Бурханы хүслийн дагуу

Бичсэн АНУ Лос Анжелос, Селлене

12,881 үзэлт

Католик сүмийн “улаан” итгэгч байсан эмээгийнхээ нөлөөгөөр би католикоос өөр шашны тухай бодож байгаагүй юм. Бурханы сүмд явдаг эгч, хүргэн ах хоёр маань надад үнэний үг дамжуулахад нь ч би “Библид ийм үг байдаг байх нь ээ” гэж л бодож байснаас биш цааш нь сурч судлах хүсэл төрөөгүй юм.

Тэгтэл нэг удаа эгч хүргэн ах хоёроо дагаад Бурханы сүмд очсоноос хойш миний бодол өөрчлөгдсөн юм. Тэнд байсан хүмүүс хайр дүүрэн харагдсан л даа.

Библийн хичээл үзэх нь ч гоё санагдаж байв. Гэм нүглийн уучлалын нууцын талаар сурч, “Хүн яагаад ингэж зовж зүдрэн амьдарч байгаад эцэстээ үхдэг юм бол?” гэж бодож байсан асуултынхаа хариултыг олж авсан даа.

Төдийг хүртэл би Бурханд итгэдэг гэдэг ч үнэн хэрэгтээ бол хүнд хэцүү зүйлтэй тулгарахаараа итгэлийнхээ ёроолыг тэр дороо харуулчихдаг байв. Хүний амьдралыг утга учиргүй, бартаат аялал гэж л бодож байж. Бурханы хүслээс тэс өөр, өөрийнхөө арга барилаар Бурханыг хайрлаж, итгэж ирсэн болохоор ийш тийшээ амархан хөлбөрчихнө.

Елохим Бурханыг мэдсэнээс хойш амьдралыг харах өнцөг минь өөрчлөгдсөн юм. Амьдралын хүсэл мөрөөдөл гэгч зүйл бий болж, юуны төлөө амьдрах ёстойгоо би мэддэг боллоо. Амьдрал дүүрээд ирэх мэт санагдсан даа. Одоо л Бурханы зааврын дагуу итгэлийн замаар алхана гэж шийдээд тэнгэрийн гэр бүлийн гишүүн болохыг хүслээ.

Гэвч миний хүсэл биелэгдэхэд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Тухайн үед би яаж ч чадахааргүй зүйлстэй тулгарч Сиондоо очих боломжгүй болов. Жинхэнэ Бурханы хүүхэд болж дахин төрөхөө хүлээх явцад сэтгэл дотор минь хэдийн амийн үг хоногшсон байлаа. Хүүхдүүдтэйгээ хамт энэ газар амьдарч, хүү охиныхоо өмнөөс зовлон эдэлж байгаа Бурханы хайр, золиос сэтгэлийн минь гүнд бүр ч мэдрэгдээд ирэв.

Эцэст нь Елохим Бурханы хүүхэд болсон би Бурханаас авсан ивээлдээ хариулж, жаахан ч болов баяр хөөр өргөхийг хүссэн юм. Гэр бүлүүдээ дагаад сайн мэдээ тунхаглаж эхлэв. Тэгтэл амархан ажил байсангүй. Нэрэлхүү зангаасаа болоод хүмүүст нэг үг хэлэх ч амаргүй санагдана.

Тэр жилдээ сайн үр дүн гарсангүй. Үр дүн гарч байгаа юм шиг харагдсан ч түр зуурынх байлаа. Бурханы зааж өгснөөр би муу зан чанараа хаяж, өөрчлөгдөхгүй л бол зүдэрч олсон сүнснүүд маань итгэл олж ч амжилгүй орхин явцгааж байлаа. Сайн мэдээ тийм шударга.

Бүх асуудлын учир надад байгааг, дахин төрөхгүйгээр сайн үр дүн гарах боломжгүйг ухаарах хүртлээ цаг хугацаа ч чамгүй зарцуулсан даа. Талархууштай нь Бурхан миний ядмаг зүрхэнд “Бурханыг баярлуулбал Бурхан заавал тусална” гэсэн итгэл суулгасан юм.

Тэгж итгээд, Бурханд тааламжит сайн мэдээ тунхаглах ажлын төлөө бүхнээ зориулсан чинь Бурхан надад тусалсан даа. Мэдээж нөхцөл байдал өмнөхөөс дээрдсэн л дээ. Түүнээс гадна тэгтлээ хүсэн хүлээж байсан тэнгэрийн гэр бүлтэйгээ би уулзсан юм.

Үргэлж өөдрөг, эелдэг хандлагатай байдаг ажлын газрын маань нэг хүн “Чиний явдаг сүмд би ч гэсэн хамт явмаар байна” гээд өөрөө түрүүлж санал гаргав. Би баярласан ч гэсэн жаахан сандарсан. Түүнд би үнэнийг хэд хэдэн удаа тунхаглах нь тунхагласан л даа. Гэвч сүмдээ шууд урьж байгаагүй юм билээ.

Сүм дээр ирж үзээд Сион түүнд үнэхээр их таалагдсан. Библи сурах ч ялгаагүй. Ингээд Кэила эгч дүү Библиэс хэд хэдэн хичээл үзээд үнэнийг хүлээн авч, улмаар итгэлийг нь эсэргүүцсэн гэрийнхэнтэйгээ яаж харьцах учраа олохгүй уйлж байж билээ. Гэхдээ эгч дүү маань итгэлээсээ няцаагүй юм даа.

Эгч дүү тэр даруй нөхрөө Сион руу хөтөлсөн. Нөхөр нь арамей хүн л дээ. Сионд анх удаа арамей хүн ирж байгаа болохоор би гайхах баярлах зэрэгцэн байв. Нөхрөөсөө гадна дүүгээ хүртэл Бурханы энгэрт хөтөлсөн эгч дүү маань одоо ч сайн мэдээний үүргээ идэвхийлэн гүйцэтгэж байгаа.

Авга ах маань үнэнийг хүлээж авсан нь ч санамсаргүй тохиолдол байв. Гэрийнхэн нь эсэргүүцсэн ч авга ах маань протестант сүмд явдаг байсан юм. Тэгж байгаад тэндхийн пасторын муу муухай төрхийг хараад урам нь ихэд хугарч, сүмээсээ татгалзан улмаар ганцаараа Бурханд итгэдэг байлаа.

Авгадаа би сүмээ танилцуулахыг хүссэн ч тэрээр угийн ширүүн ааш араншинтай болохоор түүнд үг хэлэх надад амар байсангүй. Авга ах маань Бурханы үг сонслоо ч тэрээр манай гэрийнхнээс хамгийн сүүлд үнэнийг сонсох хүн шиг санагдаж байв.

Миний таамаг зөв байсангүй. Манайхнаас хамгийн түрүүнд тэнгэрийн гэр бүл болсон манай үеэлийн хурдан өөрчлөгдөж байгааг хараад авга ах маань сэтгэл нь хөдлөн үнэнийг сонирхож, Библийн хичээл үзээд “Бүх зүйл Библид гэрчлээтэй байна шүү дээ” гэж хэлээд хэн хүнээс илүү даруугаар Елохим Бурханыг хүлээж авсан билээ. Тэгээд бас болоогүй ээ, эхнэрээ, бага хүүхдээ Сионд хөтөлсөн. Хамт ажилладаг хүндээ ч сайн мэдээ тунхаглан үр жимсний ерөөл ар араас нь авч байлаа. Улмаар манай аав ээж ч Библийн хичээл үзэх боломжтой болоод ирэв.

Гэрийнхэндээ зоригтойгоор үгийн үр цацаж байгаа авга ах маань надад их сургамж болсон доо. Одоо ч авга ах итгэлээ тууштай сахиж, тэнгэр Эцэг Эхийг үнэнчээр дагаж байгаа.

Сайн мэдээний түүхийг Бурхан удирдаж байгаа. Би бол ердөө үр цацсаныхаа дараа услахаас цаашгүй нэгэн. Ургуулдаг нь Бурхан юм даа.

Бурхан намайг ухаарах хүртэл чимээгүйхэн хүлээж, сайн мэдээний үүргийг надад даалгаж дээ. Энэ ивээлийг нь бодоод би урам хүч авдаг байсан. Би нүгэлтэн юм чинь илүү их золиос гаргаж, илүү их залбирч, илүү их хичээж, сүнс нэг бүрийг хайрлая гэж өөрөө өөртөө хэлдэг байлаа.

Сайн мэдээг чухалчилж, дахин төрөх гэж хичээн, халуун сэтгэлээр зүтгэж байсан өнгөрсөн цаг үе үлдсэн амьдралд минь ч үргэлжлээсэй гэж би хүсдэг юм. Элч Паул болон Иеремиа эш үзүүлэгч шиг “өнөөдөр чухал” гэсэн бодлоор би сайн мэдээнд оролцох болно оо. Гэр бүл, ажлын хамт олон гээд хараахан үнэнийг хүлээж аваагүй байгаа сүнснүүдэд авралын мэдээ зоригтойгоор дуулгаж, Бурханаас авсан талантаа 30, 60, 100 дахин өсгөж ивээлд нь хариулмаар байна.

Ойлгож ухаарахын аргагүй хайраараа нүгэлтэн биднийг зорин ирсэн тэнгэр Эхдээ талархаж байна. Эхийгээ дуурайсан шинэ хүн болж дээрээс төрөөд8 Эхийн сэтгэл тээн эцсээ хүртэл сайн мэдээний үүргээ биелүүлэх болно оо.