирэхээр төлөвлөөгүй зардлууд байн байн гарч ирдэг. Эхнэр нөхөр хоёр зөвлөлдөн, урьдчилан хэмнэж бэлдвэл гэнэтийн зарлагаас сэргийлж чадна. Мөн юунд мөнгөө хамгийн их зарцуулдгаа ярилцаж, зардлаа багасгах арга байгаа эсэхийг хамтдаа хайж, зардлаа төлөвлөхийг хичээгээрэй. Тэгвэл гэр бүлийн харилцаа ч тогтвортой, нэг сумаар хоёр туулай буудахтай адил үр дүнтэй байх болно.

Төлөвлөөгүй зүйлээс болж гэр бүлийн санхүү хүндхэн болох үед нөхцөл байдлын талаар хоорондоо ярилцвал ямар вэ? Тийм үедээ санхүүгийн хувьд хүнд хэцүү байсан үеэ ярилцаж болох юм. Мөн эхнэр нөхөр хамтдаа хүнсний дэлгүүр явж, захын үнэ ханш мэдэж авах нь ч өрх гэрийн санхүүд тус нэмэртэй. Хосууд өрх гэрийн амьжиргаа, санхүүгийн байдал болон санхүүгийн хандлагын талаар ярилцах нь сайн боловч хэн нэгэн нь эмзэглэж гомдсон уур амьсгалтай үед бол ярихаа хойшлуулсан нь дээр.

Хүүхдээ багаас нь санхүүгийн ойлголттой болго

Хүүхдүүд гурав дөрвөн нас хүрээд л ямар нэг юмыг мөнгөөр худалдаж авдаг гэдгийг мэддэг болдог. Хүүхдийн санхүүгийн ойлголтыг тэр үеэс нь зөв суурь тавьж өгөх хэрэгтэй. Санхүүгийн ойлголт нь хувь хүний зан чанартай нягт холбоотой. Дундыг баримталсан, ухаалаг хашир хэрэглээг зуршил болгох нь аливаа орчин нөхцөлд дасан зохицох чадвар бий болгодог. Харин хүүхэд хүссэн бүхнээ авахыг амьдралын хэвшил болговол өчүүхэн бэрхшээл тулгарахад ч тэсвэрлэхэд бэрх болдог. Өөрсдөө идэх үрэхээ хямгадан байвч үр хүүхдүүдээ дутуу юмгүй элбэг хангалуун амьдруулахыг хүсдэг нь бүхий л аав ээжүүдийн сэтгэл. Гэхдээ тэр сэтгэл нь хэрээс хэтэрвэл хайраа илэрхийлэх арга нь гажуудаж, улмаар хүүхдийн эрүүл зөв хэрэглээний талаарх ухамсарт сөргөөр нөлөөлж болзошгүй.

Хүүхдүүд эцэг эхийнхээ анзаараагүй үйлдлийг ч тэр хэвээр нь харж сурдаг. Хэрэв ээж аав нь мөнгийг хэт их үнэлдэг бол хүүхэд мөнгийг хамгийн үнэ цэнэтэй гэж үзэж, бусдыг мөнгөөр үнэлдэг болно. Мөнгийг далдуур ашиглах зэвсэг болгож харах юм бол хүүхэд ч ялгаагүй тэгж л дуурайх болно. Мөнгө хэзээд л аав, ээжийн түрийвчийг нээнгүүт л байж байдаг зүйл биш, харин аав, ээжийнх нь нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг, хүн бүр юм бүхнийг авч чаддаггүй гэдгийг, хүсэж байгаа нь юу, хэрэгтэй зүйл нь юу вэ гэдгийг ялгаж салгах арга, хэрэглээндээ хариуцлага хүлээх ёстой гэдгийг нэг бүрчлэн зааж өгөх хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрсдөө ухаалгаар зөвшилцөж, шийдвэр гаргадаг дүр төрхөө жишээ болгон харуулах хэрэгтэй.

Хүүхэд хүссэнээ авхуулах гэж зөрүүдлэх үед нь шууд л болохгүй гэж хэлэхээс илүүтэй авмаар байгаа сэтгэлийг нь ойлгож, ойлгуулж өгөөрэй. “Энэ тоглоомон машин гэрт байгаа машинаас чинь юугаараа ялгаатай вэ?” “Хэрвээ чи үүнийг худалдаж авбал өөр хүссэн юмаа худалдаж авах боломжгүй болно шүү дээ” гэж ярихыг хичээгээрэй. Авна гэж урьдчилан жагсааснаас өөр юм худалдаж авахгүй байх журам гаргаж, түүнийгээ дагаж жишээ үзүүлээрэй. Юм худалдаж авна гэдэг нь зайлшгүй хэрэгцээ шаардлага болохоос шагнал биш гэдгийг үргэлж санаарай.

Гэр бүлийн санхүүг аав ээжүүд захирдаг юм чинь хүүхдүүд үүнийг мэдэх шаардлагагүй гэж бодож болохгүй. Ерөнхийд нь хүүхдүүдтэйгээ хуваалцаж, ойлгуулж байх нь сайн байдаг. Тэгснээр хүүхдүүд ч хэрэгцээнээсээ илүү гэр бүлээ бүхэлд нь боддог алсын хараатай болж, улмаар гэр бүлийн гишүүний хувиар гэр бүлдээ харьяалагдаж байгаагаа илүү мэдэрдэг.

Хэмнэлттэй хэрэглээг зуршил болгож гэр бүлийн санхүүгээ баттай болго

Хэрэглээндээ анхаарахын нэг зүйл нь өндөр хэрэглээ ба гэнэт төлөвлөөгүй юм худалдан авах явдал. Өндөр хэрэглээ гэдэг нь зүгээр нэг брэндийн цүнх, тансаг машин худалдаж авахыг хэлдэггүй. Харин хэрэглээний хязгаар хэтрүүлж, хэрэгцээгүй зүйлд мөнгө их зарцуулж, шаардлагатай үед мөнгөгүй байхыг хэлнэ. Ухаалаг хүн хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хэрхэн үнэ цэнэтэй зарцуулахаа мэддэг. Өрхийн санхүүнд тохирсон хэмнэлттэй хэрэглээний зуршилтай болох хүртлээ хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр шаардагдах боловч харин түүний үйл явц, үр дүнд нь та баяртай, жаргалтай байх болно.

1. Хэрхэн хэмнэлттэй хэрэглээтэй болохыг мэдэж ав
Өрхийн орлого зарлагын дэвтэр хөтлөх
Өрхийн орлого зарлагын дэвтрийг тогтмол бичсэнээр санхүүгээ нэг дор харах боломжтой төдийгүй дэмий үрэгдсэн зардлаа мэдэх боломжтой. Бичихэд төвөгтэй, дасахгүй байвал хэрэглэхэд авсаархан гар утасны аппликейшн ашиглаж ч болно.
2. Бэлэн мөнгөөр төл
Зээлийн карт нь зардал шууд нүдэнд харагдахгүй учир хэт үрэлгэн хэрэглээг өдөөж байдаг. Нэмж дурдахад эцэг эхчүүд зээлийн карт байнга ашиглах нь хүүхдэд мөнгөө хязгааргүй, хамаагүй зарцуулж болдог юм байна гэсэн буруу ойлголт амархан төрүүлдэг тул бэлэн мөнгөөр тооцоо хийж, хариулт мөнгө авч байгаагаа харуулах нь хүүхдэд зөв дуурайл, сургамж болдог.
3. Хямдхан болохоор нь гэж бүү худалдаж ав
Яг одоо хэрэггүй, дээр нь авахаар төлөвлөөгүй байж хямдхан байгаа дээр нь гээд юм худалдаж авбал хожим нь харамсаж магадгүй юм. “Нэгийг авбал нэг үнэгүй”, “Багцын худалдаа” гэх мэт зүйлд юу юугүй урхидуулахын оронд худалдаж авахаасаа өмнө эхлээд зайлшгүй хэрэгтэй эсэхийг нь бодоорой.
4. Түрийвчээ нээхээс өмнө хяна
Илүү хямдханыг авах боломжтой эсэхийг, адилхан бараа гэрт чинь байгаа эсэхийг, байхгүй байсан ч амьдарч болж байсан байхад яагаад заавал авах ёстой гэдгийг, үнэхээр төсөв чинь хүрэх эсэхийг тооцоолж үзээрэй.
5. Дэлгүүр хэсэх цаг болон худалдан авалтын тоогоо багасгах
Дэлгүүр явахдаа авах зүйлээ урьдчилан жагсааж, зөвхөн жагсаалтад байгаагаа л ав. Хэрэв юм авахыг төлөвлөөгүй бол зурагтаар хөүм шопинг үзэх, онлайн худалдааны сайтад орох, гэр бүлээрээ зугаалах газар болгож дэлгүүрээр битгий яваарай.
6. Хэрэгцээндээ тааруулж худалдан ав
Хямд байгаа юм чинь их хэмжээгээр худалдаж авах нь зүйтэй мэт санагдаж мэднэ. Гэхдээ их байгаагийнх нь хэрээр хайр найргүй хэрэглэдэг тул ихээр хадгалах гээд хэрэггүй. Түүнээс гадна хадгалах хугацаа нь дуусвал хаяхаас өөр аргагүй болно шүү дээ. Ингэх нь эцэстээ хэт их хэрэглээнд хүргэж ч болзошгүй юм.
7. Сүүлийн үеийн загвар, чиг хандлага бүү дага
Сүүлийн үеийн моод, загвар дагаж авсан хувцас удаан өмсгөхгүй. Хувцас худалдан авахдаа хэт нь хэр удаан хэрэглэхээ бодолцож, загвар гэхээсээ илүү өөртөө зохих хэв маягийг олох гэж хичээгээрэй.

Мөнгөнд хэт шунаж, мөнгийг үр ашиггүй үрж зарсны уршгаар эрхэм нандин хүнээ алдах явдал дэндүү олон харагддаг. Мөнгө хүний амьдралыг илүү амар хялбар болгодог нь эргэлзээгүй л дээ. Гэхдээ мөнгийг гэр бүлийнхээ санхүүгийн хэрэгцээний хүрээнд ашиглах ёстой болохоос биш мөнгөнд захирагдах ёсгүй. Мөнгөнд захирагдахгүй байх хамгийн сайн арга бол байгаа юмандаа сэтгэл хангалуун байх, талархах сэтгэлтэй байх ёстой юм шүү. Ханийгаа бага цалинтай гэж битгий шүүмжлээрэй. Хачир байхгүй ч хоол байгаадаа талархаж, машин байхгүй ч алхаад эрүүл саруул байгаадаа талархаж, амьдралаа зохистой хэлбэрээр авч явцгаая. Тэгвэл айл гэр аз жаргалаар дүүрч, өрх гэрийн тань санхүү ч өөдлөн дэвжих болно.